Үргэлжилсэн үгийн зохиол

Хойтон жилийн наадам – С.Дашдооров

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна

Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжий тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?

Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч

Хамгийн түрүүнд наадмаас
Харьж ирэх сайхан
Багачууд дуу нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан
Дэнж дэвсэг дээр цоллуулж

Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлсннйг
Хамгийн түрүүнд наадмаас
Харьж ирээд ярих бас л сайхан
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!

Зуун голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болбуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр өр зөвшөөрдөг болбуу, яадаг бол?

Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан

Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм

Барианд ороогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ
харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ,
үзэхсэн гэж яарнам

Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа
учрахсан гэж яарах юм
Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа
уулзахсан гэж яарах юм

Малчин хүний болзоо гэдэг
Мадаггүй ийм л урт байдаг юм
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!

Эх сурвалж: http://pl.ub.gov.mn/monlit/zohiolch/sdashdoorov.html