Танин мэдэхүй

Америкийн муж улсуудын нэр юу гэсэн утгыг илэрхийлдэг вэ?

Алабама /Alabama/: Индианы Крик аймгийн холбооны нэгэн омгийн суурингийн нэр.

Аляска/Alaska/: Эскимос хэлээр “Уудам нутаг” буюу “арал биш” гэсэн утгатай “Алагшак” хэмээх үгийн орос дуудлага. Монголоор “Алсахи” буюу “холхи нутаг” гэсэн утгатай үг юм.

Аризона/Arizona/: Индианы Пим овгийн аялагаар “Бяцхан булаг” гэсэн үг. Ацтек хэлээр “аризума” буюу мөнгө хэмээсэн үгийн испани дуудлагын хувилбар.

Арканзас /Arkansas/: Сиу овгийнхон өөрсдийгөө “голын эхийн иргэд” гэж нэрлэж байсан үгийн франц дуудлага.

Калифорния /California/: 1510 онд испанийн романтик зохиол “Лас Серхес де эспландиан”-д гардаг газар дээрх диваажин болсон зохиомол арлын нэр. Эл нэрийг Кортес 1533 онд өгсөн гэдэг.

Колорадо /Colorado/: Ийм нэртэй голоос гаралтай. Испаниар “өнгөлөг” гэсэн үг.

Коннектикут /Connecticut/: “Урт мөрөн” гэсэн Алгонкины холбооны Могикан овгийн үг.

Дэлавэр /Delaware/: Виржийний Колонийн анхны амбан захирагч Лорд де ла Вэрийн нэр ажээ. Энэ нэрээр анх тэр нутгийн ус голыг, хожим тэндхийн уугуул индиан овгийг нэрлэсэн ажгуу.

Флорида /Florida/: 1513 онд улаан өндөгний баярыг “Цэцэгт баяр” буюу “Пасхи Флорида” гэж Испаниар нэрлэжээ.

Жоржия /Georgia/: 1732 онд колонийн асуудал эрхэлсэн сайд Жеймс Огльторп Английн ван II Жоржийн алдраар нэрлэжээ.

Хавай /Hawaii/: Нутгийн аялагаар “овайка” буюу “Эх орон” гэсэн үг болой.

Айдако /Idaho/: “Уулан дахь эрдэнэс” гэсэн утгатай индиан үг. Анх нүүрсний уурхайд өгөгдсөн нэр байсан бололтой. Команчи овгийнхон ингэж нэрлэж байв.

Иллинойс /Illinois/: Алгонкины хэлээр “Иллини” буюу “Дайчин эрс” гэсэн утгатай үгийн франц хувилбар.

Индиана/Indiana/: Индианчуудын нутаг гэсэн утгатай үг.

Айова /Iowa/: “Үзэсгэлэнт нутаг” гэсэн индиан үг.

Канзас /Kansas/: “Өмнөд салхины хүмүүс” хэмээсэн Сиу хэлний үг.

Кентакки /Kentucky/: Индиан нэр. Орчуулбал “Цуст газар”, “Харанхуй нутаг”, “Маргаашийн нутаг” гэхчлэн олон янзаар тайлбарладаг.

Луизианна /Louisiana/: Сьер де ла Саль Францын ван XIV Людвикийн дурсгалд зориулан хайрласан нэр.

Мэйн /Maine/: Францийн эртний Мэйн мужийн нэрнээс гаралтай. Түүнчлэн английн “эх газар” гэсэн утгатай “mainlanq” хэмээх үг байж магадгүй гэж үздэг.

Мэрилэнд /Maryland/: Английн ван Карлын хатан Хенриетта Мариягийн алдраар нэрлэжээ.

Массачусетс /Massachusetts/: “Том том дов толгод бүхий нутаг” гэсэн утгатай индиан үг. Ахмад Жон Смит Эл энэ нэрийг Мильтоны орчим газар нутагт өгчээ.

Мичиган /Michigan/: Нуурын нэр. Энэ нь Чиппева овгийн “Уст нуур” гэсэн үг болой.

Миннесота /Minnesota/: Голын нэр. Дакота –Сиу хэлээр “Үүлэн ус” гэсэн үг.

Миссисипи /Mississippi/: Мөрний нэр. Алгонкин хэлээр “Мессипи” гэдэг.

Миссури /Missouri/: Голын нэр. Алгонкин хэлээр “Булингартай ус” гэсэн үг.

Монтана /Montana/: Испаниар “Уулархаг” гэсэн үг.

Небраска /Nebraska/: Платт голын нэрийг Омахла хэлээр “Өргөн мөрөн” гэдгийн хувилбар.

Невада /Nevada/: Испаниар нэрлэснийг Монголчилбол “Цаст” гэсэн үг.

Нью-Хэмпшир/New Hampshire/: 1692 онд ахмад Жон Мейсон Англи дахь төрсөн нутаг Хэмпширийнхээ нэрээр нэрийджээ.

Нью-Жерси /New Jersey/: 1664 онд Йоркийн хунтайж Английн Жерси арлын нэрээр энэ газар нутгийг нэрлэх захирамжийг Жон Беркли, Сэр Жорж Картерт нарт өгчээ.

Нью- Мексико/New Mexico/: XVI зуунд Мексик дэх испайнчууд Рио-гранде мөрнөөс хойшхи нутгийг ингэж нэрлэсэн байна.

Нью-Йорк /New York/: 1664 онд Йоркийн хунтайж өөрийн ах II Карл вангийн шинэ Нидерландаас авч илгээсэн экспедицийг “Шинэ Йорк” хэмээн нэрлэсэн гэдэг.

Каролина /Carolina/: 1619 онд Английн I Карл өөрийн нэрийн латин хувилбараар /Каролус/ нэрлэсэн ажгуу.