МэдээТүүх, Хуучны баримт

“Бурам” ба “Торгонд боолттой мах”-ны явдал…

Дундад иргэн улсад дагаар орохыг зөвшөөрч, бичиг илгээсэн ноёдыг Сю Шүжан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсний дараах байдал. Монгол ноёдыг харахад лам нарын “Торгонд боолттой мах” гэж онож нэрлэсэн мэт…

Лу Жанжин гүн гэж олонд алдарсан Лувсандондогийн /1854-1909/ тухай олон домгийг  Завхан, Увс аймгийн ардууд ярьдаг. Лу жанжин гүн шүлэг зохиодог Төвд, Манж хэл бичиг сайн мэддэг эрдэмтэн хүн байжээ. Тэдний өргөөний зүүн өмнө талд нь ноёны номын сан байдаг байсан бөгөөд нэг том байшинд дүүрэн Монгол, Манж ном байсан гэдэг. Эдгээр номууд дотор үлгэр, түүх гээд янз бүрийн номууд байсан тухай тухайн үед амьдарч асан хүмүүс дурсдаг байв. Харамсалтай нь тэдгээр номууд 1939 онд үрэгдэж, үгүй болжээ.

Лу жанжин гүний тухай олон яриа, түүх байдаг бөгөөд энэ удаад Хүрээний Хятад пүүсийн худалдаачид, лам нарын хооронд болсон нэгэн сөргөлдөөний тухай хуваалцаж байна.

Урьд Их хүрээнд Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд нэг лам орж наймаа хийж байгаад хэрэлдэж гэнэ. Хэрүүл нь сүүлдээ зодоон болж хувираад олон лам нар, хятадууд оролцсон их зодоон болж гэнэ. Энэ зодооноос хятадын пүүсэнд их гарз хохирол болсон юм гэдэг. Тэгэхлээр манж амбан  тулгаж тушаагаад пүүсний юмыг Монголоор төлүүлэх болж гэнэ.

Олон ноёд цуглаж хэлэлцээд яах ч аргаа олохгүй байж гэнэ. Тэгэхэд манай Лу гүн ирж гэнэ. Тэр үед Лу гүн жанжин болоогүй цаг.”За яах вэ? Арга байна уу?” гэж олон ноёд Лу гүнээс асууж гэнэ. “Данжаад нарыг цуглуул. Ярих юм байна” гэж гэнэ. Хятад данжаад нарыг цуглуулж гэнэ. Олон лам нар ч цуглаж гэнэ. Лу гүн хэлжээ: ”За лам нар та нар пүүсний их юмыг эвдэж сүйтгэсэн байна. Төлөх хэрэгтэй. Данжаад нар ч юмаа төлүүлж авах хэрэгтэй” гэж гэнэ. Тэгэхэд хятадууд инээлдэж их баярлаж байж дээ. Лу гүн цааш нь хэлжээ: “Цаашдаа бас ийм хэрэг гарах магадгүй. Ийм хэрэг гарах шалтгааныг арилгах хэрэгтэй. Энэ зодооны гарсан шалтгаан бол Гандан хүрээ  хоёрын хооронд хятад пүүснүүд байрласнаас болсон байна. Амбаны тушаалаар анхнаас байгуулсан Наймаа хот гэж байна. Гандан, Хүрээ хоёрын хоорондох пүүснүүдийг долоо хоногийн дотор Наймаа хотод нүүлгэж суурьшуулъя. Лам нарын  сүйтгэсэн юмыг мөн долоон хоногийн дотор төлүүлж дуусгая” гэж гэнэ. Хятад пүүснүүдийг нүүлгэх зардал бол лам нарын сүйтгэсэн юмнаас хавьгүй их болох байжээ. Тэгэхлээр хятадууд ухарч “Юмаа төлүүлэхдээ ч болъё. Наймаа хот  уруу нүүхээ ч болъё” гэж хэлсэн юм гэдэг.

Тэр хурал цуглаан тарж олон ноён,тэнд цугласан лам нарын хажуугаар явж өнгөрөхөд лам нар: “Нэг торгонд боолттой мах. Гурван торгонд боолттой мах” гэж монгол ноёдыг тоолон өнгөрөөж байжээ. Тэгтэл Лу гүнг өнгөрөхөд “Энэ нэг дөрвөлжин бурам. Аль талаас нь ч долооход амттай” гээд Лу гүнг лам нар аваачиж хэд хоног цайлж хүндэлсэн юм гэдэг.