Танин мэдэхүй

Монгол ардын Хөөмэйн урлаг

Монгол улсаас ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өв
2010 он
Хөөмэй бол нүүдэлчин Монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг, Монголын уламжлалт хөгжмийн онцгой үзэгдэл, биет бус соёлын ховор нандин төрөл, дэлхийн хөгжмийн урлагт нүүдэлчин Монголчуудын оруулсан уран сайхны нээлт юм.
 
       
 Хөөмэйн урлагийн гайхамшиг нь хүний хоолгоор байж хоёр эгшиг буюу давхац хөгийг нэгэн зэрэг дуурсгаж байгаад орших бөгөөд тэрхүү хоёр хоолойн эгшгийн нэг нь цээжний доргио бүхий хөөмэйлөг нам эгшиг нөгөө нь өгүүлэх эрхтний хатуу тагнайд эгшиглэн цуурайлж байгаа нарийн эгшиг буюу исгэрээ хөөмэй болно.
Хөөмэй нь маш эрт үед үүссэн бөгөөд хүн байгалийн харилцах шүтэлцээн дундаас үүсэн бий болсон урлаг юм. Хөөмэйн эгшиг бол хүмүүний мөртөө хүмүүн бусын авиа,  хатуу мөртөө зөөлөн эгшиглэгээ, орчлон ертөнцийн дотоод мөн чанар, их далдын гүний юманд хөөмэйн эгшгээр хүрэх байгаль дэлхийтэйгээ өөрийнх нь хэлээр ярихын тулд өөрөөсөө олж нээсэн хэл дохио, өөрөөсөө олж нээсэн хөгжим гэж хэлж болно.
 
         Чухамдаа Монгол хөөмэй бол зөвхөн хөөмэйгөөр дүрсэлж болох байгаль, уул, усны дүрслэл, зураглал ан амьтны дуудлага, байгаль хүн хоёрын харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн аялгуу, аязууд билээ. Хөөмэйг хархираа, исгэрээ буюу шингэн гэсэн үндсэн хоёр төрөлд хуваан үздэг. Хөөмэйг сонсож сурах, дуурайж сурах, багшаар заалгаж сурах гэсэн гурван арга байдгаас Монголчууд ихэнхдээ дуурайж хөөмэйг сурсан байдаг. Энэ нь уулын цуурай, ойн цуурай, усны хүрхрээ, усны боргио, чонын улилт, бугын урам, бухын урамдах, байгалийн чимээ, амьтны дуугаралтыг дуурайж дуугарах хэрэгтэй байдаг бөгөөд чухам энэ сурах барил нь эрт дээр үеэс монголчууд байгалийн дуу чимээг даган дуурайж, сонсож сурсны нэгэн баримт, уламжлалт язгуур урлагийн төрөл болохын нотолгоо мөн.
 
            Үнэхээр Монгол Алтайн нуруунаас Саяны нуруу хүртэлх бүс нутагт үүсэн хөгжсөн хөөмэйлэх урлаг бол нэгэн зэрэг дээд доод өнгийг хоолойноосоо гаргах төдийгүй чихэнд сонсголонтой эгшиг хөг, уран яруу ая аялгууг эгшиглүүлж чаддагаараа онцгой, жинхэнэ өгүүлэх эрхтний шүтэлцээт урлаг билээ.