Үргэлжилсэн үгийн зохиол

“Цахиур” Төмөр бодит хүн үү? Хоосон домог уу? Уран зохиолын дүр үү?

“Цахиур” Төмөр гэдэг нь бодит хүн үү? Хоосон домог уу? Уран зохиолын дүр үү? гэх мэтийн асуулт өнгөрсөн зууны далаад оноос эхлээд л хүмүүсийн оюун санаанд эргэлдсээр ирсэн. Домог болсон шилийн сайн эрчүүдийн нэг болох Засагт ханы “Цахиур” Төмөр манай кино урлагийн хуудсанд тод томруунаар үлдсэнийг бид “Тунгалаг Тамир” киноноос сайн мэднэ.

Засагт ханы “Цахиур” Төмөр хэмээх шилийн сайн эр нь түүхэн бодит хүн байж. Гэхдээ “Тунгалаг Тамир” романы “Цахиур” Төмөр, бодит “Цахиур” Төмөр хоёрын хооронд нэлээд олон ялгаа зааг байсан гэдгийг дурдах нь зүйтэй. “Тунгалаг Тамир” роман дээр “Цахиур” Төмөр нь ангийн тэмцэл өрнүүлэгч нэгэн болж хувирсан тул уг киног дэлгэцэнд гарсаны дараа бодит “Цахиур” Төмөрийн сургийг мэддэг хуучны настай хөгшид хүртэл “Энэ Цахиур Төмөр чинь бидний мэддэг Төмөр биш байна. Танигдахааргүй өөр хүн болжээ” гэж шагширч байсан гэдэг.

 

“Тунгалаг Тамир” киног дэлгэцэнд гарсаны дараахан Завхан аймгийн Шилүүстэй сумын настайчууд “Салхин Сандаг гэдэг шилийн эр “Цахиур” Төмөр гэдэг нэрээр адуу хөөдөг байсан юм гэнэ лээ. Уг нь бодит хүн байгаа юм. Луу гүний Итгэлт баян ч гэсэн бодит хүн байсан юм гэнэ лээ. Хоёр Тамирын хоорондох хөндийд Итгэлт баян адуугаа хураахад багтахгүй бялхан хальж байдаг байсан юм гэсэн. Хониныхоо тоогоор Богд хаанаас ч илүү баян, 18 мянган хоньтой 100 гаруй малчин зарцтай хүн байсан гэдэг. 1930 онд Хамтралжуулах хөдөлгөөн дэгдэхэд хамаг малаа хуу хураалгасан ч гэсэн 3000 толгой мал Хангайн нуруунд нуун авч үлдээд Гэндэн сайд “Баяжигтун” лоозун дэвшүүлсэний дараа 5000 малтай болж ахиад баяжин дээшилсэн ч 1938 онд Банчин Богдтой холбоотой хэмээн хилсээр хэлмэгдэж буудуулсан юм гэнэ лээ.

Харин “Цахиур” Төмөрийн хувьд бол Улиастайн амбанд баригдан есөн эрүү шүүлтэнд ороод давж гарч ирсэнийхээ дараа Говь-Алтайн Их Богдоор нутагладаг дуучин Жийгээ хэмээх хүүхэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж гол төлөв Алтайн нуруугаар дамнан өвөрлөгч Хөх нуураас адуу хөөдөг болсон юм гэдэг. Хөх нуураас хөөн оруулж ирсэн адуугаа зүүн хойшоо Сэцэн хан, Түшээт хан аймаг руу гаргаад тэндээс хөөсөн адуугаа Хөх нуур оруулдаг байсан юм гэнэ лээ” хэмээн хуучилж суухыг тухайн үед ахмад сэтгүүлч Б.Ширнэн тэмдэглэж авсан байдаг. Бас 1990-ээд оны үед “Цахиур” Төмөрийн талаар түүхэн бодит зохиол бичихээр оролдож байсан түүхч Л.Цогтбаярт Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат өндөр настан Ш.Намсрайжав “Цахиур” Төмөрийн тухай ийнхүү хууч хөөрсөнийг доор толилуулъя. Тэрбээр “Олны дунд домог болж үлдсэн “Цахиур” Төмөр бол хятад худалдаачдын зүрхэнд орсон шилийн сайн эр байсан гэж манай хөгшид ярьдаг. Залуу байхдаа ихэвчлэн өөр нэрээр аймаг хошуу дамжуулж адуу хөөдөг байснаа ардын засаг ялахаас өмнөхөн “Улаан” Дамаа тэргүүтэй халхын сайн эрчүүдтэй нийлэн Хятадын пүүс дэлгүүрүүдийг тонож, өрийн дансыг нь шатааж, улмаар урагшаа гарч яваа, эсвэл Жанчхүүгээс орж ирж яваа ачаа хөсөг жинг дээрэмдэн тонодог байсан юм билээ.

Ардын хувьсгал ялж байх үед “Цахиур” Төмөр дөнгөж л дөч гарч явсан гэдэг. Гэхдээ хувьсгал ялсанаас хойш ч гэсэн сайн эрийн зангаа орхиж чадалгүй мөнөөх л бахь байдагаараа Ховдын хязгаар, Тагна Урианхайгаас адуу хөөн оруулж ирдэг байсан гэдэг. Ардын засаг тогтсоноос хойш тарган эр үхэр үнэд орсоноос биш хувьсгалаас өмнө Монгол улсад хамгийн өндөр үнэтэй мал бол адуу байсан. Тэр үед Тагна Тувагаас 200 шилмэл адуу хөөгөөд ирсэн сайн эр одооныхоор бол дунд зэргийн чинээлэг бизнесмен болчихож байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь шилийн эрчүүд зөвхөн хөрөнгөжиж баяжих гэж явдаггүй, хаа холоос хөөж ирсэн адууныхаа талыг нь нутгийн баячуудад хямдхан зарчихаад үлдсэнийг нь ядуу хүмүүст тараагаад өгчихдөг байсан гэдэг.

Одоо цагт бол хүмүүс “Тунгалаг Тамир” кинон дээр гардаг Түгжил шиг л “Ингэж махаа зовоож хөөж ирсэн энэ их адууг ядуу хүмүүст зүгээр тарааж өгөөд яах вэ” гээд сүүлчийн ганцыг нь хүртэл дамлаж зарах гээд зогсч байх байсан байлгүй. Монгол улсыг Далай лам “Гүүний сүүгээр цэнгэгчдийн орон” гэж нэрлэсэн дээ. Түүн шиг адуу хөөж зугаацан цэнгэдэг хүмүүс байсан гэвэл онох байх. “Цахиур” Төмөр хувьсгалаас өмнө Сэлэнгэд маш их нэр нөлөөтэй байсан Ша данжаад, Бай Шинхүү хэмээх хоёр хужааг галзууртал нь тоносон гэж дээр үеийн хүмүүс ярьж байсныг санаж байна. Уг явдлыг сонссон Архангайн Заяын гэгээний хүрээнд хүчээ авч байсан Заяатын пүүсийн данжаадууд нутгийн монголчуудыг сэм дуудан уулзаж “Ай тэр “Цахиур” Төмөр гэдэг сайн хүнээ манайд дагуулаад ирваа. Бид алт мөнгө зөндөө юм зүгээр өгваа. Бай Шинхүү шиг тэгж юмаа харамлахгүй ва” гэж аминчилдаг байсан гэдэг. Үүнийг сонссон “Цахиур” Төмөр нэг удаа Заяатын пүүсээр орж өдөржин тансаг хоол, архиар дайлуулаад гарахдаа хоёр тэмээн тэрэг ачаа аваад явсаныг олон хүн харсан байдаг. Харин тэр явдлаас хойш “Цахиур” Төмөрийн нэрийг барин Булган, Хөвсгөлийн нутагт байсан Хятадын жижиг пүүс, дэлгүүрүүдийг тонодог жижиг гарын дээрэмчид бий болсон байгаа юм. Сүүлдээ нөгөө дээрэмчид зөвхөн хятадуудыг ч биш Сайн ноён ханы хошуу ноёд, баячуудын гэрт “Цахиур” Төмөрийн нэрийг барин давхиж ороод дээрэмдчихээд явдаг болсон гэдэг. Иймээс “Цахиур” Төмөр өөрийнх нь нэрийг барин хятадуудыг тонодог дээрэмчдийг сурагласаар яваад халуун мөрөөр нь мөшгин орж дээрэм хийх үед нь отож байгаад бүдүүн мунаар нам цохин муужруулж бариад модноос толгойг нь уруу харуулан дүүжлээд доор нь түүдэг асаан ам өчгийг нь авч байсан гэдэг юм. Энэ талаар Ч.Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” романдаа Арван тавын цагдаа болж айлгах гэсэн ардын журамт цэргийг “Цахиур” Төмөр хүлчихээд доор нь гал түлэх гэж байгаагаар дүрсэлж оруулсан байдаг билээ…

 

Үргэлжлэлийг “Ойдов Б. “АР ХАЛХЫН ШИЛИЙН САЙН ЭРЧҮҮД” номоос уншаарай…”