Зурагт мэдээлэл

Соривтой хүн

Жек Лондон

Шунал хомхойрол Жекоб Кентийг насан туршид нь хэмлэж буй билээ. Урхагт энэ өвчин үргэлждийн атгаг сэжгийг нь гааруулсаар, түүний ая занг үлэмж буртаглан, мань хүнтэй аливаа үйлийг бүтээхэд нэн бэрхтэй болгожээ. Тэрбээр эцэс төгсгөлгүй шаргуу, гэсэн атлаа ухаан мунхаг боольхойгоороо онцгой нэгэн агаад бас зүгээр ч үгүй зүүд нойрын өвчтэй.

Клондайкын хөл үймээн түүний цусыг хөөргөж, суурь машинаас нь ховх татах хүртэл Кент бараг өлгийтэйгөөсөө нэхмэлчин хийсэн билээ. Жардугаар бээрт, Стюарт голын харуулуудын тэхий дунд, замын хагаст Кентийн урц байдаг бөгөөд Доусон орох замдаа түүгээр дайрдаг аянчид өөрийнхөө цайзад бүгчихээд харьяат нутгийнхаа зэлүүд замаар цувах жин хөсгөөс барьц, татвар хураагч дээрэмчин гүнтэй Жекоб Кентийг зүйрлүүлдэг авай. Уг нь иймэрхүү зүйрлэл бодож олохын тулд ямар ч атугай түүхийн мэдлэгтэй байх ёстой. Гэтэл Стюарт голын эргээс ирэгч боловсрол мэдлэгээр маруухан алтны хайгуулч нар төлөв доогтой гашуухан хоч гуншин давамгайлсан арай бүдүүн хадуун үгээр Кентийг авгайлдаг аж.

Нарийн яривал урц нь ерөөс түүнийх ч бус. Хэдэн жилийн өмнө энэ газар руу мод ачсан сал урсгаж ирсэн алтны хоёр хайгуулчин тэр урцыг барьсан аж. Алтны хайгуулч нар найрсаг зочломтгой улс байсан учир ийшээ ирэх замыг хэзээний мэддэг аянчид урц эзгүйрснээс хаа хойно ч хүй болохоос урьтан ийшээ яардаг байж. Буудал оромж барих цаг, хөдөлмөр хэмнэдэг хойно энэ нь ч тавтай, таатай. Урцанд хоноглосон хүн бүхэн дараагийнхаа хүнд өчнөөн тэвэр түлээ орхиод оддог бичигдээгүй хууль ёс хүртэл тогтжээ. Арэв гаруй хүн тэнд цугладаггүй шөнө ч гэж ховор.

Гэтэл үүнийг мэдсэн Жекоб Кент урц эзэнгүй гэдгээр гул барьж дураар суурьшжээ. Тэр цагаас хойш ядарсан аянчид шалан дээр хоног төөрүүлэх эрхийн төлөө эл луйварчинд хүн бүр нэг доллар төлөх ёстой болов. Тэдний төлж буй алтан элсийг Жекоб Кент өөрөө жигнэнэ. Тэгэхдээ хүртэл ичихгүй луйвардахыг нь яана. Тэр бүү хэл түр толгой хоргодогсод түлээг нь хагалж, усыг нь барьж өгөхөөр ажил хэргээ зохицуулж чаджээ. Энэ нь хэдийгээр ичих нүүргүй дээрэм мөн ч гэлээ Кентийн золиос болсон улс түүнийг үзэн ядах атлаа хууль ёс эвдэн өөрсдийг нь шулан юмжиж буйд саад үл болох тийм цайлган, хар хорын санаагүй улс байлаа.

Дөрөвдүгээр сарын тэр нэгэн өдөр Кент урцныхаа үүдэнд хавар эртийн наранд жаргалтайяа тухлаад, торондоо орох шинэ олзыг шүлэнгэтэн хүлээх махчин аалз лугаа адил зам руу харуулдан байлаа. Эргийнхээ хооронд элбэг хоёр бээр өргөн, хоёронтоо ихээ тохойрч, өмнө умар зүгт тэртээ алс руу цэлийсэн мөсөн далай Юкон тэр дор цайрна. Түүний бартаат өехий дундуур чарганы зам өнгөрдөг бөгөөд бүтэн хагас фут өргөн, хоёр мянган бээр урт нарийхан жим цас мөсөн дээгүүр эцэс төгсгөлгүй зурайжээ. Тэр замын фут бүр нь бүх л Христийн ертөнц, түүний хилийн чанадад буй өөр ямар ч замаас хавьгүй илүү хараал зүхэл дуулсан билээ.

Жекоб Кент өнөөдөр сэтгэл өег гэж жигтэйхэн байлаа. Өнгөрсөн шөнө тэрбээр дээд амжилтаа эвдэж, их ч үгүй, бага ч үгүй хорин найман хүнд зочломхой зангаа худалджээ. Мэдээж өөрөө тун тохьгүй хонож, тэдний дөрөв нь яг орных нь хажууд шалан дээр өглөө болтол тувт хурхирсан. эхдээ хүүдийтэй алтан элснийх нь жин хавьгүй хүндэрчээ. Гялалзсан шар эрдэнэ хадгалсан тэр уут Кентийн амьдралын хязгааргүй баяр баясгалан төдийгүй бас ёроолгүй зовлон тарчлаан нь юм. Тэр өчүүхэн зайд там диваажин хоёр тэрсэлдэнэ. Ганц өрөөтэй муу урцанд хүний нүднээс далд юм нууна гэж юу байхав. Цөлмүүлчих вий хэмээсэн айдас цагийн мөнхөд түүнийг тарчлаана. Үс сахалдаа баригдсан ийм яргачингуудад тэр муу хүүдийг хулгайлах даанч юу ч биш. Эрдэнэсийг нь яаж хулгайлж буйг тэр зүүд нойрондоо үргэлж үзэж, хар дарсандаа агдагасхийн сэрнэ. Тэр зүүд нь түүнийг салахгүй дагасаар сүүлдээ бүр тонуулчдын зүс царай жигтэй тодхон хоногшиж, тэр дундаа тэдний толгойлогчийн баруун хацар дээрээ сорвитой, наранд түлэгдсэн хүрэл царай юу! Тэр залуу бүхнээс олонтаа зүүдэнд нь орно. Түүнээс айсандаа Кент үүрээр огло харайн босч, урцны гадна дотно хүүдийгээ нуух хэдэн арван завсар заальхай бодож олох бүлгээ.

Амин эрдэнээ нуучихаад мань эр сэтгэлээ онгойтол санаа алдан, хэдэн шөне амгалан нойрсоно. Тэгснээ л гэнэт нэг шөнө зүүд нойрондоо, нандин эрдэнийг нь сэм хулуун одож буй сорвит эртэй эг маггүй тулгарчихна. Хулгайчтай амь наана тэмцэлдсээр давхийн сэрэнгүүтээ Кент тэр дороо ухасхийн гарч ууттайгаа арай өөр найдвартай, далд газар дарна. Гэхдээ Кент хоосон дэмийрлийнхээ сүрд эргэлтгүй автчихсан гэж арай хэлж боломгүй. Харин зөн совин, аюул осол бодол, орон зайд шилжин оддогт гүнээ итгэнэ. Яг тэр цагт хаа нэгтээ өөр газраас сэтгэлээрээ түүний алтанд халдаж буй амьтай голтой, бодит хүмүүсийн хий биес нь эл дээрэмчид мэт түүнд төсөөлөгдөнө.

Тэгэх тусмаа Жекоб Кент толгой хоргодох орон хайсан улсыг улам улам цөлмөсөөр, хүүдийд нь орсон унц алт бүхэн түүний зүдэг зовлонг арвижуулсаар авай.

Урцныхаа үүдэнд нарлаж суусан тэрбээр гэнэ сэнэгүй гялсхийсэн бодолдоо хөтлөгдөн ухасхийн босчээ. Хураасан алтан элсээ байн байн жинлэх, дахин дахин дэнслэх нь түүний хувьд жаргалын дээд. Харамсалтай нь эдүгээг хүртэл шийдэж чадаагүй нэгэн явдал баяр жаргалыг нь багагүй гутаадаг бөгөөд түүний дэнс дэндүү жижиг, нэг удаад бүтэн хагас фунтээс (арван найман унц гэсэн үг) илүүг жигнэж барахгүй. Гэтэл мань хүнд багцаагаар бүтэн гурав, гуравны нэг дахин их алт хэдийнэ цуглачихаад буй билээ.

Бүх алтаа нэг доор дэнсэлж яагаад ч болохгүй, эрдэнэс юугаан сэтгэл бахдан урамтай сайхнаар харах хүслийг нь энэ л хөсөрдүүлээд буй мэт Кентэд санагдахыг яана. Үүнгүйгээр олох долохын баяр тэн хагасаар дундарна.

Тийм ээ, үл ялиг энэ мэт саад тотгор ямарваа байдлаар зөвхөн утга учрыг нь төдийгүй алттай болсныг нь хүртэл үгүйсгэж буйг Кент мэдэрч байсан аж. Энэ хүсэл зорилгоо хэрхэн гүйцэлдүүлэх тухай бодол гэнэт санаанд нь орсон учир сая мань хүн огло харайн босчээ.

Зам руу хянамгайхан харснаа, хэн ч үзэгдэхгүй байгаад сая итгэн урцандаа орлоо. Ширээн дээрх юмсаа нүд ирмэхийн зуурт хурааж, дэнсээ гаргаж тавиад, нэг тавган дээр нь арван таван унцын туухай орхиж, нөгөөх рүү нь алтан элс асгаж тэнцүүлэв. Дараа нь алтан нунтагаар туухайгаа солиод өчүүхний ч зөрүүгүй дэнсэлсэн гучин унцтай болов, тэгснээ тэр гучаа зяга руу савируулж, таваг алтан нунтагтай яг тааруулан жигнэв. Тийнхүү хамаг алт нь жинлүүр дээр багтах нь тэр. Хөөр бахдал, хязгааргүй цэнгэлдээ сайхь эр дагжин чичирч, хамаг биенийх нь хөлс асгарчээ.

Уутандаа байсан бүхнийг, сүүлчийн ганц ширхэгийг нь хүртэл хичээнгүй гэгч сэгсрэн унагахад энэ нь даанч нэг саад болсонгүй. Мань эр дэнсний тэнцвэр алдагдан, аягануудын нэгийг ширээнд хүрэн хүртэл уутаа жингийн тавган дээр сэгсэрсээр байлаа. Дэнсээ дахин тэнцүүлэхийн тулд нөгөө аягандаа хорины нэг унцын ганц бяцхан туухай, алтны таван элсэн ширхэг аяархан унагалаа. Тэрбээр гайхаш нь тасарсан мэт, нэг мэдэхнээ тэргүүнээ гэдийлгэн жинлүүр рүү таг гөлөрчихжээ. Уут хоосорсон ч өдгөө тэрбээр хамгийн өчүүхэн элсэн ширхэгээс олон олон фунт хүртэл дуртай хэмжээнийхээ алтыг энэ дэнсэн дээр жинлэж болох юм байна гэдгийг нот мэдэж авчээ. Мамона ийнхүү Кентийн зүрхэнд хурц хумсаа шигтгэжээ.

Жаргаж байгаа нарны гэрэл онгорхой үүдээр тусч, дэнс хийгээд алтан шаргал ачааг нь нүд гялбам хурцаар гийгүүлвэй. Хүрэл Клеопатрагийн алтан хөх лугаа адил эрдэнэсийн бумбагар овоолго нарны туяанаа зөөлөн шаргал туяа сацруулах ажээ. Цаг хугацаа, орон зай зогсчих шиг.

-Хөөх! Таны наана чинь байгаа алт хэдэн гиней хүрдэггүй юм бол бурхан намайг залхааг! Жекоб Кент овгосхийн эргэж харахын сацуу бэлэн зэхээтэй хэвтээ хоёр амт буу руугаа сарвайв. Гэвч заллагагүй гийчний царайг хараад ухаан нь зайлсан мэт өөрийн мэдэлгүй хойш ухарчээ. Сорвитой хүн яг дүрээрээ!

Орж ирсэн хүн түүнийг сонжингуй харах аж.

-За за, битгий ай. Танд, таны наад хараал идсэн алтанд чинь би гар хүрэхгүй хэмээн өчив.

Кентийн нүүрэн дээгүүр хөлс дааварлан, өвдөг нь чичрэн буйг ажигласан тэрбээр:

-Та чинь яасан жигтэйхэн хүн бэ! Тун жигтэйхэн хүн юм гэж санаашрангуй өгүүлэв.

-Ангархайдаа ус балгасан юм шиг яагаад таг болчихов. Хэлээ залгиж орхив уу? Эсвэл гай түйтгэр тохиолдоо юу гэж Кентийг арайхийн ухаан орж байх зуур мань эр дуржигнуулав.

-Таныг хаа ингэж орхио вэ хэмээн Кент гийчний хацрыг хага ярсан аймаар сорвийг салганасан хуруугаараа заасаар арайхийн дуугарахчаан аядлаа.

-Найз усан цэрэг маань миний нүүр рүү гротбом-брамселийн шонгоор дэлсчихсэн юм. Ер нь миний сорви танд ямар хамаатайг мэдмээр байна. Та мэтийн хямсгар юмнуудад таалагддаггүй байж магад. Өөрийн чинь улаан нүүр янзандаа бол түүндээ баярлавал барав.

-Үгүй үгүй, надад зүгээр сонин… гэж Кент зовлонтой инээмээр аядсанаа явган сандалд лагхийтэл суулаа.

-Ер нь та хэзээ ч юм ийм сорви үзсэн үү гэж цаадах нь хилэнтэй гэгч нь тулган асуув.

-Үгүй ээ, үзээгүй.

-Сайхан байгаа биз, тийм ээ?

Гайхалтай гийчнийг тайтгаруулахыг хичээсэн Кент “Тийм, тийм” гэж, амыг нь дагуулан хэлж толгой дохилоо. Харамсалтай нь найрсаг эелдэг байх гэсэн түүний зүтгэл догшин шуурга даллахын чинээ санаагүй аж.

-Муу өмхий сагамхай загас, өгөр шалны арчуур мод! Бурхан тэнгэр хүний нүүрэн дээр хэзээ нэгэн цагт тавьсан им тамга шиг үзэшгүй муухай юм чамд сайхан харагдаа юу? Юу гэж ойлгох вэ энийг чинь, чи…

Дүрсхийн уурласан тэнгисийн хүү бурхан тэнгэр, ад шулмас, босоо ороолон, хүн, түүний бүх л төрөл нэгтнүүдийг дурссан, зүүд зөнд оромгүй хараал зүхлээ тийнхүү аянга цахилгаан мэт буулгаж гарав. Мань эр ер бусын улангасч улайрсан дүр эсгэж, үгээ нэг амиар дуржигнуулсаар агаад Жекоб Кент тэр чигтээ мэлэрчихэв. Тэр хамаг биеэ хураан, хүнд нударганаас биеэ хаацайлах гэсэн мэт гараа өргөн, балбуулчихсан аятай сүр сүлд нь зайлаад байтал сорвит эр сүржин айлтгалынхаа төгсгөлд ч хүрэлгүй гэв гэнэт цуурай хадтал инээж гарснаа:

-Нар гараад чарганы зам гэж там хэмээн инээх зуураа арайхийн өчив. -Над мэтийн ийм царай зүстэй хүнтэй хоног төөрүүлэхдээ баярлана гэж найдахаас өөр арга алга, надад. Алив наад уурын зуухаа галлаач. би нохдоо хөллөгөөнөөс нь салгаж, хооллочихоод ирье. Арвихан түлээ авчраарай, ойгоос олдохгүйн зовлонгүй хойно бүү гутар анд минь, тэгээд ч чамаас өөр хэн сүх барихав, цаг заваас их юм алга чамд. Нээрээ. хувиндаа ус бариад ирээрэй. За за, шалавхан эргэж үз, тэгэхгүй бол чамайг үйрүүлээд үлээчихнэ шүү, тэнгэр минь!

Үзэгдэж дуулдаагүй юм болов. Жекоб Кент гал түлж, мод хагалж, ус барьж өөрийндөө толгой хоргодож буй хүнийг зүйл бүрээр бөөцийлж эхлэв. Замын хажуугийн урцанд өөдгүй Шейлок гэгчийн үйлдэж буй хууль бус хэрэг явдлын тухай яриаг Жим Кардиджи Доусонд байхын дуулахаараа нэг болж. Тэр цагаас хойш Доусоноос наашлах замд Кентийн золиос болсон улстай бишгүй учирч, хүн бүхэн өөрийн гашуун гомдлыг тоочиж, түүний нүгэл хилэнцийн жагсаалтад юухан хээхэн ч болтугай нэмэрлэцгээсэн билээ.

Яахав, далайчин олныхоо адил Жим хатуу шоглоомд дуртай нэгэн хойно Кентийн урцанд хөл тавиад, эзнийг нь айлгаж номхруулахаар шийджээ. Бүх юм түүний санаснаас хувь илүү сайхан бүтсэн нь хараажаар илхэн ч, өөрийнх нь сорви энэ амьтанд ямархан учир холбогдолтойг даанч тааварласангүй. Гэхдээ чухам юу Кентийн үнхэлцгийг хагартал айлгасныг мэдсэн болохоор гартаа орсон гүйлгээтэй бараанаас аль болох ахиу ашиг унагахаар улангасдаг өнөөгийн наймаачид лугаа адил үүнийгээ сэтгэл төвдөх юмгүй ашиглахаар шийдэв.

Бөгтгөнөн ажиллах гэрийн эзнийг дагуулан харах зуураа:

-Чамайг шалмаг залуу гэж магтахгүй юм бол миний нүд бүлтрэг хэмээн тэр биширсэн байртай толгойгоо гилжийлгэн өгүүлэв.

-Яах гэж чи алтны хайгуулч болсон юм бэ? Уушын газар эрхлээ гэж бурхан чамд зарлигдсан юм бишүү. Голоор нэг чиний тухай хэлэлцэхийг би бишгүйдээ дууллаа. Чамайг ийм овоо хүн гэж бодсонгүй.

Өөрийнхөө бууны цэнэгийг түүн дээр шалгахсан хэмээн Жекоб Кент тэчъядан шатаж байсан ч, сорвины нь ад мөрийн хүч арай дэндүү гэмээр байлаа. Зөн совин нь амин эрдэнийг нь булаан одож буй тонуулчийн Дүрээр дүрслээд байсан тэр хүнтэй амьдаар нь учирч, сорвитой нүүрийг нь харж байна. Өөрийнх нь алтыг хулгайлахаар өчнөөн удаа санаархан, зүүд нойронд нь ороод байсан тэр этгээд өдгөө мах цусанд төрсөн хүний биед хувилчихаад байгаа нь энэ. Өөрөөр санаж бодохын арга алга! Сорвит эр Кентийг цөлмөхийн тулд хүн төрлийг олоод өдгөө энд иржээ. Гэтэл энэ сорви!

Зүрхнийхээ лугшилтыг зогсоож дийлэхгүйтэй адил Кент түүнээс өөрийн эрхгүй нүд эс салгана. Соронзонт зүү туйлын зүг савлан гозолздог шиг түүний харц, сэтгэл зүрхнийхээ эцэсгүй чармайлтыг эс хайхран, юм л бол усан цэргийн царай руу эргээд мэлэрчихсэн байх. Шалан дээр ороо засч байсан Жим Кардиджи санаандгүй өлийн харахдаа Кентийн түгшүүрт харцтай яг тулгарчихаад:

-Миний сорви яахаараа чамайг амар байлгадаггүй юм 6э? -хэмээн гэнэт уурсан хашгирснаа:

-Чамайг энэ тэгтлээ тарчлаагаад байгаа юм бол кливерээ (кливер-Дапайн хөлөг онгоцны гурвалжин дарвуул) хурааж, гэрлээ унтраагаад хэвтэхээс сайн юмгүй. Битгий наанаа бөртөгнөөд бай. Чамд хэлж байна шүү, дуулав уу, өгөр шүүр, тэгэхгүй бол чиний наад нармайг чинь чихчихнэ шүү, тэнгэр үзэг…

Кент дэнгээ унтраахаар гурвантаа үлээснийг бодоход ухаанаа гартал айчихаж. Бүр бугын арьсан бойтогоо ч тайлалгүй хам хум хөнжилдөө шургалаа.

Усан цэргийг шалан дээрх хатуу хэвтэртээ ороод төдөлгүй зэвүүн муухай хурхирч эхлэхэд Кент нэг гартаа үрлэн сумтаа тас атгаад харанхуй руу гөлрөн хэвтсээр байлаа. Далдхан газар нууж ч завдаагүй таван фунт алт дэрнийх нь хажуугийн сумны хайрцагт хэвтэж байгаа болохоор мань эр энэ шөнө нүд анилгүй хонохоор шулууджээ.

Хамаг байдгаараа хичээсэн ч тэр нэг мэдэхэд дугхийж орхисон байх бөгөөд тэр тоопонд алт нь түүний зүрх сэтгэлийг хүнд ачаа аятай дарсаар байлаа. Хэрэв тэр зовлонт шүлэг нойрондоо тийнхүү автаагүйсэн бол, нойрон дунд нь түүнийг хий зөнгийн босоо ороолон ч зовоохгүй, маргааш өглөө нь Жим Кардиджи алт угаадаг түмпэнтэй тэгтлээ зууралдахгүй байж.

Голомтын гал сүүмэлзэж байгаад бөхөж, хүйтэн жавар дүнзний завсар заалхай, хөвдний сиймхийгээр сэнгэнэн, урц хүйт даагаад явчихлаа. Ноход цонхны дор гийналдахаа больж, цасан дээр байдгаараа цагираглан таг нойрсчээ. Хатаасан загас хаа сайгүй өч төчнөөнөөрөө хөглөрсөн, хөтөч нар ч байхгүй, шилбүүр ч үл үзэгдэх диваажингийн орон тэдний зүүдэнд эргэлдэнэ.

Гийчин урцанд хөзөр мэт хөдөлгөөнгүй хэвтэж байсан атал гэрийн эзэн хоосон зөндөө автан зовиуртай эргэж хөрвөөсөөр авай. Шөнө дундын хэрд тэр хөнжлөө тийрчихээд орноосоо бослоо. Ганц удаа чүдэнз шархийлгэлгүй түүний хийсэн бүхэн нь нэн сонирхолтой. Тас харанхуй байснаас ч тэр үү, усан цэргийн хацар дээрх аймаар сорвийг харахаасаа эмээсэн ч юм уу, сайхь эр нүдээ нээсэн ч үгүй тэмтэчсээр, сумныхаа хайрцагны тагийг нээж, гэнц ч ширхэг үйрмэг унагалгүй үрлэн сумтынхаа ам руу дарь цэнэг арвин гэгч чихэж аваад дээрээс нь давхар чигжээсээр бөглөн. басхүү хамаг юмаа байранд нь эмхэлж тавьсны хойноо сая эргэж хэвтлээ. Тостой цаас татчихсан цонхоор үүрийн саарал гэгээ дөнгөж тусахад Жекоб Кент нүдээ нээсэн бөгөөд тэр даруйхнаа тохой дээрээ өндийн сумныхаа хайрцагны тагийг нээж, доторхыг нь нэгжин харав. Тэнд үзэж харсан юм нь, үнэндээ түүний харахаасаа хэзээний өнгөрсөн тэр юм нь, мань хүний хий зөнгийн өвчнийг ч хөдөлгөсөнгүй, үнэхээр гайхмаар нөлөө узүүлжээ. Тэгснээ унтаж буй усан цэрэг рүү хялавхийгээд хайрцгаа чимээгүй хаан цаашаа хараад хэвтчихэв. Царайд нь ер бусын амар амгапан байдал тодрон, нүүрнийх нь ганц ч булчин татавхийсэнгүй, айж сандарч, адгаж догдолсон шинж ч үзэгдсэнгүй. Кент бодолд дарагдан нэлээд хэвтсэнээ босч чимээгүй, яарч бачимдсан юмгүй, тайван, ажиг сэжиггүй ажилдаа орж эхэллээ.

Таазны дүнз рүү шааж орхисон бахим дэгээтэй модон гадас нойрсож буй Жим Кардиджийн толгойн яг чанх дээр овойн харагдах авай. Жекоб Кент хагас ямхын бүдүүн олс тийш нь эвтэйхэн чулуудаад, хоёр үзүүрийг нь доош буулгаж, нэг үзүүрийг нь бүсэлхийгээрээ ороон уяад, нөгөөхөөр нь үхлийн гогцоо зангидав. Дараа нь бууныхаа гохыг татан баахан хандгайн арьсан сурны хажууд гарын дор зэхэж тавив.

Өөрийгөө албадан, зоригоо чангалсаар мөнөөх сорви руу харах зуураа унтаа усан цэргийн хүзүүнд гогцоогоо углаж хамаг биеэрээ хойш ухасхийн чивчрүүлж орхилоо. Тэрхэн хоромд ухасхийн буугаа шүүрч, Жим рүү чиглүүлэв. Жим Кардиджи амьсгаадан сэрсэнээ, өөдөөс нь харлан онгойж буй бууны хоёр ган ам руу хирдхийн гөлөрчихжээ.

-Хаа байна? хэмээн Кент олсоо арай сулруулангаа асуув.

-Аа, чи муу…

Кент ахиад гэдэсхийн ухарч, чивчирсэн олс Жимийн хоолойг хяхтнуулав.

-Чи шулмын… муу… шүү… хр-р…

-Хаа байна? хэмээн Кент давтав.

-Юу? гэж Кардиджи сэхээ орж амжив уу үгүй юү арайхийн дуугарав.

-Алт,

-Ямар алт гэж учрыг нь олоогүй усан цэрэг бувтналаа.

-Ямар гэдгийг нь чи мэдэхийн цаагуур мэдэж байгаа, миний…

-Би тэрийг чинь нүднийхээ булангаар ч үзээгүй. Би чиний төмөр авдар уу!- Тэр чинь над падлий ч үгүй. Чиний алт хаана байгааг би мэдэх юм уу?

-Чи мэдэж байсан ч, мэдээгүй ч, хэлэхээс чинь нааш чамайг би боож алахгүй, хуруугаа хөдөлгөх гээд үзээрэй, тархийг чинь зад буудна шүү.

“Бурхан тэнгэр минь хараач гэж Кардиджи олс дахиад чангарангуут арайхийн хяхтнан дуугарав.

Кентийг олсоо сулрууласхийхэд усан цэрэг толгойгоо өөрийн мэдэлгүй хөдөлгөж буй аятай самбаачилж гогцоог жаахан сунгасаар бүр эрүүн дороо таарахаар болгочихов.

-За тэгээд хэмээн өчиг хүлээсэн янзтай Кент асуулаа.

Гэтэл Кардиджи доогтой нь аргагүй жуумалзана.

-Зүтгэ, зүтгэ, дүүжлээч, хараал идсэн новш.

Сүүлдээ Жимийн тооцоолж байсан зовиур зүдгүүр харин бүр инээдэм болж хувирав. Кардиджи Кентээс хүнд хойно. Кент арагш хичнээн зүтгээд ч, хичнээн уллаж гэдийгээд ч, усан цэргийг газраас хендийрүүлж хүч хүрсэнгүй. Түүний бүх л чармайлт усан цэргийн хөлийг газраас хөндийрүүлээгүйгээр үл барам эрүүн доорхи олс нь нэмэлт тулгуур болж өглөө.

Гэлээ ч, Жимийг дүүжилж чадахгүйгээ мэдсэн Кент, эсвэл түүнийг ягуухан боомилж ална, эсвэл алтыг хаана нуусныг нь заавал хэлүүлнэ дээ гэсэн зуунги бодолдоо автан олсоо улам бүр чангаруулсаар авай. Сорвит эр болохоор бас боомилуулахгүйг байдгаараа хичээх аж. Тав, арав, арвантаван минут өнгөрсний эцэст Кент тэсвэр алдан олзныхоо хүнийг шалан дээр нь орхиж:

-За яахав -гээд хөлсөө шудран: -Дүүжлүүлэх хүсэлгүй бол би чамайг буудчихъя. Зарим улс дүүжлүүлэх ч хувьгүй байдаг бололтой.

Кардиджи цаг хожих хэрэгтэй байлаа.

-Чи энэ яршигтай явдлаараа байшингийн шал л заваарууллаа. Кент чи дуулж бай, би чамд хэлмээр юм байна. Тархиндаа тунгааж үзье, хоёулаа ярилцаад үзье. Чиний алтан элс чинь алга болчихсон. Тэр хаачсаныг намайг мэднэ гэж чи ярьсан, би болохоор мэдэхгүй гэж чамд хэллээ. Учрыг нь олоод хийх юмаа тохиръё…

-Тэнгэр хараг! Үгүй шүү, энэ байшинд би ганцаараа л хийх юмаа хийнэ, харин чи ажиглаж, “учрыг нь олж” болно шүү. Хөдлөх гээд үзээрэй. Сэг болгож орхино шүү, тэнгэрийн нэр барьж тангараглая.

-Ээжийг минь бодож…

-Тэр чамайг хайрладаг аваас тэнгэр түүнийг өршөөг, Аа, чи яана гэнээ!.. гэснээ тэр өчүүхэн хөдөлснийг нь далимдуулан усан цэргийн духанд бууныхаа хүйтэн амыг тулгав.

-Хөдөлгөөнгүй хэвт! Хөдлөх л юм бол чи дуусна…

Хэрэв Кент гохон дээр хуруугаа байнга тавиатай байлгахаас өөр аргагүй болсноо анхаарч үзэх юм бол энэхүү ажил ер нь тийм ч хялбаргүйг мэдэж цөхөх юмгүй. Гэхдээ тэр юун төлөө нэхмэлч байлаа, хэдхэн хором өнгөрөөв үү, үгүй юү усан цэргийн хөл гарыг дангинатал хүлэж орхив. Дараа нь мань хүн Жимийг урцнаас өргөн гаргаж, хана түшүүлэн, гол хараа бэлчээж, нар чанх дээр хөөрөхийг дураараа харж болох тийм газар суулгалаа.

-Чамд үд хүртэл хугацаа олголоо шүү, тэр үед…

-Юу?

-Тэр үед шууд тамд морилоорой. Алт хаа байгааг хэлэх юм бол харин үүгээр цагдаагийн анги дайрч өнгөртөл би чамайг хүлээтэй байлгана.

-Тэнгэр ивээг, бүр иймдээ тулсан уу! Энэ чинь юу гэсэн үг вэ? Би ишиг шиг гэмгүй, гэтэл чи бүр мангуурч гүйцээд, юу хийхээ ч мэдэхээ больж, юу юуны туханд хүрэлгүй намайг тонилгох нь. Аа муу, зөнөг тонуулч! Гайгүй ээ, чи…

Жим Кардиджи энэ удаа өөрөөс ахдам хараал зүхлийн аянга буулган сэтгэлээ онгойлгов.

Жекоб Кент тухтайхан суухаар шийдэж урцнаасаа мухар сандал гаргаж ирлээ. Зүсэм бүрийн хараал зүхлийнхээ хамаг баялгийг бараад усан цэрэг сая эрүүгээ хамхиж, нэгийг тэчъядан бодсоор дорно зүгээс үнэмшимгүй хурднаар хөөрч буй нарыг нүд салгалгүй ажсаар. Жимийн ийн удаан чарганд хөллөхгүй байгаад үлэмж гайхсан янзтай ноход нь эзэн дээрээ өөрсдөө гүйж ирсэн бөгөөд эзнийх нь арчаагүй нунж байдал тэднийг бүр ч түгшүүлжээ. Ямар боловч түүнд олиггүй юм тохиолдсоныг тэд мэдэрсэн ч, чухам юу тохиолдсоныг мэдэхгүй болохоор дэмий тойрон гүйлдэж, гаслан гинших төдийхнөөр эзнийхээ зовлонг хуваалцаж байлаа.

-Зайл цаашаа! гэж усан цэрэг ноход руу хашгираад тэднийг хөөх санаатай чийгийн улаан өт шиг дэмий мурилзан байснаа ямар нэгэн нүхний амсар дээр хэвтэж буйгаа гэв гэнэт мэдрэв. Ноход тарж одонгуут, Урьд нь надад үзэгдээгүй ямар нүх байдаг билээ, энэ чинь хэмээн тунгаан бодож эхэлжээ. Удсангүй гарцаагүй дүгнэлтэд хүрэв. Хүн гээч угаасаа залхуу, тэр зөвхен зайлшгүй хэрэгтэй юмаа амжуулдаг, урц барихад дээврийг нь шороогоор хучих ёстой, шороогоо мэдээж хаанаас ч юм энүүхнээс авч таараа гэж Жим дотроо бодов. Нээрээ ч Кентийн эл урцыг барих үед шороо авч байсан тэр нүхний ирмэг дээр Жим хэвтэж байгаа бололтой. Хэрэв олигтойхон ашиглаж чадвал энэ нүх түүний амьд байх хугацааг уртасгаж чадах мэт санагдана. Тийнхүү Жим хамаг анхаарлаа өөрийг нь хүлж багласан суранд чиглүүлвэй.

Гарыг нь нурууных нь ард зөрүүлээд хүлчихсэн, дорхи цас нь хайлж эхэлж байгаа агаад чийг авсан хандгайн арьс амархан сунадгийг Жим юу эс андах билээ. Гарынхаа хүлгийг улам улам хүчтэй чангаасаар, үүнийгээ аль болох мэдэгдэхгүйг хичээжээ. Тэр зуураа мань эр харгуйч зүг нүд тавин ширтсээр, алсад буй Жардугаар бээрийн тэндээс мөсөн овоолгын цав цагаан дэвсгэр дээр хоромхоноо тодроод ирэх хар цэгийг олж үзэнгүүтээ, нар өөд сэтгэл нь түгшсэн янзтай, байн байн хялалзаж эхэлжээ.

Хар цэг мөсөн овоон дээгүүр даван зам дээр нэг гарч ирснээ мөсний хоорондох ангал дундуур орон нэг далд оров. Юутай ч усан цэрэг Кентэд ажиг авахуулах вий хэмээн эмээсэндээ тэр зүг шуудхан хараачлаад байж зүрхэлсэнгүй. Кент гэнэт босч голын зүг хянамгай ширтэхэд Кардиджийн зүрх палхийн арай л зогсчихсонгүй.

Гэтэл яг тэр үед нохой хөллөсөн чарга замын мөсөн овоонд халхлагдсан хэсгээр давхиж өнгөрсөн болохоор үзэгдэх бараа нь алдарч, ашгүй аюул зайчжээ.

-Ийм олиггүй хэргийн чинь төлөө би чамайг дүүжлүүрт өлгүүлнэ дээ гэж Кардиджи Кентийн анхаарлыг татах санаатай сүр бадруулан: -Чи тэгээд тамд шатаалгана, миний үгийг санаж явагтун! гэж байлаа. Тэгээд нэг хэсэг байзнаснаа:

-Сонсооч, чи… -гэж дахиад хашгиран: -Чи хий үзэгдэлд итгэдэг үү? гэжээ.

Кентийг агдагасхийн цочингуут, зөв юм хийж байгаагаа мэдэрсэн Жим цааш нь ийн өгүүлэв.

-Хий үзэгдэл хэлсэн үгэндээ хүрч чадаагүй хүн дээр ирдэг. Найман цаг хагасаас наана намайг нөгөө ертөнцөд илгээнэ гэж бүү санаарай. Өөрөөр хэлбэл, арван хоёр цагаас өмнө гэж би хэлэхийг хүссэн юм. Яагаад гэвэл хэрэв чи үүнийг хийчихдэг юм бол би амьсгаа тасарсныхаа дараа чам дээр заавал эргэж ирнэ. Дуулав уу? Ганц минутын өмнө, үгүй ядахнаа ганц секундын өмнө намайг дүүжилчих аваас би чам дээр заавал буцаж ирнэ, бурхны нэрээр андгайлъя!

Жекоб Кент эргэлзэж буй нь хараажаар илхэн ч, Жимтэй үгийн солиогүй байлаа.

-Ингэхэд чи ямар цагтай вэ? Тэр чинь зөв явж байгаа үгүйг чи яаж мэдэх юм. Чи энд ямар уртраг дээр байна? гэж өөрийнхөө алуурчаас хэдхэн минут хожчихыг усан цэрэг дэмий л горьдон, түүнээс элдвийг шалгаана.

-Чи цагаа яаж тааруулсан бэ, хуарангийнхаар уу, эсвэл компанийн цагаар уу? Хэрвээ чи арван хоёр дуугарахаас өмнө юм хийх аваас би нөгөө ертөнцөд ч сэтгэл амрахгүй. Чамд хэлчихье. Би эргэж ирнэ! Ингэхэд цаг чинь япаг биш хойно яг арванхоёр боллоо гэдгийг чи яаж мэдэх юм бэ? Чи үүнийг яаж мэдэх юм, энэ над сонин байна!

-Зоволтгүй ээ, чамайг нөгөө ертөнц рүү яг цагт нь илгээнэ, гайгүй. Надад нарны цаг бий гэж Кент хариу өгүүлэв.

-Тэр дэндэнэ ээ. Зүү нь гучин хоёр хэмийн гажилттай байж болно шүү дээ.

-Яг тааруулчихсан.

-Чи яаж тааруулаа вэ? Луужингаар уу?

-Үгүй, Алтан гадасаар.

-Үнэн үү?

-Үнэн.

Кардиджи ёолсноо голын зүг хулгайгаар хяламхийв. Чарга урцнаас бээр хэрийн зайтай байдаг өгсүүр газарт хэдийн тулж, ноход нь хол хол сунан харайлдах аж.

-Сүүдэр зурааснаас хэр хол байна.

Кент болхи барагдуухан нарны цаг руугаа очиж анхааралтай харж байснаа:

-Гурван ямх хэмээн дуугарав.

-За чи буудахаасаа өмнө “Найман цаг хагас” гээд хашгираарай?

Кент зөвшөөрч тэр хоёр хэсэг зуур дуугай сууцгаажээ. Усан цэргийн гарыг хүлсэн сур алгуурхан сунасаар, мань эр хүлээсээ бугуйнаасаа мултлан бүр хуруунууд руугаа гулсуулж эхэлжээ.

-Зураас хүртэл хол байна уу?

-Ганц ямх үлдлээ.

Аминд тулсан цагт доош өнхөрч чадах нь уу гэдгээ үзэх санаатай усан цэрэг болгоомжтой хөдөлснөө, хүлээсний эхний гогцоог гараасаа мултлав.

-Одоо хэр зай үлдэж?…

-Хагас ямх.

Тэгтэл Кент чарганы ул чихрахыг сонсоод сэрдхийн ийш тийш харав. Хөтөч чарган дээрээ түрүүлгээ харж хэвтээд, ноход нь хар эрчээрээ сунасаар урц руу айсуй. Кент ухасхийн эргэж, буугаа мөрөндөө авлаа.

-Найман цаг хагас болоогүй хэмээн Кардиджи бачимдан орилов.

-Ингэх юм бол би чам дээр заавал эргэж ирнэ.

Жекоб Кент хэдэн эгшин самгардчихав. Тэр нарныхаа цагны хажууд өөрийнхөө золиосноос аравхан алхмын зайтай зогсч байлаа. Чарган дээр яваа хүн урцны дэргэд ямар нэгэн ер бусын юм болж буйг ажиглаатахсан нь гарцаагүй. Тэр өвдөг дээрээ босч, шилбүүр нь нохдын нуруун дээгүүр тас нясхийн хилэнтэйеэ исгэчлээ.

Сүүдэр зураас өөд улам дөхөхөд Кент буугаа шагайлаа.

-Бэлдээрэй хэмээн тэр сүртэйеэ зандрав.

-Найман цаг ха… Түүнийг үгээ хэлж дуусахын даваан дээр, нүд ирмэх төдийд Кардиджи нүх рүү өнхөрчихөв. Кент буудаж амжилгүй нүхний амсар өөд ухасхийлээ. Усан цэргийг газраас өндийв үү, үгүй юү улаан нүүр өөд нь буу панхийжээ. Гэтэл бууны амнаас утаа манасхийсэнгүй, харин хажуугаас нь бууны бөгс модны тэрүүхэнд хурц улаан гал цоровхийж, Жекоб Кент газар үхэдхийн унав.

Ноход эрэг өөд дүүлэн, түүний биен дээгүүр чаргаа чирч зүтгэлэх тэр агшинд Жим Кардиджи хүлээснээс гараа салган, нүхнээс мацан гарч, хөтөч ч чарганаасаа үсрэн буужэз.

-Жим хэмээн түүнийг таньсан аянчин хашгирав. -Юу болоо вэ? -Юу болоо вэ гэнэ шүү. Юу ч болоогүй. Би зүгээр л эрүүл мэндээ тэтгэх жаахан дасгал хийлээ. Юу болов гэнээ. Өө муу, хараал идсэн дүйнгэ. Одоохон миний хүлгийг тайлаад орхиоч, тэгэхгүй бол юу болсныг чамд үзүүлээд өгөмз гайгүй. Олигтойхон хөдлөөч, эсвэл наад бөндгөрөөр чинь тавцан зүлгэнэ шүү.

Хөтөч халааснаасаа тонгорог гаргаж хүлээсийг нь огтлох гэж ноцолдож эхлэхийн сацуу усан цэрэг:

-Ёо-ох! хэмээн дотроо онгойтол сүүрс алджээ. -Би өөрөө юу болсныг мэдэхсэн. Чи харин надад тайлбарлаад өгөх юм биш биз.

Тэд Кентийг өөд нь харуулахад аль хэдийнээ амь тавьчихсан байлаа. Аль дивангарын хийцтэй сүмбэтэй буу нь хажууд нь хэвтэнэ. Гол төмөр нь хуй модноосоо салаад, баруун талынх нь гохны тэрүүхэнд хөвөө нь урагдаж арзайсан хэдэн ямхын урт хагарай онгойж харлах ажгуу. Усан цэрэг тэсгэлгүй сонирхсондоо бууг газраас авав. Гэтэл нөгөө хагархайнаас алтан элсний гялалзсан ширхгүүд годхийн асгарах нь тэр. Тэр үед л сая Жим Кардиджийн сэтгэлд бүдэг бадагхан сэжиг таавар гялсхийжээ.

-Яг энэ газар… тэнгэр ниргэг, намайг. Ийм юм байдгаа бас. Тэрний хараал идсэн алт хаа байсныг хараач! Хөөе Чарли, алив нааш нь түмпэн аваад ир, шалавла гэм, чөтгөр аваг чамайг хэмээн тэрбээр байж ядан хашгирчээ.