Үргэлжилсэн үгийн зохиол

Даажигнал – А.П. Чехов

Өвлийн цэлмэг өдрийн үд дундын үе… Хүйтэн ид тачигнаж байсан болохоор намайг сугадан явсан Наденькагийн шанааны үс мөнгөлөг цан хүүргээр бүрхэгдэж дээд уруул дээр нь бөөн ус наалджээ. Бидний хөлөөс газар хүртэлх налуу хавтгайд нарны гэрэл толинд туссан юм шиг тусжээ. Бидний дэргэд хурц улаан цэмбээр бүрсэн жижиг чарга хэвтэнэ.’, ‘
o Надежда Петровна минь доош гулгая. Зөвхөн ганц удаа. Бид гэмтэхгүй гэдэгт итгээч гэж би гуйлаа.
Гэтэл Наденька айна. Түүний резинэн жижиг шаахайвчаас мөсөн уул дуустал бүх юм түүнд аймшигтай хэмжээлшгүй гүн ангал мэт санагдана. Тэрээр доош хараад, бас чарганд сууя гэж намайг хэлэхэд түүний ухаан балартаж амьсгаа нь тасалдана. Тэгээд хэрэв тэр гүн ангал руу нисэхээр амь дүйвэл яах билээ? Ухаан алдаад үхэхээс өөр юмгүй.
o Танаас гуйя! Айхын хэрэггүй. Энэ чинь аймхай, хулчгар хэрэг шүү дээ гэж би хэллээ.
Тэгж тэгж Наденька зөвшөөрлөө. Тэрээр амьдралдаа аюул занал учруулан байж ингэж зөвшөөрсөн нь түүний царайнаас илэрхий ажээ. Цонхийж цайгаад дагжин чичирч байгаа түүнийг би чарганд суулган гараас нь зуураад түүнтэй хамт ёроолгүй гүн рүү гулсан одлоо. Чарга сум шиг ниснэ. Зүсүүлж буй агаар нүүрийг дэлдэж чихэнд хүнгэнэн шуугьж час час хийлгэн чимхэж мөрнөөс толгойг тасдаад авах гэж оролдоно. Салхины түрэлт амьсгал үл авахуулна. Чөтгөр өөрөө савартаа биднийг атгаж хүнгэнэн шуугьсаар тамр уу аваачиж байна уу гэлтэй. Эргэн тойрны юм салхи шиг хурдлах нэгэн урт зурвас болжээ. Хоромхон зуур болоход бид сөнөх нь үү гэмээр боллоо.
o Надя би танд дурлаж байна! Гэж би нам дуугаар хэлэв.
Чарганы гулсалт сааран саарсаар салхины хүрхрэлт, чарганы улны чахралт урьдынх шигээ тийм айшигтай биш болж амьсгаа тасалдах нь больсоор бид дор бууж ирлээ. Тэрээр бүр цонхийж гүйцээд арай ядан амьсгална.. Түүнийг би дэмжин босголоо.
o Юу ч гэсэн би дахиад гулгахгүй гэж тэр бүсгүй айж дүрлийсэн нүдээр намайг харж хэлээд:
o Юу ч болсон үгүй. Би арай л үхсэнгүй гэв.
Жаахан байзсаны дараа тэрээр тайвшран миний нүд рүү асуунгуй маягаар харсан нь тэр таван үгийг намайг хэлэв үү, эсвэл салхины шуугианд тийм юм сонсогдов уу гэсэн янзтай ажээ. Харин би түүний хажууд зогсоод тамхи татан бээлийгээ анхааралтай харж байлаа.
Тэрээр намайг сугадан явж уулын бэлээр бид удаан зугааллаа.

Таавар шиг юм түүнийг амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой. Тэдгээр үгсийг хүн хэлэв ?? яав? Тийм үү, үгүй юу? Тийм үү, үгүй юу? Нэр төр, амьдрал, зол жаргалын энэ асуудал бол даанч чухал хорвоо дээр хамгийн чухал асууал ажээ. Тэсч ядан, гунигтай харцаар Наденька миний царай руу ширтэж тэдгээр үгсийг намайг хэлсэн эсэхэд хариулт олж эс чадна.
Ээ хөөрхий, энэ энхрий царай хичнээн өрөвдөлтэй вэ! Тэр өөртэйгээ тэмцэл хийж ямар нэгэн юм хэлж, асуумаар байв ч үгээ олж чадахгүй байлаа. Түүнд эвгүй, аймашигтай баяр баясгалантай байгаа нь саад болж байгаа ажээ. Тэрээр над руу харалгүй:
o Та мэдэж байна уу? гэж хэлэхэд би:
o Юу вэ? Гэж асуулаа.
o Дахиад гулгая.
Бид шатаар уул өөд өгслөө. Цонхийж цайгаад дагжин чичирч байгаа Надьенкаг би дахиад чарганд суулгаж бид дахиад аймшигт ангал руу нисэн салхи дахиад хүнгэнэж чарганы ул чахран чарганы хамгийн хүчтэй шуугиант хурдын үед би нам дуугаар:
o Наденька, би танд дурлаж байна гэж хэллээ.

Чарга зогсоход Наденька бидний дөнгөж дээрээс нь гулгаж буусан уул өөд харснаа миний царай руу удаан гэгч ширтэн миний хайрхамжгүй, тэвчээргүй дууг сонсоод бүх биеэрээ, бүр углаа ханцуй, юүдэн нь хүртэл хачин эргэлзэл төрүүлжээ. Түүний царайд “Юу гээч энь энэ вэ? Тэдгээр үсгийг хэн хэлэв? Энэ хүн үү? Эсвэл надад тийм юм сонсогдов уу?” гэсэн асуулт бичээстэй байлаа.
Энэ тодорхой биш зүйл тэр бүсгүйг сандрааж тэвчээрийг алдуулжээ. Хөөрхий бүсгүй асуусан асуултад үл хариулан царай барайлгаж хариугүй уйлах гэж байлаа.
o Бид харих юм биш үү? Гэж намайг асуухад:
o Надад… надад гулгах сайхан байна. Дахиад нэг гулгавал яасан юм бэ? Гэж тэр бүсгүй царайгаа улайлган байж хэлэв.
Түүнд энэ гулгалт “таатай” байтал чарганд суухдаа түрүүчийн шигээ цонхийж цайгаад айснаас болж арай ядан амьсгалж чичрэн салгалж байлаа.
Бид гурав дахь удаа доошоо буухад тэрээр миний царай өөд харж миний уруулыг ажиглана. Харин би амаа алчуураар таглаж ханиалгаад уулын дунд хүрэх үед:

o Надя, би танд дурлаж байна гэж хэлж амжлаа.
Тэгээд оньсого, оньсого хэвээр үлджээ. Надя үг үл дуугран ямар нэгэн юмны тухай … бодно. Мөсөн гулгуурын намайг мөнөөхөн үгсийг хэлэхгүй байгаа даа гэж хүлээнэ. Түүний сэтгэл санаа хямран “Түүнийг салхи хэлэх ёсгүй! Тэдгээр үгсийг салхи хэлэхийг би хүсэхгүй байна! Гэж хэлэхгүй тул байдаг хүч чармайлтаа гаргаж байлаа.
Маргааш өглөө нь би “Хэрэв та өнөөдөр мөсөн гулгуурын газар руу явбал манайхаар дайраарай. Н” гэсэн зурвас хүлээж авлаа. Энэ өдрөөс хойш Надьеyка бид хоёр өдөр болгон мөсөн гулгуурын газар руу явж чаргаар доош буух бүрд би нам дуугаар
o Надя, би танд дурлаж байна гэж мөнөөхөн үгээ хэлдэг байлаа.
o Хүн Дарсанд юм уу хар тамхинд даддаг шиг удалгүй Наденька эдгээр үггүйгээр амьдарч чадахгүй болжээ. Үнэндээ уулнаас хурдлан буухад урьдын адил аймшигтай байсан боловч одоо аймшиг, аюул хоёр маань урьдынх шигээ оньсого хэвээр үлдэн санаа зовоосоор байгаа дурлалын тухай үгст сэтгэл булаах увдис бий болгожээ. Энэ хэрэгт салхи, бид хоёр л сэжиглэгдэж байлаа. Энэ хоёрын аль нь түүнд дурласнаа хэлснийг тэр мэдэхгүй боловч ямар ч саваар уусан нь хамаагүй, согтож л байвал боллоо гэгчийн үлгэрээр тэр бүсгүйд аль нь ч ялгаагүй болсон бололтой.
Нэг удаа үдийн хэрд би олны дунд хутгалдаад ганцаараа мөсөн гулгуурын газар руу явж байгаад нүдээрээ намайг эрсээр уул өөд Наденькагийн явж байхыг харлаа… Дараа нь тэр бүсгүй явган шатаар айсан янзтай өгслөө… Ганцаараа бууна гэхэд түүнд ямар аймшигтай байсан бол! Цаазлуулахаар явж байгаа юм шиг тэрээр цас шиг цонхийж цайсан боловч эргэж харах ч үгүй эрсхэн явна. Намайг байхгүйд мөнөөхөн бишрүүштэй амттайхан үгс сонсогдох нь үү гэдгийг шалгах гэж бүсгүй шийдсэн бололтой. Цонхийж цайсан, тэгээд бас айснаас болж амаа ангайлгасан тэр бүсгүй чарганд сууж нүдээ анин дэлхий ертөнцөөс үүрд хагацан байрнаасаа хөдөллөө… Чарганы ул чахарна. Мөнөөхөн үгсийг Наденька сонссон эсэхийг би мэдэхгүй… Зөвхөн ядарсан сул дорой тэр бүсгүйг чарган дээрээс босохыг би харсан юм. Харин ямар нэгэн юм сонссон эсэхээ тэр өөрөө мэдэхгүй байгаа нь түүний царайнаас илэрхий байлаа. Тэрээр доош бууж явахдаа айснаас болж дуу сонсох, ялгах, ойлгох чадвараа алджээ.
Тэгээд хаврын сар эхэллээ… Нар их таатайхан ээнэ. Манай мөсөн уул гялалзахаа байж бараантсаар хайллаа. Бид гулгахаа ч больсон билээ. Салхи дахиад шуугихгүй болж би Петербург руу удаан хугацаагар, магадгүй үүрд явахаар болсон учир хөөрхий Наденька мөнөөхөн үгсээ хаана ч дахиад сонсохгүй болжээ. Хэн ч түүнд хэлэх билээ дээ.
Явахаасаа хоёр гурав хоногийн өмнө үдшийн бүрэнхийд би бяцхан цэцэрлэгт сууж байлаа. Хадаастай өндөр хашаа, бяцхан энэ цэцэрлэгийг Наденькагийн суудаг хашаанаас тусгаарладаг юм. Бас ч яггүй хүйтэн шивх дор цас үзэгдэж модод нойрмоглосон хэвээр байсан ч гэсэн хаврын урь орж тахианууд унтахаар бэлдэн хашгиралдаж байлаа. Би хашаа руу дөхөж очоод хашааны завсраар шагайв. Наденька шатан дээр гарч ирээд тэнгэр өөд уйтартайяа харахыг би ажлаа… Хаврын салхи түүний гутрангуй, цайвар царай өөд үлээнэ… Тэр салхи уулан дээр мөнөөхөн таван үгсийг тэр бүсгүйд дуулган бидэн рүү хүрхэрч байсан салхийг санагдуулж тэр бүсгүйн царай уйтгартайгаас уйтгартай болж хацар дээгүүр нь нулимс урслаа… Цонхийж цайсан бүсгүй энэ салхинаас мөнөөхөн үгсийг гуйсан янзтай хоёр гараа сунгалаа. Салхи хөдлөхийг хүлээж бйагаад би нам дуугаар:
o Надя, би ганд дурдлаж байна гэж хэлэв.
Ээ, бурхан минь, Наденькаг яасан гэж санана! Тэр охин дуу алдаад царай дүүрэн инээмсэглэж салхи өөд гараа тосоход хичнээн баяр баясгалантай, зол жаргалтай, хичнээн хөөрхөн болсон гэж санана !
Би юмаа бэлдэхээр явлаа…
Энэ бол бүр эрт болсон явдал юм. Наденька одоо нэгэнт хүний эхнэр болжээ. Түүнийг суулгасан уу, өөрөө суусан уу, ямар ч гэсэн тайж нарын асрамжийн нарийн бичгийн даргатай суужээ.
Одоо тэр бүсгүй гурван хүүхэдтэй. Тэгсэн ч гэсэн тэр үед мөсөн гулгуурын газар руу хамт явж байсан, салхи түүнд дуулгаж байсан “Наденька, би танд дурлаж байна” гэсэн үгсийг тэр бүсгүй мартсангүй. Тэр явдал түүнд хамгийн зол жаргалтай, хамгийн их сэтгэл уяруулдаг, амьдралынх нь хамгийн нандин дуртгал болжээ..
Харин тэдгээр үгсийг би яах гэж хэлж, юунд даажигнаж явав даа гэж өтөлсөн надад одоо бодогддог юм….

 

Зургийг: http://vseskazki.su/chehov-rasskazy.html?start=126