Үргэлжилсэн үгийн зохиол

ТУЛГА, ТОГОО, ШАНАГА ГУРАВ – Намдаг Д.

/Yлгэр/

Эрт урьдын цагт өвдгөө хүрсэн сахалтай өвгөн эцэг төмөрчин байж гэнэ. Өвгөн төмөрчин Тулга гэдэг хүүтэй юм санжээ.

Хүү Тулгын царай хөх болоод төмөр шиг. Яагаад тийм болсныг хэлбэл: өвгөн эцгийн ажиллахад төмрийн галыг хөөрөгдсөөр байгаад төмөр хөх болсон билээ.

Гэтэл хөрст газрын хүмүүс байтугай гүн далайн яст мэлхий боловч насны эцэс болох учир өвгөний нас туйлд хүрч:

– За Тулга минь, одоо би нас барах нь байна. Өв чамд үлдээж чадаагүй боловч ажил хийхийг сургасан. Хаа ч чи амьдарна. Харин одоо төмөрчин болох гэхэд нас чинь бага, цус чинь шингэн. Иймд чи надаас хойш, дуртай тийшээ яван тохиролтой газраа тогтнон өөрийн гараар орон гэрээ барин, үргэлж хөдөлмөрөөр амьдралаа хийж яваарай гээд нас баржээ.

Тулга, ааваа аятай сайхан газар оршуулаад, алаг цэцгийг дээр нь ургуулаад, аль зүг явах билээ гэж бодсоноо ойн гүн, усны ихийг чиглэсэн шулуун замыг барин явжээ.

Ойн гүнийг чиглэснээс хойш уул нуруунууд дайралдалгүй яахав. Усны ихийг чиглэснээс хойш гол мөрнүүд ч дайралдалгүй яахав. Тэр бүхний дундуур тавтай сайхан явж байтал үе мөчөөр цачуухан, бие бялдраар тэнцүүхэн бөгөөд гадаа наранд эрхлэхээс өөрийг мэдэхгүй байсаар байгаад тас хар нүүртэй болчихсон нэг хүүхэд дайралдав.

Тулга:

– За чи хэн гэгч билээ. Хаанаас хаашаа юу зориг яваа вэ? гэж асуув.

Хар нүүртэй хүүхэд:

– Тогоо гэдэг нэртэй би. Төрөлхөөсөө түшмэлийн хүү. Түшмэл аав минь нас барав.

Нас барахдаа надад энд чи амьдрахгүй. Учир юунаас гэвэл өстөн чамд олон бий. Иймд чи дуртай тийшээ яван тохиролтой газрыг олон, тавтай сайхан амьдраарай! гэсэн юм. Ингээд би амьдрах газрыг эрэн гарсан билээ. Гарсаар одоо гурав хонолоо. Хоол хүнс юу ч үгүй гарсан тул өлсөж үхэх нь яах билээ? гэв.

Тулга:

– Ээ тийм үү. Хоол хүнс бэлтгэлгүй гарсан чинь ёстой тэнэг хэрэг байна даа гээд өөрийн авч гарсан гурван бингийн нэгийг өгч тэнхрүүлэн аваад:

– Би ч бас амьдрах газар эрж яваа билээ. Одоо хоёулаа явъя гэв.

Тэгээд хоёул болон явахад ганцаар явснаас сайхан байв. Гэтэл бас нэг үе мөчөөр чацуулан, бие бялдраар тэнцүүхэн, гэртээ дэмий суухаас өөрийг мэдэхгүй байсаар байгаад шав шар нүүртэй болчихсон нэг хүүхэд дайралдахад Тулга:

– За чи хэний хэн гэгч билээ. Хаанаас хаашаа юу зорин яваа вэ? гэж асуув.

Шар нүүртэй хүүхэд:

– Олдсон нэр минь шанага. Төрүүлсэн аав минь баян. Баян аав минь нас барахдаа:

“Хөрөнгө зоорийг хураахдаа би хүмүүсийг мөлжин хураасан юм. Мөлжигдсөн хүмүүс чамайг хэрхэвч сайнаар үзэхгүй тул энд чи битгий байгаарай. Дуртай тийшээ яван тохиролтой газраа амьдраарай” гэж захисан юм. Энэ учраас би амьдрах газрыг эрэн гарав. Гарсаар одоо тав хонолоо. Хоол хүнс бэлтгэж гараагүй тул өлсөж үхэх гэж явна гэв.

Тулга:

– Өө тийм үү. Хоол хүнсээ бэлтгэж гараагүй чинь ёстой тэнэг хэрэг байна даа гээд хоёр бингийнхээ нэгийг өгөн тэнхрүүлж аваад: Бид хоёр бас газар эрж яваа тул гурвуул нийлэн явъя гээд гурвуул болон явахад нь бүр ч сайхан байлаа.

Гэтэл зам дээр бурман дээвэртэй, өрмөн дэвсгэртэй, ааруулан ханатай, бяслаган шилтэй ийм нэгэн гэр байсан ажээ. Тулга түүнийг хамгийн түрүүн харан:

– Хүүе таминь ээ. Энэ яасан сонин гэр вэ? гэж хашгирав.

Шанага дараад нь хараад:

– За энэ ч харин миний байшин даа гэв.

Тогоо хамгийн сүүлд харсан атал:

– Чинийх биш, минийх гэв.

Шанага

– Яагаад чинийх байх билээ? Би бол баян хүний хүү, баян чигээрээ байх ёстой.

Тогоо:

– Чиний баян юуны хамаатай юм бэ! Би бол түшмэлийн хүү болох тул чамд тушаана.

Энэ байшин минийх!

Тулга:

– Найз нар минь битгий будлиант! Бид орон гэрээ өөрсдөө барин суух ёстой биш үү гэв.

Шанага:

– Yгүй ээ. Би орон гэрээ барихгүй. Баръя гэвч чадахгүй. Чадъя гэвч залхуу минь хүрнэ.

Ер нь миний аав над хэлэхдээ амьдын жаргал гэдэг бол бэлэн зэлэн юм дээр бие амар суухыг хэлнэ гэсэн юм. Иймд энэ байшинг би авна гэв.

Тогоо:

– Чиний аав чамд тэгж хэлсэн бол миний аав над ард иргэдийг захиран аль хэрэгтэйгээ гаргуулаад, ангайж идэхээс цаашгүй ярвайж суухаас доошгүй байх бол амьдын жаргал гэсэн. Иймд энэ байшин минийх. Би чамд тушаана гэв.

Шанага уурлан “Би чамд захирагдахын учир юу билээ” гээд зодолдох гэхэд Тулга:

– Шанага минь битгий шунахайр! Бидэнд орох орон олдоно гээд дагуулан явжээ.

Түшмэлийн хүү баярлан үлдэв. Тэрбээр:

– Одоо ч ангайж идэн, ярвайж суун жаргана даа гээд бурман дээврээсээ идэж идсэнээ “пөх нялуун байна” гэж ярвайгаад, өрмөн дэвсгэрээс идэж үзсэнээ “пөх хурц байна” гэж ярвайгаад ааруулан хананаас идэж үзсэнээс “пөх гашуун байна” гэж ярвайжээ.

Тулга Шанага хоёрын зам дээр бас нэг байшин байв. Түүнийг Тулга мөн анх харан:

– Хүүе Шанага аа! Энд нэг байшин байна гэхэд Шанага:

– За энэ ч ёстой минийх дээ гэж гүйн хүрснээ: “Өө чааваас банзан дээвэртэй, дүнзэн ханатай юм байна” гэж голон хэлэв. Гэвч Тулга:

– Ямар ч байшин бидэнд хэрэггүй. Хоёулаа нэг сайхан газар олон гэр барин сууя гэхэд Шанага.

– Yгүй ээ, би явахгүй. Энэ байшин бэлэн бүтэн байгаагаараа миний болох ёстой.

Харин чи яв гэж хөөжээ. Тэгээд хүн амтата сайхан юмаар бүрдсэн сайхан гэртэй болж байхад би нэг муу модон байшинтай болох нь яасан ичгүүртэй вэ гэж гаслан, цай чанаж уух гэтэл байшингийн хэрэглэл бүрэн байвч цөм хоосон байх тул ус эрэн хоосон хувин руу өнгийн “ус, ус…” гэж хэлтэл хувингийн ёроолоос ус ундран гарч ирэв. Шанага цочин гайхсанаа зуух руу шагайн хараад мөн хоосон байтал тул “түлээ, түлээ…” гэхэд зуухны дотор гэнэт түлээ бий болсноор барахгүй гал дүрэлзэн асав.

Шанага бас цочин гайхсанаа, хэлсэн бүхэн бий болдог юм биш байгаа даа гэж бодон “мах” гэхэд мах бий болов. “Чихэр” гэхэд чихэр бий боллоо. “Тос” гэхэд тос бас бий болов. Энэчлэн юм бүхнийг хэлж үзэхэд тэр бүхэн бий болсон тул Шанага: “За энэ ч ёстой миний байшин байна даа” гэж сэтгэл хахан суув.

Тулга шанаганаас салан яв явсаар нэг цэцэг жимс нь дэлгэрсэн сайхан газар очин гэр барихыг шийдэв. Дархан аавын ажилд цаг үргэлж тусалж байсны хувиар төмөр хайлах ба төмрөөр багаж хэрэглэл хийж чадах болсон тул хөөрөг хийн хүдэр хайлан төмөр гаргаж хөрөө, сүх, харуул бүгдийг хийн гэрээ барихдаа дээврийг нь ширмээр, хаалгыг нь төмрөөр хийгээд бас бөхийг бодон гурван давхар төмрөөр бүслүүрдэн барьжээ. Тэгээд бас аавынхаа “ажлаар амьдарч яваарай” гэж захисныг даган арвай, буудай хоёрыг зэрэгцүүлэн тарьж, ан гөрөөг хажуугаар нь хийж аятай сайхан амьдрах болов.

Нэг өглөө Тулга, өвдгөө хүрсэн сахалтай өндөр гэгчийн биетэй, үзэсгэлэнт сайхан өвгөний айсуй явахыг үзэн угтан очиж:

– Yзтэл та холын хүн байна. Өлсөн цангаж яваа нь магад, манайд очиж амраад яв.

Миний гэр тэр байна гэхэд өвгөн:

– Өө юутай таатай хэрэг вэ, очилгүй яахав хүү минь гээд гэрт нь ирэв.

Тулга:

– Өвгөн хүнд сайн биз ээ гэж ангийн махаар шөл хийж өгөв. Дараад нь тарьсан тээрэмдсэнээс минь идэж үз! гэж арвайн гурил таваглан тавьж өгөв. Эцэст нь “Өвгөн та өнжөөд явна уу, хоноод явна уу, өөрөө мэд” гэхэд өвгөн:

– Баярлалаа хүү минь, өнжин хонохын хэрэггүй. Ойн өвгөн гэгч би билээ. Уул нуруугаа хэсүүчлэн ой модоо бүртгэн явсаар удав. Одоо явалгүй горьгүй. Харин чи энд ирээд хамаг ажлаа өөрөө хийн амьдарч байгаа чинь сайхан байна. Хойдын чинь ажилд тус болохын тул хувин нэгийг бэлэглэе. Хэзээ хэрэгтэй цагтаа “ус, ус…” гээрэй, ус чамд бэлхэн байна. Бас тэвш нэгийг бэлэглэе, хэзээ өлссөн цагтаа юу дуртайгаа хэлээрэй.

Тэр чинь мөн бэлхэн байна гээд хувин тэвш хоёрыг гаргаж өгөв.

Тулга тэр зүйлийг ихэд сонирхсон боловч:

– Өвгөн ах минь баярлалаа. Би авахгүй. Юунд гэвэл: Би хэрэгцээт зүйлээ өөрийнхөө гараар хийж байхгүй бол над уйтгартай болохоос гадна, нэг мэдэхэд үхэр шиг тэнэг, гахай шиг болхи болчих шүү дээ гэв.

Өвгөн бахдан инээж:

– Хүү чиний түмэн зөв. Гэвч чи миний бэлгээр идэж уухаа бэлхэн болгож аваад, хүдэр хайлан төмөр гарга, төмрөө хайлан ган гарга, гангаа боловсруулан хутга, хайч, хувин, домбо болон хүний хэрэгцээтэй бүхнийг хийн ард олондоо түгээ! гээд явав.

Тулга, өвгөний өгснөөр үнэхээр идэж уухын төлөө ажиллах хэрэггүй болсон тул төмрийн хүдрийг овоо болтол хурааж, хүчит хөөргөөр ус болтол хайлж, хувин домбо, хутга хайч байтугай ангийн буу, чонын хавхыг хүртэл хийх болов.

Дархны хүүгийн ийм байхад түшмэлийн хүү бурман дээврээ цоо идээд, бяслаган шилээ цөм идээд ааруулан ханаа онгойтол идээд сууж байжээ. Тэгээд нэг өдөр цадталаа идээд ялзартлаа унтаж байхад нь уг гэрийн эзэн баавгай хярыг тэмцэн амтат бал цуглуулахаар явснаасаа эргэж ирсэн ажээ.

Баавгай гэрийнхээ барааг хармагц:

– Yгүй, энэ чинь юу билээ? Бурман дээвэр минь цоороод, бас бясалган шил минь цөмрөөд байх нь юу вэ? гэж гүйн хаалган дээрээ ирэн Тогоогийн унтаж байхыг харж:

– Ээ чи бузар амьтан. Ариун сайхан гэрий минь булааж орхиод, унтаж байдаг бий! гэж хашгирав.

Тогоо даруй сэрэн ааруулан ханын онгорхойгоор мөлхөн гарч зугтав… Баавгай гэр орноо даруй сэлбэн засварлахыг бодон хойноос нь хөөсөнгүй ажээ.

Тогоо, айхын ихээр айн, гүйхийн хурдаар гүйсээр яваад бэлэн зэлэн юман дээр сайхан амьдарч байгаа Шанага дээрээ ирэн:

– Орон байшиндаа багтаа! Аж амьдралаа нэгтгэе гэхэд Шанага:

– Энэ байшин жаахан. Сүүлд ирсэн чи байтугай түрүү ирсэн би арай ядан багтдаг гээд хаалгаа таглан зогсов.

Тогоо орох гэж гуйж нэг үзээд, тушааж нэг үзээд эцэст нь барилцан авч өдрийн турш ноцолдоод хэн хэнийгээ дийлсэнгүй, шөнөдөө салалцав.

Шанага дулаан сайхан байшиндаа орж хоолны дээдийг идэн тавтай сайхан унтаж хонов. Өглөө босон цонхоороо харахад ойн хүйтэн цасан хяруунд хоол ч үгүй, унд ч үгүй дэр дэвсгэр ч үгүй хоносон Тогоо дагжин чичрэхээс өөр юу ч үгүй болсон үзэгдэв. Иймд Шанага “Над юм бүхэн бэлхэн, байшин дотроо байгаа тул түүнийг гаран хөөхийн хэрэг юу билээ. Хаалга үүдээ ханги данги түгжээд байшиндаа амар сууж байя” гэж бодов. Гэвч уг байшингийн эзэн уулын өвгөн айсуй явахад энэ бас юу билээ? Гуйлгачин түүлэгчин л байлгүй, эртхэн хөөн зайлуулъя гэж бодон угтан очиж:

– Өвгөн чи надаас зайл! Тэр уулын цаагуур яв. Yүгээр явахыг чинь би зөвшөөрөхгүй гэв.

Өвгөн:

– Хүү чи юу хэлнэ вэ? Энэ уул, ой мод, газар ус цөм минийх.

Шанага:

– Чинийх биш, минийх! Худал гэвэл орон байшин минь тэр байна гэж байшингаа заав.

Өвгөн гайхан:

– Yгүй ээ, байшин ч бас минийх. Харин чи байшинд минь юунд зөвшөөрөлгүй суув гэхэд Шанага байшингийн учрыг мэдэв. Гэвч бэлэн бүтэн юман дээр бие жаргах дуртай тул:

– Орон байшингаа хаян явсан өвгөн чиний хохь! Орон гэрийг эрж яваад олж явсан миний аз. Энэ байшин минийх! Өвгөн чи надаас зайл! гэв.

Өвгөн уурлан:

– Энэ тийм үү? Ажил хөдөлмөрөөр амьдрахын оронд бусдын юмыг булаан эзлэгчдэд би хэзээний дургүй. Түүний дээр чам шиг ийм хэрцгийд бүр ч дургүй, яасан цадгиа алдсан амьтан вэ чи? гээд уулын хөх оготор чоныг дуудан ирүүлж:

– Чоно чи үүнийг иднэ үү? Урна уу, дуртайгаараа бол! гэхэд Чоно:

– Өлөн ховдог над өөдтэй нэр хэзээ байлаа. Урж юу хийх вэ, идэж гэдсээ цатгая гээд шанага руу дайрав.

Шанага зугтахын сайнаар зугтан байшинд орон хаалгаа хаав.

Чоно одоо яаж ч чадахгүй болсон тул өвгөн баавгайг дуудан ирүүлж:

– Баавгай чи сонс! Энэ миний байшинд олиггүй нэг муу хүүхэд орчихоод байна. Yүнийг чи хөөн гаргаж, иднэ үү, урна уу дураараа бол! гэхэд Баавгай:

– Идэх, урахыг чоно мэдэг! Би зүгээр хөөн гаргахаа мэдье гээд хаалгыг зад татан чонын хамт оров.

Шанага цонхоор үсрэн гарч чононд хөөгдөн, харайхын хурдаар харайн явсаар Тулгын гадаа ирэн:

– Тулга минь намайг гэртээ оруул! Чоно намайг хөөж явна, чамайг ч мөн идэх нь магад гэхэд Тулга гэртээ оруулан төмөр хаалгаа түгжив.

Чоно давхин ирээд төмөр хаалгыг яаж ч чадсангүй. Гэтэл баавгай нэмэн ирж юу юугүй эвдэх гэхэд Тулга хурдан сумт буугаа барин гарав. Гэтэл бас ойн өвгөн ирээд байсан ажээ.

– Хүү чи сонс! Ойн өвгөн би өөдгүй нэг хүүхдийг ойн хөвчөөс хөөн зайлуулах гэж мөрдөн явсаар ирэв. Ингэхэд тэр хүүхэд танайд орчихов бололтой. Одоо над гаргаж аль гэв.

Тулга:

– Өвгөн гуай өршөө! Энэ хүүхэд өнчин болоод гэр оронгүй тул гэртээ оруулсан юм. Та ч бас хөөхөө болино уу?

Өвгөн:

– Тэр нэгэнт ажил хөдөлмөрөөр амьдрахын оронд бусдын юмыг булаан эзэмших, шунахай муу сэтгэлтэй тул өнчин ядуу нь юуны хамаа. Одоохон хөөн зайлуулж, ой модоо ариутган авъя гэж өөрөө гэрт орон Шанагыг барин гарч ирэв. Гэвч Шанага бүх буруугаа хүлээн, баян сайхан ойдоо байлгаж өгөхийг гуйхад Өвгөн:

– За яая гэх вэ. Yнэхээр буруугаа мэдэж байгаа бол би зөвшөөрье. Гэтэл чи хэрхэн юугаар амьдрах вэ? гэж асуув.

Шанага угаас ажил хөдөлмөрийг хүндэтгэж үздэггүй тул юу гэж хэлэхээ олохгүй сандрав. Ингэхэд нь Тулга хажуугаас нь:

– Ажлаар, ажлаар амьдрах болно. Ажиллахыг би зааж өгье гэв.

Өвгөн:

– За тэгвэл ч яахав. Гэвч өөрөө юу гэж бодож байна гэж асуусанд Шанага:

– Тэгнээ. Би ажлаар амьдарна гэв.

Өвгөн:

– Yнэхээр ажлаар амьдрах бол би чамайг хөөх байтугай сайшаана. Хэрэв ажлаар бус мөлжлөгөөр амьдарвал уу? Сайхан мэдээрэй! гээд чоно баавгай хоёроо дагуулан явав. Энэ даруй Тулга Шанагад байшин барихыг зааж, орон сууцыг нь бариулж эхлэв.

Шанага, тэр өдөртөө сайн ажиллав. Маргааш нь дунд зэрэг ажиллаад нөгөөдөр нь бараг юу ч хийсэнгүйд Тулга:

– Найз минь чи яагаад ажлаа хийсэнгүй вэ гэж асуув.

Шанага:

– Яах юу байх вэ нөхөр минь . Харсаар байтал чиний гэрт нэг хүн байтугай нэг хэсэг хүн багтах байхад над байшин барихын хэрэг байна уу, үгүй юу гэж бодоод ажлаа муу хийв гэж хэллээ.

Тулга:

– Орон гэр минь зайтай боловч чи ойн өвгөний өмнө юу гэж хэлсэн билээ? Өөрөө өөрийнхөө амьдралаар амьдарна гэж ам тангарагаа өгсөн биш билүү?

Шанага:

– Ээ тийм. Би ажлын хүндэд ядраад ам тангараг өгснөө мартаж орхижээ гээд ажлаа тэр өдөртөө сайн хийв. Маргааш нь дунд зэрэг хийв. Нөгөөдөр нь бараг юу ч хийсэнгүйд Тулга:

– За чи яагаад бас ажлаа хийсэнгүй вэ? гэж асуув.

Шанага:

– Ажил хийх гэдэг хэцүү юм байна. Ам тангарагаа өгсний хувьд арай чармайн зургаан хоног хийлээ. Одоо би үнэнээ хэлье. Орон гэрийг чинь харахаас энэ минийх болоосой гэж бодогдон залхуу минь хүрээд байх юм. Иймд чи намайг гэртээ ав.

Тэгээд ойн өвгөнд л бүү мэдэгд! Ингээд хоёулаа сайхан амьдаръя гэв.

Тулга ихэд уурлан:

– Чи миний гэр орныг харан шунахайрч өөрийнхийгөө барьж чадахгүй байж ямар сайхан амьдрал ярина вэ? Yүнийг чинь би зөвшөөрөхгүй, ойн өвгөн ч зөвшөөрөхгүй тул чи одоохон яв. Надаас байтугай ой модноос ч холд гэж хөөв.

Ингэхэд нь явсангүй. Харин байшингаа үг дуугүй барьсан бөгөөд өдөр бүр сайн ажиллан барьж дуусгав. Yүгээр үл барам ажиллахыг суран зүгээр сууж чадахаа больсон ажээ. Арвай буудай хоёрыг тарин ан гөрөөг хажуугаар нь хийж хүний зэрэгтэй амьдрах болов.

Тулга, Шанагын тийм сайн болсонд баярлан:

– Одоо хоёулаа хамтран ажиллаж нэгдэх амьдаръя гэв.

Шанага баярлан хамтран ажиллаж, нэгэнт амьдрахад өөрт нь ёстой баяр баясгалан ба жаргал цэнгэл бий боллоо.

Одоо түшмэлийн хүү Тогоогийн тухай хэлбэл: Ойн өвгөний чоно баавгай хоёрыг дуудан ирүүлж байхад баавгайнаас айн хаашаагаа мэдэхгүй нэг тийшээ зугтсан ажээ. Тэгээд уул нуруугаар тэнүүчлэн өвс холтос төдийхнөөр амьдран яв явсаар Тулга Шанага хоёр дээр иржээ.

Тулга түүнийг хуучин танилын хувьд “Ай нөхөр минь чи юу болчихоод явж байна вэ?” гэж угтан авч гэртээ оруулав. Шанага бас түүнийг өрөвдөн хоолны сайныг өгөн, ажил хөдөлмөрийн тухай ярих гэтэл Тогоо ташаа тулан ярвайгаад дуу гарсангүй.

– Ингэхэд чи хэрхэн юугаар амьдрах гэж байна вэ? гэж Тулга асуув. Тогоо:

– Та нар нэгэнт ийм баян чинээлэг болсноос хойш миний амьдрал гүйцэх нь тэр гэв.

– Бидний энэ баян чинээлэг бол хөдөлмөрийн хүч. Чи бас бидэн шиг х өдөлмөрөөр амьдрах хэрэгтэй гэж Шанага хэлэв.

Тогоо:

– Юу? Би хөдөлмөр хийх гэж үү? Би түшмэлийн хүү болох тул хөдөлмөр хийх учиргүй. Харин та нар над хөдөлмөрлөж намайг баясган жаргааж байх хэрэгтэй гэв.

Yүнд Тулга уурсан босон харайж, түүнийг салам болтол нь нүдээд сархинаг болтол нь хавтайлгаад, гадаа гарган хаячихав гэнэ.