Эрүүл мэнд

ДАРХЛААГАА БЭХЖҮҮЛЖ, ХАНИАДНААС СЭРГИЙЛЬЕ

  • Амин дэмийн хэрэглээ. С амин дэм нь ханиад томууны халдварыг эсэргүүцэх өндөр чадвартай ч бусад амин дэм болон эрдэс бодисын биед шаардагдах хэмжээ хомсдолтой байхад дан ганц С амин дэмийг хэрэглэснээр хүний дархлаа сайжрах боломжгүй байдаг. Иймээс хаврын улиралд С амин дэм, мультвитамин ба эрдэс бодистой нэмэлт тэжээл түлхүү хэрэглэвэл ханиад томууны өвчлөлд тэсвэртэй байж чадна.
  • Ус хангалттай уух. Ус ууснаар биеийн лимфа буюу тунгалгийн тогтолцоо идэвхжих ач холбогдолтой байдаг. Тунгалгийн шингэний үйл ажиллагаа нь халдвар үүсгэгч бактер, вирусыг устгагч цусны цагаан эсүүдийг бие махбодиор зөөвөрлөн, үүссэн үрэвслийг тунгалгийн зангилаагаар шүүж явуулдаг. Томууны халдвар авсан үед эрүүний доор орших тунгалгийн зангилааг тэмтэрч үзээрэй. Үрэвсэлтэй байхад тунгалгийн зангилаа өөр дээрээ халдвар шүүж хуримтлуулсан байдаг тул томорч тэмтрэгддэг болсон байдгийг анзаараарай. Ус хангалттай хэрэглэхгүй байхад тунгалгийн тогтолцооны шүүх урсгал удаашран, халдвартай тэмцэх чадавх буурдаг тул халдвар тархалт элбэг үед ус шингэний хэрэглээг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй.
  • Дасгал хөдөлгөөн тасралтгүй хийж байх. Идэвхтэй амьдралын хэвшил дархлааг бэхжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Тогтмол дасгал хийдэг хүн халдварын аливаа өргөн тархалтын бүст байсан ч өртөх магадлал 35 хувиар бага байдаг. Дасгал хийх хүсэл эрмэлзэл өвөл цагаар буурвал бүжиглэж идэвхтэй цаг өнгөрөөвөл дасгалын хажуугаар сайхан амралт болно. Бүжгийн алхаа, хөдөлгөөнийг сурах явцад ажил асуудлаа богино ч болов хугацаагаар мартагнах болно. Энэ нь дархлааг идэвхжүүлж, жингээ ч таатай хэлбэрээр хаях давхар ашиг тустай.
  • Шөнийн нойрны чухлыг дутуу үнэлж болохгүй. Судлаачдын тогтоосноор вирусны халдварын вакцин хийлгэсний дараа сайн унтаж амарсан хүмүүст бий болсон халдварыг эсэргүүцэгч биетийн тоо унтаж чадаагүй хүмүүсийнхээс 2 дахин олон байсан байна. Энгийнээр хэлбэл таны бие махбодь халдварын эсрэг тэмцэх, хурдан нөхөн төлжихийн тулд маш сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Нойргүйтэх зовиуртай хүмүүс унтахаасаа өмнө цай, кофе уухаас татгалзаж, халуун баннд амарч байж унтах гэх мэт бүх арга хэмжээг авч шөнийн нойроо гүйцэд авч байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *