Үргэлжилсэн үгийн зохиол

Зам салах хязгаарт

Уйтайхан байна, надад

Үлэмжийн сайхан амраг минь амьдардаг

Энэ хотоос явна гэхээр

Уйтайхан байна, надад

Шваб ардын дуу

Дуу аялан байсан хүн шош пор пор буцалж буй тогоо руу өнгийн харснаа ус нэмлээ. Тэгээд саяхь эр нуруугаа цэхлэн зогссоноо, идэш ууштай хайрцаг хавиар эргэлдэж байсан нохдыг утаа суунаглуулсан галтай цучилаар айлган хөөж гарав. Тэрбээр царай зүс сайтай, хөгжүүн цэнхэр нүдтэй, алтан шаргал үстэй агаад бүхий л дүр байдал нь цовоо Цолгин, эрүүл саруул ахуйг нь илтгэнэ.

Буудлыг нэвтэршгүй хана мэт хүрээлж, өөр бусад ертөнцөөс нэгмөсөн тусгаарласан цаст тайгын дээр шинийн хавирган сар гялтайна. Жаварт, цэлмэг тэнгэрт түмэн од бүжих мэт жирвэлзэнэ. Зүүн өмнө зүгт мэдэгдэхтэй үгүйтэй ногоон гэгээ сүүмийх нь умрын туяаны түрүүч авай.

Түүдгийн дэргэд хоёр хүн хэвтжээ. Цасан дээр зургаан ямх зузаан үелүүлж дэвссэн нарсны мөчир дээр хаясан баавгайн арьс тэдний хэвтэц аж. Хөнжлөө хажуу тийш нь тийрч орхиж. Хоёр модны хооронд газраас дөчин таван хэмийн өнцөг гарган татсан далбааны зотон салхины халхавч болохын сацуу түүдгийн илчийг тогтоон доош нь баавгайн арьс руу буулгах ажээ.

Түүдгийн хажууханд бас нэг хүн чарган дээр суугаад, бугын арьсан бойтгоо цойлдож байлаа. Баруун талд нь овоолоостой байгаа хөлдүү элс, болхи хөшүүрэг сэлт, эд нар өдөр өнжилгүй алтны судал тэмтчин махран зүтгэж буйг илтгэнэ. Зүүнтэй нь цасанд зоосон дөрвөн хос цана, буудлаас чинагш одохдоо энэ улсын хэрэглэдэг унаа аж.

Эгэлхэн шваб дуу Умардын хүйтэн оддын дор нэг л жигтэй, сэтгэл догдлом дуулдах ажээ.

Тэр аялгуу зүдгүүрт ажлын өдрийн дараа түүдгийн хажууд ясаа амрааж буй улсын зүрхийг долгилуулан түгшээж, сэтгэл шимшрэм зовиур, алс холын нарлаг Өмнөдийн зүг тэмүүлэх дон лугаа адил гашуун гунигийг нь өөрийн эрхгүй сэдрээж байлаа.

-Бурханыг бодож амаа хамхиач дээ, Зигмунд хэмээн түүдгийн дэргэд хэвтэгсдийн нэг нь учирлаад, өвдтөл нь атгасан нударгаа баавгайн арьсны нугалаан доогуур сэмхэн шургуулжээ.

-Надад дуулмаар байхад би яагаад амаа хамхих ёстой юм, Дейв Верц -гэж Зигмунд хариу өчөөд: -Миний зүрх сэтгэл баяртай байгаа ч юм билүү гэв.

-Яагаад гэвэл баярлаж хөөрөх юм энд даанч алга. Эргэн тойрноо хараач. Бүтэн жил бид яаж амь зууж байгаагаа бодооч, зөвхөн идэж ууж, морь шиг зүтгэж байна, чөтгөр аваг.

Харин элтан шаргал үст Зигмунд цав цагаан цан хүүрэг болчихсон нохдыг, хүмүүсийн амнаас бургих цагаан мананг тайвуухан харж байлаа.

-Яахаараа би баярлаж болдоггүйнхээ учрыг олж харахгүй л байна гэснээ тэр инээд алдаад:

-Хамаг юм тийм муу муухай байгаа гэж үү. Над бол таалагдаж байна аа. Хоол хош адгийн гэж чи хэллээ. Яахав… -гээд тэр тохойгоо нугалан гарынхаа хүчирхэг булчинг илэх зуураа:

-Амь зуухын хувьд бид адгууснаас өөрцгүй ч, харин авах олохын хувьд ёстой хаан шиг байна. Энэ судлаас угаах бүртээ бид хорин доллар олдог. Цаана нь энд ахиад элбэг наймэн фунт алт бий, Энэ чинь хоёр дахь Клондайк гэдгийг бид цөмөөрөө мэднэ. Тэр, Жим Хоз чиний дэргэд байна, мань хүн бол юм ойлгодог, тиймдээ ч гомдол гаргадаггүй. Хичкокыг хар, бугын арьсан бойтогоо чавганц шиг өөрөө цойлдож сууна, тэглээ гээд хана самардаагүй халамжлах хэрэгтэйгээ мэднэ. Гэтэл хар, чиний тэсвэр барагдаад, хавар болтол тайван ч ажиллаж чадахгүй нь. Уг нь тэр цагт бид хаан шиг баян болцгооно. Америкт, гэртээ хурдхан очмоор байна уу? Намайг тэгж боддоггүй гэж санаа юу? Би тэнд төрсөн.Гэхдээ би хүлээж чаднаа. яагаад гэвэл өдөр болгон манай угаагчийн ёроолд тос цохигч доторхи цөцгий шиг алт шаргалтаж байдаг юм. Гэтэл чи хүүхэд шиг гоншигоноод, юу хүссэнийг минь одоохон өгөөч гээд. Тэгэх ч үгүй шүү, дуулж суусан минь дээр.

Жил жилийн дараа, усан үзэм дэлгэрэх цагаар

Унаган нутгаан зорино, би

Чи минь үнэнч байх аваас

Чамайгаа би эхнэрээ гэж нэрлэнэ

Жил жилийн дараа, цаг хугацаа хуучрах цагаар

Чамайгаан би эхнэрээ гэж нэрлэнэ

Чи минь үнэнч байх аваас

Насан туршдаа би чинийх байх болно.

Ноход сэрвээнийхээ үсийг босгон, бүгтхэн гийналдсанаа, гэнэтхэн түүдэгрүү дөхөцгөөв. Цанын жигдхэн чихраан дуулдаж, хэн нэгэн элсэн чихэр цацаж буй мэт цас шийхтнуулан гулгасаар айсуй чимээ сонсогдлоо. Зигмунд яриагаа таслаад, хараал зүхэл урсган нохдыг хөөлөө. Түүдгийн гэрэлд амьтны арьсан нөмрөг нөмөрсөн улаан арьст бүсгүй үзэгдэж, тэрбээр цанаа тайлж орхин, хэрмэн дээлнийхээ юүдэнг хойш нь унагаснаа, түүдгийн дэргэд буй хүмүүс рүү ойртож ирлээ.

-Сайн уу, Сипсу хэмээн Зигмунд, баавгайн арьсан дээр хэвтэж байсан хоёр зэрэг зэрэг түүнтэй мэндэлж, харин Хичкок чарган дээр хажуудаа зай гаргаж өгөх санаатай чимээгүйхэн цаашаа суув.

Тэр чихэнд чимэггүй чинуки аялгуутай муруй хазгай англи үгсээ хольж хутган:

-За сонин хачин юутай байна даа, Сипсу -хэмээн нэг л этгээд хачин үгээр асуугаад:

-Тосгоныхон өлсгөлөн хэвээрээ л биз дээ. Ан гөрөө, олз омог яагаад ингэж хомсодсоныг, хандгай алс газар одсоны учрыг танай бөө тайлж чадаагүй байгаа биз дээ гэж асуув.

-Тийм ээ, чиний үг үнэн. Ан гөрөө арвигүй, бид удахгүй нохдоо идэхээс өөр аргагүй болно биз. Гэхдээ бөө энэ гзй түйтгэрийн учрыг олсон, маргааш тэр өргөл өргөж, овогт нүүрлэсэн хараал зэтгэрийг зайцуулна.

-Хэнийг золигт гаргах нь вэ? Дөнгөж мэндэлсэн балчир уу, эсвэл дараанаас цаашгүй, далд орсонд нь баярлахаар азгүй чавганц уу?

-Үгүй дээ, энэ удаа тэр өөрөөр болгоосон. Бурхад хилэгнэжээ. Тийм учраас золионд одох хүн нь овгийн тэргүүний охиноос өөр хүн байх ёсгүй гэнэ. Тэр нь би, Сипсу.

-Ай чөтгөр чамайг! хэмээн Хичкок өөрийн эрхгүй дуу алдав.

Тэрбээр үгээ таслан байж гайхшрал, санаашрал, уй шингэсэн дуугаар жинтэйхэн дуугарсан билээ.

-Ингээд бидний зам салж байна даа -гэж хүүхэн тайван өгүүлээд: -Бие биеийнхээ зүсийг дахин нэг харахсан гэсэндээ би хүрээд ирлээ, Сүүлчийн удаа.

Бүсгүй балар эртний ертөнцөд харьяалагдаж байгаа хойно түүний амьдралын хэв жаяг ч бас балар эртнийх. Ямар л байгаа тэр хэвээр нь амьдралыг хүлцэж тэвчээд сурчихсан болохоор бүсгүй амьд хүнээр өргөл өргөхийг байдаг л юм гэж үзнэ. Өдөр шөнө ээлжлэх, ус бороо асгарах, хүйтэн жавар тэргүүтнийг эрхшээж буй сүр хүчин, цэцгийн дэлбээг хумиж, навчисыг шарлуулж байдаг тэр хүчин хилэгнэх удаа бий. Тэдний энэрэл нигүүсэлийг хүртэхийн тулд өргөл золиос ч хэрэгтэй. Тэдний хүсэл зориг янз янзаар илэрнэ. Шар усны үерээр хүн живж үхнэ, урвагч хуурамч мөсний ангал руу ойчно, баавгайн үхлийн саварт базагдана, эс бөгөөс төрөлх голомтынх нь дэргэд түүнийг ужиг өвчин нэрвэнэ. Бас сүүлчийн амьсгаатай нь цуг амьдрал түүнийг орхин одтол, уушигныхаа хэлтэрхийг нулиман ханиалгана. Заримдаа бурхад ч хүний амьдралыг өргөлд авахыг зөвшөөрнө. Харин бөө тэдний хүсэл зоригийг таамаглахдаа гаргуун, сонгохдоо алдана гэж үгүй. Хамаг юм эв энгийн. Үхэл түмэн янзын замаар ирдэг ч, эцсийн эцэст бүхнийг номхруулагч, ухаан хүршгүй агуу хүчний зарлиг хэмээх ганц төгсгөл рүү бүхнийг хөтөлдөг.

Гэтэл Хичкок огт өөр, хөгжингүй ертөнцийн харъяат. Түүний ертөнцийн хэв жаяг ийм энгүүн болхи, ийм маргашгүй байдлаар үл ялгарна. Тийм болохоор Хичкок:

-Хаанаас даа Сипсу. Энэ чинь мунхаг явдал. Чи цэл залуухан. амьдралд ид шатаж явна.

Танай бөө чинь мунхаг амьтан, тэр буруу сонгож Ийм юм хаа байсан юм.

Бүсгүй ялдамхан инээснээ:

-Амьдрал хатуу. Хэзээ ч юм бэ тэр бидний нэгийг нь цагаан арьстаИ. нөгөөхийг нь улаан арьстай бүтээж. Дараа нь бидний замыг нийлүүлэх тэр үйлийг бүтээж, өдгөө дахиад биднийг салгах нь. Энэ бүхнийг өөрчлөх хүч бидэнд үгүй. Нэг удаа бас л бурхад догширох цагаар чиний ах дүүс бидэн дээр, тосгонд ирж билээ. Тэд гурвуулаа байсан, хүчирхэг цагаан хүмүүс Тэд яг чам шиг “Ийм юм хаа байсан юм” гэж хэлж байсан. Харамсалтай нь тэд үхэцгээсэн, гурвуулаа. Юм болдгоороо болсон.

Ойлгосны тэмдэг болгон Хичкок түүн рүү толгой дохиод, дараа нь нөхөд рүүгээ эргэснээ дуугаа чангаруулан:

-Дуулаа биз, залуус минь. Тэнд, гацаанд бүгд солиорч орхисон бололтой. Тэд Сипсуг алах гэж байна. Та нар энэ тухай юу хэлмээр байна? гэлээ.

Хоз Верц хоёр бие биеэ харснаа дуугаа хураачихлаа. Зигмунд тэр-гүүнээ гудайлган, хөлд нь наалдан хэвтсэн хоньч нохойг илбэнэ. Мань эр тэр нохойг алс холоос авчирсан болохоор их л энхрийлж халамжилдаг ажээ. Нууц нь юундаа вэ гэхээр, цээжиндээ далд нуусан бяцхан гуунд зураг нь буй.үргэлж бодож санаж, дууг нь ямагт хөгжөөгч тэр бүсгүй мань хүнийг Умардад одоход үдэж өгөхдөө энэ нохойг бэлэглэсэн юмсанж.

-За тэгээд та нар юу хэлмээр байна даа? хэмээн Хичкок дахин хэлэв.

-Үнэхээр тийм биш ч байж мэднэ. Сипсу хэтрүүлж байж магадгүй гэж Хоз баахан азнаснаа сая ам нээв.

-Би та нараас энэ тухай асуугаагүй гэж тэдний хариу дуугарах ч үгүй байгааг харсан Хичкокийн уур хилэн дүрсхийж, царай нь улаа бутраад: -Хэрэв үнэхээр үнэн байвал бид ийм юмыг тэвчих хэрэг үү гэж би асууж байна. Бид юу хийх ёстой вэ?

-Миний бодлоор мань мэт оролцох хэрэг юун -хэмээн Верц өгүүлээд: -Үнэхээр тийм юм болсон байлаа ч, бид юу хийж чадах юм. Тэднийхэн ийм ёстой, шашин мергөл нь тэгж болгоодог биз, ер нь ч тэгээд бидний хэрэг биш. Бид ахиухан алт угааж аваад, түргэхэн хараал идсэн энэ нүхнээс зайлбал барав. Энд зэрлэг адгуус л амьдарч чадна, улаан арьстанууд адгууснаас ялгаа юун. Үгүй дээ, энэ бол бидний хувьд дэндүү хөнгөн хуумгай явдал болно гэлээ.

-Би ч тэгж бодож байна. Бид энд дөрвүүлхнээ, гэтэл Юкон хүртэл гурван зуун бээр, ойр хавьд ганц ч цагаан арьстантай нүүр учрахгүй. тэгэхээр бид зуун тавиад улаан арьстаны өөдөөс юу хийж чадах юм? Хэрэв тэдэнтэй ам зөрвөл эндээс зайлахаас аргагүй болно, үзэлцээд яах юм, биднийг хүйс тэмтэрчихнэ. Тэгээд ч бид алтны судал дээр буучихсан шүү дээ, чөтгөр аваг, би энэ бүхнээ орхимооргүй байна гэж Хоз түүнтэй санаа нэгдэв.

-Зөв хэмээн Верц дуу алджээ

Жил жилийн дараа, усан үзэм дэлгэрэх цагаар

Унаган нутгаан зорино, би.

Аяархан дуулж суусан Зигмунд руу Хичкок тэсвэр алдан эргэж харлаа.

-За Хичкок минь, би бусадтай санал нэг байна. Тэнд зуун тавиад улаан арьстан бүсгүйг алахаар шийдсэн бол бид юу хийж чадах юм. Бүгдээрээ ганц ухасхийгээд биднийг зүйл дуусгана. Ингэлээ гээд юу олж долоох вэ. Жаал охин тэдний гарт үлддэгээрээ үлдэнэ. Үгүй дээ. хамаг хүч чиний талд байсан цагт нутгийнхны дэг жаягийн өөдөөс сөрж болно.

-Тэр хүч чинь бидний талд байна. Дөрвөн цагаан дөрвөн зуун улаанаас дутахгүй. Бүсгүйн тухай бодохгүй байна уу, та нар хэмээн Хичкок түүний үгийг таслав.

Зигмунд бодолд дарагдсан янзтай нохойгоо илбэнэ.

-Би бүсгүйн тухай л бодож байна, Түүний минь нүд зуны тэнгэр шиг цэв цэнхэр, тэнгис долгилох шиг инээдэгсэн. Үс нь минийх шиг алтан шаргал, бүдүүн гэгч сүлжчихсэн. Тэр намайг нар гялбасан тэртээх нутагтаа хүлээж суугаа. Тэр аль хэзээнээс хүлээж байгаа, санасан бүхэн минь бүтдэгийн даваан дээр би өдийд азаа үзмээр байна.

-Харин би чиний оронд байсан бол тэр цэнхэр нүд рүү тайван харж зүрхлэхгүй, миний хулчгараас үрэгдсэн гил хар нүдэн үргэлж сэтгэлийг минь цоргисоор байх биз гэж Хичкок хорсолтой нь аргагүй хэлэв.

Хэзээний уужим сэтгэлтэй, чин шударга энэ хүн хожим хойтохын тухай үл санан, аливааг тэгтлээ бодож тунгаалгүй, бүхэнд өглөгч харамгүй сэтгэлээр хандаад сурчихсан билээ. Зигмундыг толгой сэгсрэн:

-Чи солиорч, Хичкок. Гэхдээ чамаас болж би тэнэг юм хийхгүй. Саруулхан сэтгэж, учир начрыг нь тунгаах ёстой биз дээ. Би ийшээ зугаацах гэж ирээгүй. Хамгийн гол нь бидний оролцоо тэртээ тэргүй тус болохгүй. Бүсгүйн ярьсан бүхэн үнэн байлаа гээд яалтай. Түүнийг хөөрхийлөх л үлдэж. Овгийн ёс ийм хойно, бидний энд байгаа бол харин цэвэр тохиолдол. Эд мянган жилийн тэртээ ийм юм үйлдэж байсан, өнөө ч үйлдэнэ, хойшдоо зууны эцэс хүртэл үйлдсээр байх биз. Эд бидэнА харь ертөнцийн улс, бүсгүй ч гэсэн дээ. Үгүй шүү, би Верц, Хоз хоёрын талд эцсээ хүртэл зогсоно, бас… гэхийн сацуу:

-Ноход архиралдан овоорцгоолоо. Зигмунд үгээ таслан чих тавих эгаад харанхуйгаас олон цанын чихраан дуулдана. Төдөлгүй, түүдгийн гэрэлд нуруулаг, шийдмэг хүйтэн төрхтэй, таг дуугүй, ангийн арьсан дээлтэй хэдэн улаан арьстан үзэгдэв. Тэдний сүүдэр муу ёр зөгнөх мэт цасан дээр цоролзоно. Энэ хүмүүсийн нэг, бөө Сипсуд хандан төвөнхийн авиагаар юу ч юм хэлэв. Тэрбээр царайгаа болхи гэгч шунхдаж, мөрөн дээрээ чонын арьс тохсон агаад духан дээр нь ангайсан араатны араа шүд ярзайлдах аж. Бусад нь тагчиг, алтны хайгуулчид ч чимээгүй. Сипсу босч, цанаа углав.

-Хагацъя даа, анд минь хэмээн бүсгүй Хичкокт хэлэв.

Гэтэл түүний хажууд чарган дээр сууж байсан эр өчүүхэн ч хөдөлсөнгүй, улаан арьстанууд нэг нь нөгөөгийнхөө араас харанхуйд алга болон одож байхад тэргүүнээ өндийлгөсөн ч үгүй.

Энэ хязгаарт ирэгч олон олон эрчүүлийг бодвол Хичкокт Умард нутгийн хүүхнүүдтэй ойр дотно харилцаа үүсгэх хүсэл хэзээ ч төрж байгаагүй билээ. Тэр хаа ч гэртээ байгаа юм шиг байж, бүх хүмүүст ав адилхан ханддаг болохоор хэрэв үнэхээр тийм хүсэл төрсөн бол үзэл бодол нь өчүүхэн ч саад тотгор болохгүй байсан биз. Гэтэл өдгөөг хүртэл ер ийм хүсэл төрөөгүй. Харин Сипсу. Мань хүн бүсгүйтэй түүдгийн дэргэд хуучлах дуртай ч, эр хүн эмэгтэй хүнтэй гэхээсээ илүүтэй том хүн хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг түүнд ханддаг, тэдний нөхөрлел баяр баясгалангүй амьдралынх нь хэвийн ахуйг бага ч атугай чимдэгийн учир энэ бүхэн түүн шиг хүний хувьд эв энгийн зүйл байлаа. Тэр байтугай мань эр Шинэ Англид өсч уураг тархи, яс махандаа хүртэл янк болчихсон ч, биеэр нь эрмэг халуун цус бургилж байгаа хойно морьтон эрсийн элдэв омголон явдал түүнд юундаа харшлах билээ. Басхүү амьдрал, амин зуулгын явдал үе үе түүнд огт утгагүй мэт санагдаж, сэтгэл зүрхнийх нь агуу хүсэл, тэмүүлэлтэй эрхгүй зөрчилддөг авай.

Тэрбээр тэргүүн гудайлган тийнхүү дуугүй суухдаа агуу төгөлдөр, ямар нэгэн ер бусын хүчин, эцэг өвгөдийнх нь сүр хүч сэтгэлд нь хуралдан сэрж буйг мэдэрчээ. Хоз, Верц хоёр өнгөц боловч ямар ч гэсэн мэдэгдэм зовиурт харцаар түүн рүү байн байн хялалзах аж. Зигмунд ч гэсэн тогтож ядна. Хичкок эгнэшгүй зоримог нэгэн гэдгийг тэд мэднэ. Үүнийг тэдэнд эргэлзээгүй ойлгуулсан үйл явдал, аюулаар дүүрэн хамтын амьдралынх нь уртад нэг бус удаа тохиолдсон. Тийм болохоор түүнийг одоо юу хийх нь вэ хэмээн тэд баахан айдас, сониучирхал бадраан хүлээж авай.

Гэтэл тэр таг дуугай, Цаг явсаар, түүдэг бараг унтарчээ. Верц суниаж басхүү эвшээснээ унтах цаг болсон биш үү хэмээн өгүүлэв. Тэгтэл Хичкок босч, хамаг биеэ цэхлэн зогсов.

-Та нарыг хараал идэг, муусайн хулчгарууд! Би та нарыг ахиад харахыг ч хүсэхгүй!

Тэрбээр үүнийг хэдий тайван хэлсэн ч, үг бүхэнд нь сүр хүч, мохошгүй хүсэл зориг оргилон байлаа.

-Ханалаа! Данс дугуйлцгаая! Яавал та нарт таатай байх вэ, түүгээрээ болцгоогтун. Энэ газрын анхны захиалгын дөревний нэг нь минийх. Энэ ч бидний гэрээнд орчихсон байгаа. Бид гучаад унц алт угаасан. Алив дэнсээ нааш нь, хуваая юмаа. Зигмунд бүх аяганыхаа хийцийн дөрөвний нэгийг над таслаад аль, Бас дөрвөн нохой минийх, гэхдээ над ахиад төдий тооны нохой хэрэгтэй. Оронд нь би багаж, тоног хэрэгслийнхээ хувийг үлдээе. Дээр нь бас долоон унц алт, сумтай буугаа тавилаа. Тохирох уу?

Гурван эр тэрүүхэндээ хажуу тийш холдож, хоорондоо шивэр авир гэлцсэнээ эргэж ирэв.

Зигмунд бүгдийг төлөөлж:

-За, Хичкок бид чамтай бүхнийг шударга хуваана. Чи бүх юмнаасаа их ч биш, бага ч биш яг дөрөвний нэгийг нь авагтун, түүгээрээ юугаа хийх нь чиний дур. Харин ноход маань бидэнд хэрэгтэй, тэгэхээр өөрийнхөө дөрзийг л авна биз. Багаж хэрэгслийн чамд оногдох хувийн тухайд гэвэл өөрт чинь хэрэгтэй бол авна биз, хэрэггүй бол үлдээчихээрэй. Энэ чиний хэрэг гэлээ.

-Бүх юм хуулийн үг үсгээр болох шив -хэмээн Хичкок ёжтой жуумалзаж: -Яая гэх вэ, би зөвшөөрч байна. За шалавлая. Би энд ганц хором удахыг хүсэхгүй. Харахаас нүд хорсож байна, та нарыг гэв.

Дахиад хэн нь ч ганц үг ган гэсэнгүй, юмаа хувааж дууссаны эцэст Хичкок өөрийнхөө амин зуулгын жаахан юмыг чарган дээрээ ачиж, дөрвөн нохойгоо ялгаж хөллөв. Багаж сэлтэд тэр гар хүрсэн ч үгүй, харин нохойн зургаан хөллөгөө авч чарган дээрээ чулуудчихаад, тэр хэдийн дургүйг хүргэх гэсэн мэт өдөнгүй харжээ. Гэтэл цаадуул нь гагцхүү мөрөө хавчисхийлгээд ой руу далд орон ортол нь түүний араас чимээгүйхэн ширтсээр хоцорчээ.

* * *

Гүн цасан дундуур нэг хүн мөлхөж явна. Түүний баруун, зүүн талаар бугын арьс нөмөргөсөн улаан арьстануудын овоохой харлах аж. Өлсгөлөн ноход тэнд ч, энүүхэнд ч байн байн гийналдах агаад бие бие рүүгээ хорслонтойёо архиралдан хуцалдана. Тэдний нэг нь мөлхөж яваа хүн рүү ойртоод ирлээ. Тэр таг чиг болчихов. Нохой бүр ойртож, хий шиншилснээ харанхуй болохоос өмнө энд байгаагүй жигтэй сонин юманд хоншоороороо хүрэн хүртэл болгоомжтой нь аргагүй дахиад хэдэн алхам ойртов. Тэгтэл нөгөө хүн гэв гэнэт өндийж, (бээлийгээ ч урьд нь тайлчихсан байж) эгшин зуурт нохойн сагсгар хүзүүнээс гараараа тас зуураад авчээ. Тийнхүү ган шиг бахим гарт үхэл түүнийг гүйцэж ирэх нь тэр. Нөгөө хүн цаашаа мөлхөж одоход, хүзүүгээ хугалуулсан нохой оддын дор цасан дээр хөсөр хаягдан хоцорчээ. Энэ бол Хичкок байлаа.

Хичкок омгийн тэргүүний урц хүртэл мөлхөөд, Сипсу яг хаахна байгааг мэдэх санаатай чимээ чагнан цасан дээр баахан хэвтжээ. Тэнд хүн зон олон байгаа нь илт, шуугиж байгаа байдлаас үзвэл сэтгэл нь ихэд зогдолсон янзтай ажээ.

Ашгүй, мань эр бүсгүйн дууг ялгаж таниад урцыг тойрон түүний ард нь очлоо. Тэднийг өдгөө зөвхөн бугын нимгэхэн арьс тусгаарлах болжээ. Хичкок цас нүхэлж малтсаар, толгой цээжээ нүх рүү оруулж цааш мөлхсөөр оронгийн халуун илчийг мэдрэнгүүтээ сая зогсон, хэсэг харзнав. Юу ч харахгүй байгаа болохоор хөдлөхөөсөө зүрхшээнэ. Баруун талд нь баахан арьс овоолоотой бололтой, мань эр үнэрээр нь гадарласан ч лавтай мэдэхийн тулд сэмхэн тэмтэрч үзэв. Бас хэний ч юм нэхий хувцас нүүрийг нь аяархан шүргэв. Энэ гарцаагүй Сипсу хэмээн тэр итгэж байсан ч, бүсгүйг дахиад ярьж хөөрөөсэй гэж тэсгэлгүй хүсэн хүлээжээ.

Омгийн тэргүүн, бөө хоёр юунаас ч болсон юм халуухан маргаж, хаа нэгтээ урцын мухарт өлсгөлөн хүүхэд уйлж буй дуулдана. Хичкок хажуугаараа эргэж, түрүүнийх шигээ үстэй хувцсанд нүүрээ наан хэвтэж байснаа болгоомжтой өлийсхийн мөнөөх амьсгааг чих тавин чагнав. Тэр яах аргагүй эмэгтэй хүний амьсгаа. Үзээд алдахаар шийдлээ.

Болгоомжтой нь аргагүй нэлээн чангахан түүнд наалдаад орхитол цаадах нь бондогосхийн цочив. Тэр таг чиг хүлээлээ. Хэний ч юм гар толгойг нь илээд буржгар үсийг нь тэмтэрч, дараа нь нүүрийг нь өөр рүүгээ аяархан эргүүлэх тэрхэн эгшинд мань хүн Сипсутай харцаараа учрав.

Бүсгүй жигтэйхэн тайван байх ажээ. Тэрбээр юу ч болоогүй мэт суудлаа засаад, овоолоотой арьс тохойлдон, Хичкокийг баараггүй далдлахаар хормойгоо засав. Тэгснээ огт санаандгүй юм шиг түүний дээрээс дахин тонгойж, сүүлдээ бүр гилжийгээд, халуун чихээ уруулд нь зөөпхөн наалдуулвай.

-Сиймхий гарангуут гацаанаас гарч, салхи сөрөн, горхи тохойрдог тэр газар руу шулуухан яваад очоорой. Тэнд нарсны хажууд миний ноход, чарга байгаа. Өнөө шөнөдөө бид замд гарна. Юкон орно. Хоёулаа түргэн явалгүй горыүй нь. Бас замдаа тааралдсан нохдыг барьж аваад горхи руу чирээд ирээрэй.

Сипсу анхандаа дургүйцэж толгой сэгсэрсэн ч, нүд нь баяр хөөрөөр гийгээд ирсэн бөгөөд энэ эр зөвхөн өөрийн нь төлөө ийш ирсэнд учиргүй бахаджээ. Өөрийнхөө угсааны бүх бүсгүйчүүдийн нэгэн адил эрчүүлийн сүр хүчинд захирагдах нь миний хувь тавилан хэмээн тэр итгэдэг буй заа. “Чи очих уу” гэж Хичкок захирангуй давтан тулгав. Бүсгүй хариу дуугараагүй ч, тэр хархүүгийн хүсэл өөрт нь хууль гэдгийг мэдэж байлаа, -Хөллөгөөнд санаа зоволтгүй. Шалавлаж үзээрэй. Өдөр нь шөнөө хөөгөөд цаг хугацаа хүлээхгүй нь хэмээн тэр нэмж хэлэв.

Хагас цагийн дараа Хичкок дулаацах санаатай гуяа алгадан хөлөө дэвсэчсээр чарганыхаа дэргэд зогсож байлаа. Тэгтэл ашгүй Сипсуг олж харав. Цаадах нь уллаж чангаасан хоёр нохой араасаа чирчихсэн, нөгөөдүүлийг нь үзсэн Хичкокын ноход тэдэнтэй турсгаа хуулалцмаар янзтай болоод ирэнгүүт номхруулахын тулд мань эр шилбүүрээ хэрэглэхээс аргагүй боллоо. Гацаа салхин дор болохоор өчүүхэн чимээ тэдний энд буйг илчилчихмээр.

-Наадуулаа чарганд ойрхон хөллө. Минийх урьд нь ороод яваг хэмээн тэр захирав.

Хархүүгийн хэлснийг хийж байтал Хичкокын хөллөгөөтэй ноход өнөөдүүл рүү нь ухасхийн дайрч, Хичкокийг бууныхаа бөгсөөр номхруулахын завдгүй бөөн шуугиан дэгдэж, нойронд дарагдсан гацаагаар нэг цуурайтаад шөнийн амгаланг бусниулж орхив.

-Одоо санаснаас хавьгүй олон ноходтой болно доо -гэж тэр түгшүүртэй өгүүлээд чарганаас зүүлттэй сүхээ аван: -Чам руу чулуудсан бүхнийг хөллөөд байгаарай, жолоо цулбуураа харж байгтун.

Тэр урагш хэд алхаад, хоёр нарсны хооронд тосон зогсов. Гацаанаас ноход хуцалдах дуулдах агаад мань эр тэдний ойртож ирэхийг хүлээЖ байлаа. Удсан ч үгүй яах ийх завдгүй айсуй хар толбо бүгээн цасан цайдам дундаас тодроод ирлээ. Тэр бол яах аргагүй нохой, жигдхэн хоя хол сунан харайж, чоно шиг арагш ангалзан, бүх сүргээ араасаз дагуулжээ. Хичкок сүүдэрт нуугдсанаа, нохойг өөртэй нь зэрэгцээд ирэв үү үгүй юү, ганц ухасхийгээд урд хоёр хөлнөөс нь бариад авав. Нохой ч толгойгоороо годройтон, цас руу шааж уналаа. Дараа нь тэр чихнийх нь доохно оновчтой нь аргагүй түсхийтэл цохиод, Сипсу руу чулуудчихав. Бүсгүй нохойд хөллөгөө углаж байх зуурт сүх барьсан Хичкок бүх сүргийн пайралтыг няцааж, нүд нь очтон, шүд нь ярзайсан сагсгар үст араатнууд хөлийнх нь тэрүүхэнд албинтан овооролдож байлаа. Сипсу шалмаг амжуулав. Эхний нохойтой ноцолдоод дуусав уу үгүй юү Хичкок урагш ухасхийж, дахин нэгийг барьж дүйртэл нь цохиод, бүсгүй рүү чудуудлаа. Энэ бүхэн гурвантаа давтагдав. Архирч урхирсан арван нохой хөллөгөөнд орсны хойно тэр “Боллоо!” хэмээн хашгирчээ.

Гацаанаас бөөн улс айсуй. Түрүүнд нь идэрхэн улаан арьстан гүйж явлаа. Тэр нохдын дундуур дайрч орсноо, Хичкокын зогсож буй тэр газарт хүрэх санаатай тэднийг баруун зүүнгүй цохилж гарав. Гэтэл цаадах нь бууныхаа бөгс модыг ганц буулгатал улаан арьст залуу салхийн өвдөг сөхөрч, төделгүй гэдрэг сунаад ойчив. Араас нь гүйж явсан бөө үүнийг харжээ.

Хичкок “Хөдлөөч” хэмээн Сипсуд тушаав. Тэр “Чук” гэж хашгирав уу үгүй юү улангассан араатнууд урагш ухасхийн давхихад Сипсу чарган дээрээ арэйхийн тогтжээ. Тэнгэр сахиулсан нь бөөд хилэгнэсэн бололтой. Тэрхэн агшинд гагцхүү тэр л зам хөндөлсжээ. Эхний нохой түүний цанан дээр гишгэж, хөллөгөөний ноход чаргатай юутай хүүтэйгээ түүний дээгүүр давхиад өнгөрөв.

Гэвч юун хурдан хөл дээрээ босоод ирсэн юм, хэрэв Сипсу урт шилбүүрээр нүүрэн дундуур нь татаад аваагүйсэн бол энэ шөнө түүний хувьд арай өөрөөр дуусах байсан биз. Чарганыхаа араас гүйж явсан Хичкок түүнийг эрчээрээ дайран унагах хүртэл мань бөө толгой нь дүйрч гуйван замын голд зогссоор байсан аж. Тэрхүү мөргөлдөөний үр дүнд балар эртний шашин судлаачийн, цагаан арьст хүний нударганы хүчний тухай мэдлэг хавьгүй зузаарч, омгийн тэргүүний овоохойд буцаж ирснийхээ дараа тэрбээр бүх цагаан хүмүүст учиргүй уурсан, зөвлөлд яруу тодоор илтгэж гарчээ.

* * *

-За залхуу минь бос! Арай хэтэрлээ! Чамайг бугын арьсан бойтогоо углаж амжаагүй байхад өглөөний унд бэлэн болно…

Дейв Верц баавгайн арьсыг түлхэн өндийснөө эвшээжээ. Хоз суниаснаа гар нь хөшиж орхисныг мэдээд түүнийгээ нойрмогхон үрж гарав.

-Хичкок энэ шөнийг хаа өнгөрөөсөн нь сонин байна гэж тэр өөрийнхөө бойтогийг авах зуураа асуув. Өнөө муу бойтог нь шөнөдөө хөлдөж орхисон учир мань эр түүнийгээ гэсгээхээр түүдгийн зүг арга буюу оймстойгоо цасан дээгүүр сэвэгхэн алхлав.

-Тэнгэрийн авралаар тэр явчихсан. Гэхдээ сүрхий ажилсаг хүн байсныг хүлээн зөвшөөрөхөас аргагүй.

-Тийм шүү. Гэхдээ тэр юм бүхнийг өөрийнхөөрөө эргүүлэх даанч дуртай. Энэ нь л түүнд өөрт нь зовлон уддаг юм. Хөөрхий Сипсу, өрөвдмөөр юм. Тэр бүсгүй түүнд тэгтлээ таалагдсан юм байх даа.

-Би тэгж бодохгүй байна. Мань эрийн хувьд хамаг юм зарчимдаа. Энэ буруу гээд тэр бодчихсон, мэдээж буруу л даа. Гэхдээ бид нар оролцоод, бүгдээрээ цагаасаа урьд нөгөө ертөнцөд очихын шалтгаан гагц энэ болж болохгүй биз дээ.

-Зарчим уг нь муугүй эд. Гэхдээ цагийн юм цагтаа сайхан, Аляск явах гэж байгаа бол тэр зарчим марчимаа гэртээ орхичихвол дээр. Тийм үү? Би зөв ярьж байна уу? Верц найз дээрээ очиж, бас түүдгийн дэргэд суугаад цааны арьсан гутлаа гэсгээж эхэллээ.

-Чи юу гэж бодож байна, бид нар оролцох ёстой байсан уу? Зигмунд үл ойшоосон маягтай толгой сэгсэрчээ. Тэр ярих зав зай муутай байж. Хүрэн бор хөөс данхны амсар даван хариугүй дэврэх гээд, бас хажуугаар нь хайруулын тавган дахь өөхийг хэдийн эргүүлэх болчихож. Түүнээс гадна мань хүн тэнгис далай лугаа адил өнгөт, үргэлж мишээсэн нүдтэй бүсгүйгээ мөрөөсөж, аяархан дуу аяланхан байсан.

Нөхөд нь жуумалзан нүд ирмэцгээж, чимээгээ аядав. Хэдийгээр цаг долоо дөхчихсөн ч үүр хаяартал элбэг гурван цаг бий. Умарын туйлын туяа бөхөж, шөнийн түнэр харанхуйд тэдний буудал гэрэлт бяцхан арал мэт үзэгдээд, гурван хүний дүрс түүдгийн гэгээнд тодхон зураг шиг харагдана. Чимээ аниргүй болчихсонд олзуурхсан Зигмунд дуугаа өндөрсгөн, мөнөөх эрт цагийнхаа дууны сүүлчийн бадгийг аялав.

Жил жилийн дараа, усан үзэм дэлгэрэх…

Гэнэт чих дөжрүүлэм буун дуу шөнийн нам гүмийг эвдэн тачигнав. Хоз “Оох” хэмээн бөглүүхэн дуу алдсанаа нуруугаа тэнийлгэх аятай нэг цэхлэн зогсомдог болсноо газар лагхийтэл сууж орхилоо. Верцийг толгойгоо далжигасхийлгэн хажуугаараа сунаж ойчиход хоолой нь хяхнан багалзуураас нь хар хүрэн цус годхийлээ. Харин алтан шаргал үст Зигмунд дуусгаж амжаагүй дуугаа уруул дээрээ үлдээгээд, гараа сарвагасхийн түүдэг дамнан ойчжээ.

* * *

Бөөгийн нүд уур хилэндээ харанхуйлж, сэтгэл санаа нь хачин муухай баргар бүрхэг байлаа, Тэр, Верцийн буунаас болж омгийн тэргүүнтэй муудалцаад, шуудайтай шошноос өөрт оногдохоос хавьгүй арвин авахыг санаархсан ажээ. Түүгээр ч барахгүй баавгайн арьсанд шунан өөртөө аваад, омгийн бусад эрчүүлийн дургүйг хүргэж, сүүлдээ Өмнөдийн бүсгүйн Зигмундад бэлэглэсэн нохойг тонилгох санаатай үзээд алдсан боловч нохой зугтан алга болж, харин өөрөө алтны хайгуулынхны ухсан том нүхэнд унаж, ган торхон дээр ойчоод мөрөө мулталчихжээ.

Буудлыг юу ч үлдээлгүй тонон дээрэмдсэн улаан арьстануудыг урц овоохойдоо эргэж ирэхэд, эмс хүүхнүүдийнх нь баярлаж хөөрсөн нь туйлгүй. Удсангүй энэ хязгаарт хандгайн сүрэг үзэгдэж, гөрөөчдийг ангийн тэнгэр ивээж, бөөгийн нэр сүр бадраад, түүнийг тэнгэр нэртэй үг хэлэлцдэг гэж хүртэл ярилцах болов.

Бүгдийг явсны дараахан мөнөөх хоньч нохой голомт нь харласан буудал дээр эргэж ирээд бүхэл шөнөжин өдөржингөө ульж, амь үрэгдэгсдийн араас эмгэнэн харуусч байснаа төдөлгүй алга болжээ. Хэдэн жил өнгөрсний хойно улаан арьст гөрөөчид ойн чононуудын үс арьсанд урьд нэг ч чононд үзэгдэж байгаагүй ер бусын тод өнгөтэй толбо тодрон гарч ирснийг олж үзэх болжээ.