Танин мэдэхүйТүүх, Хуучны баримт

“Ерөнхийлөгчийн САЙШААСАН ба ҮЗЭН ЯДСАН, ДҮГНЭЛТ ХЭЛЖ ЧАДААГҮЙ гурван ном”

Хэвлэлийн газар ажиллуулдаг эр, зарагдахгүй байгаа агуулахаар дүүрэн номоо, хэрхэн борлуулах тухай толгойгоо гашилгаж суутал нэгэн танил нь түүнд хэрхэх тухай зөвлөгөө өгчээ. Тэрээр Ерөнхийлөгчид нэг ном танилцуулахыг санал болгожээ. Уг зөвлөгөөг дагаж Ерөнхийлөгчтэй уулзахаар очиход Ерөнхийлөгч маш завгүй байв. Тухтай уулзах завгүй учраас Ерөнхийлөгч “Энэ бол маш сайн ном юм” гэжээ.

Тэрээр дэлгүүртээ буцаж ирээд “Энэ бол Ерөнхийлөгчөөс сайн үнэлгээ авсан ном” гэсэн зарыг бичиж наагаад номоо зарж эхэлжээ. Гэтэл санаанд оромгүй явдал болж маш богино хугацаанд нэг ч ном үлдэлгүй зарагдав. Удалгүй энэ тухай Ерөнхийлөгчийн сонорт хүрчээ.

Нилээд хугацааны дараа дахин нэг ном Ерөнхийлөгчид аваачиж үзүүлтэл Ерөнхийлөгч “Энэ маш муу ном байна” гэж хэлжээ. Бизнес эрхлэгч дэлгүүртээ буцаж ирээд “Энэ ном бол Ерөнхийлөгчийн үзэн ядсан ном” гэсэн зарлалыг гаднаа хадсан байна. Гэтэл ном бас л хурдан зарагдаж дуусчээ.

Тэр гуравдахь номоо аваад Ерөнхийлөгч дээр очтол Ерөнхийлөгч өмнөх хоёр удаа юу болсныг мэдсэн учраас гуравдахь номын тухай юу ч хэлсэнгүй. Гэтэл тэр буцаж ирээд “Ерөнхийлөгч дүгнэлт хэлж чадаагүй ном” гэсэн зарлал тавьтал хүмүүс бас л юу ч үлдээлгүй худалдан авчээ.