БоловсролЗөвлөгөө - Номын санТанин мэдэхүйТүүх, Хуучны баримтХүний хөгжил

“Арван хэдэн сэхээтний ариун ухаан” хашир өвгөний өмнө “сөхөрсөн” тухай…

Монгол улс Судар бичгийн хүрээлэнтэй болсон цагаас эхлэн ном, судрыг цуглуулах ажлыг эхлүүлсэн түүхтэй. Энэхүү ажилд олон бичигтэн, эрдэмтэн дайчлагдсны нэг нь Ц.Дамдинсүрэн юм. Тэрээр “Ном эрэх гэдэг бол талд гээгдсэн сувд эрдэнийг эрэх мэт бэрх ажил” гэж тэмдэглэжээ. Мөн “Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий, хамаагүй басаж болохгүй” ч гэж бичжээ. Тэгвэл ном хайх явцдаа “хашир өвгөний ухааныг биширсэн” нэгэн явдлыг энд хуваалцъя.

“…Зүүнбаяны уурхайн газраар Саран хөхөөний намтар хэмээх жүжгийг сураглаж байтал мөн намтрын нэг хувь Агваанзундуй гэгч хүнд байсан гэдэг сураг гарав. Агваанзундуйг сураглатал, тэр хэдэн жилийн өмнө нас баржээ. Түүний ном яасан бэ гэхэд тэр өвгөн нас барахаас нэг жилийн өмнө хоёр авдар номоо Шар довын элсэнд булсан гэнээ. Тэр газрыг мэдэх хүн байна уу гэхэд номыг хамт булсан Цэцэг гэдэг хүүхэн байв. Цэцэг хүүхэнтэй ярилцвал Агваанзундуйг номоо элсэнд булах үед тэр хүүхэн арван гурван настай байсан бөгөөд элс малтах зэргээр тэр хүүхэн Агваанзундуйд тусалсан гэнэ. Түүнээс өөр тэр газрыг мэдэх хүн нэг ч үгүй гэнэ. Иймд бид уурхайн дарга Агваанлувсангаас машин гуйж, багш Занабазар тэргүүтэй хэдэн сурагч, Дамбадаржаа тэргүүтэй ном бичиг сонирхдог хэдэн ажилчныг суулгаад Шар довыг чиглэн муу замаар элсэн дундуур далаад километр мацалхийлэн явж өдрийн гурван цагт Шар довыг хүрэв.

Ном булсан газар энэ мөн гэж хоёр бутны хооронд байгаа гурав дөрвөн метр газрыг Цэцэг хүүхэн зааж өгөв. Бид хүрздэн элс малтаж эхлэв. Хүрз багаж дутмаг учир гурван ээлж зохиож, тав таван минутаар ээлжлэн малтав. Малтсан хүмүүс нь газарч Бааран, багш Занабазар, Ц.Дамдинсүрэн, төмөр замын ажилтан Гомбо, жолооч Лувсандорж, Пүрэвсүрэн, сурагч Зундуй, Нямаа, Равдандорж, газарч эмэгтэй Цэцэг, Жандуугийн Одсүрэн нар бүгдээр элбэж үдшийн есөн цаг хүртэл малтав. Маргааш нь өглөөний зургаан цагаас эхлэн өдрийн нэг цаг хүртэл малтав. Бид ихэд ядрав. Гэрийн буурийн төдий газар хоёр метр гүн нүх малтаж хаясан боловч юу ч олсонгүй.

Дараа нь хавар дулаан болсон хойно багш Занабазар хэдэн сурагчтай, нэг өвгөнтэй очоод тэр хоёр авдар номыг нээн олжээ. Занабазарын авч явсан өвгөн бол ном булсан газрыг огт үзээгүй хүн байв. Гэвч тэр өвгөний хашрын ачаар булсан авдрыг олжээ. Тэр өвгөн нэг төмөр утсан таяг аваад явжээ. Тэр төмөр таягаар бидний малтсан газрын хавиар хатгаж үзээд байв. Удаан жил дагтаршсан элс хатуу тул таяг шургаж орохгүй байв. Гэтэл нэг газар сул элсэн дотор таягийг далд ортол хатгаж болов. Тэнд малтаж үзвэл хоёр авдрыг тэнд булсан байжээ.

Гурван жилийн өмнө булсан элс огт дагтаршаагүй сул байдаг байжээ.

 Тэр авдраас Саран хөхөөний намтар гарсангүй, өөр нэлээд ном гарсан билээ.

Тэдгээр үрэгдэж илжирч байсан номыг олж авсан нь нөхөр Занабазар ба тэр өвгөний гавъяа болно.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *