Зөвлөгөө - Номын санЗурагт мэдээлэлМэдээНомын сангийн менежмент, маркетингОновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэхТанин мэдэхүйТүүх, Хуучны баримтХүний хөгжил

НОМЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДААНААС НОМЫН БАЯР ХҮРТЭЛ…

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд болсон “Үндэсний номын баяр”

Жил бүрийн намар болдог номын баяр энэ жил УИХ-ын даргын ивээл, Соёлын яамны болон бусад байгууллагуудын зохион байгуулалт дор улам дэлгэр, сайхан болж өнгөрлөө. Соён гэгээрэл, олон түмний оюуны цангааг тайлагч энэхүү баяр, үйл ажиллагаа хэзээнээс эхтэйг түүх сөхөн үзвэл:

Ард иргэд соёлжиж, бичиг үсэгт тайлагдахын хэрээр номын баяр, номын худалдааг зохион байгуулах хэрэгцээ бий болжээ. 1955 онд Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн хуучин номын худалдааг гаргах хэрэгцээ байгаа тухай “Монголын ард түмний соёл боловсрол өөдөлж мандахын хамтаар номын хэрэгцээ үлэмжхэн нэмэгдэж байна. Монголын сэхээтэн хүмүүс хувьдаа тус бүр жижиг номын сантай болж байгаа учраас номыг худалдаж авах хэрэгцээ нэмэгдэхийн хамтаар бас худалдах, солих хэрэгцээ ч нэмэгдэж байнахэмээн тэмдэглэжээ. Мөн түүнчлэн “Зохих мэргэжлийн хүмүүст чухал хэрэгтэй ховор номыг хэрэглэхгүй хүн эзэмшиж хоосноор дарж байх нь нийтийн соёлын хэрэгцээнд харштай юм”, “Монгол хуучин номын худалдаа байхгүй учраас тийм өөр мэргэжлийн номыг эзэмшиж байгаа хүмүүс тэр номоо зохих эзнийг олгож чадахгүй, харин байн байсаар үрэгдүүлэх явдал ч олон гарч байна”  гэжээ.

Энд зөвхөн дэвшилтэт аргаар хэвлэсэн номын тухай хөндөөд зогссонгүй барын ном, гар бичмэл номын тухай “Хуучин цагийн модон барын хэвлэлийн ба бичмэл Монгол, Түвд, Манж, Хятад  номууд манай ард олны гарт үлэмжхэн байна. Түүнийг эзэмшиж байгаа хүмүүс нь хэрэглэхгүй учраас бас үлэмжхэн үрэгдүүлж байна. Энэ номууд бол ард түмний соёлын өв, чухал дурсгал бөгөөд манай эцэг өвгөдийн өдий төдий хөрөнгө хүчээ зарцуулж бүтээсэн зүйлүүд юм. Энэ ном бол манай ард түмний хөрөнгө юм. Энэ үнэтэй хөрөнгөө бид хаяж үрэгдүүлэхгүй хямгадаж , Эзэмших хэрэгтэйхэмээн өгүүлжээ.

Шинэ ч бай, хуучин ч бай номын худалдааны үед үнэ хөлсний асуудал яригддаг. Тэнгэр тулсан үнэтэй тааруу ном байх нь бий. Сул шахуу үнэлсэн сайхан ном байх нь ч бий.  Үүнийг худалдагч, худалдан авагчийн хоорондын харилцаа, сонирхол зохицуулна. Номын үнийг хэрхэн тогтоодог тухай “Зөвлөлт улсын хуучин номын худалдааны туршлагыг үзэхэд хуучин номын худалдаа бол худалдан авах ба худалдан өх хоёр ажлыг хавсран гүйцэтгэнэ. Тэгээд номд өөрийн үзэмжээр зохих үнийг тогтооно. Хүний гарт хэрэглэгдэж хуучирсан номын элэгдлийг бодож 15 буюу 20 хувиар үнийг сааж авна. Гэвч хуучин ном хэдийгээр элэгдсэн боловч ховор болсон учраас харин үнийг нэмэгдүүлж авах ч удаа байдаг” гэжээ. Үүний дараагаар “Хуучин номын худалдааны газар нь өөрт байгаа номыг анги төрлөөр хувааж номын данс бүртгэлийг үйлдэж худалдан авагчдад дөхөм болгон, улсын номын худалдааны газраас эрхлэн хуучин номын худалдааг гаргахыг хүсч байна.”[1] хэмээн анхлан хуучин номын худалдааны тухай хөндөж байжээ.

Утга зохиол урлаг сонин. 1958

Энэхүү хүсэлтээс гурван жилийн дараах нэгэн хэвлэлийн хуудсыг сөхөн үзвэл Улсын номын худалдааны газраас  1958-1959 оны хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан хүүхдийн номын захыг нийслэлийн Сүхбаатарын талбайн баруун хойдтойгаргажээ. Энэхүү номын зах, үзэсгэлэн худалдаагаар “Номын захын ванданд сургуулийн өмнөх болоод сургуулийн насны хүүхдэд, зориулсан олон зураг, зурагт хуудас, зурагт ном, уран зохиол, сурах бичгүүд бас “үзэг харандаа, будаг бэх, цаас, шугам зэрэг соёлын хэрэглэл арвин дэлгэжээ. Энд өдөр бүр олон зуун хүүхэд ирж дуртай зүйлээ худалдан ав”[2]сныг мэдэж болно.

Сүхбаатарын талбайд болох номын яармагт морин тэргээр ном зөөж ирж буй өвгөн хийгээд бяцхан жаалууд, 1960-аад он

Номын худалдаа, үзэсгэлэнгийн үеэр зохиолч нь, уран бүтээлч нь ном, бүтээлээ зараад сууж буйг эвэртэй туулай мэт хардаг байсан цаг бий. Өдгөө энэ нь хэвийн зүйл болж хувирчээ. Ийм зүйл 1950, 1960-аад оны үед ч байсныг Манай зохиолчид, өнөөдөр энд ирж өөр өөрийн номоо худалдах юм гэлцсэн яриа олны дотор түгж Нийслэлийн номын нэгдүгээр дэлгүүрт хөл хөгжөөн болж, олон хүн цугларсан байлаа[3] гэсэн мэдээнээс харж болно.

Ном түгээн дэлгэрүүлэх, худалдан боловсруулах ажлыг Төрийн хоёр яам эрхэлж байв. 1974 оны байдлаар Соёлын яамны системээр 70 цэг 211 худалдагч, Худалдаа бэлтгэлийн яамны системээр 308 цэг 2407 худалдагчаар дамжуулан номын соёлыг түгээж байжээ[4].

1950-иад оноос эхтэй номын худалдаа, үзэсгэлэнг 1990-ээд он хүртэл 40 орчим жил зохион байгуулсан Улсын номын худалдааны газар[5] татан буугдаж, агуулахад нь байсан номууд цаасанд ачигдаж “Ном гудманд, нохой гудсанд залар”-сан юм. Улсын номын худалдааны газрын ажиллагсдын 75 хувь нь мэргэжлийн номзүйчид байсан[6] бөгөөд Дэлхийн 30 орчим улстай ном солилцох, худалдах ажиллагааг гүйцэтгэж байжээ.

ЗХУ-д болсон Монгол номын 10 хоног

1990-2000 оны дунд үе хүртэл номын баяр, номын үзэсгэлэн худалдаа номын сангуудын нуруун дээр явж иржээ. Үүнтэй холбоотой хэд хэд жишээг дурдахад:

Нэг: Номын худалдааны газар байхгүй болсон ч 1991 онд, жил бүр уламжлал болон явагддаг “Хүүхдийн номын баяр”-ыг Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа Хүүхдийн номын сан Монголын хүүхдийн үндэсний чөлөөт фонд, Монголын хүүхдийн уран бүтээлчдийн холбоотой хамтарч Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд зохион байгуулжээ. Энэ цаг үед Хүүхдийн төв номын сан өөрийн эзэмшлийн байрнаасаа/шовгор оройтой/ “хөөгдөөд” удаагүй байсан цаг билээ.

Хоёр: 1994 онд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас зохион явуулсан үзэсгэлэнг тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат үзэж сонирхон, хэрэгтэй номуудаа худалдан авсан тухай “Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн ном” нэртэй мэдээ Ардын эрх сонинд гарчээ[7].

Гурав: “1999 онд жил бүрийн намар БСШУЯ, Монгол Улсын Үндэсний Номын Сантай хамтран “Номын яармаг” зохион байгуулж уламжлалт ажил болго-ж, “Жил бүрийн энэ арга хэмжээний үеэр ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг сурталчилж, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх, ном хэвлэл тойрсон төрөл бүрийн уулзалт ярилцлага зэрэг олон арга хэмжээ зохион байгуул”[8]-ах болжээ.

Номын баяр. 1970-аад оны сүүл…

Дөрөв: 2000 онд Бичиг соёлын хишиг өдөр хаврын номын яармаг[9]-т  Гэгээрлийн яамны төрийн нарийн бичгийн дарга оролцож байв.

Тав: 2001 оны 06 дугаар сарын 02-нд Монголын ном хэвлэн нийтлэгчдийн холбоо, Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Үндэсний номын яармаг”-ийг зохион байгуулжээ. Энэ тухай Монголын ном хэвлэн нийтлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал асан С.Цэрэндорж “Манай Монголын ном хэвлэлийн байдал ерөнхийдөө ийм төвшинд байна гэдгийг олон түмэнд мэдүүлэх, таниулах, энэ чухал асуудалд төр засгийн удирдлага хийгээд нийт иргэдийн анхаарлыг хандуулах зорилгоор яармаг зохион байгуулж байна гэжээ. Мөн уг арга хэмжээг “хэдхэн ном аваад, түүнийгээ дэлгэн тавиад өнгөрчих төдийхнөөр ажлаа хязгаарламааргүй байна” гэдгээ дурдаж “Олон улсын номын стандарт бүртгэлийн холбоонд/ISBN/ гишүүнээр элсэж Монгол номыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг эхэлсэн” тухайгаа ярьсан байна.

Зургаа: 2001 оны 06 дугаар сарын 02-нд болсон “Монгол номын яармаг”[10]-ийг “Монгол Улсад номын зах, номын ордон байгуулах үүсгэл энэ өдөр тавигдаж байна. “Номыг хүн бүхэнд хүртээцгээе” гэсэн үг нь яармагийг зохион байгуулж буй хүмүүсийн гол уриа юмхэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Л.Түдэв абугай айлджээ. Уг номын баяр 5 өдөр болж өнгөрчээ.

Долоо: 2003 онд Хүүхдийн номын ордноос “Хүүхэд- Залуучуудын номын яармаг”-ийг “Шинэ үе шилдэг боловсрол” уриатай зохион байгуулжээ[11].

Найм: 2004 оны 04 сарын 02-нд Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага, Хүүхдийн номын ордонтой хамтран зохион байгуулжээ[12].

2008 оны 04 дүгээр сард UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлгийн нэг жилийн ойд зориулж “Номын гэрэлт ертөнц” ТББ-аас “Номын ертөнц-2008” номын үзэсгэлэн худалдааг Мэдээлэл технологийн үндэсний паркт гаргажээ. Энэ цаг үед “Мэдээлэл технологийн үндэсний паркад үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриан дор техник, технологи, хүнсний болон эд өлгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиогдож байсан ч энэ өдрийнх шиг номын цагаан лянхуа дэлгэрсэн өдөр тохиолдол ховор байжээ[13]. Үүнээс таван сарын дараа хоёр дахь удаагийн үзэсгэлэн худалдаа буюу “Номын ертөнц-2008” намрын үзэсгэлэн болжээ[14]. 2008 онд болсон энэхүү үзэсгэлэнд номын худалдаа эрхэлдэг 30 гаруй байгууллага оролцсон бөгөөд Монгол Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн номын ордон зэрэг номын сангууд уншигчийн үнэмлэх нээх, ховор номын үзэсгэлэн гаргах зэргээр дэмжин оролцож эхэлжээ.

Тус оны 11 дүгээр сарын 20-23-ны хооронд Хүүхдийн номын ордон  “Номын яармаг-2008”-ийг зохион байгуулжээ.

2009 онд “Цахим номын яармаг-2009” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Хороо, Үндэсний Номын Сан, Хүүхдийн номын ордон хамтран 12 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Яармаг худалдааны нээлтэд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр хүрэлцэн ирж оролцжээ. www.nomiinyarmag.mn хаягийг нээн ажиллуулжээ.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний номын баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж сурагч, хөвгүүнтэй ном солилцож буй нь. 2012

Дээр дурдагдсан байгууллагуудын зохион байгуулж ирсэн хуучин номын худалдаа, номын үзэсгэлэн худалдаанууд нь нэгдсэн нэг зохион байгуулалт бүхий  үйл ажиллагаа бий болох шаардлагатайг харуулсаар иржээ. Үүний дагуу 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Номын баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай зарлиг[15] гаргаснаас хойш иргэд, номын хорхойтон, зохиолч, бүтээлчид баярын хэмжээнд хүлээн авч, өндөр ач холбогдол өгөх болжээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон 2008 онд зохион байгуулж эхэлсэн цагаас хойш өдгөө 27 дахь удаагаа тасралтгүй зохион байгуулж, хаврын номын худалдаа нь “Ub book fair”, намрын номын худалдаа “Үндэсний номын баяр” нэрийн дор зохион явагдах болжээ.

Уг баярыг зохион явуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, БСШУЯ, ССАЖЯ, БСШУСЯ, Соёлын яам, Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын ЗДТГ, НСУГ, Үндэсний болон Улаанбаатар хотын номын сангууд гээд төрийн эрх бүхий бүхий л байгууллагууд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж, дэмжиж оролцож өдийг хүрчээ.

Цаашид төр болон хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн төлөөлөл хамтран “Номын баяр”-ын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн олон улсын хэмжээний баяр болгон зохион байгуулах нь чухал юм. Төрийн оролцоогүйгээр, хувийн хэвшлийн дэмжлэггүйгээр, иргэний нийгмийн төлөөлөлгүйгээр ном соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил урагш ахихгүй нь тодорхой.

Эртнээс “номт гурван улсын нэг” гэгдэж ирсэн Монгол улсад маань соён гэгээрэл, номын соёл түгэн дэлгэрэх болтугай.

 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын

нийтийн төв номын сангийн тасгийн  эрхлэгч В.Түвшинтогтох,

 

СУИС-ийн Соёлын сургуулийн

Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав

 

 

[1] Дамдинсүрэн Ц. Хуучин номын худалдаа// Утга зохиол урлаг.- 1955 оны 10 дугаар сарын 15.- №06

[2] Дамдин “Хүүхдийн номын зах”// Утга зохиол урлаг.- 1958

[3] Банзрагч Н. Номын нэгэн дэлгүүрт// Утга зохиол урлаг.- 1958 оны 01 дүгээр сарын 01.- №01

[4] Ном түгээгчийн туршлагаас.- УБ., 1974.- 214х.

[5] 1937 он 05-р сарын 08-нд Улсын Хэвлэлийн Газрын дэргэд байгуулагдсан.

[6] Алтан Н. “Д.Гонгор: Дээд баян эрдэм номоо дээдлэе”//Үндэсний соёлын зам.- 1990 он.- №5.- 8, 9-р хууд.

[7] Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн ном// Ардын эрх, p. 1, 21-Oct-1994.

[8] Оюунбилэг Д. Сургуулийн ба хүүхдийн номын сан.- УБ., 2007.- 136 х.

[9] Оюун Х. Бичиг соёлын хишиг өдөр хаврын номын яармаг эхэллээ //Өдрийн сонин.- 2000 оны 5-р сарын 27.- №126

[10] Бүжин Л. Номын зах, ордон байгуулах үүсгэл тавигдлаа// Зууны мэдээ.- 2001 оны 06 дугаар сарын 02.

[11] Номын санч сэтгүүл, 2003 оны №02

[12] Номын санч сэтгүүл, 2004 оны №01

[13] Батцэнгэл Л. “Өдрийн сонин”-ыхны номын багцын үнэ нэг сая төгрөгт хүрэв// Өдрийн сонин.- 2008 оны 04 дүгээр сарын 26.- №101.- 1, 6-р нүүр.

[14] Гэрэлмаа Т. “Номын ертөнц-2008” намрын үзэсгэлэн болно// Өдрийн сонин.- 2008 оны 09 дүгээр сарын 03.- №212.- 19-р нүүр.

[15] https://www.legalinfo.mn/law/details/9530

 

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *