Аялал зугаалга, чөлөөт цагЗурагт мэдээлэлТанин мэдэхүйТүүх, Хуучны баримт

П.К.Козловын тэмдэглэлд үлдсэн Засагт хан аймгийн Дайчин вангийн хошуу

“Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуу: түүх, соёлын асуудал” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд амжилттай болж өнгөрлөө. Уг хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар, Говь-Алтай аймгийн Бугат сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Талын язгууртан сан хамтран зохион байгуулав. Хурлаар 16 илтгэл тавигдсан бөгөөд шинэ мэдээлэл, судалгаагаар баялаг, сонирхолтой хурал болсон юм. Удахгүй тус хурлын эмхэтгэл хэвлэгдэн олны хүртээл болох ажээ.

Тус хурал зохион байгуулагдсантай холбогдуулан Монголоор хэд хэдэн удаа аяласан, алдарт жуулчин, эрдэмтэн П.К.Козловын Дайчин вангийн хошууны нутгаар дайран өнгөрсөн тухай тэмдэглэлийг хүргэж байна.

…Тонхил нуур нь өмнөх нуураасаа ч(Хулам) илүүтэйгээр тал талаас нь тулж хашсан уулсаар хүрээлэгдэн шахагджээ. Байрлал нь ч арай өөр, бараг умардын гэмээр. Хэмжээгээрээ арай том бөгөөд далайн түвшнээс 6610 фут (2016 метр) өндөр оршино. Усны өнгө, амт яг Хулам нуурынх шиг. Хойд талаас нь Зүйлийн гол цутгадаг бөгөөд яг энэ үед усгүй болж хатсан байлаа. Зүйлийн гол нь Мөнх цаст богд уулаас эхавдаг ажээ. Эргэн тойронд нь 1-4 бээрийн зайтай, хойд эргийн нь намгархаг хажуу газраар орших ундарга сайтай булаг шанд, цэнгэг усны савуудаас ч энэ нуур ундаална. Тийм ч учир энэ хавийн газар өвс ургамал сайтай сайхан бэлчээр нутаг. Эндхийнхний, гол төлөв тэдний захирагч Да бэйсийн мэдлийн мал сүрэг энд тэндгүй бэлчээрлэнэ. Хулам нууранд байсан шиг нүүдлийн шувууд энд байх ажээ. Араатан амьтдын тухайд гэвэл энд зөвхөн цагаан зээр буюу монгол зээр (Gazella gutturosa) тааралдана. Жижиг амьтдаас туулай, үхэр огдой хамгийн элбэг. Бараан өнгөтэй, том биетэй өмхий хүрэн санаандгүй тааралдсаныг нь хуарангийн дотроос шөнө илрүүлсэн манааны цэрэг нохойтойгоо хамжин барьж цуглуулгаа баяжуулсан болно. Энэ хөндийд, манай хуарангийн ойролцоо ч гэсэн порфир, порфирт бөсөл болон диоритоос үүдэлтэй нугархай гуурснаас тогтсон нэг их том биш нүцгэн хад чулуу энд тэнд арсайж барсайна. Хад чулуун өндөрлөгийн дээд хэсэг шохойн бөсөлтэй ажээ. Мөн л Засагт хан аймагт харьяалагддаг, бидний одоогийн байгаа энэ Да бэйсийн хошуу нутаг нь нэг талаасаа Хулам нуур, нөгөө талаасаа Заг овоогоор хиллэнэ. Энэ хошуу хамгийн чинээлэг төдийгүй оршин суугчдынхаа тоогоор хамгийн томд тооцогддог. 10 мянга орчим айл өрхтэй ажээ. Хүн ам нь гол төлөв мал аж ахуй, ан агнуур, мөн бага зэрэг газар тариалан эрхэлнэ. Энэ хошууныхан Алтайн нуруу, Дарвийн уулын тодорхой хэсэгт, тэрчлэн Шаргын Цагаан нуурын өөрсөдтэй нь залгаа баруун хагасаар нүүж сууж амьдарна. Энэ хавийн айл болгонд буу байх ба зарим нь 2-3 буутай байх явдал ч байдаг ажээ. Хошуу захирагч Да бэйс нь баруун хөршөөсөө(Юндэн засаг, Маньбазар гүнийн хошуу ноёноос) огт өөр, бүр эсрэг тэсрэг зан чанартай хүн байлаа. Олон түмэндээ хүчин зүтгэхийн учир утга, үүрэг зорилтыг тэрээр зөв ойлгосон хүнийхээ хувьд харьяат ард олныхоо нөхцөл байдалд эцэг хүн шиг анхаарал тавьж халамжилдаг байв. Ядуу зүдүү хүмүүст юм уу, гай зовлон тохиолдогчдод Да бэйс хамгийн түрүүнд тусламж үзүүлж, тэр байдлаараа хошуу нутгийнхандаа харилцан туслалцахын үлгэр дуурайллыг үзүүлдэг ажээ. Хийдийнхээ лам нарт тэрээр жил болгон 300 нэхий өргөдөг байна. Захирагч хүний ховор нандин чанарынхаа ачаар Да бэйс аймгийнхаа яам тамгын газарт хүндтэй алба хашиж, чуулганы эрхэлсэн түшмэл буюу шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг болжээ. Хошуу тамгын газар нь Да-гийн хүрээ буюу Да бэйсийн хүрээнд, Зүйлийн голын баруун хөвөөнд байрлана. Да бэйс өнөр гэр бүлтэй. Тэрээр хоёр эхнэр, зургаан хүүхэдтэй ажээ. Анхныхаа эхнэртэй тэрээр 20 жил хамтран амьдарсан ч ганцхан охинтой болсон байна. Удам угсаагаа үргэлжлүүлж Да бэйсийн хошууг үе залгамжлан захирах хүнтэй болохын тулд тэрээр өөр эхнэр авахаас өөр аргагүй болсон бөгөөд хоёр хүү, гурван охин түүнээс нь төрснөөр аз жаргалаа багтааж ядсан хүн болжээ. Да бэйсийн эхнэрүүд тус тусдаа өргөөнд адил тэгш эрхтэй эзэгтэйн эрх үүрэгтэй аж төрдөг юм байна. Да бэйсийн хүрээний гол хийд нь чинээлэг, өргөн далайцтайгаараа алдартай байсан ба одоо ч томоохон хурлын үеэр 2000 хүртэл лам хувраг сүм дугануудад нь хурал хурдаг гэнэ. Хийдийн тэргүүн Эрдэнэ хамба хувилгаан ахмад нар тэргүүтэй олон тооны шадар туслахтай ажээ. Хийдийн дэргэд хятадын зургаан пүүсийг төлөөлсөн худалдаачид өөр өөрсдийн байшин саванд амьдран сууж бараа таваараа түүхий эдээр арилжин нэн ашигтай наймаа хийдэг байна. Захчингуудтай худалдаа наймаа хийдэг орос худалдаачид ч энд ирж наймаа арилжаа хийдэг гэнэ. дунганы бослогоос өмнө баян Тонхил нуурыг бид хойгуур нь тойрч хөндийд хүрч дараа нь зүүн зүгт, Шаргын цагаан нуурын хөндий рүү явсан хоолойг тусгаарласан босоо тэнхлэгийн дагуу байрлалтай нурууны нэгэн Өвөрмөц хавцлаар гарлаа. Энэ нуруу нэг талаас Мөнх Цаст Богдын гол уулс, нөгөө талаас Алтайн нуруу хоёрыг шууд холбож байв. Бидний явж буй зам өнгөрдөг хөндлөн хавцал нь энэ уулыг хойд, урд гэж хоёр хуваах үндэслэлийг орон нутгийнханд өгдөг байна. Эхнийхийг нь буюу хойд талын арай намхныг нь Зүүн нуруу, хоёр дахийг нь буюу арай өндөр, урд талын нурууг нь Хөх морьтын нуруу гэх болжээ. Энд яригдаж буй уулсын өргөн нь 10 бээр орчим барагцаалбал тэг дундаа, уулсын гол тэнхлэг орчимд энэ хавцал хамгийн тод томруун болж, цавчил хадан хананууд нь гайхалтай сонин хэлбэр дүрстэй болон тогтож талстажсан шохойтой холилдон боржин чулуунаас бүтэж нэлээд өндөр сүндэрлэжээ. Баруун талд нь буюу уулын бэлд цахиурт порфир, сэрвэнгээрээ буюу зүүн талын хяраар нь порфирт хиурмаг овоорон тогтсон байв. Яг хавцал дотор зам доод, дээд болон салаалсан байх ба доод талын зам нь шулуун усгүй, харин дээд зам нь жаахан тойруу ч устай ажээ. Ачаа хөсөгтэй яваа учраас бид Алтайн нурууны бэл дагасан, талын өвс ургамал сайтай, бас ч зарим газартаа худагтай, эсвэл нүүдэлчдийн бууж суух газар болсон булаг шандтай дээд замыг нь сонгож явлаа. Гэхдээ иймэрхүү газар олж буудаллахын тулд бид маш урт эцэж туйлдуулсан нүүдэл хийх хэрэгтэй болж байсан юм. Харахад ойрхон юм шиг атлаа үнэн хэрэгтээ маш хол зайтай, өргөн уудам энэ хөндийн нэгэн янз, уйтгартай байдал биднийг хамгийн их залхааж байлаа. Уулнаас энэ хөндий рүү буусан бэл зарим газраа хайрга чулуун жалга судгаар идэгдэн маш их эвдэрч зарим сайр нь бүр 15 бээр хүртэл өргөн байснаас гадна голын ус шиг өргөн, нарийн олон салаа болсон байв…

Эх сурвалж: Козлов П.К. Монгол ба Кам: Төвдөөр хийсэн 3 жилийн аялал (1899-1901)/ Орч. Ч.Баатар.- УБ.: Монсудар., 2011.- Х.422.

One thought on “П.К.Козловын тэмдэглэлд үлдсэн Засагт хан аймгийн Дайчин вангийн хошуу

  • awesome

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *