Доголон нулимстай инээд

Доголон нулимстай инээд
About the Book

1

Жамба сургуулиасаа гэртээ ирээд хоол ундаа идэж уусны дараа амар унтлаа. Хөгшин ээж нь ач хүүгээ их л хайрладаг тул толгойгий нь илбэж духан дээр нь үнсээд цүнхтэй номыг нь авдар дээр тавилаа
Жамба нэлээд унтаж байснаа зүүдэлж эхлэв. Түүний зүүдэнд үзэгдсэн явдлыг багачууд та нарт сонирхуулъя. Жамба нэг ширээнд цуг суудаг Жавзмаатай хоёулаа сургуулиас харьж явж гэнэ. Тэгсэн чинь гэнэтхэн Жамбын зүүж явсан номын савнаас ном, дэвтэр, үзэг, харандаа, баллуур нь цом сугарч зугатаж гэнэ. Хажууд яваа Жавзмаа маш их цочив:
– Салхигүй байхад яасан хачин юм бэ? гэж Жамба сандран хэлэв. Жавзмаа “ Чи гүйгээч, гүйцээч” гэж дэвтрүүдийн хойноос хуруугаараа заав.
Гэтэл хамгийн сүүлд яваа “ Үсэглэл” нь “Баяртай Жамба аа” гэсэн шиг салбагар хавтсаа, далбалзуулсаар далд орлоо.
Жамба хойноос нь байдаг чадлаараа гүйж эхлэв. Гүйгээд, гүйгээд гүйцсэнгүй, хор нь хөдөлж үйлав:
– Жавзмаа түүний хойноос гүйн ирлээ:
– Чи битгий уйл л даа битгий уйл!
Чи даанч ном дэвтрээ хайрладаггүй байсан шүү дээ. Лав тэгээд гомдсон биз гээд Жавзмаа сүлжсэн гэзгээ оролдон зогсов:
– За хаанаас даа, тэд ямар амьтан биш дээ.
– Чи “ хамгийн сүүлд далд орсон “ Үсэглэл” “ Баяртай Жамба аа!” гэхийг сонсоогүй юу!
– Нэрээ тэгсэн байх аа, үгүй би аав, ээж, багш нартаа юу гэж хэлдэг билээ! Би одоо яах билээ! Жамба эхэр татан дахин уйллаа.

2

Эргэн тойрон соёолж байгаа ногоо, дэлбээгээ дэлгэж буй цэцгүүд хүртэл шоолох мэт санагдав. Олон өнгийн шувууд улам ч янз янзаар дуугарах мэт болов. Гэтэл нөгөө ном, дэвтэр, харандаа, үзэг, баллуур нь цөм энд тэндээс гараад гараад ирлээ.
– Хүүш! хүүш! Чи хараач. Тэндээс “Үсэглэл” ирж явна. Эндээс үзэг ирж явна! гэж Жавзмаа Жамбын мөрнөөс аяархан татав. Жамба түүнийг хараад нүдэндээ доголон нулимстай мөртөө инээмсэглэж эхэлснээ лавлан харсны дараа бүр тас тас инээд алдав. Жавзмаа бас инээд алдлаа гэнэ.
Жамбын дэргэд ноорхой гурван дэвтэр нь ирээд ингэж байна гэнэ.
– Чи биднийг ер гамнадаггүй, бидэн дээр бэх асгадаг, үнгэж үрчийлгэдэг, бас тэгээд намайг бүр ч их бэхэдсэн шүү гэж тооны дэвтэр нь айхтар чанга дуугаар хэлэхэд хэл бичгийн дэвтэр, зургийн дэвтэр бас ч дуугүй байсангүй, сүрхий өгүүлэл тавьцгаалаа. Тэднээс үсэглэлийн номын нүүрэн дэх хүүхдийн зургууд нарийхан дуугаар зэрэг зэрэг,
– Явчмаар л байна даа. Чи биднийг даанч гамгүй эдэлдэг.
– Заримдаа гэртээ ирээд уншдаггүй. Бас тэгээд ар талын минь хуудсыг урчихсан. Ийм уранхай хавтастай, дутуу хуудастай болсондоо бид бусад хүүхдийн “ Үсэглэл” –ээс их ичдэг. Гэтэл чи бидний төлөө ер сэтгэл зовдоггүй гэлээ.
Харандаа ч бас:
– Намайг хазсаар байгаад хамуутай юм шиг муухай болгочихсон. Дандаа л хугалчихаад үзүүрлэж байдаг гэж гомдол гаргав.
Баллуур:
– Би ерөөсөө сайн жаалд очлоо. Надаар юм их балладаг, би их элэгдэж гүйцэж байна. Заримдаа энд тэндээс минь тасдаж аваад хүүхэд рүү шидэж харвадаг гээд уйлж байна гэнэ.
– Гэтэл бас үзэг нь гэнэт Жамбыг хатгах янзаар шумбан нисэж явна гэнэ шүү. Жамба тун их айлаа. Тэгэхлээр нь бусад ном, дэвтэр цөм гуйж баллуур, үзэг хоёрыг хориглож ядаж байна гэнэ.

3

Яг энэ үед ангийнхан нь аль хэдийнээ Жамбын тэр хөгийг нууцаар харчихаад “цаадуулын чинь зөв, зөв!” гэж хашгирчээ.
Жамба ихэд ичиж зовоод яаж ч чадахгүй байжээ. Гэтэл ангийнх нь хэсэг хүүхэд хүрээд иржээ. Жамба тэдний нүүрэн дээр ном, дэвтэр, үзэг, харандаа, баллуурынхаа өмнө буруугаа хүлээж “ Үүнээс хойш би та нарыг арчлан гамнадаг болно. Би одоо номоо их уншина” гэсээр уруул нь хөдлөн хурхирна. Энэ үед Жавзмаа гэгч хамт суудаг охин дөнгөж орж ирээд түүнийг сэрээх гэж байтал. Жамба “Би нэгдүгээр ангиа онцсайн төгсөнө” гэж айхтар чанга дуугаар хэлснээ сэрчихэв.
Жавзмаа:
– Чи яаж байна?
– Зүгээр, зүгээр, би…
– Би чамайг сэрээе гэж байтал чи сая “Би нэгдүгээр ангиа онцсайн төгсөнө” гээд нэг их чанга дуугарлаа шүү дээ.
– Би их сонин зүүд зүүдэллээ. Би ангийнхандаа очиж ярих уу, байх уу? Аль чамд хэлэх үү? Би их ичиж байна. Үүнээс хойш ном, дэвтэр, харандаа үзгээ их гамтай эдэлж байна гэж Жавзмаад хэлэв. Учры нь ойлгоогүй бяцхан охин гайхчихаад бүлтгэнэн зогсож байв.
Жавзмаад давтлагандаа очих замдаа юу гэж зүүдэлсний учрыг ярьж, буруугаа дахин дахин хүлээсээр явлаа.
1950
Зураач Ч.ОЮУНХИШИГ