Зальт туулай

Зальт туулай

орчуулагч. М.Шатар

About the Book

Би тийм зальтай туулайг ер үзээгүй юм! Ер нь ч хэрэв тийм зальгүй байсан сан бол аль хэдийн бүргэдийн саварт юм уу, эсвэл ямар нэг араатны аманд орчихсон байх юм шүү дээ. Энд үнэг, чоно, ирвэс маш олон байдаг бөгөөд энэ уулын хажуугаар байдаг бүх туулайг барьж идээд дуусчээ. Харин уранхай чихт ганц туулай үлдсэн ажээ. Хянамгай биш байсан үед нь энэ туулайг уулын бүргэд чихий нь урчихжээ. Тэр цагаас хойш уранхай чихт тийм ухаантай болсон юм шүү дээ.
Тэр бүргэд туршлага багатай, залуу байжээ. Хөгшин бүргэд бол туулайн эгц дээрээс нь шумбан буугаад ууц нуруугий нь хэмх базна.
Гэтэл тэр залуу бүргэд түүнийг хойноос нь хөөж гүйцээд барьж авсан юм байж, тэгээд хумсаараа туулайн урт чихнээс базаж авчээ. Гэтэл тэр туулай гүйдэл дундаа өөрийнхөө чихийг бүргэдийн аймшигт савраас салган авч асга чулуун доогуур нуугдан хоцорчээ.
Энэ бэлд урт нарийхан хөндий нүх бүхий үелсэн асга байсан учраас туулай, дуртай газраараа шурган орно. Харин үнэг юм уу, бүргэд аль нь ч түүнд багтаж үл чадна.
Бүргэд нүхний нь амсар дээр суугаад, нүхэнд Хүзүүгээ оруулсан ч, далавч нь тээглээд цаашаа шургаж орж ер чадсангүй. Тийм болохоор тэр сайхан олзоо орхиж явахаас өөр аргагүй болов. Өөр ямар нэг мулгуу туулай барьж идэхээр нисэн зайлав.
Туулай бол мултагчин шиг үргэлжийн тийм хэвтэш бэлтгэдэггүй. Шөнийн цагт явж идэшлэдэг амьтан юм. Үүр цайхын хамт мөрөө бууруулан самууруулж, явсан замаасаа хажуу тийш огцом эргэж гараад бүхэл өдөртөө чулуу юм уу, бутанд согуур хяран нуугдаж хэвтдэг.
Гэвч туулайн энэ ов мэх, түүнийг барьж иддэг араатнуудад аль хэдийн илэрхий болсон ба ой модгүй уулын нүцгэн бэлд бусад туулайнуудыг аюулаас аварч чадсангүй. Харин зальтай цэцэн ганц энэ туулайн амьд үлдсэн тухайг би ярьж байгаа юм шүү!
Тэгвэл яагаад амьд үлдэж чадаа вэ? гэж та нар надаас лав асууна байх аа! Тэгвэл энэ туулай бусад бүх туулайныхаа амьдралаас тэс зөрүүд, тэр нэг удаа залуу бүргэдээс амь аварсан асга хадны дотор тогтмол хэвтэш сонгон авснаас амьд үлдэж чаджээ.

Тэр цагаас хойш хашир хөгшин бүргэдүүд хүртэл түүнийг барьж идэх гэж нэг биш удаа оролджээ. Гэвч тэр туулай, чулуун асганаас ёр холддоггүй байжээ. Ганц шургаад л түүн дороо нуугдчихдаг болж гэнэ!
Чоно ч барих гэж оролдоод үзжээ. Бүргэд багтаагүй нүхэнд чоно яаж багтах вэ дээ! Орох гэж зүтгээд сэрвээгээ шалбалаад буцжээ.
Жижигхэн толгойтой могой шиг урт, гулбин биетэй, том цоохор муур шиг аймшигт ирвэс хүртэл тэр туулайг барих гэж оролдоод үзжээ. Чулуу бүхний завсрын нүх сүвэнд шиншээч хоншоороо шургуулан үнэртжээ.
Хаана л бол чулуун дороос туулайн амтлаг махны үнэр үнэртээд, идэхсэн гэж хичнээн хүсэвч, чулуугий нь ч зайлуулж чадахгүй, чулууны завсраар ч шурган орж чадахгүй болохоор яая гэхэв. Тэгээд л өнгөрөх нь тэр дээ!
Харин гай болоход мөн тэр ууланд нь үнэгнүүд амьдардаг байжээ.
Үнэг бол хамгийн ов мэхтэй амьтан бөгөөд туулай барихдаа бүр ч их сурамгай амьтан шүү дээ.
Өвөл нь ч яахав, уранхай чихт маань асга чулуун дотроо амь мэнд тавтай сайхан өвөлжжээ.
Харин хавар болж цас хайлаад ирэхийн хамт, эр, охин хоёр үнэг түүнийг үзжээ. Жилийн энэ үед үнэгнүүд зулзагалж, зулзагаа өсгөж торниулдаг учраас нэг дор эвтэй амьдардаг үе байлаа. Тэгээд тэр хоёр хамтарч, нөгөө туулайг барьж идэх гэж туулгажээ. Нэг өдөр уранхай чихт уулын бэлд асга чулуун дотор гэдсээ наранд ээж хэвтэж байж. Аюул тохиолдож юу магад гэж хажуу хавиа харсаар л хэвтэж гэнэ.
Гэтэл яг энэ үед эр үнэг хөлөө атийлган туулайд гэтэн ойртсоор байв. За хэрэг ч биш болох нь тэр дээ!
Туулай ч үзэж, босон харайж… Эр үнэг ч хойноос нь ухасхийн үсрэв.
Харин уранхай чихт маань хэдхэн харайгаад л гэртээ ирэх нь тэр.

Эр үнэг, туулайн орсон нүхний амсар дээр очиж зогсоод гарч ирэхий нь хүлээж гарав.

Жаахан байж байгаад нүхнээсээ гарвал, нөгөө үнэг явчсан байх би гэж, уранхай чихт боджээ. Харин үнэг түүнийг яг энэ үед нь барих гэж отож байв. Уранхай чихт чулуун дорхи урт нарийхан нүхнийхээ нөгөө үзүүр хүртэл давхиад нөгөө талаар гартал нь үнэг айлгав. Уранхай чихт, чоно юм уу ирвэснээс ингэж нэг биш удаа мултардаг байж билээ. Энэ арга нь тэднийг дөнгөдөг байсан боловч, харин үнэгийг тийм амархан хуурчих заль биш байв.
Тэр хоёр үнэг нөгөө асганы хөндийн хоёр талын амсар дээр нэг нэгээр сахиж зогссон байв. Богино ухаант туулан үнэгний тийм арга залийг яаж тааж мэдэх вэ дээ!
Яг өнөөх хүлээж байсан охин үнэг рүү нь давхиал гарч очжээ.
Харин аз болж, энэ үед тэр үнэг туулайн амттай зөөлөн мах иднэ гэхээс, арааны нь шүлс гоожиж. Хэл амаа долоолон зогсч байсан юмсанж.
Хэлээ хамхиж амжаагүй байтал нь мань туулай зүүн тийшээ эргэж нүхэндээ шурган оров.
Охин үнэг, эгдүүцэн, хуцаж хоосон хоцров. Өөрөө л буруутсанаас хойш одоо яая гэх вэ дээ, өнгөрөх нь тэр! Одоо тэр хоёр анчин, асганы аль ч талаас гарч ирж болзошгүй туулайг хүлээн тэвчээртэй гэгч нуугдахаас өөр аргагүй болов.
Зөв л хоринлох хэрэгтэй байлаа. За ингээд эр үнэг орсон амсар дээр нь, охин үнэг гарах амсар дээр нь отоод сууж гарчээ.
Харин уранхай чихт маань тэнэгтсэнгүй асганы гол дундах чулуун завсрын нь ангалаар толгойгоо цухуйлгаж харав. Нүхний нэг тал руу харвал тэнд нь эр үнэг чулууны цаана нуугдсан, нөгөө тал руу нь харвал бутны цаана охин үнэг нуугдан отцогоож байх нь харагдана.
Гэтэл асганы дундах ангалаар, үзүүр дээрээ хар толботой, туулайн урт чих цухуйн, хоёр тийшээ ээлжлэн булталзаад, далд орохыг үнэгнүүд үзэв.
Одоо хориглолтын хэрэг бүтэхэээ болилоо гэдгийг тэр хоёр ойлгов. Бас чулуунуудын завсраар ногоо ургасан байх нь үзэгдэнэ. Туулай тэр амтат ногооноос иднэ. Тэхээр бас түүнийг өлсгөлөнгөөр авах нөхцөлгүй ажээ.
Тэгээд тэр хоёр үнэг тонилоод өгчээ.
Хоёр үнэгийг залилж явуулаад, амьд мэнд хоцорсон ийм л мэхтэй туулай байгаа юм даа.

Эх сурвалж: Сладков Н. Баавгайн дов.-УБ.,1956

Details