Яруу найраг

Муу хүмүүн би энэ л орчлонгоос мунхагаан тайлагдахаар буцна.

Ертөнц дүүрэн хүмүүсийн дунд

Ерөөл төөрөлдсөн амьдрал дунд

Би ганцаарднам.

 

Хорвоогийн хэн нь ч эс мэдэх

Холын чанад хаа нэгтээ

Нутаг минь буй.

Буй бүхэн нь ариун байдаг

Бурхан бүхэн нь амьд байдаг

Үг бүхэн нь тарни байдаг

Үлгэр бүхэн нь үнэн байдаг

Тэр орноо

Үргэлжийн мөнх цэцэгсийн шүүдрээр

Үзэсгэлэнт ижий минь рашаан нэрж

Ид шидийн алтан бийрээр

Идэрхэн аав минь тарни туурвиж

Тэнгэрлиг суугаа

Жир бусын тэр нутагт

Жигүүрт морины дөрөөнд асч

Бие минь төгөлдөржсөн ч

Суу билэг төгс номын мэргэдээс нь

Сургааль увьдас хүртэхийн үес

Билиг минь сөхөрсөн юм

Тэнгэрийн гэсгээл дор ухаажсугай гэж

Тэнэгийн гэсгээл рүү цөлсөн юм

Муу хүмүүн би энэ л орчлонгоос

Мунхагаан тайлагдахаар буцна.

                               2001 он.

 

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг

Нямхишиг Х. “Бөгтөр хөх өвс” 7-р хууд