Танин мэдэхүй

“Нохойн толгойт хүмүүс”-ийн учир…

Монголоор аяласан жуулчдын тэмдэглэлүүд, тэр дундаа XIII  зуунд Монголын өргөн уудам нутгаар аяласан Плано Карлини, William of Rubruck-ийн тэмдэглэлд “ГАНЦ ХӨЛТЭЙ ХҮН, ХОЁР ТОЛГОЙТОЙ ХҮН, ТОЛГОЙ НЬ ЦЭЭЖИН ДЭЭРЭЭ ХҮН, НОХОЙН ТОЛГОЙТОЙ ХҮН”-ийн тухай бичигдэн үлдсэн байдаг. 

Үүнээс улбаалж Европ даяар санаанд оромгүй цуу тарж байв. Тэдгээрийн нэг болох шижээг татъя. Гаскон нутгийн Нарбоннагийн Иво гэгч ламтан “НОХОЙ ТОЛГОЙТ”-ныг тундр газар амьдарч байсан гэдэг “Чудь” гэгч бас нэгэн аймшгийн зохиомол дүртэй холбон үздэг учраас нохой толгойтой хүмүүсийг Оросын Арктикийн эрэг дагуу нутагладаг мэтээр үздэг байв.

НОХОЙН ТОЛГОЙТОЙ ХҮНИЙ тухай Монголын түүхч судлаачид ихэвчлэн Чингис хааны дөрвөн нохос буюу жанжидтай холбон тайлбарласан байдаг бөгөөд энэ нь нэг талаар байж болох гаргалгаа юм. 

Харин IV Миндол Номун хан Данзанпэрэнлэйгийн зохиосон “Замбутивийн дэлгэр номлол” хэмээх номонд “…нохой толгойтны хүмүүс нохойн толгойтой биш ч нохой зэрэг араатны арьсан малгай хийгээд хувцас тэргүүтнийг гадагш нь харуулан өмсдөг ба царай зүс муухай тул нохой толгойт хэмээн алдаршсан янзтай. Тэр орны хувьд Халх лугаа ойр Халимаг хэмээх ба Буриад хэмээх тэргүүтэн Монголын зарим нэг орон байдаг…” хэмээн бичжээ.