Номын сангийн эрхзүй

Нийтийн номын сангийн тунхаглал 2022

Монгол орчуулга(Албан бус):

ИФЛА-ЮНЕСКО Нийтийн Номын сангийн Тунхаглал 2022

Нийгэм, хувь хүний эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, хөгжил нь хүний үндсэн үнэт зүйл юм. Сайн мэдлэг, мэдээлэлтэй иргэд л ардчилсан эрхээ эдэлж, нийгэмд идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжтой болно. Бүтээлч оролцоо, ардчиллын хөгжил нь сэтгэл ханамжтай боловсролоос гадна мэдлэг, сэтгэлгээ, соёл, мэдээлэлд үнэ төлбөргүй, хязгааргүй нэвтрэх хүртээмжээс хамаарна.

Тухайн орон нутгийн мэдлэгийн гарц болсон нийтийн номын сан нь хувь хүн, нийгмийн бүлгүүдийн насан туршдаа суралцах, бие даан шийдвэр гаргах, соёлыг хөгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь орон нутгийн түүх соёл, шинжлэх ухааны бүх төрлийн мэдлэгийг арилжаа, технологи болон хууль эрх зүйн ямар ч саадгүйгээр олж авах, бий болгох, хуваалцах боломжийг олгох замаар эрүүл мэдлэгийн нийгмийг бий болгодог.

Улс орон бүрд, ялангуяа хөгжиж буй орнуудад номын сангууд нь боловсрол эзэмших, мэдлэгийн баялагт хандах, нийгмийн соёлын амьдралд оролцох эрхийг аль болох олон хүнд хүртээмжтэй байлгахад тусалдаг.

Энэхүү тунхаглал нь ЮНЕСКО-гийн зүгээс нийтийн номын санг боловсрол, соёл, оролцоо, мэдээллийн амьд хүч, тогтвортой хөгжлийн чухал төлөөлөгч, мөн хүмүүсийн оюун ухаанаар дамжуулан амар амгалан, оюун санааны сайн сайхныг хүн бүр биелүүлэхийн төлөө байдаг гэж үздэгийг тунхагласан.

Тиймээс ЮНЕСКО нь үндэсний болон орон нутгийн засаг захиргааг нийтийн номын санг хөгжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийтийн номын сан

Нийтийн номын сан нь бүх төрлийн мэдлэг, мэдээллийг хэрэглэгчдэдээ хүртээмжтэй хүргэх орон нутгийн мэдээллийн төв юм. Энэ нь бүх хүмүүст мэдээллийг хүртээмжтэй хүргэх, утга учиртай ашиглах үүргээ биелүүлэхийн тулд харилцааны шинэ хэрэгсэлд байнга дасан зохицож байдаг мэдлэгийн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь мэдлэг үйлдвэрлэх, соёл, мэдээлэл хуваалцах, иргэний оролцоог дэмжихүйц олон нийтэд нээлттэй орон зайг бий болгодог.

Номын сангууд нь хамтралыг бий болгодог бөгөөд орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний загварыг дэмжиж, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд шинэ үзэгчдэд идэвхтэй хүрч, үр дүнтэй сонсголыг ашигладаг. Олон нийт номын сандаа итгэдэг бөгөөд үүний хариуд нийтийн номын сангийн хүсэл эрмэлзэл нь нийгмээ идэвхтэй мэдээлэл, мэдлэгтэй байх явдал юм.

Нийтийн номын сангийн үйлчилгээ нь нас, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, хэл, нийгмийн байдал болон бусад шинж чанараас үл хамааран хүн бүрд тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримтална. Хэлний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, цахим болон компьютерын мэдлэг муу, бичиг үсэгт тайлагдаагүй, эмнэлэг, шоронд байгаа хүмүүс гэх мэт ямар нэг шалтгаанаар ердийн үйлчилгээ, материалыг ашиглаж чадахгүй байгаа хэрэглэгчдэд тусгай үйлчилгээ, материалыг хүргэх ёстой.

Бүх насны бүлгүүд өөрсдийн хэрэгцээнд тохирсон материалыг олдог байх ёстой. Сан хөмрөг, үйлчилгээ нь бүх төрлийн тохиромжтой медиа хэрэгсэл, орчин үеийн технологи ашиглахын зэрэгцээ уламжлалт материалыг агуулсан байх ёстой. Орон нутгийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцсэн байх, нийгмийн хэл, соёлын олон янз байдлыг тусгах нь өндөр чанарын үндсэн суурь юм. Сан хөмрөгийн материал нь өнөөгийн чиг хандлага, нийгмийн хувьсал, мөн хүний хүчин чармайлтын дурсамж, төсөөллийг тусгасан байх ёстой.

Сан хөмрөг, үйлчилгээ нь аливаа үзэл суртал, улс төр, шашны цензур, арилжааны дарамтад өртөх ёсгүй.

Нийтийн номын сангийн эрхэм зорилго

Мэдээлэл, бичиг үсэгт тайлагдах, боловсрол, хүртээмжтэй байдал, иргэний оролцоо, соёлтой холбоотой дараах үндсэн зорилтууд нь нийтийн номын сангийн үйлчилгээний цөм байх ёстой. Эдгээр гол эрхэм зорилгуудаар дамжуулан нийтийн номын сангууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон илүү тэгш, хүмүүнлэг, тогтвортой нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулдаг.

  • Цензургүй, өргөн хүрээний мэдээлэл, санааг олж авах боломжийг олгох, бүх түвшний албан ба албан бус боловсрол, түүнчлэн амьдралын бүхий л үе шатанд хүмүүст тасралтгүй, сайн дурын болон бие даан мэдлэг олж авах боломжийг олгох насан туршийн боловсролыг дэмжих;
  • хувь хүний бүтээлч хөгжлийн боломжоор хангах, төсөөлөл, бүтээлч байдал, сониуч зан, өрөвдөх сэтгэлийг өдөөх;
  • хүүхэд төрснөөс насанд хүрэх хүртэл унших дадлыг бий болгох, бэхжүүлэх;
  • мэдээлэлтэй, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх үүднээс унших, бичих чадварыг төлөвшүүлэх, бүх насны бүх хүмүүст хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь болон цахим бичиг үсгийн мэдлэг олгох чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бичиг үсгийн боловсрол олгох үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг санаачлах, дэмжих, оролцох;
  • боломжтой бол мэдээлэл, сан  хөмрөг, хөтөлбөрт хандах боломжийг цахим технологиор дамжуулан өөрсдийн нийгэмд биечлэн болон алсаас үйлчилгээ үзүүлэх;
  • Нийгмийн бүтэц дэх номын сангийн үүргийг хүлээн зөвшөөрч, нийтэд зориулсан бүх төрлийн мэдээлэл, олон нийтийн зохион байгуулалтад оролцох боломжийг бүх хүмүүст олгох;
  • хэрэглэгчдийн амьдралд нөлөөлж болох судалгааны үр дүн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэг шинжлэх ухааны мэдлэгийг нийгмийн гишүүдэд олгох, түүнчлэн шинжлэх ухааны дэвшилд оролцох боломжийг олгох;
  • орон нутгийн аж ахуйн нэгж, холбоод, сонирхлын бүлгүүдэд хангалттай мэдээллийн үйлчилгээ үзүүлэх;
  • Нутгийн болон уугуул иргэдийн мэдээлэл, мэдлэг, өвийг (аман уламжлалыг оруулаад) хадгалах, олж авах, сонирхсон материалыг тодорхойлоход орон нутгийн иргэд идэвхтэй оролцох орчин бүрдүүлэх, иргэдийн хүсэл сонирхлын дагуу хадгалж, хуваалцах;
  • соёл хоорондын харилцааг дэмжих, соёлын олон янз байдлыг дэмжих;
  • аливаа соёлын илэрхийлэл, өвийг хадгалан хамгаалах, утга учиртай, хүртээмжтэй болгох, урлагийг үнэлэх, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн шинжлэх ухааны мэдлэг, судалгаа, инновац, түүнчлэн цахим хэлбэрт шилжүүлсэн болон төрмөл цахим материалд нээлттэй хандах боломжийг дэмжих.

Санхүүжилт, эрх зүй, сүлжээ

Нийтийн номын сангийн барилга, үйлчилгээнд нэвтрэх эрх зарчмын хувьд үнэ төлбөргүй байна. Нийтийн номын сан нь улсын болон орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх үүрэг юм. Энэ нь олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцсэн тодорхой, шинэчлэгдсэн хууль тогтоомжоор дэмжигдэх ёстой. Үүнийг үндэсний болон орон нутгийн засаг захиргаанаас санхүүжүүлэх ёстой. Энэ нь соёл, мэдээллээр хангах, бичиг үсэг, боловсролын аливаа урт хугацааны стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх ёстой.

Цахим эрин үед зохиогчийн эрх болон оюуны өмчийн тухай хууль тогтоомж нь нийтийн номын сангууд бодит нөөцтэй адил боломжийн нөхцөлөөр цахим контент худалдан авах, ашиглах боломжийг хангах ёстой.

Улсын хэмжээнд номын сангийн харилцаа, хамтын ажиллагааг хангахын тулд хууль тогтоомж, стратеги төлөвлөгөө нь үйлчилгээний нэгдсэн стандартад суурилсан үндэсний номын сангийн сүлжээг тодорхойлж, дэмжих ёстой.

Нийтийн номын сангийн сүлжээг үндэсний, бүс нутгийн, эрдэм шинжилгээний болон тусгай номын сан, сургууль, коллеж, их дээд сургуулийн номын сангуудтай уялдуулан төлөвлөх ёстой.

Үйл ажиллагаа ба менежмент

Орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зорилт, тэргүүлэх чиглэл, үйлчилгээг тодорхойлсон тодорхой бодлого боловсруулах ёстой. Энэ үйл явцад орон нутгийн мэдлэг, олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд шийдвэр гаргахад орон нутгийн иргэдийг оролцуулах ёстой.

Нийтийн номын санг үр дүнтэй зохион байгуулж, үйл ажиллагаандаа мэргэжлийн стандартыг баримтлах ёстой.

Үйлчилгээ нь нийгмийн бүх гишүүдэд биет эсвэл цахим байдлаар хүртээмжтэй байх ёстой. Энэ нь сайн байршилтай, тоноглогдсон номын сангийн барилга, унших, судлах сайн орчин, түүнчлэн холбогдох технологи, хэрэглэгчдэд тохиромжтой ажиллах хангалттай цагийг шаарддаг. Энэ нь номын санд ирэх боломжгүй хүмүүст зориулсан үйлчилгээг мөн адил багтаана гэсэн үг.

Номын сангийн үйлчилгээ нь хөдөө орон нутаг, хот суурин газрын олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой, түүнчлэн нийгмийн гадуурхагдсан бүлгүүд, тусгай хэрэгцээтэй хэрэглэгчид, олон хэлээр ярьдаг хэрэглэгчид, нутгийн уугуул иргэдийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой.

Номын санч нь хэрэглэгчид болон сан хөмрөгийн нөөцийн хооронд цахим болон уламжлалт аль алинд нь идэвхтэй зуучлагч юм. одоо болон ирээдүйд тулгарч буй сорилтуудыг даван туулах, зохих үйлчилгээг хангахын тулд хүний нөөц, материаллаг нөөц, номын санчийн мэргэжлийн болон тасралтгүй боловсрол зайлшгүй шаардлагатай. Хангалттай нөөц бүрдүүлэх чиглэлээр тоон болон чанарын тодорхойлолтын талаар номын сангийн мэргэжилтнүүдтэй удирдлагын зүгээс зөвлөлдөх шаардлагатай.

Хэрэглэгчдэд бүх нөөцөөс ашиг хүртэхэд нь туслахын тулд хүмүүст хэрэгтэй, хэрэглэгчийн боловсролын хөтөлбөрүүдийг бий болгох ёстой.

Номын сангийн нийгэмд үзүүлэх үр өгөөжийг бодлого боловсруулагчдад харуулах зорилгоор номын сангийн нөлөөллийг үнэлэх, мэдээлэл цуглуулахад чиглэсэн байнгын судалгаа хийдэг байх ёстой. Нийгэм дэх номын сангийн үр өгөөж нь дараагийн үеийнхэнд ихэвчлэн харагддаг тул статистик мэдээллийг урт хугацаанд цуглуулах ёстой.

Түншлэл

Номын сангууд илүү өргөн хүрээнд, олон төрлийн харилцагчид хүрэхийн тулд түншлэлийг бий болгох нь чухал юм. Холбогдох түншүүд, тухайлбал, хэрэглэгчийн бүлгүүд, сургууль, төрийн бус байгууллага, номын сангийн холбоод, бизнес эрхлэгчид болон орон нутаг, бүс нутаг, үндэсний болон олон улсын түвшний бусад мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг хангах шаардлагатай.

Тунхаглалыг хэрэгжүүлэх

Үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд шийдвэр гаргагчид, дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй номын сангийн хамт олонд энэхүү тунхаглалд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэхийг уриалж байна.

2022-07-18

Орчуулгыг богино хугацаанд хийсэн тул сайжруулах саналаа “Сэтгэгдэл” хэсэгт үлдээнэ үү.

Англи эх:

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

 

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,chicago”]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *