Эрүүл мэнд

Шинэ үеийн номофобия өвчнөөс хүүхдүүдээ хамгаал

“Түүнийг хаа нэгтээ орхих л юм бол зүрх хурдан цохилж, гарын алга хөлөрч эхэлдэг. Тэр бол миний хувьд бүх ертөнц” гэж 19 настай Эмма Юн гэх охин ярьж байна.

Магадгүй тэрээр амь амьдралтай нь нягт холбоотой зүйлийн тухай ярьж байна гэж бодогдохоор. Гэвч үгүй юм.

Хүн төрөлхтөн нэн шинэ үеийн нэгэн өвчинд олноороо нэрвэгдэж эхлээд байна. Үүнийг анагаах ухаанд номофобия гэж нэрлэдэг бөгөөд нэг төрлийн донтох өвчин гэнэ.

  • Тодорхой шалтгаангүйгээр гар утсаа байнга шалгах
  • Гар утас байхгүй үед сэтгэл санаа тайван бус, түгшүүртэй болох
  • Бусад хүмүүстэй амьд харилцаа тогтоохоос татгалзаж, гар утастайгаа оролдох
  • Утас холбогдох боломжгүй үед хэн нэгэн над руу залгаж байгаа болов уу гэж бодох
  • Шөнө дунд сэрээд ч болов гар утсаа шалгах
  • Үр бүтээлтэй байдал буурч ажил, хичээлдээ төвлөрч чадахаа болих зэрэг шинж тэмдэг илэрч эхэлсэн бол та хэдийнэ номофобия буюу гар утсанд донтох өвчин туссан гэж ойлгож болно.

-Бичлэгийг заавал үзээрэй-

-Азийн орнуудад номофобия өвчин залуужих хандлагатай байна-

Америкчууд цагт доод тал нь нэг удаа гар утсаа шалгадаг бөгөөд ингэж байж амьдрал нь хэвийн үргэлжилж байгаа мэт сэтгэгдэлтэй үлддэг болохыг судалгаагаар баталжээ. Ер нь өндөр хөгжилтэй орнууд энэ өвчнийг эрчимтэй судалж байгаа ч шинэ технологийг илүү нэвтрүүлдэг, 2.5 тэрбум ухаалаг утас хэрэглэгчтэй Азийн орнуудад номофобия өвчин илүү хурдтай тархаж байна. Мөн өвчтөнүүдийн нас улам залуужиж байгаа нь сэтгэлзүйчдийг санааг зовоож байгаа юм.

Тухайлбал, Өмнөд Солонгост 1000 хүүхдийн дунд тандалт судалгаа явуулахад тэдний 72 хувь нь 11-12 насандаа анх гар утастай болж байсан гэж хариулжээ. Мөн хүүхдүүд өдөр 5.4 цагийг гар утсаа ашиглахад зориулдаг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүдийн 25 хувь нь хэдийнэ гар утсанд донтогч болж хувирсныг дээрх судалгаа баталж байна.

Үүнээс гадна, гар утаснаас болж эрүүл мэндээрээ хохирох, амиа хорлох явдал ихэсчээ. Тухайлбал, ОХУ-д сэлфи хийх гэж байгаад амиа алдах нь нэмэгдсэн учир сэлфи хийхийг хориглосон журам хүртэл гараад байна. Харин Сингапурт дижитал төхөөрөмжинд донтох өвчнийг эмчилдэг тусгай тасаг нээгдээд удаж буй.

Өмнөд Солонгосын судлаачдын баталснаар гар утсаа ихэвчлэн нийгмийн сүлжээнд /Facebook, Twitter, Instagram гэх мэт/ нэвтрэх зорилгоор ашигладаг хүмүүс номофобия өвчин тусах магадлал өндөр байдаг аж.

Мөн Гар утсанд донтох нь хар тамхи, мөрийтэй тоглоом, интернет тоглоом гэх мэт бусад төрлийн донтолттой ижил хэмжээний сөрөг үр дагаврыг бий болгодог учир заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

-Азийн орнууд гар утасны хэрэглээг хэрхэн хянадаг вэ-

Гадны орнуудад ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тал дээр зарим нэг бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал,

Өмнөд Солонгос 2011 оноос хойш 16-аас доош насны хүүхэд шөнийн цагаар онлайн тоглоом тоглохыг хориглож эхэлжээ. Мөн хичээлийн үеэр сурагчдын гар утсыг хурааж авах туршлагыг өргөнөөр ашигладаг байна.

БНХАУ гар утсанд донтохыг сэтгэцийн эмгэг гэж тооцсон анхны орнуудын нэг юм. Тус улсад донтогсдыг эмчлэх сэтгэцийн эмнэлэг нээж, дижитал төхөөрөмжинд донтсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төв ажиллаж байна. Түүнчлэн улс даяар интернет хэрэглээг хянадаг.

Харин Японы Кария хотод бага болон дунд ангийн сурагчдыг оройн 21 цагаас хойш ухаалаг утас ашиглахыг хориглодог аж.

Эх сурвалж: http://world.eagle.mn/content/read/35222.htm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *