Хэлдэг гурав хийдэг ганц

Хэлдэг гурав хийдэг ганц
About the Book

Өвгөн Цог авдарнаасаа ооль гаргаж ирийг үзэж байна. Тэгээд хэлэв.
– Эмгэн чи усны гангийн таг эвдэрлээ гэдэг билүү? Ус гоожиж байна гэлүү? Түүний чинь засаж үзье. За нэг сайхан цай чанаад аль. Хэдэн аяга цай уугаад түүнийг чинь оролдьё гэв.
– Цай чанах нь яах вэ, чанасан цай байвал би ч уухаас буцахгүй сэн. Гал ноцоох нь тэвөгтэй юм аа. Аргал чийгтэй, Миний энэ муу нүд, гал утаанд ойртохтой зэрэг хорсоно гэдэг нь ээ. Бэрийг ирэхийг хүлээе. Тэр ирээд цай чанах юм байгаа биз. Тэгэхэд нь гүзээнийхээ хэрээр уугаарай. Одоо чи гараад ган засаад орхи! Бэр маань, усанд яваад хамаг усаа цалгиулаад асгачихсан байна лээ. – Хавар болно гэдэг ийм байдаг юм даа. Бие нүсрээд ердөө хөдөлж болохгүй юм. Бас цайгүй болохтой зэрэг гар бүр хөдлөхгуй, нүд ч бүрэлзээд байх юм гээд евгөн Цог эвшээлгэж барьсан оолио цааш тавив. Эмгэн Буниа “ёх ёх\” гээд суниагаад гэнэт авхаалжтай болж:

– Үгүй та минь! Хавар боллоо. Хонь хургалах цаг ч боллоо. Цаг бас хүйтэн байна. Хурганы уут хийх хэрэггэй. Тэгэхгүй бол хөдеө гарсан хурга осгож үхэж мэднэ гэсэнд, хүү Доной бүхлээрээ унтаж байснаа сая сэрж:
– Юу гэнээ? гэж асуув. Эмгэн Буниа хэлсэн үгээ давтав.
– Нээрэн тийм. Хурганы уут хийх хэрэгтэй. Төл хүлээн авах бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэх хэрэгтэй гэж багийн дарга хэлж байдаг шүү. Хурганы уут чинь төл хүлээн авах бэлтгэлийн нэг чухал зүйл яах аргагүй мөн дөө. Ээжийн хэлдэг яах аргагүй зөв дөө.

– Зөвийг ч чамайг хэлэхээс урьд би мэдээд байна. Чамайг хийлцээд аль гэж байна шүү. Тэмээний ноос ээрч хэдэн утас хийгээд бас уут оёлцоод аль. Миний нүд харахгүй болоод зүүгээ сүвлэж чадахгуй байна.
– Би уут эсгэж оёж ердөө үзээгүй юм даа. Загварыг нь сайн хэлүүлээд авбал би хийж чадна гэж бодоод байдаг юм. Загварыг нь даанч мэдэхгүй юм даа. Тэгээд ч би одоо тийм юмаар оролдох завгүй байна. Хэдэн айлаар орж төл хүлээн авах бэлтгэлийг шалгаж зааварлах даалгаврыг багийн даргаас авсан юм. Тэгээд мордох санаатай байна.
– Тэгвэл чи өглөөний мордохгүй яасан хүн бэ? Чамайг үхтлээ унтсаар байтал одоо үдэш болох гэж байна шүү!
– Миний аргамжаатай морь байгаа биз? Ээжээ! Манай хүрэн морь намайг хазаарлах гэж очиход, чоно харсан юм шиг дэвхцэх юм. Сүрмааг очиход номхон хонь шиг байх юм. Сүрмааг өдөр цайгаа уух гэж ирвэл морио бариулах гэсэн юмсан.
– Сүрмаа чинь, хонио сайн бэлчээрт хол хариулаад одоо өдөрт гэртээ ирж цай уухаа больсон шүү!
– Аа тийм үү, тэгвэл өглөөний надад хэлэхгүй яав даа?
– Хэлэх гэж, чи чинь өөрөө мэдэхгүй яасан юм бэ? Дандаа л хөгшин надаар юм бүгдийг хэлүүлж байх гэх юм. Өвгөн чи өнөө усны ган засах гэсэн яасан бэ? гэхэд:
– Ёо ёо, ер нь миний толгой өвдөж байх шиг байна. Суман дээр очиж эмчид үзүүлье байз. Үгүй тэгээд гадагш гаръя гэхэд өмсөх бүтэн дээл байхгүй. Буниа чи миний хүрэн дээлэнд шинэ өнгө татаж өгнө гэсэн тэр яасан бэ?
– Яах юу байх вэ? Би оёё гэхэд нүд юм харахгүй байна. Чи намайг арван наймт шиг битгий санаад бай! Би тавийн цаад руу хэдийн орсон шүү. Ер нь нэг өдөр хонь хариул, тэгээд Сүрмааг гэрт нь суулга! Сүрмаагаар дээлдээ өнгө татуул! гэж хэлэв.
– Заавал хөгшин надаар хонь хариулгах гэдэг нь юу вэ? Намайг зарж л байвал та нарын сэтгэл амардаг юм уу? Доной! Чи нэг өдөр хонь хариулаад Сүрмааг гэрт нь суулгавал яадаг юм гэхэд Доной дуртай зөвшөөрч:
– Тэгье. Би хонь хариулъя. Би та нарыг тийм юм хий! гэхэд хийгээд л байдаг гэж хэлээд баахан дуугүй бодож байгаад:
– Үгүй, ер нь хонийг заавал тэгж хол бэлчээсний хэрэг юу байна даа. Гадуур овоо сайхан хагд байна. Хайлсан цасан доороос өвс гарчээ. Хонио гаднаа аваад байя. Хонийг гадна ойрхон хариулаад байвал хурганы уут ч бас хэрэггүй болох юм. Давхар ийм ашигтай байна гэхэд эмгэн хэлэв:
– Сайн бэлчээртэй шинэ нутагт буусан бол хүүгийн хэлдэг бүр зөв. Бид энэ нутаг дээр хэдэн cap болж байна. Ойр хавьд олигтой бэлчээр байхгүи болжээ. Хамаг айл эндхийн бэлчээрийг голоод, нүүгээд явчихлаа. Манайх ганц гэр үлдээд байна шүү дээ. Гэрийн дотор дуу чимээгүй нам гүм болов.
Өвгөн Цог олон юм эргэцүүлэн бодож эхлэв. Шинэ нутагг нүүе гэхэд тэрэг хөдлөх юм байхгүй, тэргээ шаая гэхэд толгой өвдөж, бие ядраад байх юм. Биеэ эмнүүлье гэхэд докторт өмсөж очих бүтэн дээлгүй, дээл хийлгэе гэхэд Сүрмаагаас өөр оёж чадах хүн байхгүй. Сүрмаагаар оёулъя гэхэд хонийг нь хариулах хэрэгтэй. Хонь хариулъя гэхэд толгой өвдөөд байх юм. Хүний чинь настай болоход үр хүүхэд нь тэжээгээд тэтгээд, ясыг нь амруулдаг байх юм. Манай хамаг ажлыг хийж байсан хүүхэн Мандах эр дагаад алга боллоо. Хүү гэж, энэ Доной унтах идэхээс өөр юм мэдэхгүй амьтан. Үүнийг ер нь хүмүүжүүлж ажилд сургая гэж бодоод үг хэлэх гэтэл толгой нь манараад, нүд нь анилдаад урьдаар жаахан дуг хийлгүй горигүй шиг санагдлаа.
Эмгэн ёх ёх гэж хэдэн удаа суниагаад:
– Өвгөн өө! өнөөх гангийн цоорхойг засна гэсэн юу болов? гэж шаардахад өвгөн үг хэлэхийн оронд хүнгэнэтэл хурхирав.
– Цог оо, Цог! гээд эмгэн дуудав. Гох гох гээд өвгөн хурхирав.
– Эдэнтэй чинь ингэж хэрэлдсээр байгаад бүр тэнхээ барагдах юм гээд эмгэн ёх гэж суниав.
– За би нэг жаахан хажуулъя. Хүү минь хурганы уут оёх хэдэн утас имэрч бай! гэв.
– Үгүй, тэр утсыг чинь имэрч ердөө чаддаггүй юм. Тэр жил яагаа вэ. Лувсангийнтай айл байхад намайг утас нийтгэ гээд байхлаар би хэдэн утас нийтгээд үзсэн юм. Түүнийг цөм буруу эрчтэй нийтгэж гээд намайг загнаж байсан. Бас буруу эрчтэй нийтгэчихвэл яршиг. Ээж минь, ноосны чинь гарз болно. Тэрний оронд Сүрмааг ирэхлээр л нийтгүүлбэл боллоо.
– Та нар дандаа Сүрмаа Сүрмаа л гэх юм. Тэр чинь хүний бүсгүй үр шүү дээ. Сүрмаа бид хоёроос өөр энэ гэрт ажил хийдэг хүн алга байна. Цог та хоёр ажил хийе, хийх хэрэгтэй гэж ярьдгаас биш, хийдэг ажил гэж огт байхгуй. Хааяа морь унаад дэмий айл хэссэнээ их ажил хийсэн юм шиг үнэрхэх юм. Сүрмаа бид хоёр энэ айлын хамаг ажлыг хийж гүйцэхгүй боллоо гэж хэлтэл гаднаас бэр Сүрмаа орж ирэв. Эмгэн үргэлжлүүлэн хэлж байна:
– Цог та хоёрын хийдэг ажил бол сайхан яриа, дэмий чалчаа үг энэ л байна. Сүрмаа бид хоёр бол жинхэнэ хар бор ажлыг чинь хийж байна. Эмэгтэйчүүдийг ингэж дарладаг хуучин заншлаа орхицгоо гээд эмгэн дуугаа чангаруулав. Гэтэл гэрийн дотор нялх хурга майлах сонсдов. Сүрмаа эсгий уутнаас гурван хурга гаргаж арагт хөмрөн тавив.
Буниа эмгэн уутыг харж:
– Энэ чинь хэний уут вэ? Бэр Сүрмаа, тулганд аргал хийж гал ноцоохын хамт:
– Манай уут! гэж хэлэв.
– Манайх хурганы уут байхгүй юмсан, хэдийдээ ийм ууттай болов?
– Ээж минь та хурганы уут хийнэ гэж ярьсаар бүтэн cap болоод байна. Гэвч уут байдаггүй, хонь хургалах цаг боллоо. Одоо яах вэ? Би өнөөдөр хонь хариулахын хамт утас эсгий авч яваад, хөдөө хурганы уут шидсэн юм гэв. Хүү Доной уутыг авч нэлээд үзэж байгаад: – Ийм юмыг хэн ч хийж чадна. Энэ чинь уут ч гэж нэрлэхэд хэцүү юм байна Зүгээр л нэг муу эсгий сав байна шүү дээ.
– Хурганы уут гэдэг чинь эсгий савнаас өөр ямар юм байх юм бэ? гэхэд Доной нэлээд загнах байдлаар хэлэв:
– Юмыг аятайхан хийж сурахаа яадаг юм бэ? Өлзий утас, таван хошуу хээ хийвэл зүгээр юм. Нар салхи хаагуур нь орох юм бэ үүнд чинь? Нялх малд эрүүл агаар, нарны гэрэл хэрэгтэй гээд уутны амсрыг ийш тийш татлав. Гэнэт уутны ёроолыг хараад их л ой гутаж: – Пөөх, энэ их нялцгай мялцгай нь юу вэ? Үүнийг цэвэрлэхээ яасан юм бэ? Цаана чинь саван байна лээ. Угаа! гэв.
– Уут угаахын оронд цай чанавал дээр байх. Та нар гангийн цоорхой чигжив үү? Эвдэрхий тагийг засав уу? гээд Сүрмаа цай чанах ус авчрах гэж хувин бариад гадагш гарав. Тэгээд хоосон хувингаа хангинуулсаар орж ирэв.
– Усны ганд дусал ч ус байхгүй болж бүр гоожчихжээ. Би өглөө хонинд явахдаа хэлсэн шүү дээ! Усны гангаас ус шүүрч байна. Чигжих хэрэгтэй гэж… Эмгэн нэлээд уурласан байдлаар:
– Чи хэлдэг нь юу юм бэ? Хийчихээ яасан юм бэ! Манайд бас нэг “хэлдэг” хүн нэмэгдэх нь ээ. Хэлэхийн оронд “хийгээд” л байвал хамаг ажил сайн бүтнэ шүү дээ.
Сүрмаа:
– Ээж минь таны үгийг танд эргүүлж хэлмээр байна.
– Тавь хүрсэн чавганцаар чи юу хийлгэх гээ вэ? Би чадлаараа ажил хийж л байдаг. Ажил гээд үргэлж хэл эрүүгээ хавшиж байдаг.
– Та хэл, эрүүгээ хавшихын оронд гар хөлөө жаахан хөдөлгөөд ядахдаа энэ усны гангийн цоорхойг савангаар шавчихаж чадна шүү гэхэд Буниагийн уур их хүрч, ширүүнээр амьсгаадаж байв.
Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэж цэцэн үг байдаг. Гэвч уур бол биеийг үргэлж зовоодог биш, биеийг сэргээж тэнхрүүлдэг ч удаа байдаг юм. Эмгэн Буниа уурласны ачаар нойрноос сэргэж, чангарав. Биед нь бөөн бөөн хүч чадал урсаж ирэх шиг болов. Тэгээд нэг босож нэг сууж гар хөлөө маажиж байв. Эмгэний цангинасан дуу өвгөнийг нойрноос сэрүүлэв. Бэр Сүрмаа савангийн хэлтэрхийгээр гангийн цоорхойг бөглөж, гангийн тагийг засаж усанд хөллех үхрээ барих зэрэг гадуур ажлаа хийж байв.
Хүү Доной:
– Биднийг цайгүй хаяад явчих нь ээ цаадах чинь! Энэ золигийг ер нь төрхөмд нь буцаана байгаа гэж ууртайгаар хүнгэнэв.
Эцэг Цог:
– Одоогийн бүсгүйчүүд яасан айхтар юм. Эцэг эхтэйгээ хэрэлдэх нь байна шүү. Настнаа хүндпэх гэдгийг эд нар мартчихжээ. Манай муу Мандах ч арай ингэдэггүйсэн.
Эмгэн Буниа:
– Та хоёрын залхуу өвчин бас энэ бэрд халдах нь ээ гэж цухалдан хэлэв.
– Гэтэл гадаа морины төвөргөөн сонсдож нэг морьтой хүн ирж буув. Сумын нарийн бичгийн дарга Тавхай гэрт орж ирэв.
– Сайн байна уу? гэж мэндэлсний дараа Сүрмааг дуудаж ирүүлэв.
Тэгээд хэлэв:
– Сумын захиргаанаас Сүрмаа танд тушааж байна. Ирэх тавдугаар сард тасгийн ажил эхэлнэ. Сүүний тасагт эрхлэгчээр ажиллах хэдэн хүнийг аймгийн төвд болох нэг сарын хугацааны түр сургуульд явуулах хэрэгтэй боллоо. Түүнд таныг явуулах гэсэн тушаал энэ байна! гээд улаан тамгатай бичгийг Сүрмаад өгөв.
Сүрмаа баяртайгаар тушаалыг аваад уншиж:
– За би явъя гэж хэлэв. Эмгэн Буниагийн царай цав цагаан болж:
– Үгүй, та нар юу хэлж байна? Хаашаа явах гэж юунд явах гэж байна? Эрүү өвдгөө тулсан эмгэн өвгөн хоёрыг орхиод явах гэж үү? Энэ хэдэн мал чинь чонын хоол болно. Энэ чинь наад тал нь бидний амьдрал, цаад тал нь улсын хөрөнгө юм.
Тавхай хэлэв:
– Танай хүү байна шүү дээ.
– Хүү гэнэ! Энэ чинь гэрийн бараа хардаггүй хүн. Дандаа сумын ажлаар ийш тийш шогшиж явдаг юм.
Багийн ухуулагч гэж нэг гүйцэгдэхгүй ажилтай хүн наадах чинь!
– Багийн ухуулагч нэрийг бариад ухуулга ч хийхгүй дэмий хэсэж явдгийг нь бид мэдэж байна. Доной чи ер нь гэр орныхоо ажилд жаахан оролцож байвал зүгээр байх аа. Цог гуай, Буниа гуай та хоёр шиг ийм эрүүл саруул биетэй тавиад насны хүмүүсийг эмгэн өвгөн гэж хэн ч нэрлэхгүй. Та нар гэр малаа маллаад, явж болохгүй яадаг юм. Танай бэрийг бид олон жилийн хол газар явуулчих гэж байгаа биш, нэг сарын хугацаагаар аймгийн төвд явуулах гэж байгаа юм. Сүрмаа тэгээд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн хүн, сүүний тасгийн сургуульд яваад ирэхэд чухам болох ажил байгаа юм. Сүрмаа та маргааш суман дээр очих хэрэгтэй! гээд мордохыг завдав.
– Ингэж бидний гарыг мухарлах гэж үү? гэж өвгөн бархирав.
– Ингэж бидний гар хөлийг огтлох гэж үү? гэж эмгэн бархирав.
– Эр эм хоёрыг ингэж салгадаг улс уу? Манай ганц ажлын хүн Сүрмаа байгаа юм гэж Доной бархирав.
Тавхай хэлэв:
– Эр эмийг салгаагүй. Та нарын гар хөлийг чинь огтлоогүй. Дөрвөн хүний нэгийг нь ажилд томилж байна. Харин танайд ажлын хүн ганц байдаг чинь муухай хэрэг дээ. Танай гэрт дөрвөн хүн байгаа болохоор дөрвөн ажлын хүн байх хэрэгтэй. Ам хэлний ажлыг баахан татасхийгээд гар хөлийн ажлыг жаахан нэмэсхийвэл аяндаа хамаг ажил чинь бүтнэ гээд явчив.
Сүрмаа ус авчраад сайхан цай чанав. Хоол чанаж идэцгээв. Сурмааг битгий яв гэж бүгдээр ухуулга хийв.
Сүрмаа:
– Би явна. Би иймэрхүү зүйлд явъя ч гэж бодож байсан юм. Явъя гэдгийгээ Бурмаад хэлж байсан юм. Тэгэхлээр би заавал явна.
– Бурмаа та хоёр хуйвалдаад тэгээд чи дураараа тэнэж дунд чөмгөөрөө тоглох гэж байгаа хэрэг үү? гэж Доной аашилж хэлэв.
– Би тэнэх гэж байгаа биш, нэг сарын сургууль хийж буцаж ирээд эндхийн сүүний тасагт ажил хийж болох байх. Чи гэр малынхаа ажилд оролц. Багийн ухуулагч байтугай багийн дарга ч хүртэл гэр малын ажилдаа туслалцаад байх юм байна. Намайг танайд ирэхээс урьд та нар болоод байсан, одоо ч бололгүй яах вэ дээ. Би танай бэр болохоос биш, танай зарц биш. Би ажил хийхгүй гэж байгаа юм биш, адилхан ажил хийе гэж байгаа юм. Донойгоос сална сарнина гэж байгаа юм биш, ганц сургууль хийгээд ирье гэж байна гэв.
– Харин Доной чи унтах идэх хоёроос өөр ажилгүй ингэж танхайрч явах юм бол чамайг ханиа гэж явахад хэцүү болно байх гэсэнд Доной Сүрмаагийн шийдвэртэй царайг хараад дахин үг хэлэхээс шантарч зогсов.
Буниа ер нь их загнаад байвал бэрээ алдаж магадгүй гэж хаширлаад өөр талын ухаан гаргаж эхлэв.
– Сүрмаа, хүү минь ямар дээл өмсөж явах гэж байна? Ээжийнхээ бор торгон дээлийг өмсөөд яв. Санаснаа нуухгүй ингээд сайхан ярьдаг чинь зөв шүү дээ. Аль вэ толгойг нь үнсье! гээд магнай дээр нь шов хийтэл үнсэв.
– Цог Сүрмааг явуулчихвал дээлийн өнгөгүй хоцорно гэж бодоод, хүрэн дээлээ зориуд өмсөөд урагдсан өнгийг салбагануулж суув.
– Аав дээлээ тайлж аль! гээд Сүрмаа шөнө сууж дээлэнд нь өнгө татаж өгөв.
Сүрмаа эрт босоход Доной дагалдан босож, хүрэн морио барьж эмээллээд, Сүрмаад унуулаад мордуулав. Сайн яваад хурдан ирээрэй! гэж гурвуулан зэрэг зэрэг хэлж байв.
Сүрмааг мордоод явахад бор торгон дээлтэй Буниа гуай хойноос нь сүү өргөж байв.
Сүрмааг явсны дараа гурвуул гэртээ орж ирэв. Тэгээд малаа яаж маллах вэ? гэдэг хамгийн чухал асуудлыг боловсортол хэлэлцээд Буниа гуайн мэргэн саналыг баримталж шийдвэрлэсэн нь:
– Даруйхан нүүж Лувсангийнтай айл бууя. Тэгвэл Лувсан, хүргэн хүү алины нь ч хэдэн мал эргүүлж өгөөд байна. Охин Мандах аргал ус ойртуулж өгөөд байна. Урьд ч ингээд л болж байсан юм. Ингэж шийдээд нүүх ажлаа бэлтгэж эхлэв.
1954.

Эх сурвалж: https://fliphtml5.com/njcti/oxxe/basic/

About the Author
Дамдинсүрэн Ц.

Хатагин Цэндийн Дамдинсүрэн (1908 оны 9 сарын 14-ий өдөр —1986 оны 5 сарын 27-ий өдөр) БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mn.wikipedia.org/wiki/Цэндийн_Дамдинсүрэн