Бусад орны үлгэр

ЧОНО БЯСЛАГ ХОЁР : Испани үлгэр

 

 

Нэгэн өлсгөлөн чоно ой дотуур хөндлөн гулд тэнэвч ам хөдөлгөх юм даан ч олдсонгүй гэнээ. Тэгээд үнэгтэй тааралдаад ийн ярилцжээ.

    -Үнэгдэй минь надад идэх юм олдохгүй байна. Би турж үхэх нь одоо чамайг идье.

    -Чоно ахайтан минь миний бие эцэж тураад яс арьс болсныг харж байгаа биз дээ.

     -Та ноднин ямар тарган байлаа даа.

     -Ноднин ч би тарган байсан л даа. Харин одоо дөрвөн гавартай болохоор сүү минь хүрэлцэхгүй байна шүү дээ.

     -Тэр надад ямар хамаатай юм гээд чоно үнэгийг барихаар завдтал

     -Чоно ахайтан хүлээзнэ хүлээзнэ. Би гэнэт саналаа. Эндээс холгүй худаг дүүрэн бяслагтай нэг тариачин айл суудаг юм. Тийшээ явцгаая. Та үнэн худлы нь очоод үз гэжээ.

 Үнэг чоныг дагуулан тэр айлын хашаанд сэм шургаж ороод худгийн дэргэд очжээ. Худгийн усанд тэргэл сар тольдож чононд үнэхээр бяс лаг байх шиг санагджээ. Үнэг

   -За ямар том бяслаг байгааг сайн хар! Гэсэнд чоно тонгойн хараад үнэхээр бяслаг гэж бодсон боловч үнэгний залийг анддаггүй болохоор бага зэрэг эргэлзэж

   -Эрхэм үнэгдэй минь аминдаа хайртай бол тэр бяслагийг авчирч өг! гэв. Үнэг аргагүйдэж худгийн эргүүлгэн татуургат хувинд ортол олс сунаж, агшин зуур доош нисэх мэт одов. Худгийн усан дотор хөвж байхдаа сэхээ орсон үнэг чонын аманд орсноос эндээ байвал амь гарч болох юм гэж бодов. Гэвч бас заль гаргаж

-Хөөе чоно ахайтан, ямар том бяслаг вэ? Би ганцаараа дааж гарахгүй нь. Та хурдхан үсрээд ороод ир! Хоёулаа татъя гэж хашгирсанд

   -Чи юу хэлнэ вэ? Би яаж доошоо харайх юм бэ? гэв.

   -Ядаж цөхөөд байх юу байх вэ? Би тосоод авъя. Наашаа харайгаад ороод ир!

  Чоно үнэгний үгэнд итгэж харайн ортол худгийн ёроолын чулуу мөргөж ухаан алдан унах нь тэр ээ. Үнэг шолбойтлоо норсон ч юман чинээ санасангүй. Харин чоныг ухаан алдан унасанд баярлаж хувингийн олсон татуурганаас дүүжлэн худгаас гарч гаврууддаа гүйн очиж гэнээ.