Цэцэн хурга

Цэцэн хурга
About the Book

Уудам тал хөндий дундуур Хэрлэн гол алгуурхнаар урсаж байна. Голын хөвөөнд хэсэг хурга бэлчиж явна. Түүний дотор орой төрсөн нэг хун цагаан хурга байна. Тэр хурга амьтан болж төрсөөр хоног удаагүй боловч ухаантай цэцэн хурга юм байжээ. Эхийн хөхийг хөхөж сүүндээ цадаад одоо ижил нөхдийн хамтаар усны загас, уулын шувуу шиг эрх дураараа цэнгэж явна.
Хүчтэй салхи гарахгүй, ховдог чоно ирэхгүй, өвс ногоо элбэг байвал хонь хурганы жаргал тэр дээ.
Гэтэл салхи сүржигнэн хөдлөөд тоос манарч гарав. Тоосон дотор нэг нэвсгэр юм бүрэлзэн баралзан айсуй. Энэ ч юу билээ? Чоно биш байгаа? Сайн ажиглахын зав ч болсонгүй, тэр нэвсгэр юм юу юугүй харайлгаад ойртож ирлээ. Хурганууд айж сандраад л зугтааж гарлаа. Хэнз хурга түрүүлээд л давхилаа.
Юу юугүй Хэрлэн гол тулаад ирлээ. Эргий нь дагаад л давхицгаалаа. Бие биеэ түлхэлцэж шахалдаж явлаа. Урдаа яваа хэнз хургыг бусад нь шахаж түрээд Хэрлэн голд унагачихжээ.
Эргэлдсэн хар ус хүрчигнэн урсаж байна “Одоо ч үхдэг цаг боллоо” гэж бодлоо. Гэтэл хэнз хурга үхсэнгүй, усанд ч ойчсонгүй. Хөл дор нь нэг хатуу юм дайралдахад нь түүн дээр зогсоод хөвж явна. “Ус чинь ийм хатуу юм байдаг юм уу?” гэж бодоод доошоо харсан чинь доор нь нэг хавтгай банз байв. Усанд хөвж яваа банзан дээр дайралдаж ойчсон юм байжээ. Тэр банз халбилзан далбилзан урсаж байна. Түүн дээр хурга арай л гэж тогтож явлаа. Ижил нөхөд нь ч алга болоод хоцорлоо. Хар уснаас өөр хань ижилгүй боллоо. Тэгж явтал голын нэг эрэгцэг ойртож байв. Түүнийг хүрэхтэй зэрэг харайчихъя гэж хэнз хурга бодоод зэхэж байна.
Эрэг ч тулаад ирлээ. Эргийн дээгүүр цэцэг ногоо ч харагдана. Азаа үздэг цаг ч боллоо. Хэнз хурга биеэ хурааж шөрмөсөө чангалж байгаад эрэг өөд харайж орхив. Банз ус хоёроос ч салаад явчихлаа. Тэгсэн чинь газарт хөл нь хүрсэнгүй, огторгуй өөд л хөөрч эхлэв. “Дэндүү хүчтэй харайчихаад ийм болов уу” гэсэн чинь арай л тийм биш бололтой. Газар усны өнгө манарч холдоод байна. Хөх тэнгэрт шувуу шиг нисэж явдаг боллоо. “Энэ чинь юу болж байна?” гээд бодлоо.
Тэгсэн чинь ууцан дээр нь учиргүй өвдөх шиг боллоо. Эргээд харсан чинь бүргэд шувуу харагдлаа. Хургыг усан дээрээс харайхтай зэрэг бүргэд шүүрч аваад холын хадан дээр аваачиж идэх гэж нисэж яваа юм байжээ. Ширүүн нисэлтэд салхи шуугихын хажуугаар өлссөн бүргэдийн эвэр хошуу ангалзаж харагдав. Хурга их айж сандарч байвч энэ аюулаас мултрах ямар ч арга олдохгүй байв. “Ижил олон нөхөдтэйгөө дахиж уулзахгүй, цэцэгт сайхан дэлхийг дахиж үзэхгүй, ингээд дуусдаг хэрэг боллоо” гэж гашуудаж явлаа.
Салхи сүнгэнэхээс өөр юу ч дуулдахгүй байтал гэнэт амьтан чарлах шиг чимээ гарлаа. Харсан чинь өнөөх махчин бүргэдийн өөдөөс өөр нэг бүргэд нисээд ирлээ. Хоёр бүргэд хургыг булаацалдаж огторгуйд хоорондоо ноцолдож эхэлдэг байна. Хоёр бүргэд ноцолдсоор доошоо бууж л байна. Газрын өнгө ногоорч харагдав. Хурганы сэтгэл ч баярлах шиг боллоо. “Ингээд газар буудаг бол нэг учир байна” гэж бодож байтал хоёр бүргэд бие биетэйгээ зууралдаж ноцолдсоор байгаад хургаа алдчихав. Хурга бөөн чулуу шиг доошоо ойчиж явахдаа “Хатуу газар унаж няцарч үхдэг цаг боллоо” гэж хоромхон зуур бодов. Тэгсэн чинь хурга хад чулуу дээр ч ойчсонгүй, хатуу газар ч унасангүй, нэг бамбагар зөөлөн юман дээр ойчоод амьд мэнд үлдлээ. Хурга босоод юун дээр ойчсноо харсан чинь, нэг муу чоно ухаан зүггүй зугтааж байна. Хурга тэр чонын ууцан дээр ойчсон юм байжээ. Чоно тэнгэрээс ойчсон хурганаас учиргүй айгаад зугтааж яваа нь тэр байжээ.
“Аз болж мэнд гарлаа” гээд хурга баярлаж байтал өнөө хоёр бүргэд ноцолдсоор ойртоод ирж, хургыг шүүрээд авах л шахаж байж. “Одоо яадаг билээ?” гээд ийш тийш харсан чинь дэргэд нь нэг онгойсон хар нүх харагдаж гэнэ. Хурга тэр рүү гүйгээд орчихжээ. Тэгээд бүргэдийн аюулаас гэтлэв. Хурганы сэтгэл жаахан онгойж уужимхан амьсгалтал цаана нь олон амьтан гангиналдаж байжээ. “Юу юм бол” гээд харсан чинь хурганы орсон нүхэнд чонын арван бэлтрэг байж гэнэ. Тэдний дээрээс хурга орчихсон хэрэг байжээ. “Ээж хоол аваад ирэв үү” гээд бэлтрэгнүүд шуугиж байж.
“Бүргэдийг жаахан зайлахаар нь гараад зугтаах юм байна” гэж хурга бодож байв. Гэтэл зугтаахын ч зав болсонгүй өнөөх түрүүчийн айгаад зугтаасан чоно одоо буцаад нүхэндээ ороод иржээ. Өлссөн тэр чоно хургыг үзээд “бэлэн хоолтой боллоо” гэж их баярлажээ.
– Хүүхэд минь! Одоо энэ хургыг хувааж иднэ дээ гэж чоно хэлжээ. Бэлтрэгнүүд нь их баярлаж:
– Энэ чинь үхэр үү, хонь уу? – гээд л асууж. Зарим нь
– Гэдсэнд нь юу байдаг юм? Сүү байдаг юм уу? Мах байдаг юм уу? – гээд л асууж.
– Би гэдсий нь хагална, би багалзуурыг нь тасална, – гээд л бэлтрэгнүүд нь гангиналдаж байх юм гэнэ.
Эх чоно хэлжээ:
– Бид үүнийг одоо иднэ, хүүхэд минь. Урьдаар энэ хурганаас тэнгэрт юу хайж явсны нь асууж мэдэх хэрэгтэй гээд хурганаас
– Тэнгэрт юу хийж явсан бэ? – гэж асуужээ.
Хурга их айж байсан боловч айгаагүй янз гарган хэлж:
– Та нар газар дээгүүр гүйж явах юм. Би тэнгэр дээгүүр гүйж яваад ирлээ Чоно хэлж:
– Яваад ирсэн чинь их сайн байна. Бид бүр хоолгүйдэж байсан юмсан. Тэнгэр дээгүүр юутай дайралдав? – гэхэд
– Бүргэдтэй дайралдлаа. Хоёр ч бүргэдтэй уулзаж явлаа гэж хэлжээ. Чоно хэлж:
– Бүргэд чинь бидний нөхөр байгаа юм. Бидний хоолноос тэд идэлцдэг юм. Тэгээд тэд чамайг над хаяж өгсөн хэрэг байна гээд хар амаа ангайлгахад цагаан шүд нь арзайгаад харагдаж гэнэ. Хурга айн сүрдэн байвч айснаа нуугаад л байж. Тэгээд хэлж:
– Араатны хаан чоно баатар та миний гэдсэнд юу бий гэж бодож байна? – гэхэд нь:
– Юу базаах вэ. Нэг жаахан өөх, цус, сэвс, энэ тэрхэн л байгаа биз гэв.
– Түүнээс өөр их юм бий. Миний гэдсэнд гучин хурга бий. Хоёр гурав хоноод тэр хурганууд гарах гэж байгаа юм гэж хурга хэлэхэд чоно:
– Чи мэхэлж байгаа байх гэж. Хурга хэлж:
– Та нарыг мэхлээд миний амь гарах юм биш. Үнэнээ л хэлж байна. Та бодож үз. Чоно арваад бэлтрэг гаргавч сүрэг болж өсөж чадахгүй байна. Хонь бол хорь гучин хурга гаргадаг учраас мянга түмэн сүрэг болж өсдөг юм шүү. Та намайг өнөөдөр идвэл ганц хонь байна. Маргааш нөгөөдөр идвэл хорь гучин хонь болох юм. Та өөрөө л мэд. гэж хэлжээ. Чоно баахан гайхаж тээнэгэлзэж байж. Бэлтрэгнүүд нь:
– Олон болохоор нэг нэгээр нь барьж идье гэж бархиралдаж гэнэ. Чоно:
– За тэгье гээд зөвшөөрчээ.
– Үүнийг нүхнээс гаргаж огт болохгүй! – гэж чанга тушааж хэлээд эх чоно нь гадагшаа гөрөөлөхөөр явжээ.
Хурга бэлтрэгнүүдтэй нүхэнд нь үлджээ. Муусайн бэлтрэгнүүдийн зарим нь хургыг жаахан хазаж шархдуулаад, зарим нь хумсаараа маажлаад тоглож, шоглоод их зовоож байжээ. Тэгэхлээр хурга:
– Та нар улай нялай гэдэг юмыг идэж үзсэн үү? – гэж асууж. Бэлтрэгнүүд
– Үгүй, үгүй. Тэр юу байдаг юм? – гэж.
– Аа тэр их сайхан байдаг юм. Өөх мах алинаас нь ч илүү амттай. Түүнийг идсэн амьтны зуудагт нь зургаан урт соёо ургадаг юм, ангайдагт нь арван бүдүүн араа ургадаг юм. Улай нь энээхэн довын цаад дор бий гэж хэлжээ.
Бэлтрэгнүүд их баярлаад урт соёотой, бүдүүн араатай болохсон гэж бодоод:
– Улай нялайг зааж аль! – гэж хурганд хэлжээ. Хурга тэгээд олон бэлтрэгийг дагуулсаар яваад нүхнээс нь баахан холдуулжээ. Тэгж явтал анчин хүний дагуулж явдаг хоёр нохой давхиж ирээд өнөөх муусайн бэлтрэгнүүдийг бүгдийг химхээд алчихжээ.
Нохой хургыг хонь гэж таниад огт гэм хор хийлгүй орхиод явчихжээ. Хурга тэгээд гэрээ чиглээд явж байтал бэлтрэгнүүдийн эх нөгөөх гичий чоно хэдэн чоно дагуулаад хурганы мөрийг шиншлэн мөрдсөөр хүрээд ирж. Хурга тэднийг харахтай зэрэг зугтааж гарахгүйгээ мэдэж дороо хэвтэж учиргүй тийчилж байжээ. Гичий чоно ихэд гашуудсан, уурласан байдалтай байж. Өнөөх алагдсан бэлтрэгнүүдээ үзсэн юм байх. Шууд хургыг таньж дайраад хэмхэх үмхэх гэнэ. Гэтэл нэг хөгшин хашир чоно
– Байз! – гэж түүнийг зогсоогоод:
– Чи яагаад ингэж тийчилж байгаа юм? – гэж хурганаас асуужээ. Хурга хэлж:
– Би одоо үхэх гэж байна. Намайг үхэхлээр идээч. Би сая хэдэн бэлтрэгтэй хамт хоол эрж явтал хэдэн хэсэг бөөрөнхий өөх дайралдсан юм. Түүнийг бид хуваагаад идчихсэн юм. Тэгээд хөөрхий бэлтрэгнүүд цөм хордож үхлээ. Анчин хүн чоныг алах гэж хорыг өөхөнд хучаад хөдөө хаядаг шүү дээ. Тийм юм бидэнд дайралджээ. Миний гэдэс халуураад жигтэйхэн байна гээд хурга улам ихээр тийчилж байв. Залуухан чонууд хувааж идэх гээд улилдав. Хөгшин чоно бусдыгаа загнаад:
– Та нар хор идэж үхсэн амьтныг идвэл тэр бэлтрэгнүүд шиг бүгдээрээ үхэх болно гээд тэднийгээ аваад явчив.
Хурга баахан хэвтэж байгаад чоныг далд орохоор босоод явав. Гэрээ чиглээд явж байтал тэнгэр муухай болоод салхи салхилж бороо орж эхэлжээ. Шөнө харанхуй ч болжээ. Хоёр туулай дайралджээ. Залуу туулай нь хургыг хараад зугтаах гэтэл өвгөн туулай нь:
– Хониноос айх хэрэггүй, хонь бидний сайн нөхөд юм шүү гэжээ. Хурга тэр хоёр туулайтай хамт бутны нөмөрт шөнө дулаан хоноод маргааш нь мэнд сайн гэртээ ирж ижил нөхөд ба эхтэйгээ баяртай сайнаар уулзжээ.
Өчигдрийн хийсэж ирсэн нэвсийсэн цагаан юм бол хөдөө хаягдсан адсага байсан юмсанжээ. Аймааргүй юмнаас айж зугтаасны улмаас чухам аймаар бэрх явдал болсныг хэнз хурга сүүлд нь олж мэджээ.

1931

Эх сурвалж:

  1. http://www.mnb.mn/i/148416
  2. Дамдинсүрэн Ц. Бүрэн зохиол.-УБ.,1998 // https://e-nom.mn/book?bid=1270
About the Author
Дамдинсүрэн Ц.

Хатагин Цэндийн Дамдинсүрэн (1908 оны 9 сарын 14-ий өдөр —1986 оны 5 сарын 27-ий өдөр) БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mn.wikipedia.org/wiki/Цэндийн_Дамдинсүрэн