Үргэлжилсэн үгийн зохиол

Солийг сольсон нь

Говийн залуу эр Бат, 18 настай эхнэр Солийг орхиж цэргийн албанд мордох болов. Бат мордохдоо эхнэр Сольд хэлсэн нь:
– Одоо салаад явахад хэнд маань ч хэцүү байна. Гэвч хэдхэн жил цэргийн алба хаагаад буцаж ирнэ. Хоёр гурван жилийн хугацаа ч юу байх вэ дээ. Чи гэрээ цагаан болгоод, малаа олон болгож сайн сууж байгаарай гээд толгойг нь илэхэд Соль нулимсаа арайхан тогтоож хэлсэн нь:

– Чи мэнд сайн яваад ирээрэй. Би чиний хэлсэн ёсоор гэрээ цагаан болгож, малаа олон болгоод байя гээд дуугаа бүр намуухан болгож,

– Бас үрээ том болгоод байя гэж нэмж хэлэв. Бат “үр” гэдэг үгийг сонсож

– Юун үр? гэж гайхаж асуувал Солийн нүүр бяцхан улайж инээмсэглээд юу ч хэлсэнгүй.

Бат нутгаас анх мордож холын албанд явах гэж байгаадаа сэтгэл ихэд хөдөлж байсан тул Солиос тэр үгийн утга юу болохыг дахин лавлаж асуусангүй, гагцхүү Солийн жижигхэн гарыг чанга атгаж:
– Чи шударга эхнэрийн журмыг сахиж чадах уу? гэсэнд Соль:
– Чи намайг мартахгүй бол би чамайг мартахгүй гэж хэлэв.
Солийн торомгор хар нүднээс ганц хоёр дусал нулимс бөмбөрч Батын гар дээр дусав. Бат түүний янагийн нулимсыг ойлгохгүй ийш тийш харж гайхан зогсоно. Бат, эхнэр Солийн байдлыг сайн мэдэхээс биш, түүний эрдэнэ мэт янаг сайхан сэтгэлий нь гүйцэд мэддэггүй бололтой. Ер нь янаг сэтгэл бол оройд нь гарч болшгүй өндөр сайхан уул мэт, ёроолд нь орж болшгүй гүн их далай мэт, хүн бүхэнд амархан ойлгогддоггүй нандин эрдэнэ юм. Одоо дээр Бат амраг эхнэрийнхээ тухай бодож байгаа биш, өөрийн явах алсын замын тухай бодож байв.
Тэгээд Бат алсын моринд дөрөөлж, цэргийн албанд мордож одов. Соль, Батыг эргэж харах болов уу гэж ажиглан зогсож байхад Бат агсан морины жолоотой ноцолдсоор эргэж харж амжилгүй, цагаан тоос бужигнуулан далд оров.
Явсаар Улаанбаатар хотоор дайрч улсын хязгаарт очоод хил хамгаалах чухал үүргийг хүлээж суув. Анхны үед гэр нутаг, залуу эхнэрээ дурсаж, хааяа захидал бичдэг байсан боловч цаг өнгөрөх тусам гэр орноо баахан мартаж эхлэв. Эхнэрээс хэдэн захидал хүлээн авсан боловч тэр захидлууд сүүлдээ Батад сонирхолгүй болов. Учир нь тэр захидлуудад “Би мэнд байна, чи мэнд байна уу? Одоо бичих онц сонин зүйлгүй” гэсэн нэг ижил утгатай байснаас гадна “газрын хол, усны уртаас цагаан цаасаар бие болгож, хар үсгээр хэл болгож, хайрт чинийхээ мэндийг лавлая” гэх мэтийн хэдэн чимэгтэй үг захидал бүрд байдаг байв. Гэвч одоо нутаг хаа байгаа, өөрөө юу хийж, ямар янзтай аж төрж байгаа, нутгийн таних айлуудаар сонин юу болж байгаа, мал сүрэг нь олширч цөөрч байгаа эсэх зэрэг сонирхолтой зүйлийг бичихгүй юм. Урьдах захидал нь дараачийн захидалтай бараг ижил байдаг байв. Бат ажиглавал, сүүлийн хоёр захидал адил бичигтэй тул нэг хүн бичсэн байна гэж мэдэв. Хэний бичиг болохыг ажиглавал Доной гэж нэг завхай залуу байдаг, түүний бичигтэй төстэй юм. Иймд Батын бодсон нь: “Манай эхнэр Соль захиа бичих байтугай, А үсгийн толгой ч гаргахгүй хүн тул хүнийг гуйж над захидал бичүүлдэг байна. Манай нутгийн бичиг мэдэх залуучуудын нэг нь энэ захидал мэт юмыг эрээчиж мурийлгаж өгөөд элдвийн дэмий үг ярьж, цай гүзээлж зориуд үдэш болгоод, гэр хол гэж шалтгаалж манайд хоноод явдаг байх. Тэгээд юу болдгийг бүү мэд. Харин тэд намайг элэг барьсан мэт энэ муусайн эрээн цаасыг явуулдаг байх” гэж бодоод, захидлыг унших ба хүлээж авах ч дургүй боллоо.
Yүнд бас нэгэн өөр шалтгаан нэмэр болов. Батын алба хааж байгаа нутагт нэг залуу эр эм хоёр байв. Эр Цэнд хэдэн сарын хугацаагаар аянд мордоход эхнэр Лхам учиргүй уйлж цууямбуу ваадан мэт том алчуураар нулимсаа арчиж байхыг Бат үзсэн. Гэтэл Цэндийг хоёр сар аян хийгээд эргэж ирэхэд Лхам ондоо нөхөртэй болоод сууж байв. Тэр Лхам, алчуурын нулимсыг хатаж амжаагүй байтал, ондоо эрийг тэвэрч эхэлсэн байна. Яасан хуурамч нулимс вэ, яасан худалч янаг вэ? Энэ тухай өөрийн таних цэрэгт Бат яривал энэ цэргийн хариулсан нь:
– Ийм хүүхэн байдаг л юм. Чи эхнэрийгээ өөр хүнийг сэтгэлдээ бодохгүй, биедээ халгахгүй байгаа гэж санадаг уу? Тийм бол эндэгдэл болно гэв.
Бат энэ үгийг сонсоод эхнэрийгээ улам итгэхгүй болж элдвийг эрэгцүүлэн бодож баахан гуниглаж явдаг болов. Гэвч, хүний сэтгэлд ямар ч гуниг мөнх үлддэггүй юм. Усны урсгал, чулууны ирмэгийг арилгаж бөөрөнхийлөхийн адил, цагийн урсгал, сэтгэлийн гунигийг элэгдүүлж арилгана.
Тэгээд Солийн тухай Бат төдий л бодохгүй болов. Хаяа бодовч Солийг ер нь өөртөө тохирохгүй эхнэр юм гэж санадаг боллоо. Бат өдөр бүр сургууль эрдмийг сурч боловсорч байна. Нэг өдөр өнгөрөхөд нэг хэсэг мэдэхгүй юмыг мэддэг болсон байна. Гэтэл Соль бичиг мэдэхгүй, бохир балиар хэвээр байна. Иймд Бат цэргээс халагдмагц Солийг орхиж, өөр зохилдох эхнэрийг олж авна гэж шийдэв.
Энэ саналаа мөн өөрийн нутгийн хүн бөгөөд цэргийн албыг хэдэн жил хаасан Доржид хэлсэнд Дорж хэлэв:
– Эхнэрээ солих гэдэг муухай хэрэг.
Бат хэлэв:
– Солих ажлыг би эхэлсэн биш. Соль өөрөө эхэлсэн байх. Манай эхнэр Солийн нэр нь хүртэл олигтой нэр биш. Түүний эхээс таван хүүхэн төрөөд зургадугаар хүүхнийг төрөхөд эх нь дахин эрэгтэй хүүхдийг хүсч түүнд Соль гэж нэр өгсөн юм гэнэ билээ. Адгийн муусайн хүүхнүүд, эцэг эхдээ тээр шаагдсан охинууд “Боль, Соль” гэх зэргийн нэртэй байдаг. Соль нэртэй хүүхэн эрийг сольж, эрд солигдож байх учиртай биз. А үсгийн толгойг ч мэдэхгүй тийм эхнэрээр би яах вэ? – гэж ярьсанд Дорж толгой сэгсрэхээс өөр үг хэлсэнгүй.
Дорж удалгүй цэргийн албыг хаах хугацаа дуусч цэргээс халагдаж нутагтаа буцав. Доржоор Бат эхнэртээ захидал илгээсэнгүй. Бат хэнээс ч захидал авахгүй, хэнд ч захидал бичихгүй болсоор хэдэн жил өнгөрөв.
Ганцхан, Бат ногдсон үүргээ шударгаар биелүүлж, улсаа хичээнгүйлэн хамгаалж байхыг чармайн явав. Улсын хилийг хамгаалах ажил дээр ямагт сонор сэрэмжтэй байж, хэдэн удаа гавьяа байгуулсан учир, улсын дээд газраас байлдааны гавьяаны медалиар шагнагдав.
Цэргээс халагдах хугацаа болоход, харих гэргүй гэж урам нь хугарч сайн дураар цэргийн албанд үлдэв. Бага дарга болж дэвшив. Бат цэргээс халагдаад нутагтаа харихгүй, аль нэг газар алба хааж сууна гэж бодох болов. Удалгүй бас хоёр жил өнгөрөөд гуравдугаар жилийн намар ойртоход Бат энэ жил халагдах эсэхийг бодож сайн шийдээгүй байв. Гэтэл говийн сайн малчин Хишиг гэж нэг хүүхний зураг сонинд хэвлэгдсэнийг Бат олж уншив. Тэр зургийг үзвэл дугуй хээтэй торгон дээл, үстэй малгайг өмсөж, энгэртээ хөдөлмөрийн гаьяаны одон ба улсын сайн малчны тэмдэг зүүж, дээлийнхээ заханд чимгийн зүүг хатгажээ. Ганцхан гэмшилтэй нь энэ хүүхний зураг сонин дээр тодорхойгүй хэвлэгджээ. Гэвч тэр хүүхний махлаг дүүрэн царай, галтай хурц нүд манай цэргийн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө.
– Энэ мөн сайхан хүүхэн байна гэж нэг цэрэг хэлсэнд бусад нь цөм зөвшөөрөв.
Хүүхний товч намтрыг мөн сонинд үзвэл Батын зэргэлдээ сумын хүн юм байна. Энэ хүүхэн говийн малчдын дотроос сүүлийн хэдэн жилд малаа жишээ болохуйц сайнаар маллаж, хамгийн түргэнээр өсгөсөн юм байна. Бат тэргүүнтэй манай цэргийн хэдэн хүн энэ хүүхний тухай ярилцаж эхлэв. Нэг цэрэг хэлэв:
– Энэ хүүхнийг санамсаргүй байтал гэнэт зураг нь хэвлэгдээд хүрэх байх, тэгэхэд энэ хүүхэн хичнээн их баярлах бол? Хоёрдугаар цэрэг хэлэв: