Оновчтой уншлага

Ном уу? Нам уу?

Даяар Монгол сэтгүүлийн эрхлэгч Б.Наминчимэдийн тухайд миний бодрол
 
nomio2
МОНГОЛ НИЙГЭМЛЭГ
 
АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотын төвд байрлах Индинагийн их сургуульд Монгол судлалын гол цөм болсон “Монгол Нийгэмлэг” байрлана. Монголын түүхэнд холбогдох ховор чухаг судар номын бүрэн цуглуулга энд л бий…
 
1961 онд Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх тэр баярт мөчид 1931 онд Монгол нутгаасаа гарсан нэгэн эрхэм хүн нүдэндээ нулимстай, нүүрэндээ баяртай бахдан баярлан зогсож байжээ. Энэ бидний эрхэм хүн бол Дилов хутагт.
 
Тус баяртай ялалтын дараа 1947 онд Монголын төлөө цохилсон зүрхтэй нэрт эрдэмтэн Оуэн Латтиморын ач тусаар АНУ-д хөл тавьж, Дилов хутагт, Онон Өргөнгөө нарын дэргэд эрдмийн ажлаа эхлүүлсэн нэгэн эрхэм хүн тус нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Энэ эрхэм хүн бол Хангин Гомбожав.
 
Индиана их сургуулиас холгүйхэн Төвд Монголын Буддын Соёлын Төв бий. Далай ламын ах Норбу ринбүүчи бясалган суусан ой модоор бүрхмэл, амар амгалан анхилсан энэ сайхан дагшин оронд одоо Ажаа гэгээн олон монгол түмэндээ буян залбиралаа хураан суугаа.
 
Энэ тухайд дараа хэрэг болгон дэлгэрэнгүй түүхийг бичихийг хичээе. Энэ газар орны зорин суусан нэгэн монгол бол Бааасангийн Наминчимэд. 
 
МОНГОЛ АЛТАЙ
 
Зулай цагаан Алтайгаа би Зүүдэлж сэрдэг нь юуных вэ гэж Алтайн Бугатын эрхэм хүү Зүмпэрэлийн Гүнсэн эмч нэгэнтээ энэ сайхан дууны үгийг тэрлэн мөнхөлжээ. 
Алтай нутгаас бичээч, зохиолч, сэтгүүлч хамгийн олноор төрсөн нь учиртай юм шиг.
 
Тунгалаг Тамирыг туурвисан Тайшир сумын Чадраабалын Лодойдамба, хүүхдийн зохиолч  Дэлгэр сумын Мөнгөний Чимэд ахайтан энэ зууныг тэргүүлэн, түүнээ түүчээлсэн цогтой эх оронч Цогт сумын Содномын Азарзэд, цуутэй улс төрч Чандмань сумын Цогт-Очирын Лоохууз, 
 
Морин хуураа мөнхөлсөн Халиун-Наран сумын нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж, төр улсаа төвт ёсоор залж чадсан Ерөнхий сайд Бугат сумын Пунцагийн Жасрай, түмэн сайхан энэ олон суу билэгт ард олныхоо ухааныг ухааныг шингээгээд, оюун билгийг нь энэ зуундаа дамжуулан ухааруулж, хорвоотой танилцуулсан Лодонгийн Түдэв, Суварган цэнхэр уулсын зохиолч Дарви сумын Санжийн Пүрэв, 
 
Түүх соёлын гүн ухааныг гуравсан хэлхээгээр ухааран хэлхсэн түүхч зохиолч Дэлгэр сумын Намсрайн Нагаанбуу, эх соёл хэл бичгээрээ алдраа түгээсэн ардын багш Шарга сумын Шаравын Чоймаа, төрийн шагналт Бугат сумын Далхаагийн Норов,
 
Сэтгүүлч зохиолч нөхдөө үнэн төлөө дуулахыг үлгэрлэсэн Шарга сумын Цэрэндоржийн Балдорж, аялгуу дууны асарт уярсан сэтгүүлч яруу найрагч Төгрөг сумын Үржингийн Хүрэлбаатар, яруу найрагч Баян-Уулын Ламжавын Мягмарсүрэн, сэтгүүл зүйн гүнд цөмөрсөн Бугат сумын Бадам-Очирын Галаарид, Дэлгэр сумын Хайдавын Чилаажав,
 
Зохиолч, сэтгүүлч Т.Юмсүрэн, Б.Дорж, Г.Дагвадорж, Д.Цахилгаан, С.Донид, зөгнөлт зохиолч Ж.Гал, СГЗ Д.Дашдондов, СГЗ Дамдины Жамъян (Бугат сум) гээд энэ олон хүмүүсийн түрлэг дуунд ухаажин тэнхэрч, тэгээд араас нь үргэлжлэн түрсэн, зөв сэтгэл нь ард олондоо, зөн билэг нь Монгол орондоо тэмүүлсэн Халиун сумын Баасангийн Наминчимэд гээд Алтай нутгийн ард түмэн эх орноо хайрлан хамгаалах, эр зоригтой эрэмгий авъяастнуудаа өлгийдсэн өнө мөнхийн сайхан нутаг. 
 
Үнэхээр үнэн шүү. Наминчимэд ээ. 
Нутгийн тэр уулс нуруутай, Нуган үрдээ ханилгаатай.
 
МОНГОЛ ХҮН
 
Өндөр Алтайгаагаас амьдралын ухааныг суулгаад Номтой газрыг бараадан Монгол нийгэмлэг буй Индиана мужийг зорин саатсан нь учиртай байсан мэт.
Тэртээх өндөр Говь-Алтай нутгийн унаган хүү Баасангийн Наминчимэд төр түмнээ түших Ардын Их Хуралд нэр дэвшжээ гэсэн мэдээг сонсоод Америкт буй олон Монголчууд баярлаж буй. Америкт ахуй хугацаандаа хичнээн олон монгол хүмүүстээ ач тус болж байсныг тэр хүмүүс сэтгэлийн угтаа дурсан дор бүрдээ дурсамж, санамж, талархал хүндлэлээ илэрхийлсээр байх юм. Энгийн нэгэн буурал өвгөнд хэрхэн ач санан тусаа хүргэж байсан тухай дурсамж, энгийн олон хүмүүст хэрхэн үнэ цэнэтэй мэдээлэл түгээж байсан тухай баримт тэр бүхнийг гэрчлэх юм даа. 
Наминчимэдээс түүх үнэртэнэ
Номинчимэдээс номын үнэр ханхална
Ном ном тэр чигээрээ ном. 
 
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ гэж ардын сайхан үг бий. Сэтгэл гаргасан юмс бүхэн сайхан байдгийн адилаар бусад олондоо сэтгэл гаргаж явсан Б.Наминчимэдийг Америкт суугаа Монголчуудын дотор дурсах хүн захаас аваад маш олон. 
 
Энэ эрхэм хүн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, ерөнхий редакторийн алба хашиж байгаад 2003 онд Вашингтон хотод ирж хоёр жил амьдрахдаа “Вашингтоны мэдээ” нэртэй сэтгүүл эрхлэн гаргаж, улмаар Индиана мужийн Блүүмингтон хотод шилжин гурван хавар суух зуураа “Хамаг Монгол”, ”Даяар Монгол” сэтгүүлийг хэвлэн түгээж тун ч олон элэг нэгт түмэндээ тусыг хүргэсэн дээ.
Ном уу? Нам уу?
 
“Монголын төлөө цохилох зүрх Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд байдаг” гэж Намиа дандаа хэлдгийг олон нөхөд нь мэднэ. Элдэв өнгөөр чимж будан магтах бус эгэл боргил амьдрал туулсан намтар түүх, туурвин бичсэн ном зохиолыг нь хэлхэн холбон бичихэд ийм буюу. 
 
Хан Алтайн унага Халиун сумын уугуул
Бугат сумын хоньчин Булган сүүлтэй зохиолч
Үнэн сонины ажилтан Өдтэй бичгийн сурвалжлагч
МОНЦАМЭ-гийн орлогч,  Даяармонголын эрхлэгч
 
Ном ном ном тэр чигээрээ ном
Номинчимэдээс харин ном битгий асуу
 
“Эзэн Чингис хаанаа” эрхэмлэн туурвисан сэтгүүлч
“Аригбөх хаанаа” аргадан дуулсан зохиолч
“Зэв Сүбээдэй баатараа” зориглон магтсан түүхч
Зуу зуун номыг багачуулд түгээсэн ачтан
 
“Хантайширын цадиг хуучаа” хайрлан бичсэн нийтлэлч
“Хатадын нууц товчоог” нягтлан шүүсэн редактор
“Хүн гүрнийг Аттилаг” хүндлэн биширсэн эрэлчин
“Хубилай хаанаа” магтсан хуурмаг дүргүй авъяастан
“Хамаг Монгол” сэтгүүлийн нэртэй зүстэй бичээч
 
“Энэтхэг Монголын” түүхийг зэрэглэн бичсэн судлаач
“Эгнэшгүй нөхрөө олсон” Хөх илдний очис
“Монголоо нэхэж буй Монгол”
  Номоороо баян хүн
  Оюун санааны түүчээ
 
Лодойдамба тэргүүтэй
Лодонгийн Түдэв удаатай
Тэргүүн өндөр Алтайн
Түүчээг залгасан нийтлэлч
 
Сэтгэл нь цас шиг цагаахан
Итгэл нь уулс  шигээ өндөр
Зүтгэл говь шигээ махруу
Үйлс нь Алтай шигээ арвин
Үгүйлэгдсэн үндэсний сэхээтэн
 
“Бурхан мэт насанд нь”
Булбарай үрсээ хүмүүжүүлэх 
Дэлхийн сонгодог цувралыг 
Дэлгэж зуугаар нь түгээгч
 
Үнэний өмнө өчиглөөд
Эмээхгүй шударга дуугарчихдаг
Эрдүү зантай хайрга
 
Эрэлхэг өвгөдийнхөө сүлдэнд
Сөгдөн залбирч тангарласан
Эедүү зөөлөн билүү
 
Ном ном ном тэр чигээрээ ном
Номинчимэдээс харин номыг сайн асуу.
 
Хураангуй
 
Энэ хэлхээг бичин буй миний бие Наминчимэдийн хамаатан ч биш, номоор анхлан танилцсан номын садан болно. Алтай нутгаас төрсөн авъяас билэгт хүмүүсийг хайрлах сэтгэлдээ хөтлөгдөн энэ нийтлэлийг бичлээ. 
Монгол түүх, эх бичгийг залгуулан яваа Ардын багш Шаравын Чоймаа, тасралтгүй хүүрнэн ярихдаа гүн агуулгатай учир билэгтэй сургааль мэт үг айлдах Ардын зураач Б.Чогсомын шавь, урлаг судлаач, зохиолч Лүнтэнгийн Батчулуун, дуу дууны ундаргаар уяраах авъяастай Үржингийн Хүрэлбаатар, Алтай шигээ нууцлаг, гүн хар ухаандаа уусч нэвтэрсэн эгэл жирийн авч хосгүй ухаантай Их гурвалжин номын зохиогч, судлаач Чулуунбатын Эрдэнэ нарын хүмүүстэй учирсан минь золтой. Тийм үгүйсэн бол би Наминчимэдийн сэтгэлийн мухарт буй нарийн ертөнцийг мэдэргүй байсан байх аа.
 
Жич:  Монгол судлалын Америк дахь уурхай болсон Монгол нийгэмлэг төвтэй Индиана мужийн Блүүмингтон хотын Индиана их сургуульд сурч ахуйдаа, 8 жилийн тэртээ 2008 онд Б.Наминчимэд, М.Саруул-Эрдэнэ нартай нэг дор хамт байж,  Намиаг Монгол 2008 онд буцахад  Саруул сайхан дурсамж бичсэнийг залгуулан Эрдэнэболд дурсамжаа ийн бичжээ. 
 
М.Саруул-Эрдэнэ: Америкийн Монголчууд хөгшин хөвөөгүй Номиог санаад сүйд болцгоох байх даа
 
С.Эрдэнэболд: Наминчимэд ахын ярианаас Монголын түүхийн сүр хүч мэдрэгдэнэ
 
Цаг хугацаа хэдий улиравч, Цадиг түүх хуучирна гэж үгүй юм.
 
Наминчимэд ээ. 
Нутгийн уулс нуруутай, Нуган үрдээ ханилгаатай
 
Чамайг хүндэлдэг жирийн нэгэн иргэн
Ц.Батмөнх
Чикаго хотоос ёслон хүндэтгэж захиа сэлтийг илгээлээ.
 
ЭХ орныхоо тусын тулд яваа
ЧИН үйлс тань хожмын амжилтаар арвин байх болтугай.
 
2016 оны 6 сарын 7
 
ТҮҮХИЙН УЛБАА
НЭРСИЙН ХЭЛХЭЭ
 
Төрийн шагналт зохиолч, Тунгалаг Тамир, Хугараагүй ноён нуруу, Чадраабалын Лодойдамба, Тайшир сум (1916), 
Хүүхдийн зохиолч, сэтгүүлч Мөнгөний Чимэд Дэлгэр сум (1919)
 
Цогтой эх оронч, ГЯЯ сайд Содномын Аварзад Цогт сум (1922)
Цуутай  улс төрч, зохиогч Цогт-Очирын Лоохууз Чандмань сум (1923)
 
Морин хуур шүлгийн эзэн, Бурхан буудай уул, Халиун-Наран сумын харъяат нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж (1932)
Ирвэст уулын зохиолч Чимэдийн Алагсай, Алтай сум, (1933)
Ерөнхий сайд, эдийн засагч Пунцагийн Жасрай, Бугат сум (1933)
Төрийн шагналт Хорвоотой танилцсан түүхийн зохиогч Лодонгийн Түдэв, Халиун- Наран сум (1935) 
Элс цасын зохиолч Ш. Шажинбат Тонхил сум (1939)
СГЗ зохиолч, судлаач Сономын Лочин Дарви сум  (1939)
 
СГЗ, Суварган цэнхэр уулс, Загийн алим зохиолч Санжийн Пүрэв Дарви сум (1941)
СГЗ, сэтгүүлч зохиолч Нанжаагийн Лхагва Тонхил сум (1944)
Урам хайрла шүлгийн яруу найрагч, улс төрч Тоомойн Очирхүү Тонхил сум (1943)
 
Түүхч, сэтгүүлч, зохиогч Намсрайн Нагаанбуу Дэлгэр сум (1951)
Ардын багш Шаравын Чоймаа Шарга сум (1951)
Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов Бугат сум (1951)
Зулай цагаан Алтай, зохиолч эмч Зүмпэрэлийн Гүнсэн Бугат сум
СГЗ сэтгүүлч, Ардын эрхийн эрхлэгч Цэрэндоржийн Балдорж Шарга сум (1953)
СГЗ яруу найрагч, Үржингийн Хүрэлбаатар Төгрөг сум (1954) 
Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, Баян-Уул сум (1954)
СГЗ зохиолч, түүхч Я.Ганбаатар Алтай сум (1959)
 
СГЗ сэтгүүлч Бадам-Очирын Галаарид Бугат сум (1966)
СГЗ сэтгүүлч яруу найрагч Хайдавын Чилаажав Дэлгэр сум (1967)
Сэтгүүлч, зохиолч Баасангийн Наминчимэд Халиун сум (1968)
 
 
Эх сурвалж: http://medeelel.com/news/item/2456