Норовын намтар

Норовын намтар

Гүйсээр байгаад Норов маань
Гүйцээд иржээ тэднийгээ.
Оволзсон амьсгаагаа дарж байгаад
Омогтой гэгчээр ингэж асуужээ.

About the Book

Норовын сонин намтраас:
Эхэлж ярихынхаа өмнө
Номынх нь савны тухай
Хэдэн үг хэлье, байз?

Эдэлж эзэмшиж явдаг
Эзэндээ их гомдсон
Номын сав нэг өдөр
“Норовын эзгүй хойгуур
Хол газар оргож явья.
Холдож нэг санаа амарья” гэж
Гэнэт шийдэж зориглоод
Гэрээс гараад зугтаажээ

Яагаад ингэж зугтаасныг
Би ч бүү мэд, Та нар ч бүү мэд
Ямар ч гэсэн нэг учир
Бийл байлгүй дээ түүнд

Норовыг гэртээ ирэхэд
Номын сав нь алга байж
Хаашаа яагаад явчихсаныг
Хаанахын хэн ч мэдээгүй байж,
Онигор нүдтэй дүү нь л харин
Олж харсан юм байж,
Онгорхой хаалгаар тэр сав
Оргож гарсан юм байж,

Онц ихээр гайхаад
Норовын нүд нь бүлтгэнэжээ.
“Одоохон явж эрье” гээд
Огло харайгаад гарчээ.

-Үзэж заалгадаг олон номтой,
Үзэг харандаа цөм бүрэнтэй,
Үүрч явдаг номын сав маань
Үүдээр гараад зугтаажээ.
Хаашаа яагаад явсны нь
Харсан хүн байна уу? гэж
Хашгирах шахам сураглахад
Хажуудах улс нь гайхжээ.
Гудамжинд явсан хүмүүсүүд
Түүнийг ердөө ч харсангүй гэнэ.

Гурван хүүхэд л харин
Түүнд сураг гаргав.

Явсаар байгаад номын сав.
Ядарсан ч юм уу бүү мэд
Нэг газар хүрч ирүүтээ
Нээж үүдээ дэлгэчхээд

-За та нар цөмөөрөө гарцгаа!
Замаа олоод цугаараа тарцгаа!
Хаашаа л явбал дураараа болцгоо!
Харин битгий эргэж ирцгээ!

Үзэг эхлээд одоо гараарай!
Үүний хойноос дэвтрүүд цуваарай!
Номууд дараа нь бэлтгэж байгаарай!
Норов, аягүй л бол ирнэ шүү.

Будган харандаанууд яваарай!
Бушуу бушуухан гүйгээрэй! гэж
Номын савыг хэлэхэд тэд
Цугаараа сандран яарцгаажээ.
Норовыг ирэхээс урьтана гэж
Цөмөөрөө цуван гарцгаажээ.

Гүйсээр байгаад Норов маань
Гүйцээд иржээ тэднийгээ.
Оволзсон амьсгаагаа дарж байгаад
Омогтой гэгчээр ингэж асуужээ.
-Та нар чинь яагаад манайхаас
Яваад өгч байгаа юм бэ?
Тавьсан газар байж байхгүй
Яасан задарсан сав бэ? чи!
Одоо та нар бултаараа
Орцгоо! наад савандаа
Олж авсных би, та нарыг
Аваад явна, гэхэд нь:

-Яагаад зугтаасныг та мэдэхгүй ч
Явахыгаа би бас мэднэ.
Яавч бид буцаж орохгүй
Яасан ч бид эргэж очихгүй гэж
Үзэг, харандаа, ном, дэвтэр
Ам амандаа шуугилджээ.

Үүнийг дуулаад Норов маань ч
Айхтар ихээр гайхжээ.

-Бушуул савандаа орцгоо!
Бултыг чинь аваад явна гэж
Хамаг тэнхээгээрээ хашгирахад нь
Хажууд нь байсан нэг үзэг
-Бэхийн саванд чанга дүрж
Үзүүрийг минь мохоосон та,
Бас шүдээрээ үргэлж мэрж
Ишийг минь хонхойлгосон та,

Тэгээд бас намайг
Хайрлаж хамгаалахыг мэддэггүй
Тэхээр чинь би танд
Эргэж очихгүй гэжээ.

Дэргэд нь хэвтсэн дэвтрүүд
Дэлгэсэн хуудсаа эргүүлээд;
-Дээл болсон хавтсы минь
Дэндүү муухай урдаг та,
Дээр минь бас элдвийн юм
Дэмий баахан эрээчдэг та,
Тэгээд бас үргэлж л
Хоёрын тоо тавиулдаг
Тэхээр чинь бид танд,
Эргэж очихгүй гэжээ.

Нооронхой болсон хавтастай
Номууд дараа нь залгаад;

-Хувцас болсон хавтсы минь
Хугалдаг шүү та,
Хуруугаа норгож эргүүлээд
Харлуулдаг шүү дээ чи
Тэгээд бас үргэлж
Сөхөж уншдаггүй шүү дээ
Тэхээр чинь бид танд
Эргэж очихгүй гэжээ.

Урт богино болсон
Өнгийн будган харандаанууд
Урд хойно оролцон
Өндийн босч зогсоод:

-Дэмий баахан зороод л
Биеий минь хороодоггүй гэж үү?
Дэндүү урт шовхлоод л
Үзүүрий минь хугалдаггүй гэж үү?
Тэгээд бас биднийг та
Саванд минь ердөө хийдэггүй,
Тэхээр чинь бид танд
Яасан ч очихгүй гэжээ.

Хамгийн сүүлд номын сав
Хандаж Норовт ингэж хэлэв.
-Түлхүүрий минь та гээж
Түгжээгий минь хэмхэлсэн шүү!
Оосры минь та тасалж
Оёдлы ч минь ханзалсан шүү!
Хичээлээсээ ирээд та
Гэртээ авчраад хаячдаг шүү!

Үүд хаалгы минь ч нээдэггүй шүү!
Үнэнч нөхдий минь ч гаргадаггүй шүү!
Бөндийтөл намайг үлдээчихээд
Бөмбөг өшиглөөд явчихдаг шүү!

Тэгээд бас надаар
Хүүхэд багачууд зоддог шүү
Тэхээр чинь би танд
Буцаж очихгүй гэжээ.

-Бид одоо бүгдээрээ
Тал тал тийшээ явлаа даа
Биднийг хайрладаггүй эзэн минь
Баяртай, баяртай гэхэд;

-Ногоон иштэй үзэг минь,
Номын хайртай сав минь,
Будган харандаанууд минь,
Бусад олон дэвтэр минь
Бултаараа одоо чагна!

Миний хэлэхийг сонсцогоо!
Үүнээс хойш та нарыг би
Үргэлж хайрлаж явъя даа.

Савандаа оосры нь хийе дээ
Саайхан цаасаар дэвтрээ хавтаслая.
Тэгээд би үргэлж л
Тавын дүн тавиулъя даа.
Тэхийн төлөө дандаа л
Онц сурч байя даа.

Харандаагаа би аятайхан
Үзүүрлэж байя даа
Хамаагүй дэмий зорохоо
Үүнээс хойш больё доо.
Та нар одоо намайг
Бүү орхиод явчаа ч дээ
Тарж бутарч зугтаагаад
Битгий намайг зовоо доо гэхэд

-Намайг та яаж
Хайрлаж байхаа хэлсэнгүй гэж
Наана нь байсан номууд
Гомдол мэдүүлж гарлаа.

-За би, одоо та нарынхаа
Хавтсы нь сайхан наана
Замбараагүй баахан юм
Хамаагүй эрээчихээ зогсоно.
Үргэлж би таныгаа
Үзэж уншиж байна.

Үеийн бусад нөхөддөө
Тайлбарлан ярьж байна гэж
Норов тэднээсээ гуйгаад
Нулимсаа арчин уйлж гэнэ.

Уйлж байгаа Норовыг хараад
Учирлаж гуйсан сэтгэлий нь бодоод
Эргэж очих уу яахав гэж
Эд цөм зөвлөлджээ.

-Би л яасан ч очихгүй,
Биеэ тэгж зовоохгүйдэг гэж
Хамгийн богинохон улаан харандаа
Хариулж тэдэндээ хэлж гэнэ.

-Хэлсэн үгэндээ заавал хүрээд
Хэрвээ биднийг хайрлаж байвал
Одоо бид эргэж очно.
Онц сурахад чинь тусалж чадна гэж
Номын сав тэргүүтнийг хэлэхэд
Норов баярлаад нүд нь сэргэжээ.

Үргэлж би та нарыг хайрлана гэж
Үнэн үгээ дахин мэдүүлжээ.

Эзэн минь биднийг энээс хойш
Энхрийлж хайрлана гэсэн тул
Бултаараа одоо та нар
Буцаад орцгоо гэж савыг хэлэхэд,
Будган харандаанууд нь дургүй байж,
Буцаж гарах гээд тэмүүлж байж,
Эд нар ингээд цөмөөрөө
Эргэж савандаа ороод
Эзнийхээ суганд хавчуулагдаад
Гэрийнхээ зүг явжээ.

Сугавчилж явсан Норов маань
Суганаас мултраад зугтаах бий гэж
Байн байн болгоомжлоод
Байдаг тэнхээгээрээ хавчиж гэнэ.

About the Author
Содномдорж Д.

1928 оны 6 сарын 2-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд төржээ. Яруу найрагч, хүүхдийн зохиолч. Улаанбаатар хотноо аж үйлдвэрийн тусгай мэргэжлийн сургууль, 1973 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курс төгсчээ. Налайх, Улаанбаатарын Төмөр замд ажиллаж байжээ. “ Пионерийн үнэн” сонины сурвалжлагч, МЗ-ийн хүүхдийн номын сангийн захирлаар олон жил ажилласан нь хүүхэд багачуудын амьдралыг судлаж уран бүтээлээ амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. 1955 оноос эхлэн зохиол бичих болжээ.
Дэлгэрэнгүй:
https://www.bookstore.mn/index.php/authormore?id=332