Яруу найраг

Хэлэхэд л уруул мөстдөг…

Хорслоос хайр хүртэл

Хоёрхоны хооронд л бид төөрчихдөг

Хүйтэнд мөс шиг хүлхэж алхах шиг

Хүйтэн үгийг л амандаа шивнэцгээдэг

Хэлэхэд л уруул мөстдөг

Хэнэггүй инээчихээд явж оддог

 

Хэлний уг дахь шархиралтыг л

Хэн ч мэдэрдэггүй…

Сонсмогц л чих даараг

Сонороор дамжин зүрх бээрдэг

Сонсдоггүй ээ, хэн ч

Бээрсэн зүрхний шивнэхийг…

…Өвс ургахаа байж хонгил л үргэлжлэх болсон

Хөл нүцгэн явах аргагүй хүйтэн хонгил…

Даарсан хүмүүс байдгаараа зузаалчихаад

Таарсан болгоныхоо зүрхийг тахчин зөрцгөөдөг

                                                        2010.02

Дэлгэрмаа Ц. “Дотоод тэнгис”.- УБ.: 2014., 12-р хууд.