Малгайтай чоно

Малгайтай чоно

Зургийг: http://www.mnb.mn/uploads/201408/news/thumb/fbe222e028f3e88385f18b4d4be2b2f6_x3.jpg"

About the Book

1-р хэсэг

2-р хэсэг

Монголын радиогийн алтан сан эргэж байна: Ч.Лодойдамбын “Малгайтай чоно” өгүүллэгийг Монгол улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн гуайн уншсанаар хүргэж байна.

 

Шөнө тоо томшгүй одод мяралзан гялалзаж үүлгүй тэнгэрийн зөөлөн өнгөтэй нийлж дэлгэсэн, одтой хөх магнаг шиг харагдаж байв.

Тэнгэрийн хаяатай нийлэн замхарсан өргөн талыг том гэгчийн тунгалаг сар гийгүүлж, ойр орчмын юм цөм тодорхой ажээ. Энэ тал нутаг, хэсэг яваад л өндөр биш гүвээгээр хэрчигдсэн боловч шөнийн цагт зах нь тэнгэрийн хаяатай нийлэн замхарсан тул, индүүдсэн юм шиг харагдана.

Сартай шөнө, өргөн талд юм бүхэн өөрчлөгдөн их юм бага болж, бага юм их болж, холын юм ойр болж, үзэгддэг ажээ. Иймд энэ нүд алдам өргөн талд харганын бут хүртэл сүглийж харлаад сүртэй харагдаж байхад, борлог морь унаад задгай суман хатираагаар довтолгон яваа Дамдинд бүргэлзээд ер олигтой харагдахгүй байв.

Дамдин хэдий тавин нас хүрсэн боловч мориныхоо жолоо цулбуурыг хямгадан барьж цээжээ бага зэрэг бөхийж, дөрөө дээрээ босож зогсоод эрмэг борлогийн усны урсгал шиг жирэлзсэн хатираагаар, намрын шөнийн сэр сэр үлээх сэрүүн салхийг сөрөн зүсэж явааг харахад өргөн талын эзэн нь Дамдинаас өөр хэн ч байж боломгүй санагдаж байлаа.

Дамдин өглөө сумын захиргаан дээр очиж, захиалсан сониноо аваад, одоо гэртээ буцаж яваа нь энэ байжээ.

Алсын ямар ч баримжаагүй, энэ талыг таван хуруу шигээ мэддэг Дамдин, тэнгэрийн хаяаг ширтэн, эр бор харцагыг шуранхайлан аялж явахад нь сагалдаргаараа хүзүүнээс нь дүүжлэгдсэн эсгий малгай нь хатирагч морины ээлжлэн самарч байгаа хөлийн аясаар хоёр далны нь хооронд савагдаж байв.

«Аяа хөөрхий,

Алдраа минь зээ» гээд дуугаа давуулан уянгалуулж нургиулан уушгиндаа хуримталсан хийгээ аажмаар шахаж гаргах зуур, бүдүүнээрээ атгад уужим багтах бөгөөд уртаараа хоёр баримаас хэтрэхгүй боловч, чонын хянган хоншоор дээр үхлийн лантуу болон буудаг гөлчгөр яргай ташуураа мориныхоо дэл дээгүүр хөндлөн тавьжээ.

Дамдин борлог морио унасан цагт, энэ ташуураас салдаггүй, Дамдин, борлог морь, яргай ташуур гурав бол олон чонын амийг тонилгосон юм.

Үргэлжилж байгаа усны урсгал шиг хатиран, согоо хоёр чихээ солбиж байгаа борлог морио байн байн харахад Дамдины сэтгэлд ертөнцийг хэд тойрсон ч болмоор юм шиг санагдаж байв.

Хоолойнхоо хамгийн өндөр, хамгийн нам хөгийг хослуулан дуулж шөнийн гүнд дарагдсан өргөн талын чимэг болон явтал өмнүүр нь ямар нэгэн юмны бүдэг дүрс бүртэлзэн өнгөрөх шиг харагдав. Ажиглавал өвөр даран, зам огтлоод давхиж байгаа чоно ажээ. Чоно! гэхэд борлог морь, яргай ташуур нь бодогдож сэтгэл нь хөдлөн бөхийтөл, давхиж яваа чоныг хэдийний харж амжсан бөгөөд хурдан хөлөөрөө Дамдины ташуурын дор олон чоныг тушааж сурсан борлог морь соотон хоёр чихээ хулмайлган нисэх мэт хурдлав.

Говь, талын хахир хайр хөрсөнд хурдан борлогийн дөрвөн туурайд онгилогдон хаягдсан хайрга чулуу хавиралдаад байн байн оч гялалзана.

Сарны гэрэлд замхарсан өргөн талын мандлаас улам бүр тодорч байгаа чоныг алдалгүй ширтэж, ташуураа чонын сарьсан хоншоор дээр буулгах цаг ойрхон болсонд сэтгэл нь хөөрөн улам бүр урагш бөхийж бараг мориныхоо дэлтэй хацраа нийлүүлэн явлаа.

Дамдины нүд цавчлах ч үгүй байв. Чоныг мориороо хөөж ташуураар цохих гэдэг бол маш их зориг, самбаа шаардсан үнэхээр нарийн урлаг юм.

Энэ үед илүү хөдөлгөөн, хайнгууд байдал огтхон ч байж болохгүй, учир нь морь бүр гүйцээд очиход эцсийн тулалдаанд шийдсэн чоно эргэж дайрдаг нь ёс, чухам ингэж эргэн дайрсан үед түүний сарьсан хоншоорыг алдахгүй цохих хэрэгтэй.

Тэр мухар сөөм хүрэхгүй ташуураар нарийн хоншоороос өөр газар цохих буюу алдвал улайрсан чонын соёо аль хүрсэн газартаа шигдэн ордог ажээ.

Хэдийгээр сартай боловч, шөнө тул эргэж дайрах чонын хоншоорыг алдахгүй цохино гэдэг бас тийм хялбархан хэрэг биш билээ.

Хурдан борлогийн довтолж байгаа сүрхий чимээнээс цочсон чоно хүчээ шавхан хурдалж анхандаа мөрдөгчөөс бага зэрэг холдсон боловч удалгүй туурайн тачигнасан сүрхий чимээ улам бүр ойртон сонсогдох болов.

Амь тавин зугтаж байгаа чоно хоёр тийшээ сүлжин гөлөлзөж, хар сумаа дахин дахин харвавч тус болсонгүй. Чоно ойртох тутам борлог морины хурд улам ч нэмэгдэж, Дамдин ташуураа далайн шүдээ тас зууж нүүрийнх нь бүх арьс нүдний хооронд хуралдан, зангирсан хурц нүд нь чонын толгойноос салахгүй байв.

Гэтэл нүдний өмнө үнэхээр үнэмшмээргүй нэг юм тусав. Өмнөхөн нь зугтаж яваа чоно малгайтай юм шиг харагдсан билээ. Гэвч малгайтай чоно байна гэдэгт хэн анх хараад итгэх билээ. Сайн ажиглан харвал гарцаагүй малгайтай чоно байв. Бүр малгайтайдаа өндөр оройтой шовгор малгайтай байв.

Энэ сонин бөгөөд аймаар юмыг хараад нуруу өөд нь хүйтэн ус хийх шиг, толгойн үс нь босох шиг болов.

Хэрэв Дамдин самбаа олж мориныхоо амыг татаагүй бол борлог морь малгайтай чонын дэргэд хүрэх байсан бөгөөд тэр үед чоно эргэж дайрсан бол Дамдин сарьсан хоншоорыг олж чадахгүй, сандрах байсан нь дамжиггүй билээ.

Чоно гүйцсэндээ агсарсан борлог морины амыг татаж тогтоох гэдэг бол тийм амар хэрэг биш. Дамдин маш их хүч гарган борлог морио тогтоогоод, чонын явсан зүг харвал бараа нь үзэгдэхгүй болжээ.

Борлог морь тогтож ядан амаа булаалдаж чонын явсан зүг тэмүүлэв.

Дамдин тэр зүг хөдөлгөөнгүй боловч айсан том нүдээр ширтэн магнайдаа чийхарсан хүйтэн хар хөлсөө ханцуйгаараа арчив.

Малгайтай чоно! Өндөр гэгчийн шовгор оройтой шүү! Ямар аймаар, гайхмаар юм бэ? Би тавь гартал наслахдаа нэлээд юм үзсэн, нэлээд юм сонссон, гэвч малгайтай чоно байдаг тухай зүүдлээгүй. Чоно байсан уу? Гарцаагүй чоно байсан. Тэгээд юунд малгайтай юм бэ? Мэдэхгүй! гэж гэрийн зүг, мориныхоо амьсгааг дарж сажлан явахдаа бодов.

Малгайтай чонын тухай бодох тутам, саяхан өөрт нь хөөгдөж байсан тэр чоно одоо өөрийн нь араас хөөн ойрхон ирж байгаа мэт санагдаж, хөмсгөө атируулан, байн байн эргэж харсаар явснаа дахин өндийж борлог мориныхоо хурдаар урагшлан давхив.

Өмнөөс нь хоточ нохой хуцсаар угтан ирэхэд Дамдин гэртээ тулж ирснийг сая мэдэв.

Уяан дээрээ ирж буугаад үзвэл морь нь бараг туруу халз хөлөрчээ. Иймд ингээд тавивал тосон жилбэн болж магад гээд сойж хонохоор тохом татаж уяад, эмээлээ авч гэртээ орлоо.

Аргалын цог дээр халуунаар байсан цайгаа ууж, хоол идэж байхад сэтгэлээс нь чоно салахгүй байв.

Гэвч тэр ер бусын юмны тухай яривал эхнэр хүүхэд айхаас эхлээд ямар ч цуурхал дэгдэж магад гэж бодоод тэр тухай юу ч ярьсангүй.

Бас малгайтай л байсан байх даа. Аль би буруу харав уу? Үгүй, гарцаагүй өндөр шовгор оройтой малгайтай байсан гэж бодоход түүнийг дахин харах юм сан гэж бодогдоно. Гэтэл өмнө нь давхиж яваа өндөр, шовгор оройтой малгайтай чоно харагдах шиг болов.

— Чи чинь үргэсэн зээр шиг сэрвэлзээд хоолоо ч тавтай идэж чадахгүй юу болчхов доо? гэж Дамдины ер бусын байдлыг ажиглаж амжсан боловч, чухам яагаад тэгж байгааг нь мэдээгүй гэргий Цэцэгийн асуусанд, Дамдин өөрийн нь байдлаас болж, нууж байгаа зүйл нь илэрч магад болсныг мэдээд:

— Чиний нойрмог нүдэнд л ингэж харагдаж байхгүй юу гээд инээх дүр үзүүлэв.

Ингээд Дамдин ер бусын тайван байдалд хүчлэн шилжиж, хөдөлгөөн бүхнээ хянаж, үг бүхнээ бодож ярьдаг болжээ. Гэвч өндөр шовгор оройтой малгай өмссөн чоно сэтгэлээс нь гарсангүй.

Хэвтсэн боловч, удтал унтаж чадсангүй. Бараг үүр цайхын үед дуг хийсэн нь заримдаа торгон малгайтай, заримдаа хоргой малгайтай, заримдаа төмөр малгайтай чоно хянган хоншоороо атируулан, хурц цагаан соёогоо ярзайлган ирээд ноцолдов гэх зэрэг ёозгүй юм зүүдлээд тавтай ч дуг хийж чадсангүй. Өглөө үүрийн гэгээтэй уралдан босож борлог морио чөдөрлөн тавиад, цайгаа ууж суутал саахалтын айлын Аймар орж ирлээ.

Аймар ямагт өглөө эрт босдог заншилтай, хамгаас түрүүнд тооноор нь утаа гарсан айлын цайг үргэлж бууддагийг хавь ойрын айлууд нь цөм мэддэг билээ. Энэ учраас ч түүнд «Утаа сахидаг өлөг турлиах, тунхуу мөргөдөг түнжин бух» гэж хоч өгсөн байжээ.

Цай буудахаар орж ирэхдээ элдэв буян нүгэл ярьж, их л ихэмсгээр урт эрихээ шажигнуулан, хүнгэнэтэл хэхэрч ирдэг юм. Гэтэл энэ удаа тийм биш, шал өөр байдалтай байв. Аймарын магнайн үрчлээ нь бүдүүн хуруу зэрэгцүүлсэн юм шиг тодроод, царай нь ямар ч сүлдгүй болон цайж, хавагнаж бэлцийсэн нүдэнд нь нулимс цийлгэнэжээ. Бас улаан торгон баринтагтай, том ном тэвэрсэн байв. Хүнийг ямар нэгэн юм хэлэхэд, бузартсан юм байлгүй дээ. Барцадтай байж л дээ сан тавиулчих, дархи уншуулчих. Дөрвөн гэлэнгийн гүнрэг уншуулбал бүр ч сайн гэх зэрэг ихэмсгээр нүдээ эргэлдүүлэн явдаг Аймарын чичрэн дагжсан байдлыг хараад Дамдин, Цэцэг хоёр бие бие рүүгээ харан жуумалзсан боловч, Аймарт түүнийг анзаарах сөхөө байсангүй.

Аймар орж ирмэгцээ суусан ч үгүй, мэндээ ч мэдэлцсэнгүй, чичирч, хахирсан сөөнгө дуугаар:

— Дамдин минь, үүрийн гэгээ тусахын орчим, би хүн болсоор нэг сүрхий юм үзлээ, гэж хэлээд огцомхон хөдөлгөөнөөр цочин эргэж үүд рүү харахад нь хөөргийн жижигхэн цагаан толботой улаан шүрэн толгой шиг хамрыг нь үзүүр татганаж байв.

Энэ үгийг сонсоод, Дамдин өнгөрсөн шөнийн явдал нь санагдаж өндөр шовгор оройтой малгайтай чоно үзэгдэх шиг болов. Гэвч Дамдин маш тайвнаар:

— За Аймар суу л даа. Чи чинь юу болоод ингэж сандарчхав гэж асуусанд Аймар суух ч чадалгүй бололтой. Дөрвөн мөч нь мэдрэлгүй юм шиг чичирч байв.

— Суу л даа. Тэгээд ярья? гэж Дамдины дахин хэлэхэд, Аймар хөгшин тэмээ, мөсөн дээр хэвтэж байгаа юм шиг өвдөг дээрээ яг хийж сөхрөн суув. Түүний ингээд сөхрөн сууж байгааг харахад хүн биш, харин хотын захад тавьсан мануухай шиг байв.

Цэцэг инээдээ барьж чадахгүй болсон тул түргэн эргэж эргэнэгийнхээ дэргэд очоод ямар нэгэн юм оролдов.

Аймар бол бүх насаа хийд дэр сууж өнгөрүүлсэн бөгөөд бас яг ч үгүй гавж мяндагтан явсан билээ. 1937 онд хүрээ хийдээс гарч, хөдөө ирээд өөрийн хамаатан болох нэгэн айлын хаяанд жижиг гэр барьж суудаг болсон.

Аймар багадаа, хонио хамт хариулж айлын дэлгэцтэй ааруулыг хамт хулгайлж, айлын гэрийн туургыг хамт цоолж, цоороор тогоотой сүүг хөхөж өссөн, нутгийнхаа Дорж гэдэг хүүхэдтэй хошуу хийд дээр очиж гэвш лам Бадарчийнд бас хамт суудаг байжээ. Гэтэл Дорж нь өвдөж, өвчин нь хүндрээд удалгүй хүний гарт оров.

Нэгэн өдөр багш лам Бадарч, Аймарт нууцаар маш сүрхий зүйл айлдав. Аймарт эдгэрэх найдваргүй болсон Доржийг диваажингийн оронд түргэн төрүүлэхийн тул, хүүрийн газар хаях хэрэгтэй гэж багш Бадарч зарлиг болсон билээ.

Аймар энэ зарлигийг биелүүлэхээ татгалзсан. Гэвч Бадарч гэрээсээ хөөх аюулаар заналхийлсэн тул Аймар аргагүй болж Доржийг гүн шөнө үүрээд явсан байжээ.

— Чи намайг гудамжинд юм уу, хог дээр хаяач дээ, тэгвэл сайн сэтгэлтэй хүмүүс аяга цай, үмх хоол өгч байгаад үхүүлэх байх гэж гуйсан юм.

Аймар хариу дуугаралгүй явсаар байсан билээ. Учир нь Аймар Доржийн хүслийг биелүүлж болохгүй байв.

Бадарч лам, явахад нь Доржийг заавал хүүрийн газар хаях хэрэгтэй тэгэхгүй бол амьтан хүн мэдээд үг яриа гаргана. Хэрэв хая гэсэн газар хаяхгүй, яриа шуугиан гаргавал өөдөө хаясан чулуу өөрийн чинь толгой дээр бууна шүү гэж хэлсэн юм.

Бас тэгээд Доржийг хүүрийн газар хаяж байгаа явдал бол өчүүхэн ч нүгэл биш, харин түүнийг түргэн диваажингийн оронд төрөхөд нь тусалж байгаа хэрэг гэж Аймар бодсон билээ.

— Аймар минь бид хоёр нэг аяганаас хамт хоол идсэн ч өдөр олон, нэг дээлд хамт унтсан өдөр ч олон шүү дээ. Чи намайг ингэж хээр золбин нохдын дунд хаях гэж явахын оронд үерхэж байснаа бодож хорвоо дээр бодож байдаг ганц хөгшин эхэд минь ийм болоод байна гэж хэл хүргэхийг бодооч, би өөр хүнд хэрэггүй ч гэсэн, түүндээ хэрэгтэй шүү дээ гэж Доржийг гуйсанд Аймар бас л хариу дуугараагүй билээ. Тэгээд Доржийг хүүрийн газар хаяад эргэхэд нь:

— Ирэх төрөл гэж байдаг бол, би ер бусын өлсгөлөн араатан болж төрөөд, юуны өмнө чамайг иднэ гэж чихэнд нь хадсан маш муухай дуугаар Дорж хашхиран хэлсэн юм.

Энэ сүрхий дуу Доржийн эцсийн дуу ч байсан байж магад юм. Энэ дуу Аймарын чихэнд хэдэн жилийн турш үргэлжлэн сонсогдсон. Доржийг ингэж амьдаар нь хаясныг хэн ч мэдээгүй бөгөөд тэр нь зөвхөн Бадарч, Аймар хоёрын нууц болон өнгөрчээ.

Харин Доржийн эх нь хүрээн дээр сууж сайн лам болж, толгой дээр нь ерөөл уншиж, өгөх гээд чадаагүй хүүд нь тусалсан Аймарт их сайн байж байгаад үхсэн билээ.

Аймар, Доржийг хаяснаас хойш хэдэн жилийн турш хүрээ хийдээс гарч чадалгүй, нохой харсан ч хол тойрч явдаг болсноор барахгүй, Дорж ямар нэгэн хүчтэй араатан болж ирээд, өөрийг тасчин идэв гэх зэрэг аягүй юм зүүдлээд унтаж ч чаддаггүй байв.

Гэтэл он жил өнгөрч, Аймар ч гэвш болов. Дорж ч ирсэнгүй. Аймарын сэтгэл ч тайвширч, зүүдлэх нь ховор болжээ. Гэвч Алтангэрэлээ толгой дээрээ тавьж унтдагаа орхисонгүй.

Чухам энэ Алтангэрэл нь Доржийн аюулаас хамгаалж байна. Үүнээсээ салаагүй байсан цагт гайгүй гэж Аймар боддог байв.

Гэтэл өнөө өглөө, урьдах заншлаараа эрт босоод, айлын тооноор гарах утааг ажиглан харж байтал маш сүрхий юм үзэгдэв. Тэр айхавтар юмыг үзээд өнөөх гайхал Дорж намайг идэхээр ирээд байна гэж бодсон ажээ.

Дорж гарцаагүй Дорж, түүнээс өөр ийм юм байх ёсгүй гэж бодон ухаанаа алга болтол айж, гэртээ ороод Алтангэрэлээ аваад, гэрээ эргэж явахад нь Дамдины гэрийн тооноор утаа манарч байх нь үзэгдсэн тул, тэднийх рүү шууд явсан байжээ.

Харин энэ удаа цай буудахаар ирсэн биш, чонын эрлэг болсон Дамдины хамгаалалд орвол айхавтар амьтан болж хувирч ирсэн Доржид тасчуулан идүүлэх аюулаас зайлж болох болов уу гэж горьдож ирсэн байжээ.

— За тэгээд чи юу үзэв? гэж Дамдины асуухад Аймар юм хэлэх гэснээ амьсгаандаа хахаж, эрүү нь чичрэн, дуу гарсангүй тагжран, ам нь ангалзсанаа дахин урт гэгч нь амьсгал авч,

— Би… малгайтай.. бо.. хай үзлээ гэж хэлээд доод уруулаа дотогш нь үмхэхэд өрөөсөн нүдний нь нулимс хамрынх нь хажуу дагаж бөмбөрөн унав.

Энэ үгэнд Цэцэг эргэж Аймар руу харснаа инээд алдаж:

— Нөгөө хөхөөг хүйдсээр цохиж алдаг шиг юм болох нь шив дээ. Үүнийг чинь хэн үнэмшдэг юм бэ? гээд тунхуутай цай, аяга авч Аймарын өмнө тавив.

— Ээ Цэцэг минь, би үнэхээр үзсэн! гэж Аймар хэлээд бас л өндөлзөж орчин тойрноо ажиглав.

Дамдин, аягатай цайгаа оочиж бодолхийлэн удаан залгих зуур баруун талын орон дээр зэрэгцээд унтаж байгаа хүүхэд рүүгээ ажиглан харж байснаа эргэж Цэцэг рүү харахад, Цэцэг өөр рүү нь ширтэн байлаа.

— Урьд шөнө нэг чонотой тохиолдоод, түүнийг хөөж гүйцэж очтол малгайтай юм шиг харагдсан. Тэгэхэд нь хөөхөө больсон гэж Дамдин ямар нэгэн энгийн бөгөөд олонтоо тохиолддог ерийн явдлын тухай ярьж байгаа юм шиг гайхалтай тайвнаар хэлэв.

Цэцэгийн нүүр нь таталдан, арьс нь язрах гэж байгаа юм шиг гөлгөр болоод Дамдин руу дуугүй ширтэж байснаа гэнэт ухаан орсон юм шиг, чанга дуугаар:

— Чи ингэж саваагүйтэж явдгаа боливол дээр шүү. Чоно хөөж байгаад л нэг мэдэхэд үхсэн байх вий дээ гэж зэмлэн хэлэв.

Ингэж байтал Дамдины айлын Хэтрүүдорж орж ирлээ. Хэтрүүдорж өнгөрсөн шөнө адуу манаад гэртээ ч орсонгүй шууд Дамдиныд орж ирсэн юм. Хэтрүүдорж зүүн талын орны өмнө сууж, нүүрээ илж, хошуугаа чимхэн арчсанаа:

— Дамдин аа! Би өнөө өглөө малгайтай чоно харлаа. Нээрэн шүү, малгай нь толгойноосоо дээш тохой шахам өндөр гээд дахин нүүрээ алгаараа арчсанаа, — Нээрэн яах аргагүй, үнэн шүү, бас хоёр урт бүч нь салхинд намилзан хийсэж байсан гэхэд нь:

— Ээ бурхан минь, хоёр бүчтэй гэнэ үү? гэж Аймар бараг шивгэнэн асуухад,

Хэтрүүдорж аяга авч цай хийх зуур,

— Тийм ээ, хоёр бүчтэй, гээд цайгаа нэг том балгаж аваад сонсогчдыг ажиглан харснаа, аман дахь цайгаа залгиж, — Хачин юм шүү. Гэвч үнэн, би тоглоогүй гэв.

Доржийг хаяхад, тэр нь жижигхэн шовгортойгоо байсан нь Аймарт санагдаж, Доржийн нөгөө айхавтар дуу чихэнд нь хадах шиг болов. Аймар ухасхийн босоод Дамдины бүр дэргэд нь очоод суув.

— Лав чоно биз дээ? гэж Цэцэгийн асуухад Дамдин инээмсэглэх мэт болоод,

— Чоно ч осолдохгүй чоно, харин ямар учиртай юм бол гэв.

— Бурхан минь юу ч байж болно. Хүн ч байж болно! гэж Аймар хэлээд эргэж харснаа нуруугаа Дамдинд бүр нааж суув.

Хэтрүүдорж аягатай цайгаа тавьж нүдээ цавчлан инээмсэглэснээ,

— Та нар бас харсан уу? гэж асуусанд Дамдин дуугарсангүй, толгойгоо дохисноо,

— Ойроос харав уу? гэж асуув.

— Би хоёр зуун алхмаас харсан гэж Хэтрүүдорж хариулахад Аймар угтаж аваад,

— Айсангүй юу? гэв.

— Юунаас нь айх юм бэ? гэж Хэтрүүдоржийн хэлэхэд дуунд нь, «Би чинь түүнээс байтугай юм үзсэн толгой» гэсэн хэгжүүн өнгө илэрхий байв.

Хүмүүс хэсэг зуур чимээгүй болцгоов. Гэвч хүн бүхэн малгайтай чонын тухай бодож байлаа.

Дамдин юм бодон тамхи татаж байв. Аймар шалан дээр шидсэн бөмбөг шиг өндөлзөн сэрвэлзэж байв.

Хэтрүүдорж ажиггүй цай ууж, малгайтай чонын тухай цааш юу гэж ярья даа гэж бодож байв.

Цэцэг, энэ гурвыг ээлжлэн харж, хэн юу гэж хэлэх бол гэдгийг урьтаж тааварлах гэсэн юм шиг гайхаж байв.

Дамдин сорсон утаагаа үлээж гаргаад, тулганы хойно тавьсан банз дээр гансаа тогшиж, үнсийг нь унагааснаа Хэтрүүдорж руу харж,

— Энэ чоныг авлая гэж хэлтэл, Аймар босон харайж

— Ээ, болохгүй байх, бурхан минь, би л тэгье гэж хэлээгүй шүү гэв.

— Заавал бурхан байх ёсгүй, бас чөтгөр байж болно шүү дээ гээд Хэтрүүдорж Аймар луу харвал, нүд нь бүлтгэнэн, ганц ч үсгүй болсон халзан толгойн арьс хүртэл чичирч байв.

Аймарын байдлыг хараад, өөрийнх нь нэмж байгаа давс үнэхээр өндөр үнэтэй борлож байгаад зоригжин:

— Тэр чонын малгай нь орой дээрээ улаан залаатай юм байдаг шүү гэхэд нь түүн рүү Дамдин эгцлэн харав.

Хэтрүүдорж мөрөө хавчин дайвалзсанаа нүүрээ илж

— Үнэн шүү, үнэн, салхинд хийсэн сагсалзаж байх шиг харагдсан гээд аягатай цайгаа дахин авав. Хэтрүүдоржийн энэ үгийг сонсоод, Аймарын царай хувхай цайвар болов.

— Өглөө харахад амнаас нь цэнхэр утаа багшран гарч байх шиг харагдсан гэж Аймар ямар ч хөг аялгуугүй тасалдсан дуугаар хэлэхэд, Хэтрүүдорж Дамдин руу харж,

— Тэр үнэн, утаа гарахын хамт хааяа хааяа гал бадарч байдаг шүү. За мөн сонин юм даа, үзээгүй хүн бол огт үнэмшихгүй шүү гээд суудлаа зассанаа үргэлжлүүлэн, — Бид ч харсан болохоор хэн хэнээ үнэмших л юм. Үгүй тэгээд хэн ч ингэж худал хэлж байх билээ дээ. Үгүй нөхөд өө хүнтэй мөн хөгийн юм тохиолддог юм шүү! Би урьд Да Шинхүүгийн адуу тууж яваад нэг сонин юм болж билээ. Нэг шөнө адуу манаж байлаа.

Үгүй тэр шөнийн харанхуй байсан гэдэг нь унаж яваа морины чих ч хүртэл харагдахгүй байсан юм шүү. Гэтэл адуун дунд нэг цоохор морь цойлоод л орж ирлээ гээд хоосон болсон аягаа тавьж, мод толгойгоо гаргаж Дамдины өмнө байсан ууттай тамхинаас нэрж аваад, тулганы захад байсан галтай цуцлаас асааж сорсон утаагаа хамар амаараа зэрэг гаргаж, — За тэгээд би чинь тэр жавхалзсан цоохор морийг уургалаад авсан чинь арайтай л гуд татуулчихсангүй. Түүний зүтгэсэн гэдэг чинь хэлэхийн арга алга. Би ч татаад л байлаа. Тэр ч зүтгээд л байлаа. Гар задрах гээд л байхад нь шүд зуугаад л байж билээ. Үүр цайхын үед арай гэж нэг тогтоохчоо болоод харсан чинь морь биш нөгөө бар гэдэг нь байж билээ гээд инээмсэглэснээ толгойгоо ганхуулан бүхнийг жартайн харж хоолойдоо хүд хүд гэж бүр чанга инээв.

Хэтрүүдоржийн яриаг хэн ч сонссонгүй бололтой. Дамдин, Хэтрүүдоржийн яриаг сонссонгүй, харин түүний сэтгэл, малгайтай чонын тухай бодолд эзлэгдээд байв.

Аймар, Хэтрүүдоржийн яриаг сонсох нь битгий хэл хаврын зэрэглээ шиг үргэлжлэн чичирч байгаа биеэ барьж чадахгүй байв.

Харин Хэтрүүдоржийн ярианы ихээр сэрж өндийгөөд уг яриаг бүрэн сонссон Дамдины их хүү, нүдээ гарынхаа араар арчаад:

— Та тийм харанхуйд барын цоохрыг нь хүртэл харсан гэж үү? гэж асуухад, яриаг нь сонссон нэг хүн гарсанд баярласан Хэтрүүдорж жуумалзан инээмсэглэснээ:

— Хүү минь ахынх нь нүд ногоон болохоор шөнийн цагт эгээ л шар шувуу шиг хардаг юм гээд ажиг ч үгүй дахин цай аягалж авлаа.

— Та тэгээд тэр бараа яасан бэ?

— Яах юу байх вэ дээ уургаа мулталж аваад л шилбүүрдэж орхисон чинь ум хумгүй арилж өгсөн гэв.

Ингээд хүмүүс хэсэг чимээгүй болсон билээ. Гэтэл тэр нам гүм байдлыг,

— Энэ чонын тухай Галдан гуайгаас асуувал лав нэгийг хэлэх байх гэсэн Дамдины үг эвдэв.

Удалгүй Дамдин, Аймарын хамт борлог морио унаж яргай ташуураа барин Галдан өвгөнийх рүү явлаа.

Харин Хэтрүүдорж үзсэн сонин зүйлээ хүмүүст ярьж гайхуулахаар өөр зүг явжээ. Дамдинтай яваагүйн шалтгаан бол мэдээжийн хэрэг. Ядахдаа сүртэй сүртэй хачир нэмэн чимэглэж ярихад нь саад болохгүй шүү дээ.

Замдаа Дамдин, Аймар хоёр ярьсан ч үгүй. Аймар дөрвөн зүг, найман зовхисыг ширтэн харж морин дээр бөндгөнөн, ам нь учир тоймгүй хөдөлж явлаа. Бодвол ямар нэгэн уншлага уншиж, өөрийн мэддэг бурхан бүхнээ тоочиж малгайтай чононоос тойруулж өгөхийг гуйн явсан биз ээ.

Дамдин нүдэндээ торсон бүхнийг нарийвчлан харж явжээ. Тэр хоёрын хойноос Сүсэгжав хатируулан ирэхэд ч мэдсэнгүй. Сүсэгжав бүр ард нь ирээд,

— За Аймар гуай… гэтэл,

— Ээ доррр… минь би чинь… гэж Аймар сөөсөн хоолойгоо хяхруулан байдаг хүчээрээ хашхирсанд, цочсон морь нь гэнэт ухасхийв. Аймар мориноосоо сугаран хоцорч хондлой руу нь тонгорцоглон унав.

Түүний чарласан дуунд борлог морь ч бас цочин ухасхийсэн боловч Дамдин жолоогоо чанга барьж явсан тул ойчсонгүй.

Дамдин авч давхисан борлог морио тогтоохын хамт Аймарын унаж явсан морийг барьж аваад, эргэж хөдлөлгүй хэвтэж байгаа Аймарын дэргэд ирэхэд Сүсэгжав, Аймарын хажууд сөгдөн суугаад:

— Аймар гуай, гавж гуай гэж дуудаад, татаж байв. Дамдин, Аймарт морьтойгоо ойртох гэсэн болсонгүй, борлог морь хамраа тачигнуулан, үргээд ойртож өгсөнгүй. Дамдин бууж морио тушиж орхиод, Аймарын дэргэд очвол нүүр нь амьд хүний арьсны өнгөгүй болоод, хамрыг нь үзүүр хүртэл цайрчээ. Бас нүд нь хөдөлгөөнгүй гөлгөнөж, уруул нь шазайн шүдгүй улаан бууль нь ил гарчээ.

Морин дээрээ салалгүй барьж явсан Алтангэрэл судар унахад нь хол шидэгдээд, боодол нь алдууран, баринтгийн нь сэжүүр салхинд хийсэн байв. Дамдин хэсэг ажиглаж байснаа, судсыг нь барьж үзээд,

— Амь нь гарчхаж шив дээ гэхэд,

— Юу гэж Сүсэгжав маш чанга асуугаад босов.

— Үхчихсэн байна гэж Дамдин алгуур бөгөөд тод хэлээд босоход,

— Ингээд талийгаач болчихсон гэж үү? гэж чичирхийлсэн хоолойгоор Сүсэгжав асуугаад залбирсаар гэдрэгээ ухрав.

Аймарын тухай буцаж хэл хүргэх гэсээр нэлээд саатсан тул үд өнгөрсөн хойно Дамдин, Сүсэгжавын хамт Галдан өвгөний гэрт очив.

Галдан бол дал гаруй насны бөгөөд олонд алдаршсан анчин хүн юм.

Дамдин, Сүсэгжав хоёр, өвгөн Галдантай мэнд амраа мэдэлцэж суугаад цай, идээ болсны дараа,

— Га авгай, бид малгайтай чоно үзлээ гээд Дамдин үзсэн сонссоноо нэгд нэгэнгүй ярив.

Галдан өвгөн их л анхааралтай чагнаж байснаа Дамдины яриа дуусахад нүдээ ирмэн хэсэг бодолхийлснээ,

— Бие нь том юм уу? гэж асуусанд Сүсэгжав угтан аваад,

— Би ч өөрөө хараагүй, манай айлын Гонгор хараад над хэлсэн. Урт нарийхан, навтгар биетэй, бас яг л хүн шиг хойд хөл дээрээ зогсож байна гэнэ билээ. Бурхан минь, би Чогдон гавж гуайгаас асуусан. Гавж гуай савдаг сахиус гэж байна. Шоогоо хаяж үзээд өндөр хангайг тахих хэрэгтэй гэж хэлсэн. Бас өөрөө тахиж өгье гэсэн. Ойрын өдрүүдэд хамтарч тахицгаая. Би хувиасаа нэг шилдэг ирэг, хөхүүр айраг, хоёр том бяслаг хандивлана гэж бодож байна гэж хэлэв.

Галдан тамхи татаж бодол болон сууснаа Дамдинаас,

— Үгүй тэгээд малгайтай л байсан биз дээ. Сонин юм аа гэж асуухад нь,

— Гарцаагүй л өндөр, шовгор оройтой малгайтай харагдсан гэж Дамдин хэлээд инээмсэглэв.

— Зөвхөн малгайтайгаар зогсохгүй, өглөө Хэтрүүдорж надад улаан залаатай, бас гэрэл цацарсан ногоон жинстэй, түүний хойно нь отго шиг юм харагдсан гэж хэлсэн шүү, гээд Сүсэгжав залбирч нүдээ гялалзуулснаа, — Аргагүй л лус савдаг байх гэж хэлэв.

Галдан Сүсэгжавыг удтал ажиглаж байснаа инээмсэглэхэд Сүсэгжав,

— Хэтрүүдорж үнэн гэж байдаг шүү гэхэд нь,

— Худалч хүнд үнэн олон, хувхай модонд яр олон гэж чи сонссон уу? гээд Галдан инээснээ би урьд ноёныг дээлтэй чоно гэж хэлээд зуу ташуурдуулж хар гэрт жил гаруй дөнгөтэй сууж билээ гээд хүнгэнүүлэн инээв.

— Нэмээд байвал, нөгөө хоёр хар хэрээ далан цагаан хэрээ болдог шиг юм болно шүү. Орой болоход хэл мэддэг ч болж магадгүй гэж Дамдины хэлэхэд Галдан өвгөн сахлаа шувтран их л инээв.

— За тэр ч яах вэ. Чогдон гуайг тахиж өгье гэсэн дээр нь Өндөр хангайг… гэж Сүсэгжавын хэлэхэд нь Галдан тасалж,

— Чогдон амьтны хонь мал алуулж, нэг сайн мах идэж хэдэн төгрөг олъё гэж бодож л дээ гээд бас л хүнгэнүүлэн инээхэд Сүсэгжав,

— Та настай хүн байж, юунд үргэлж ийм юм ярьж байдаг юм бэ, гончигсум минь алдас болно шүү гэхэд нь,

— Дуулсаар мэхлүүлсээр байгаад л ингэж ярьдаг болчихгүй юу. За тэр өндөр хангай ч яамай, Дамдин минь хэдэн хүн олоод явцгаая. Би оньд сууя? гэж хэлэхэд Сүсэгжавын нүд нь орой дээрээ гарч, цочин ухасхийснээ,

— Ээ бурхан минь, битгий дэмий ярь, саваагүй нохой саранд хуцна гэгчээр авлах гэж их юм болж байгаад, савдаг сахиус догширвол, бид та нартай ярина шүү? гэхэд нь Галдан өвгөн,

— Бид гэж хэн бэ? Чогдон та хоёр уу? Саваагүй нохой саранд хуцна гэж үг байдаг байхад бас тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж аятайхан зүйр үг байдаг юм шүү. Элдэв цуурхал тарааж ард олны амгалан байдлыг эвдвэл харин бидэнд ярих юм олдоно шүү гээд Сүсэгжав руу харахад нь:

— За би л явж чадахгүй гэж бараг шивгэнэн хэлэв.

Ингээд Галдан морио авчруулахаар ач хүүгээ явуулж өөрөө гоц, дарь, буу, сумаа бэлтгэв. Тэгээд юмаа зэхэж гүйцээд,

— Дамдин чи буутай яваа юу? гэхэд нь:

— Би борлог морьтойгоо яваа л даа, урьд шөнө уяж хоноод өнөөдөр чухам л нэг явдаг дээрээ байна гэж Дамдин хэлээд инээмсэглэв. Ингээд Дамдин, Галдан өвгөнд Аймарын тухай ярьж өгсөнд,

— Үгүй мөн ялимгүй амьтан аа, нөгөө сохор зоосны үнэгүй үхэл гэдэг чинь тэр дээ гэж хэлэв.

Сүсэгжав, Галдангийн хөдөлгөөн бүхнийг хялалзан ажиглаж царай нь үрчилзэн байв.

Ингэж байтал Галдангийн ач хүү морь барьж ирээд эмээллэж бэлхэн болсныг мэдэгдэв.

Дамдин, Галдан хоёр гэрээс гарахад Сүсэгжав бас дагаж гарлаа.

Ингээд гурвуулаа мордоод явж байтал Сүсэгжав,

— Та хоёрын энэ хэрэг, хэрэг биш болно шүү, одоохон дээрээ больж, өндөр хангайг… гэхэд нь Дамдин тасалж,

— Зүгээр та нарт гэм болохгүй гэв.

— За би ч буцъя даа гээд Сүсэгжав мориныхоо амыг эргүүлж салан явлаа.

Дамдин, Галдан хоёр замдаа хэд хэдэн айлаар орж долоо наймуулаа болж аваад, хэдэн цаг явж чонын гүйдэлтэй газраар хайгуул хийвч малгайтай чоно тохиолдсонгүй

Тэр өдөр нэгэнт орой болсон тул анчид айлд унтацгаагаад, маргааш нь эрт босож чоно бүгж болох хэд хэдэн хаданд үргээлгэ хийсэн боловч малгайтай чоно олдсонгүй, харин өөр нэг азарган чоно гарсныг Галдан буудаж алав. Орой нар жаргахын үед анчид нэгэн ухаа дээр гарч ирлээ. Энэ ухаагийн цаад руу өргөн тал үргэлжилжээ. Шингэж байгаа нарны гэрэл өргөн талыг ташуу гийгүүлээд, туссан бүхнээсээ нугаран харьж гялбалзан солонголж байв.

Энэ солонголсон түмэн өнгөний дотор нарны гэрэлд алт шиг шаргалтсан өвсний толгой намуухан салхинд найгаж байгаад нь алтан утас жирвэлзэн байгаа юм шиг харагдаж байлаа.

Анчид ухаа дээр мориныхоо амыг татан зогсоцгоож тал бүрээ саравчлан ажиглав.

Гэтэл Га авгай, нарны доогуур гялалзан мэлтгэнэсэн өргөн тал руу долоовор хуруугаараа зааж,

— Хүүхэд минь нүд сайнтайгаараа хараач тэнд хоёр морьтой хүн нэг юмтай хөөцөлдөөд байх шиг гэхэд нь тэр зүг рүү ажиглан харлаа.

Өргөн талын дунд хоёр морьтой хүн, ямар нэгэн юмыг хөөж байгаа бололтой хөрөөдөн давхиж байгаа нь хүн бүхэнд харагдав.

— Тийшээ явъя даа гэсэн Дамдины үгийг бүгд зөвшөөрөн давхицгаав.

Удалгүй ойртон очвол хоёр морьтой хүн нэг чоныг учир тоймгүй хөөж байв. Түрүүлж явсан Дамдин мориныхоо амыг татан зогсоход, бүгд дэргэд нь ирж зогсов. Анчид янз бүрийн буугаа наранд гялалзуулан, мөрнөөсөө мултлан авлаа.

Дамдин яргай ташуураа өргөж, борлог мориныхоо дэл дээгүүр тавьснаа,

— Нөгөө чоно чинь мөн байна гэв. Хүмүүс тэр зүг харан, малгайтай чонын авлалтад бэлтгэцгээв. Тэр чоныг хөөж байгаа хүмүүсийн морьд нь цуцсан тул чоно улам бүр холдож байв.

— За та нар буугаа бэлтгэцгээгээд амдаад явцгаа, би хойноос нь хөдөлье. Болбол цохичихъё гэж хэлээд Дамдин дөрөөн дээрээ өндийхөд борлог морь хаалтаа дэлбэ татсан хүчтэй урсгалтай ус шиг жирэлзэн алга болов.

Удалгүй, хоёр хүнд ойртон очвол, тэр хоёрын нэг нь сумын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Төмөр, нөгөө нь Галдангийн хүү Чулуун байв.

Дамдин тэр хоёрын дэргэдүүр харвасан сум шиг өнгөрөхөд араас нь

— Дамдин гуай битгий айгаарай цаадах чинь малгайтай юм шүү гэж Төмөр хашхирав.

Дамдин явуут дундаа мэднэ гэж хашхираад чонын хойноос мөрдөн нүд салгалгүй давхив.

Хагас өдөр шахам хоёр морьтой хүнд хөөгдөөд арай хийж хагацан ядаж байсан чоно, араас нь борлог морины догшин чимээ сонсогдоход, эцсийн хүчээ шавхан харайсан боловч тус болсонгүй.

Хөөгдөж ядарсан чоныг байтугай хэвтрээсээ босоод зугтсан чоныг удалгүй гүйцдэг хурдан борлог морь чононд улам ойртсоор байв.

Завсар зайгүй үргэлжлэн тачигнасан чимээнээс сүрдсэн чоно гөлөлзөн эргэж харахад, хурдан борлогийн цойлж байгаа хөл нь хаа ч зайлж болохгүй их мөрний хөвөн хөөсөрсөөр ирж байгаа үерийн ус шиг байсан биз.

Наранд гялалзаж байгаа борлог морины нүд, толгой руу нь яаж зай цавч салахгүй ширтсэн Дамдины нүд тэр чононд дөрвөн том гал мэт харагдсан биз.

Дамдин яргай ташуураа өргөн амаа ангайн бөхийж явахад үхэл нь хэдхэн секундийн хойно болсон чонын толгойноос өөр юм түүнд харагдсангүй.

Борлог морь чонын буруу талаар наалдан шургаад ирэхэд үхэхдээ үхэр буугаа гэгчээр шийдсэн чоно, хоромхон зуур эргэн Дамдины өвдөг рүү үсрэн халдав. Гэвч яргай ташуур сарьсан хоншоорт нь тан хийцэл бууж, чоно өндөр дээрээс шидэгдсэн бөөн юм шиг пид хийж унав.

Дамдин хүчиндээ цааш давхисан борлог морио тогтоож аваад эргэж чонын дэргэд ирэхэд чоно бүр үхээд байлаа.

Дамдин буугаад чоноо үзэж байтал хүмүүс цувралдан ирлээ.

Бүгд чонын толгой дээр малгай болон харагдаж байсан зүйлийг барилан үзэцгээж элгээ хөштөл инээлдэв.

— За хүүхэд минь мордоцгооё. Үүнийг чинь олонд үзүүлж, Чогдонгийн тарган хонины маханд дуртай амыг нь цоожилж үзье, гэж инээн хэлээд Галдан өвгөнийг мордоход чоноо авч бүгдээрээ мордлоо.

* * *

Үүнээс гурван жил өнгөрсний хойно буюу 1942 оны зун тэр сумын ардууд хүн төрөлхтний зол жаргал, эрх чөлөөний төлөө фашизмын яргачидтай хүнд хүчир дайныг нүүрэлдэн хийж нэлэнхий баатарлаг үйлээр даяар олныг бахдуулж байсан, Зөвлөлтийн армид морьд бэлэглэх болжээ.

Фронтод өгөх морьдыг хүлээн авах комисс дээр Дамдин хурдан борлог морио хөтөлж ирэв.

Цугларагсад Дамдины борлог морины тухай шагшин ярилцав.

— Хурдан борлог ч чоно алахын төлөө төрсөн юм шиг морь доо.

— Чихээ хулмайлгаад сунан хүрч байх нь нэг бахтай шүү.

Борлог морийг шагшин магтаж байгаа хүмүүсийн яриаг сонирхон сонсож байсан комиссын дарга:

— Дамдин гуай, танай морь чинь чоно гүйцдэг юм уу? гэж асуухад,

— Малгайтай малгайгүй тавь гаруй чоныг би энэ борлог мориор хөөж алсан юм гэж Дамдин хэлээд инээмсэглэхэд:

— Малгайтай чоно оо? гэж комиссын дарга бүр сонирхон асуув.

— Тийм ээ, малгайтай чоно, гэж Дамдин ажиггүй хэлэв.

— Сонин юм байна даа, ямар учиртай юм бол, та ярьж өгнө үү? гэхэд, Дамдин хөтлөөд зогсож байгаа борлог морио харахад, зөв урд хөлөөрөө алгуурхнаар газар цавчилж байв.

— Тэр жил манай энд малгайтай чоно бий болов. Түүний тухай цуурхал их дэгдэв. Хулгана зурам мэт ялимгүй амьтад хүртэл айснаасаа үхэж байж билээ. Тэгээд бид хэдүүлээ түүнийг хөөсөөр хамгийн өмнө миний борлог морь гүйцээд би ташуураар цохиж алдсан юм. Тэр бол малгайтайгаасаа гадна бас хойд хоёр хөл дээрээ зогсож, алсын бараа хардаг байж билээ гэхэд комиссын дарга угтаж аваад:

— Тэр ч яах вэ, дэрсний чоно тэгж хойд хөл дээрээ зогсож юм хардгийг би мэднэ. Ганцхан малгай нь ямар учиртай юм бол гэж асуухад нь Дамдин аажмаар

— Тэр тарвагагүй газрын чоно байсан бололтой. Тэгээд нэг тарвага барьсанд өнөөх нь шанаанаас нь зууралдан үхжээ. Чоно амандаа хүрснийг нь идсээр, тарваганы арьс нь толгойтойгоо шанаанд нь үлдэж, дээш босон хатжээ. Ингээд л холоос харахад шовгор малгайтай юм шиг байсан юм гэхэд сонсогчид их л хөгжилтэй инээлдэв.

Дамдин борлог мориныхоо цулбуурыг урт аюуш хадаг, жижигхэн захиатай хамт барьж комиссын даргад өгөөд,

— Миний борлог морь, миний хайрт борлог морь, надад үүнээсээ салахад хүнд байна. Гэвч тэнд Зөвлөлтийн нутагт дайн болж, өдий төдий сайхан хүмүүс бидний төлөө, миний гэрт фашизмын боолчлогчид давшин орж ирэх аюулыг хааж үхэлдэн байлдаж байна. Тэгэхэд би ганц морио харамлаад байх сэтгэл алга аа. Энэ морь малын дайсан хөх чоныг алдалгүй гүйцдэг.

Одоо бүх хүн төрөлхтний дайсан Гитлерийн яргачин чоныг дарахад борлог морь минь баатар улаан армийн бахтай эрийн итгэлтэй унаа болог гэж хэлээд борлог мориныхоо хошуун дээрээс удаан гэгч нь шимэн үнсэхэд нүдэнд нь нулимс цийлгэнэж байв.

Тэгээд Дамдин маш түргэн эргэж уяа руу явах зуур ханцуйгаараа нулимсаа арчиж байх нь харагдав.

Комиссын дарга хурдан борлогийг хөтөлж очоод зэллэн татсан уяанаас уяхад, алслан холдож байгаа Дамдины хойноос чихээ соотгонуулан ширтэж байснаа, толгойгоо хаялан газар цавчлав.

Эх сурвалж:

  1. http://www.mnb.mn/i/31397
  2. http://www.mnb.mn/i/135398
  3. https://e-nom.mn/book?bid=799
About the Author
Лодойдамба Ч.

Чадраабалын Лодойдамба (1917-1970)
Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://mn.wikipedia.org/wiki/Чадраабалын_Лодойдамба