Алт Мөнгө хоёр

Алт Мөнгө хоёр

зургийг:  https://creazilla-store.fra1.digitaloceanspaces.com/cliparts/35626/brothers-clipart-md.png

About the Book

Эрт цагт нэгэн эцгийн хоёр хүүхэд холын уулнаас мод түүж ирэхээр явж байжээ. Явахад нь ээж нь хоёр хүүдээ замдаа идэж яв гэж нэг нэг боодолтой ааруул ээзгий өгөөд “Хоорондоо эвтэй, ах нь дүүгээ асарч яв” гэж захижээ.
Ингээд ах дүү хоёр алсын замд гарчээ. Энэ хоёр хүүгийн ах нь Алт дүү нь Мөнгө гэдэг нэртэй юм байжээ. Алт, Мөнгө хоёр замдаа их хүйтэн шуургатай шөнө хээр унтах болжээ. Мөнгө нь хэлж гэнэ. “Ах аа, энэ хүйтэн шуургатай шөнө даарна шүү. Хоёулаа хадны агуй олж унтахыг бодъё” гэж хэлэв. Алт нь “Миний дүүгийн хэлдэг зөв. Хоёулаа хоёр тийш явж агуй эрье. Чи энэ уулын өвөр лүү яв. Би уул өөд явья, аль түрүүлж агуй олсон нь бие биенээ дуудъя” гэв.
Дүү нь “За тэгъе” гэж зөвшөөрөөд хоёр тийшээ салаад хоргодож унтах хадны агуй эрэхээр явцгаажээ. Мөнгөд хадны агуй ер олдсонгүй. Унтахаар нөмөртэй газар олоод ахыгаа дууджээ. Юу ч дуугарсангүй. Алт нь уулын оройд гараад нэг дуулан агуй олжээ. Хэвтээд үзсэн чинь хоёр хүн арай багтахгүй болохоор би өөрөө дулаан унтвал бусад хүн хамаагүй гэж бодоод дүүгээ дуудсангүй агуйн мухарт орж тавтай унтаж гэнэ. Мөнгө ахыгаа хэзээ дуудах бол гэж чагнасаар суутал тас харануй шөнө болж цасан шуурга улам ширүүсчээ. Өвлийн хүйтэн шуурган дунд нимгэн хөдсөн дээлтэй, Мөнгө хавчигнатал чичирч, айж даарахын эрхэнд ахыгаа олон удаа дуудсан боловч огт чимээ гарсангүй. Мөнгийн гар хуруу чичигнэн хөлдөж үхэх шахаад байтал адуу эрж явсан өвгөн дайралдаж, арваад настай бяцхан Мөнгө хүүг дулаан дээлэндээ хучиж хөлдөж үхэх аюулаас аварчээ. Тэр ууланд чоно элбэгтэй юм байжээ. Хоёр чоно үдэш агуйгаас босож, шөнө айлуудын хот руу ан хийж яваад юу ч олсонгүй, өлсгөлөндөө гутарсаар үүрэлдэг агуйдаа иртэл агуйд унтаж байгаа бяцхан хүүхдийг хараад тоймгүй баярлаж, хэл амаа долоож идэхээр завдаж, “хэн нь эхлэн барих вэ?” гэж ярилцаж байжээ.
Мөнгө хүү өвгөн адуучны хүчээр дааралгүй хоносон боловч ахыгаа харанхуйд төөрөөд хөлдөж үхсэн болов уу гэж бодсоор байгаад үүрийн цагаан гэгээгээр босож ахыгаа эрсээр хадны агуйн дэргэд ирээд агуй руу мөлхөж яваа хоёр чоныг үзээд чанга дуугаар хашгиртал цогтой хүүгийн дуугаар чоно зугтаад явчихав.
Алт арай гэж сэрээд чонын барааг хараад уушиг зүрх нь дэлбэрэх шахжээ.
Ингээд ах дүү Алт, Мөнгө хоёр үүрээр уулзжээ. Хэрэв Мөнгө нь эрж олоогүй бол Алтыг чоно яах байсан бэ? Та нар сайн бод.Энэ юунаас болов.

Эх сурвалж: http://khuukhed-khugjil.mn/sites/default/files/%D3%A8%D0%93%D2%AE%D2%AE%D0%9B%D0%9B%D0%AD%D0%93.pdf

About the Author
Хорлоо П.

Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт 1917 онд төрrжээ. Тэрээр 1933 оноос уран бүтээлээ эхэлж хүүхдэд зориулан “Хар унага”, “Говийн хүү”, “Багш” зэрэг олон зохиол бүтээл бичжээ, “Жаргалт хүүхдүүд”, “Алт, Мөнгө хоёр”, “Туулайн бөжин”, “Нарны туяанд” зэрэг ном хэвлүүлснээс гадна “Алтан үст охин”, “Багш”, “Шидэт толь” зэрэг жүжгийн зохиол бичжээ.

Дэлгэрэнгүй:
https://dnn.mn/айлын-ганц-хүү-пүрэвийн-хорлоогийн-үр-ач-зээгийн-тоо-дал-хэдийнэ-давжээ