Элбэг дээл

Элбэг дээл
About the Book

Эрхэм уншигчдын дотроос хэрэв сурвалжлан бичихийн зовлонг үзсэн хүн байвал ажилд гарамгай боловч даруу бүрэг хүнтэй ярилцаад нийтлүүлэх олзгүй буцахаас гомдолтой юм орчлонд ховорхныг мэдэх байх аа. Сайн малчдын 4-р зөвлөгөөний үеэр 12 сарын нэг хүйтэн,тунгалаг өдөр би зочид буудалд очиж нэг малчин хүүхэнтэй ярилцаад яг тэгж хоосон буцах шахаж билээ.
Намын хурц нэвтэрхий ажилтны нэг,миний хүндэт танил эмэгтэй энэ хүүхнийг ёстой шалгарсан малчин гэж магтаад түүний тухай заавал бичээрэй гэж хичээнгүйлэн захиж билээ. Гэтэл би түүнтэй нь амралтын сайхан өдрийнхөө айвуухан хагасыг зарцуулж ярилцаад “Би малаа нам засгийнхаа зааж сургаснаар хичээж зүтгэж,тэгж ингэж малладаг даа “ гэхээс өөр гойд юу ч сонссонгүй.Хурган дотортой хүрэн торгон дээл нь элбэгдэж,ханцуй нь уртадсаныг нь эс тооцвол онцгой юм олж ажсан нь үгүй.Ингээд урамгүйхэн буцах гэж байтал сурвалжлагч хүний янаг дагуул болсон зургийн жижиг аппарат авч яваагаа азаар гэнэт санаад “ядаж зургий нь авч өгье дөө гэж бодлоо. Хүүхэн ч уриалгахан зөвшөөрч “зургий минь өгөөрөй” гэж танилцсан бүсгүйн цайлган сэтгэлээр шимтэн захиж билээ. Хүүхэн гэзэг үс,хувцас хунараа засаж янзлах зуураа ,
-Дээл минь элбэгдэж,их муухай гарах байгаа даа гэж баахан санаа зовж хэлэхэд нь,
– Зүгээр зүгээр танай нутгийн /Дорноговийн Хатанбулаг сумын хүн гэж өөрөө ярьсан юм/ хүүхнүүд элбэг дээл өмсөх дуртай юу гэж үгийн далимаар сонирхло.
-Үгүй хаанаас гээд дээлээ хэрхэн элбэгдүүлсэн уяраа ярьж өгөхөд нь гар хоосон буцсан жинчин аяны зам дээрээс санаандгүй бөөн алт олсон мэт баярлаж билээ би. Олзны юмыг олуулаа гэж манай ардын үг байдаг.Одоо энэ олзоо би эрхэм уншигч нартайгаа хуваалцах хүсэлтэй байна.
Нэг.
Хатанбулагаас аймгийн төвийг зорих хуучин өртөө замаар хөнгөн тэрэг довтлон явав. Дотор нь нийслэлээс яваа төлөөлөгч,тунгалаг дүүрэн царайтай, байр гашуу насны хүүхэн жолоочтойгоо зэрэгцэн суужээ.
Нэг гүдэн дээр гартал заг бударгана,шар шаваг,үхрийн цоохор сархинаг мэт овор бурзайн ургасан,энхэл тунхал ихтэй говийн уудам сэтгэл тэнийм цэлийн харагдана.Нэлээд алс тахирлан одсон элсэрхэг судгийн адагт худаг байгаа бололтой олон хонь овоорч байжээ. Цаана нь адуу үхэр бараалан намрын тэмээд торойлцон үзэгджээ.
Өнөөх Навчин өртөөний худаг гэдэг нь энэ байх.Тийшээ очиж асуух уу даа гэж хүүхний хэлэхэд,
– За тэгье. Би ч хөгшин тэрэгнийхээ цангааг гаргаж үзье гэж жолооч зөвшөөрчээ.
Худаг дээр давхин очвол онгоцны дэргэд цангасан олон хонь үргэхийг мэдэхгүй бөөгнөрч байв. Ойролцоо чөдөртэй морь хамраа тачигнуулан дэгж эргэцнэ.Харин хонио усалж байсан хүүхэн том ховоогоо барьсан чигээрээ санд мэнд угтан гүйж ирээд зам дээрээс уургаа шүүрч аваад сая тэднийг ажиглан зогсов. Хүүхнийг үзвл гуалиг нуруутай,бэсрэг биетэй,эрүүл улаан царайтай ид дунд насны хүн байв. Ногоон сатин дээлийнхээ ханцуйг сугалдаргалан бүсэндээ хавчуулаад бухаар савхи өмсөж,толгойдоо эрээн даавуу зангиджээ. Тохойноосоо өнгөртөл шамласан нимгэн цагаан цамцны ханцуйнаас цулдамхан чийрэг махлаг бор шуу үзэгдэж хар бор ажилд эрэлхэг чадамгайн шинж бүрдсэн нь жолоочийн сэтгэлд хичнээн таалагдсан гэх вэ _ Залуу жолооч үнэндээ ч эндүүрсэнгүй.Хүүхэн тэдэнтэй мэнд усаа мэдэлцээд энэ төрийг ярилцах зуураа ус ховоодож эхэлсэн нь үен мэт шаламгай,бахдууштай ажээ.
– Та ганцаараа энэ олон хонь усалж амжих уу даа? Гэж төлөөлөгчийн асуухад хүүхэн,
-Амжилгүй дээ гэж ажиггүй хариулжээ.
-Та их ядарч байгаа байлгүй дээ.Бт жаахан татаж өгөх үү дээ? Гэж оролцонгуй хэлэхэд,
– Ядрах нь ч гайгүй.Харин урсгачих гээд хэцүү юм байна гэж ховоогоо жолоочид шилжүүлээд хөлөрсөн духаа алгаараа арчжээ.
Наймдугаар сарын эцсээр говь нутаг ид халуун болж чөтгөр ч тогтохын аргагүй дээрээс нар,доороос элс хуушуурын таваг адил шарна.Таана хүмлийн эхүүн үнэрт салхи үлээх нь сэрүүцүүлэх байтугай галаар хөөрөгдөхийн адил бөгөөд амьд цогцосны ус шим бүхнийг уусган одмоор санагдана. ^ Ийм халуун өдөр, энэ олон хонийг ганц хүүхэн усалж байдаг,говийн малчин ардуудын ажил мөн ч яггүйяа… гэж төлөөлөгч,хүүхнийг өрөвдөн бас бахархан бодов. Малчин хүүхэнтэй төлөөлөгч баахан ярилцав. Ажил явдал ихтэй,хүн бүл цөөнтэй айлын хүүхэд байжээ.
– Манай ээжий хөл муутай майрдаг болохоороо гэрээ сахиж,би малаа хариулдаг болдог юм даа гэж хүүхний хэлэхэд,
– Танайх ондоо хүнгүй юу гэж жолооч сонирхжээ.
– Байлгүй яах вэ,манай нөхөр охин хоёр бий гэж хэнэггүй ярихад,
– Тэгвэл та яагаад ганцаарддаг билээ гэж төлөөлөгч лавлав.
– Охин минь сургуульд суудаг.Хар хүн маань ч яахав дээ,эр хүн байна хөөрхий амьтан,гэрийн мухар сахиж суултай биш.Гадуур дотуур баг орныхоо ажлаар оролдоод зав зайгүй гэж хүүхэн тайлбарлав.
Хүүхэн малаа усалж гүйцээд морио авчирч уургаа аваад мордох гэхэд,
-Чи уургаа хугалчихна гэж их айв уу? гэж жолооч даажигнан асуув.
-Айлгүй яахав. Уургагүй бол халуун зун явган таваргах хэрэг гарна. Уурганаасаа салсанд орвол ч харин ….
-Харин хар хүнээсээ салсан дээр гэж үү? гэж жолооч залгуулан авч хошигнов.
-Хүүе яадаг билээ. Тэр нь арай юу юм бэ,Зүгээр … Нээрэн манай говьд чинь сайхан шулуухан хусан уурга олддоггүй юм шүү гэж хүүхний тулгамдан тайлбарлахад төлөөлөгч хажуунаас нь туслалцан,
– харин хар хүн хаа мундах вэ.Чамаас эхлээд л зөндөө байна гэж жолоочоо давсанд цөмөөрөө хөгжилдэн инээлдэв.
-Тэгээд та өөрөө морио уургалдаг хэрэг үү? гэж төлөөлөгч асуув.
-Тиймээ Өнөөдөр унагаа солих санаатай явна гээд хүүхэн адуучин эрийн маягаар уургаа тулж мордлоо.
Айл сураглах гэснээ гэнэт санаад хүүхний хойноос
-Хүүе сайн малчин Сэнгээгийнх хаа байна? гэж төлөөлөгч яаран асуувал хүүхэн мориныхоо жолоог эргүүлж ..Сэнгээгийнх үү? гэж лавлаад **эд нар манайхаар яах нь юм бол. Сэнгээтэй уулзаж элдэв юм шалгааж яриулдаг улсуудын нэг нь л биз дээ”” гэж хоромхон зуур бодоод
-Энэ бор өндрийн цаад дор бий гэж зүүн хойд гүвээг ташуураараа заагаад адуун тийшээ давхижээ.
Тэр хоёр заасан зүгт нь хурдлан явах зуураа өнөөх хүүхний морь уургалахыг сонирхон харжээ. Ганцхан атга болтол хурааж цуглуулсан адууны дундуур хага зүсэж ороход нь адууны дундаас дүүхгэр хээр морь сум шиг суга үсрэн гарч гүрвэл мэт шалмаг хөдөлж тоос манарган зугтаажээ.Уургачийн морь ч ороо морины сүүлнээс ч уяатай юм шиг даган хөөлөө. Уурганы үзүүр ороо морины бөгтөргөнд дөнгөж хүрэхийн хамт урагшаа бөхийн хуйв сунган шидсэнд уурга,хуйв,хүүхний гар цөм ид шидийн хүчээр сунасан мэт хэдийн морины толгойд хүрчихжээ. Хүүхэн гэдийн татаж орой морины толгойг эргүүлээд үсрэн бууж ногтлох нь эмнэг сургагч шаламгай залуу шинжтэй ажээ.
-Уургандаа хар хүнээсээ илүү хайртай байхаас ч аргагүй хүүхэн юм даа гэлцэн тэр хоёр говийн хүүхнүүдийн эрэлхэг чадамгайг гайхан ярилцсаар цааш хурдалжээ.
Алдарт малчныхныг олж очвол малчин гэртээ байсангүй. Гадаа нь мушгисан зэл,зангидсан чөдөр,ац цаханд татаастай харагдана. Гэрийн эргэн тойронд таанын хурууд дэлгэцэнд хатаажээ. Гэрт арслант эрээн авдрууд,оёдлын машин зэрэг хогшилтой бас идээ будаа нь цэвэрхэн хөшиг бүтээлэгтэй,аяга шаазан нь марлиар бүрхсэн эсгий уутттай юм бүхэнд нь ажилсаг нямбай гар хүрсний шинж мэдэгдэж товчилбол манай хотынхны хэлдгээр бол хөдөлгөө сайтай эзний хүчээр өөдөлж яваа гэмээр айл байлаа.
Гэр сахисан хазгар эмгэнээс гэрийн эзнийг асуувал,
– Хэн мэдэх вэ?Манай тэр дандаа хурал хуй яриа хөөрөө гээд гэрт орох завгүй л амьтан байна шүү дээ гэжээ.
Эмгэн зочдыг өтгөн шаргал цай,боов боорцог,зөөхий тосоор,эмгэнийг төлөөлөгч хүүхэн элдэв олон асуултаар дайлжээ. Эднийх энэ жил төлөвлөгөөнөөсөө давуулж малаа өсгөж,малчны хуралд шалгарах бүх болзлыг хангасныг мэдэж авлаа. Эцэст нь :
– Хадлан хир хадаж авсан бэ дээ? гэж төлөөлөгч асуужээ.
– Жаал зугаа авсан даа,хүүхэд минь, Манай муу бэр л мал хариулахын далимаар гоочилж зуны турш хулгана хөеөгөө хураадаг шиг арай л ганц нэгээр нь зөөлгүй явж хавар хурганы хөгнө,тугалын зэлэнд боох атга чимх өвс авдаг юм…
– Мал бүрд нь оногдох тоо хэмжээгээр нь авч чадсан уу даа
– Хаанаас чадах вэ хүүхэд минь,мал болгонд төчнөөн өчнөөн өвс ав л гэх юм. Тэр чинь хурал хуй дээр л ярьж болох ажил юм уу гэхээс өвс хадлан байдаггүй манай эндэх шиг газар бүтэх ажил биш юм. Харин бэр бид хоёр хүмэл таанын сорс бага багаар хатааж байна даа.
– Энэ гадаа хатааж байгаа юу? Мал тэжээхэд сайн уу ?
– Сайнаар барах вэ,ядарсан малд өгчихвөл дороо л нүд нь бүлтийгээд тэнхэрдэг юмаа.Муу бэр л түүсэн болдог юм даа,хөөрхий минь. Хашаа хороо барих,хужир шүү хамж авах… тэрний ажил ч гэж мундах биш дээ.
– Эмээ бэр чинь өнөөдөр хаачсан бэ?
– Хаачих вэ дээ хүүхэд минь? Дөрвөн цагийн эргэлтэд л мал дагасан амьтан чинь.Баруун худаг дээр л малаа услахчаа болж яваа байх даа.
– Ногоон сатин дээлтэй хүүхэн үү? гэж жолооч лавлав.
– Тиймээ тэр чинь? Та нар дайралдаа юу?
– Дайралдлаа.Танай бэр чинь тэгвэл гайхалтай сайн уургач хүүхэн байна даа.Бид ирэхдээ нүдээрээ үзлээ гэж жолоочийг хэлэхэд,
– Одоо яая гэх вэ дээ,хүүхдүүд минь.Муу эртэй залуудаа бас л ажилгүй танхай эртэй байсан болоод чөдөр ногт зангидахаас аваад сураагүй ажил гэж байхгүй л дээ. Тэр үед харцуул найр наадам эргүүлж эхнэр хүүхэддээ омогдохоос өөр юм мэддэггүй байлаа шүү дээ.харла? Би л лав хамаг ажлын нь хийсээр байгаад…. нохой долоо? Тэглээ гээд гийгүүлсэн юм хаа байх вэ? Одоо босож сууж чадахгүй бөгсөө чирсэн л амьтан боллоо гэж эмгэн ядарч доройтсондоо гутарч хэллээ. Эмгэн ярих тусам ам халж улам олон үгтэй болж байжээ.
– Танай хүү чинь бас л ажил сайтай,баг сумандаа нэртэй малчин юм биз дээ?
– Тйим л юм байгаа даа,хэн мэдэх вэ?Манай тэр баг сумын дарга нартай л их явсан,хурал хуй дээр л их ярьсан л хүн байх юм. Малаа маллаад махаа идээд ирсэн улс чинь манай тэр хүүгээр юугаа ч заалгадаг юм бэ дээ.Ард нь тохойн чинээ бэр,ажлаа гүйцэхгүй л ядаж байх юм. Тэгж худлаа үнэн юм ярьж явснаас энэ муу эхнэртээ тус болж байвал дээр санагдах юм даа гэж эмгэн гомдол нэхсэн байртай өгүүлэв. Хоёр зочин энэ мэтээр эмгэнтэй баахан ярилцаад,сайн малчинтайгаа уулзаж чадалгүй явжээ. Төлөөлөгч хүүхэн тэмдэглэлийнхээ дэвтэрт баахан юм бичиж аваад нэг нэрийн доогуур зурж ард нь анхаарлын тэмдэг тавьж аваад оржээ.
Хоёр.
Өвөл нь дулаан,үхрийн хар туруу цас ч орох нь ховорхон ер нь өвөл зудлахаасаа хаврын хавсарга нь л аюултай байдаг говь нутгийн нэг мөргөцөг доорх чулуун хороотой тохилог өвөлжөөнд гурван гэр харагдана. Цөөхөн үхэр,олон хонь,тэмээд нь өвлийн өглөөний чалхгүй наранд ээн тавтайяа налайн хэвтэх нь эднийхэн тарган тавтай өвөлжиж байгаагийн шинж ажээ.
Хот айлын зүг нэг гавшгай хар хүн,тарган хээр мориор хатируулан айсуй. Гуч орчим насны энэ торниун эрийн тослог хүрэн царайд ширвээ хар сахал сүртэй мушгирчээ.Энгэр дээр нь сайн малчны тэмдэг,хөдөлмөрийн медаль гялалзан гавьяа зүтгэлий нь мэдрүүлнэ.хатируулсан чигээр ирж баруун урд гэрийн хаяанд буумагц цулбуурыг гэрийн оосорт хавчуулаад эсгий үүдийг сөхөн чулуудаж гэрт оров. Сайн малчин Сэнгээ чухал мэдээ дуулаад гэртээ яаран иржээ.Ороод тулганы зүүнтээ хуучин торгон дээл ханзалж суугаа шамбигар шар эмгэнийг ширвэн хармагц,
– Аа ашгүй. Миний дээлийг оёж байна уу? За яамай гэж санаа амран хэлтэл,
– Хаанаас хүү минь,цаад муугий чинь мөрөндөө углах юмтай болог гэж дээлий нь ханзалж сууна. Энэ муу сэгсүүрэг ч самалдаг болчихсон юм байна гэж ээжий хэлжээ. Сэнгээ хоймор сууж хашин соруултай гаансанд тамхи татах зуураа,
– Та хоёрын гоёж гоодох ч гайгүй байна. Би малчны хуралд нүцгэн очих гэж байдаг л хэцүү байна. Хүн хэлээд байхад дээлий минь оёод орхихгүй, баларсан юм. Тэр олон дарга сайд нар дээр чинь пөөнийсөн хар юм очилтой биш би гэж үглэж эхлэхэд учрыг олоогүй хөгшин:
– За бас юун хурал вэ? Сайд дарга нар ирээ юу? гэв.
– Үгүй ээ үгүй. Би улсын сайн малчны хуралд явах болоод байна гэж танд хэлж байна шүү. Би явахаар бүртгэгдлээ гэж аль зунаас аваад яриад байгаагүй юу даа. Тэгээд малчид,нөгөөдрийн шуудангаар аймаг руу гарах гэнэ. Одоо олигтойхон дээл байхгүй яана вэ?
– Яахав дээ, цаадах чинь ирээд оёж үзнэ биз,дотор нь бэлэн юм.Маргааш нөгөөдөр болтол амжина биз дээ гээд эх нь ханзалж байсан дээлээ хумхилаа.
– Сэвжидмаа хаачсан бэ?
– Хаа холдох вэ,үүрээр босоод л ганц хоёр тэмээ олж ирэх гээд л явсан гэв.””Очиж очиж өнөөдөр явдаг нь ч юү билээ”” гэж Сэнгээ бачимдан боджээ. Тэгээд эхнэрийгээ ирэхэд хэзээ хэзээгүй хуралд явлаа дээл бушуул гэж шаардсанд эхнэр нь:
– За би яахав,дээлий чинь оёё.Харин тэгвэл чи л өнөөдөр малаа хариулна даа гэж эвтэйхэн болзол тулгажээ.
– За мал ч яахав,би харья. Харин яараад дээлий минь үрчгэр хорчгор юм хийчихэв? Гараа гаргаж хийгээрэй.Улаанбаатарт их боловсон дээл өмсдөг юм шүү гэж захилаа. Тэр хоёрын болзол, хоёр хүний хэлэлцээ мэт биелэгджээ. Хүүхэн хар хүнийхээ дээлийг өдөржин шөнөжин цурамхийлгүй оёод маргааш орой нь сүүлчийн шилбийг хаджээ. Сэнгээ торгон дээлээ өмсөж үзвэл зохисон таарсан гэж жигтэй. Эхнэр нь эр нөхрийнхөө бие бялдар,хэмжээ хирийг арван хуруу шигээ мэддэг юм байжээ.
– За хүү минь сайхан дээл болж дээ.Ээжий нь мялааж үзье гэж эмгэн авдар луугаа эргэхэд,
– За ижий минь битгий тосолчих?Тэртэй тэргүй хойд хормой минь хонь хурга,урд хормой минь унага даага,эд нь хэврэг,эзэн нь мөнх л явж байна гэж тоглоомын далимаар хорьсонд эхнэр нь бас
– Ээжий миний дээлийг,дотоод хормой нь долоон шар хүүхэд гэж дандаа мялаадаг боловч долоо биш ганцхан хөнхгөр бор охинтой л байна гэж инээжээ.
– Муу ёрын тархинууд вэ? Чи хойшдоо хичнээн ч хүүхэдтэй ч болох юм билээ,яаж мэдээ вэ? Та нар миний мялаасны ачаар ч хэдэн малтай яваа ч юм билүү,хэн мэдэх вэ? гэж ээжий нь төр ёслолоо хамгаалжээ.
Энэ дээлий минь бас улсаас одон модонгоор мялааж ч мэдэх байлгүй гэж эхнэр нь даажин хийхэд
– Мялаахгүй яах вэ гэж Сэнгээ бүр одонгоо хүлээж авсан юм шиг хэлжээ. Гэтэл гадаа нь морин төвөргөөн сонсдож нохой боорлуулсаар нэг хүн ирсэн нь ахлах ухуулагч байжээ. Сэнгээ, түүний хэлэхийг хүлээж
– Сонин сайхан юу байна, ухуулагч аа? гэж дурдан бүсээ тайлах зуур асуув.
– Юмгүй дээ. Сониноос малчны хуралд очих хүмүүс маргаашийн шуудангаар гарах гэнэ дээ. Өдрийн 12 цагаас хожимдолгүй суман дээр бэлэн бай гэж хэлүүлж байна лээ….
– За тэгнээ тэр? Би мэдээд эднийг яаруулж байж нэг дээл хийлгэж аваад өмсөж байгаа минь энэ гэсэнд ухуулагч адууны шүд шиг жигдхэн том шүд яралзуулан инээгээд,
– Чи малчны хуралд явж амташчихаад дээлээ хүртэл зэхчихсэн бий. Харин энэ удаа чи биш эхнэр чинь явах болсон шүү гэхэд Сэнгээ үнэмшсэнгүй,
– За чи хөгшин ахаараа битгий даажин хийгээрэй хө гэв.
– Би даажигнаагүй цаанаасаа л даажигнасан хэрэг байх даа гээд өврөөсөө урилгын хуудас гаргаж өглөө. Үзвэл үнэхээр эхнэрий нь урьсан байжээ. Сэнгээ гайхахын туйл болж,
– Үгүй энэ чинь ямар учиртай юм бэ?Та нар чинь намайг шалгарууллаа бүртгэлээ гээд л байгаагүй билүү?….
– Бид ч чамайг л шалгаруулсан л даа. Харин улс эхнэрий чинь шалгаруулчихаж гэж дахин инээв.
– Энэ чинь л харин зөвөө олж дээ. Энэ айлын малыг өвөл зунгүй дагаж халуунд халж,хүйтэнд хөрч өсгөж бөөцийлж байгаа нь үнэндээ энэ муу бэр л юм чинь дээ гэж эх нь хажуунаас оролцсонд,
– Ээжээ та битгий зөнөглөөд бай. Улсын том хурал цуглаанд чинь индэр дээр гарсан ч үг хэлтэй,өөдтэй жавхаатай хүн очдог юм. Та хоёр шиг нь очиж мануухай болж суудаг юм биш гэж хүү нь эгдүүцэн хэлжээ.
– За нөхөр минь…. Чи надаар хотондоо мануухай тавьчихаад миний төлөөнөөс явж хуралдаж байдгаа больё.Би тэр сайхан Улаанбаатар хоты чинь үзэхсэн гэж бодож байна гэж хүүхнийг хошигноход цөм инээлдэв.
– Чухам ёстой доо. Өрхийн тэргүүлэгч гээд өөрсдөө мал малладаггүй манай энүүн шиг амьтад л дээд газрын хурал хуйд очиж худлаа үнэн юм ярьчихаад олон яршиг төвөг тарьчихдаг байлгүй.Арга туршлага гэд сүйд болох… зарим нь хар яршигаас л цаашгүй юм байх гэж эх нь хэлжээ.
– Хэлээд яахав. Нээрээн тийм явдал байдаг шүү гэж ухуулагчзөвшөөрөөд бас маргааш хожимдохгүй очихыг хүүхэнд сануулаад гарчээ.
– Бэр минь одоо юугаа өмсөж явна даа? Энэ салхин хуй шиг үхээрээс чинь болоод /гэж хүүгээ заан дохиод / өнөөх ханзалсан дээлий чинь оёж амжихаас ч өнгөрлөө гэж ээжий нь үглэхэд,
– Ёстой баларсан юм болж байна даа.Одоо яая гэх вэ,миний дээлийг л өмсөөд явахаас даа! гэж Сэнгээ хэлжээ. Маргааш хүүхэн нь мордохдоо,
– Ээжий минь ээ,би тэр олон сайд ихэстэй нь очиж хуралдаад юугаа ярина даа? Ёстой Сэнгээгийн хэлснээр мануухай шиг сууж байгаад ирэх байгаа даа гэж сэтгэл зовж хэлэхэд,
– Ярих нь яах вэ, хүүхэн минь.Малаа яаж маллаж байгаагаа л ярина биз.Ямар худлаа юм санаанаасаа гаргаад ярихаар биш,нохой долоо.Харин хүү бид хоёр л чамайг эзгүйд яаж хөглөдөг улс байгаа юм бэ! Би гэрт, энэ гадаа мануухай болоод байж дөнгөх л байгаа даа гэж эмгэний хэлэхэд хүү нь хатуу амтай ээжийдээ энэ удаа эгдүүцсэнгүй.
– Нээрээ балрах байх аа. За сайн яваад түргэн шиг ирж үзээрэй гээд үдсэн ажээ. Ингэж тэр хүүхний дээл элбэгджээ.
Энэ бүхнийг анх би сонсоод нэг сайхан найраглал бичье гэж бодсон боловч шүлэгчийн авьяасаар мөхөсдөөд .
Эр нөхрий нь дээл
Элбэг хэлхгэр харагдана
Эзнээ олсон одон
Энгэр дээр нь гялалзана
Гэсэн ганц бадгаас хэтэрч чадсангүй.

Тэгээд яруу найргийн өнгө гэрэл муутайхан үргэлжлүүлэн бичсэн минь ёстой л элбэгдсэн дээл шиг болж, тэр малчин хүүхний гарамгай ажиллагааг биечлэн шалгаруулсан миний өнөөх хүндэт танилын найдварыг хангаж чадаагүй болбуу гэж айж байна.

1956
Зургийг: https://mongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/IMG_0008-1024×682.jpg”
About the Author
Гаадамба Ш.

Тэрээр 1924 онд 9 сарын 27 ы өдөр одоогийн Булган аймгийн Могод сумын нутаг Баавгайн эх булаг гэдэг газар малчин ард Шанжмятавын гэр бүлд наймдугаар отгон хүү болон төржээ.
Ш .Гаадамба нь эрдэмтэн , зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгчээс гадна Монголын нэртэй аман зохиол судлаач , сайн орчуулагч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. Тэрээр Монгол ардын аман зохиолын судлалыг бие даасан тогтолцоот шинжлэх ухаан болгон хөгжүүлэх талаар их зүйл хийж , дорвитой бүтээл олныг гаргасан юм. Ш.Гаадамба МУИС –д ажиллаж байхдаа «харьцуулсан аман зохиол» хэмээх цоо шинэ хичээлиийг бий болгож , Монголын их дээд сургуулийн сургалтанд дэлгэрүүлсэн хүн юм.
Дэлгэрэнгүй: https://mn.wikipedia.org/wiki/Шанжмятавын_Гаадамба