Зан заншил

Аман хүзүүний ерөөл

Оюун эрдэнийн уньтай
Сүлжмэл эрдэнийн ханатай
Төгрөг эрдэнийн тоонотой
Төмөр эрдэнийн тулгатай
Түмний дунд нь аман хүзүү эрдэнэ ээ.
Араас ирсэн аман хүзүү
Алт мөнгөөр чимэглэсэн аман хүзүү
Өврөөс ирсэн аман хүзүү
Өөх тосоор чимэглэсэн аман хүзүү
Эрт урьдаас ачлалтай аман хүзүү
Өвөг дээдсээс ерөөлтэй аман хүзүү
Шарилжийн намааг тосолсоор аман хүзүү
Шар улааныг өмсүүлсээр аман хүзүү
Боролзгонын намааг тосолсоор аман хүзүү
Бор улааныг эдлүүлсээр аман хүзүү
Тугал дээрээ
Тос хуруудыг идүүлсэн
Тус ихтэй аман хүзүү
Бяруу дээрээ
Булга торгыг өмсүүлсэн
Буян ихтэй аман хүзүү
Шүдлэн дээрээ
Шүр, сувдыг эдлүүлсэн
Шимээ өргөсөн аман хүзүү
Арван насан дээрээ
Агуудам бэлчээрт бэлчээд
Ардаг хурласан аман хүзүү
Арван нэгэн насан дээрээ.
Арааны шүд нь сийхэд
Алж идсэн аман хүзүү
Түмэн сүргийн дундаас
Түнтийж гарсан үхэр минь
Түмэн газрын үзүүр
Төрөл үгүй зүтгэдэг аман хүзүү минь
Мянган сүргийн дундаас
Манлайлж гарсан үхэр минь
Мянган газрын үзүүр
Мятрал үгүй аялсан аман хүзүү минь
Боосон газар нь борлог тугал,
Борлог тугал нь өсөөд
Бум түм болоорой.
Унасан газар нь улаан тугал.
Улаан тугал нь өсөөд
Олны тоонд хүртүгэй.
Цохисон газар нь цоохор тугал
Цоохор тугал нь өсөөд
Мянгын тоонд хүртүгэй.
Алсан газар нь алаг тугал
Алаг тугал нь өсөөд
Арван түм болтугай.
Хүрэн зүстэй нь
Хөндий дүүрэн бэлчээрлээд
Алаг зүстэй нь
Арал дүүрэн шар болоод
Алд алд эвэртэй нь
Алтайн говь дүүрээд
Дэлэм дэлэм эвэртэй нь
Дэлхий дүүрэн өсөөд
Нуурт усалбал ширгээгээд
Нугад бэлчээвэл дүүргээд
Харзанд усалбал ширгээгээд
Хангай говийг дүүргээд
Тоолоод барахгүй
Туугаад гүйцэхгүй
Too томшгүй болоод
Хэнийх вэ? гэвэл
Түүнийх гэж алдарших болтугай.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://www.petcircle.com.au/product/blackdog-lamb-neck

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *