Домог, ТуульДомог, Тууль, БусадЗүйр цэцэн үгсТанин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Баруун монголд түгсэн Ширээтийн гэгээнтэй холбогдох аман яриа

Шива хутагтын нутгийн зургийг улаан өнгөөр тодруулав. Сум бүхий зураг нь Шиваа ширээт хутагт Агваанлигдамбажанцан. Бусад нутгийн зураг нь домогт хамаарах нутаг, хошууд болно.

Ар халхын тамгатай 13 хутагтын нэг Сайн ноён хан аймгийн Шива Ширээт хутагтын Ширээтийн хүрээний уламжлалыг хадгалсан “Дэчэнравжайлин хийд” өнгөрсөн зун Архангай аймгийн Чулуут суманд шинэ барилгатайгаар сүсэгтэн олноо хүлээн авсантай холбогдуулан Шива хутагтын талаарх баруун аймгуудад тархсан домог, аман яриаг та бүхэнд толилуулж байна.

Хэл бичгийн ухааны доктор профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Л.Хүрэлбаатарын Дуун утгын яруу зохист номын Монгол аман билэг буюу тэргүүн бүлэгт Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны буюу Хотгойд түмний төлөөлөл өнөөгийн Хөвсгөл аймгийн Их уул сумын Муруй хэмээх Даржаатай холбоотой нэгэн аман билиг, домог бий. Уг домогт “Муруй Даржаа гуай нэг удаа Шива ширээтийн гэгээний рүү Ахай бэйс ноёны мэндэнд явж гэнэ. Гэгээнтний өргөөнд яваад орох гэтэл үүдэн дээр нь халтиргаж мэнд алдуулахаар, ус асгаад хөлдөөчихсөн байж. Арай нэг халтиралгүй, яваад ортол гэр дүүрэн лам шар улс, бүгд нүдээ аньж сохор болоод суучихсан, Ширээтийн гэгээн өөрөө бүр мөрний адагт, үүдэнд сууж байж гэнэ. Муруй Даржаа бүгдийн амрыг айлтгаад “Ширээ тэмээ бөхөндөө шавдаг байтал, Ширээтийн гэгээн үүдэндээ шавдаг юм байна” гэж хэлээд хөөрөг тамхиа солилцтол, нэг нь ёроолгүй хундагатай архи зөрүүлээд барьж, нэг гар хөөрөгтэй, нөгөө гар хундагатай болж, хундагыг тавиад хөөргийг даалиндаа хийх гэтэл ёроолгүй хундага тогтох аргагүйд, бугуйнд байсан эрихээ авч, эвхэж тавьчихаад ёроолгүй хундагаа дээр нь тавьж тогтоогоод, өврөөсөө хадгаа гаргаж, хошуу ноёныхоо нэрийн өмнөөс Ширээт гэгээний олон цол гуншинг алдалгүй дуудаж бараад, “Олон сохрын алий нь гэхэв, ойрхон байгаа адгийн сохорт нь барьчихъя” гээд хадгийг сунгасанд, Ширээт гэгээн арга буюу хадгийг авч, сорилгоо алдсан гэдэг” хэмээн дурджээ.

Үүнтэй адил өөр нэгэн баримт, аман яриа Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууны төлөөлөл, өнөөгийн Говь-Алтай аймгийн Бугат сумынхны дунд түгжээ. Уг аман ярианы эзэн нь Дайчин засаг Жалцангомбодоржийн туслах, Цэцэн туслагч хэмээх Баянцогт юм. Түүний тухай сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэн “Жарны түүхтэй жаргалтайн дэлгэр нутаг мину”, “Буян заяа ихтэй Бугатынхны цадиг оршвой” номын 14 дүгээр талд “…нэг удаа Засагт хааны ноёд Ширээтийн гэгээнтэнд есөн цагааны бэлэг хүргэх ёслолд Цэцэн туслагч оролцсон байна. Гэтэл Ширээтийн гэгээн ноёдыг сорьж ёс алдуулах зорилгоор өргөөнийхөө үүдэнд мөс хөлдөөж, дээр нь тэмээний хөлдүү хоргол цацсан байжээ. Зочдын нэг нь түүн дээр хальтарч унахад Цэцэн туслагч тэр хүнийг татаж босгоод “Ширээ буур бөхөндөө шавдаг байтал Ширээтийн гэгээн үүдэндээ шавдаг байжээ” гэж хэлээд нөгөө хүний ёс алдсаныг цайруулжээ. Тэд Ширээтийн гэгээнтний амрыг эрж мэндлэх ёстой байв. Гэтэл өргөөний зүүн хойморт суугаа долоон хүн бүгд өрөөсөн нүд нь муу улс байжээ. Ширээтийн гэгээн нэг нүд нь муу хүн байсан тул аль нь мөн болохыг мэдэх аргагүй болсон учир Цэцэн туслагч ухаан сийлж “Олон сохрын алийг тэр гэхэв, онцолсон нэг сохрын амрыг эрье” хэмээн хамгийн эхэнд суусан хүнтэй мэндлэхэд тэд өөдөөс нь хөөргөө нэгэн зэрэг барьцгаажээ. Цэцэн туслагч огт сандарсан янзгүй хормойгоо дэвсэн хөөргүүдийг барьсан дарааллаар нь цувруулан тавьж тамхилаад эздэд нь эндүүрэлгүй буцаасан байна. Мэндэлж дууссаны дараа зочдод шовх ёроолтой аяганд цай барихад цэцэн туслагч эхлээд бугуйнаасаа эрхээ мулталж бяцхан цагираг болгон тавиад шовх ёроолтой аягыг углаж тавьсан…” гэжээ.

Засагт хан аймгийн Дайчин засаг Жалцангомбодоржийн “Цэцэн туслагч” хэмээх Баянцогт

Мөн өнөөгийн Ховд аймгийн Чандмань сумд тэр цагт Алиа Сувд хэмээх хүнд чадагддаггүй нэгэн байсан тухай Баруун Монголын домог хуучис (2-р хэсэг)-т бичжээ. Тодруулбал: “Түүнийг чадаж, мохоож байсан хүн нэгээхэн ч үгүй юм. Нэгэн удаа Ширээтийн гэгээн түүнийг чадахаар гэртээ урьжээ. Ингээд зочныг ирэхэд гэрийнхээ үүдэнд ус асган хөлдөөж гэнэ. Гэтэл Сувд түүний далд санааг мэдэж “Ширээтийн гэгээн үүдэндээ шавдаг юм байна” гэж хэлээд гэгээнийг давжээ. Үүнээс хойш Ширээтийн гэгээн “Чамайг үхсэн ч хойноос чинь маань уншихгүй” гэж хэлжээ. Үүнийг сонссон Сувд түүнийг бас л чадахаар шийдэж зам дээр нь чармай нүцгэлэн хэвтжээ. Түүнийг харсан Ширээт гэгээн “Ум ма ни бад мэ хум. Муу Сувд үхчихжээ” гэж хэлээд өнгөрөхөд араас нь “Би чамаар амьддаа маань уншуулж чадлаа даа” гэж хэлсэн гэдэг.

Нэгэн үйл явдлын тухай өгүүлсэн “Муруй Даржаа”, “Цэцэн туслагч”, “Алиа Сувд” гэх “гурван өөр эзэнтэй” энэхүү домог, аман билгээс үзэхүл Шива ширээт хутагт бусдын эрдэм чадал, овсгоо самбааг сорих, наргиа наадамд дуртай нэгэн байсан нь илэрхий. Түүний цэцэн мэргэн, эрдэм чадалтайд нь биширсэн, өөрийн цэц мэргэнээ сорих гэсэн, хутагтыг давах гэсэн шалтгаанаар халхын ноёд, дөрвөн хан аймгийн өнцөг булан бүрээс очиж золгож байсан нь домгоос тодорхой харагдана. Харин түүний “хатуухан наадгай”-г давж чадсан нь домог болон үлдэж бусад хошууны ноёд тэрхүү домгийг өөрийн хошууны хэн нэгэн нь бүтээсэн мэтээр уламжилж ирсэн нь энэхүү гурван биет төлөөллөөс илт байна. Мөн энэхүү үйл явдал, домогт дулдуйдан домгийн эзний билэг, оюунаас үлгэрлэх, цэцэн мэргэн ухаанд шүтэх, суралцахыг үр хойчдоо жишээ болгодог байжээ.

МУҮНС-ийн Арга зүйч В.Түвшинтогтох

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

One thought on “Баруун монголд түгсэн Ширээтийн гэгээнтэй холбогдох аман яриа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *