Бусад орны үлгэр

Ноён толгойтой байсан уу?

Эрт урьд цагт нэг ноён байж гэнэ. Ууртай догшин гэдэг нь учиргүй. Албат амьтан нь ноёныхоо өөдөөс харахаас ч айдаг тийм догшин ноён байж гэнэ.

Нэгэн өдөр алсын аянд мордох нэгэн хэрэг гарчээ.

Тэр ноёнд, манай сайд вангийн өнөөдөр их ёслолоор морилсон шиг олон хиа дагалттай, урьд нь зам удирдах хүн хойно ч дагах хүнтэй морилж гэнэ дээ.

Явж явж нэг ганц саглагар модны дор бууж амрах болжээ. Дагалт хиа нар нь ноёндоо газар олбог дэвсэж суудал засаж өгчээ.

Тэгэхэд тэрээр олбог суудлаа голж, би ноён хүн та нартай адил нохой шиг тэгж газар суухгүй, намайг дээр өргөж суулга гэж гэнэ.

Зарц нар нь тэр тал газар ноёндоо яаж өндөр суудал засах билээ гэж сандран, арга барагдахдаа тэр саглагар модыг бөхийлгөж ноёноо өргөж суулгая гэж шийджээ. Модны үзүүрийг татаж бөхийлгөөд ноёноо суулгасны дараа тавимагц, модны орой тэнийгээд ноёныг тээр хол пид хийтэл савж орхив гэнэ дээ.

Зарц хиа нар нь санд мэнд гүйж, ноёноо түшүүлэн босгож өргөтөл, ноёны толгой алга байжээ.

Хиа нар айж сандран, ноёны толгойг модны гишүү тас савж орхив уу? гэж ийш тийшээ гүйж эрэл хийж гэнэ.

Тэгээд тээр хол нэг толгой хэвтэж байсныг олж гэнэ дээ. Гагцхүү ноёны өөдөөс харж үзсэн хүн нэг ч алга. Тэр толгойг ноёны толгой юм уу биш юм уу гэдгийг мэдэх таних хүн эс одджээ.

За, одоо яадаг ийдэг билээ? гэж бодоод захирагчаас очиж асууя. Манай ноёны толгойтой толгойгүйг захирагч лав мэдсэн байх гэж хэлэлцэж, өвгөн захирагчид очиж асууж гэнэ дээ.

Тэгэхэд нь захирагч буурал толгойгоо сэгсэрч бүү мэдээ хүүхээд толгойтой байсан юмуу ноён маань, толгойгүй ч байсан юмуу. Би ноёны сэрүүн тунгалаг байхад өмнө нь сөгдөж мөргөсөөр ер царай өөд нь харж үзсэнгүй билээ.

Малгай дээрээ хааны хайрласан ноёны жинс отготой байсныг л би сайн мэднэ. Толгойтой үгүйгий нь мэдэхгүй, хүүхээд. Харин хатнаас нь очиж асуу. Тэд мэдэх байх гэхэд нь хатнаас нь очиж асууж гэнэ дээ.

Тэгэхэд хатан нь:

– За бүү мэд, хиа нар минь би нэг насаараа догшин ноёны хүсэл таалалд нь нийлүүлсээр, догшин царай, хурц нүд өөд нь харах зүрх ухаан олдсонгүй билээ.

Намайг үнсэхэд нь ширвээ ширүүн сахал нь л намайг хатгаад байдаг сан.

Чухам толгойтой толгойгүйг нь бүү мэдээ, хиа нар минь гэжээ.

Тэгээд ноёны зарц дагалт нар нь ноёноо чухам толгойтой байсан уу толгойгүй байсан уу, гэдгийг мэдэж чадсангүй гэнээ.

Эх сурвалж: Монгол ардын үлгэр