Халзан Бухандай

Халзан Бухандай
About the Book

Би, арваад настай байсан цаг юмсан.

Манайх «Шар хад» гэдэг газар хаваржиж байлаа. Аав эжий бид гурвын өв хөрөнгө гэвэл даагаар зүтгүүлээд ч унагачихмаар, бүдүүхэн бяруунд ачсан ч болохоор ноорхой хар гэр, эжийн минь ярьдгаар бол энэ жилээс хойш тугаллахгүй алаг үнээ хоёр байлаа.

Хавар болж хавь ойрын айлын хонь ямаа төллөж үнээ тугаллаад, уураг, сүү тараг гараад байдаг, манай алаг үнээ гэж гэдсээ түнтийлгэчхээд яваад байдаг.

Аав, алаг үнээ маань нэг бол ихэр тугалтай, үгүй бол чухам тугаллах цагийг нь чи андуураад байгаа байх гэхэд:

— Даанч дээ хө, би нэг насаараа, хүний өөрийн ч бол үнээ маллаж яваа хүн шүү, мэдэлгүй яах вэ, чи гурван хоногийн дараа л хар даа гэж ээжийнхээ хэлэхийг нэг өдөр сонслоо.

Тэр өдрөөс хойш яг хоёр хоног өнгөрлөө. Энэ ёозоороо бол бас маргааш тугаллахгүй гэж байтал эжий маань нэг л баяртайхан орж ирээд:

— За хэлээгүй юү, алаг үнээ маань шилрэх нь шиг байна. «Алдыг нь аваад, дэлэм дээр нь» алдаж болохгүй. Орой болтол миний хүү алаг үнээгээ сүүдэр шиг дагаад хараад байдаг юм шүү. Оройгоос хойш аав эжий хоёр нь ээлжилж харъя гэлээ. Би ч баярлахын эрхэнд хөл газар хүрэхгүй, алаг үнээгээ хараад байлаа. Намайг ингэж харж байхад тугаллачхаасай. Шөнө үүрээр тугаллах бол ямар тугал гарахыг нь харахгүй, дэмий юм даа гэж би бодож байлаа. Нээрэн миний ээлжинд тугалласангүй.

— Эжий маань худлаа л хэлчихлээ дээ гэж би саналаа. Орой аав ээлжинд гарахдаа:

— Чи тийм сүрхий мэддэг юм бол энэ ихэр тугал уу, нэг тугал уу? Нэг тугал бол эр юм уу? Эсвэл охин тугал гарах уу? Нэг насаар үнээ малласан хүн гэж байгаа. Аягүй бол ямар зүсний тугал гарахыг нь ч хэлнэ биз дээ? гэхэд эжий минь,

— Ямар зүсний тугал гарахыг нь ч арай хэлж мэдэхгүй. Юу ч бол ихэр биш нэг тугал гарна. Тэгэхдээ эр тугал гарна гэж билээ.

— Эр тугал бол хөөрхөн бухандай болно. Их догь оо! Үгүй мөн гоё байна даа, тийм ээ ээж ээ? гэхэд минь:

— Юуны чинь догь. Юуны чинь, үгүй мөн гоё байна даа байх вэ дээ хүү минь! Эр тугалыг саахгүй шүү дээ. Бухандай хаанаас ч олдоно. Бид шиг ядуу улсад охин тугал олдвол ёстой догь байхгүй юу? Одоо яая гэх вэ, амны хишиг дутаж байна гэж баахан санаа зовонгуй хэллээ.

Ээжийн маань энэ үг, миний урмыг хугалж, залхуу хүргэлээ. Өглөөгүүр эжий минь

— Болд оо, миний хүү бос! гэж дуудаж байлаа. Би хойморт байгаа нэг муу хар авдрын наагуур газраар унтдаг сан. Орондоо тийчилсээр заримдаа хөлөө тулганы үнсэнд хөх саарал болтол нь дүрчихсэн унтаж байдаг сан. Тэгтэл тугал мөө! гэж мөөрөх сонслоо. Би цочсондоо өндийгөөд суучхав. Тэгээд харанхуйгаас гэрэлд гэнэтхэн гарсан юм шиг нүдээ нухалж эхлэв.

— Миний хүү, тэр хар! гэж эжий минь хэлтэл, тугал дахин «Мөө» гэж тамиргүйхэн мөөрлөө. Хаяанд халзан тугал хар нүдэлчхээд баацайн зогсож байлаа.

— Халзан юм. Дамдин гуайн хар буур шиг халзан юм! Миний халзан бухандай гэх мөртөө би харайж очоод, хүзүүгээр нь тэвэрч нойтон хүйтэн хошуун дээр нь үнслээ.

Хаврын улирал, зарим нутагт их л яггүй тарчиг хатуу байдаг гэдэг. Гэвч манай нутаг бол хэзээний өнтэй өег нутаг учраас хаврын тарчиг хатууг ер үздэггүй, ногоо эрт гарч, мал ч түргэн хүч тэвээрэг аваад, айраг тараг эрт дэлгэрч зуншлага ч эрт болдог сон.

Манай нутгийнхан зуслан өөд уван цуван нүүсээр л байлаа. Ядуу хүний «үгүй» гэх нь ховор. Баян хүний «за» гэх нь чухаг гэдэг үнэн дээ. Аавыг мэдэх таних бүлтэй, чадалтай, унаа унаштай айлууд, нүүх суух бүрдээ алба шиг аавыг нүүлгэлцэж өг! гэдэг. Аав ч яах вэ, бараг тэдний гуйсан гуйгаагүй цагийн цагт тэгж явж сурсан болохоор хавар намар хоёрт, ердөө энэ тэр айлуудыг ээлж дараагаар нүүлгэсээр хамгийн сүүлд хэнийхээс нь ч магадгүй ганц хоёр тэмээ хөтөлж ирээд өөрийнхөө гэрийг нүүлгэдэг сэн.

Манайх, нутгийнхны сүүлд нүүж зуслан гарна хойно олигтой гэсэн нутаг цөм айл малаар дүүрчих учраас зарим олон малтай бөгөөд ядуу чадуудаа ноёрхуу зантай айлууд, олигтой гэсэн нутгийг урьдаар өмчилж заачихдаг. Тэгэхээр тийм нутагт цөөн малтай чадал дорой манайх мэтийнх нь хавьтдаг ч үгүй, баячууд буусан ч, буугаагүй ч ер хамаагүй болоод сүүлдээ, тэр олигтой өлзийтэй гэсэн нутаг цөм Мээрэнгийн бууц, Зайрангийн энгэр, Заяатын хонхор, Бат-Өлзийн дэнж гэж нэршсэн байдаг. Манайх тэр зун «Хавчуу» гэдэг газар буулаа. Манай буусан тэр газар бол ёстой л «хавчуу» нэрдээ таарсан нутаг байлаа. Хойд талаас нь тохойрсон тасга нисгэ цохио элбэгтэй сүрлэг уул хүрээлж хашаад, өмнө талаас нь учир тоймгүй олон жижиг нуур нийлсэн салсан өчнөөн төчнөөн гол горхи, боргисон харгисан булаг шанд, за тэгээд барагдашгүй дов сондуул болсон тийм газар хавчаад «олдохгүйд мундахгүй» нутаг гэгч байсан юм даа. Тийм газарт их халуун үед үнэхээр ч байж суухын эцэсгүй бүгчим халуун, цухалхан байдаг юм билээ. Үнээ тугал оодгоноод гүйсэн ч хөлийн чилээ гаргахуйяа бэрх юм билээ.

Манай гэрийн арханд бас нэг хачин барсгар хүрэн толгой байлаа. Түүнийг нутгийнхан, буг чөтгөртэй ч гэдэг. Буянтай хүн, бүсгүй хүн хоёр тэр толгойн орой дээр гарч болдоггүй ч гэдэг. Бас ядуу хүн халдаж, оролдож болдоггүй, этгээд ганц чонотой ч гэдэг сэн. Тэр чоно хэний ямар малыг хэд хэчнээнээр идэж байсан ч хамаагүй, тэр чононд малаа идүүлсэн малчных баяжна уу л гэхээс биш, үгүйрч хоосордоггүй ч гэх шиг зөндөө л гайхалтай юм домоглодог байлаа.

«Хавчуу»-д ирж хавчигдаж зуссаар хэд хонолоо. Халзан бухандай минь ч том боллоо. Нэлээд ч эрх боллоо. Аав минь,

— Миний хүү халзан бухандайгаа сайн харж бай! Ёстой л хар нүдний цөцгий шиг харж байдаг юм шүү! гээд цааш нь ямар нэг үг хэлэх гэж цухуйлгаснаа дандаа чээжиндээ хатамжлан хоцроох шиг санагддаг сан.

Манай алаг үнээ, хавийн айлуудын үхэр дагаж уул өөд бэлчдэг сэн. Үхэр ууланд бол, тугалыг голд хариулах нь зүй. Тугал хариулах ч гэж дээ бэлчээгээд гэртээ гаран орон нүд тавьж байдаг даг. Гэвч би Халзан бухандайгаа бараг хариулж байдаг. Тэр өдөр би ээжийнхээ бүрж өгсөн элгэн таргаас бор гэдсээ бондойтол идчихээд халзан бухандай минь хамт бэлчсэн хэсэг тугалыг дагаж явлаа. Халуунд нозоорч ядраад хачин явснаа тэрлэгээрээ нарны халх хийж тоглож байгаад нэг мэдэх нь нам унтчихжээ.

Би хэдэн цаг унтсанаа мэдэхгүй. Нэг мэдэх нь тэртээ холоос пидэр пидэр гэх олон морины төвөргөөн сонстон, түдир түдир нүргээд, морины туурайны чимээ аажим боловч, улам ойртон айсуй. Тэгснээ тэр түмэн агтын төвөргөөн нь хурдан морины төвөргөөн болон солигдоод хурдан морь унасан хүүхдийн гийнгоолох энхрий шингэн дуу, тэр холоос тоосорч улам улам тодрон айсуй мориныхоо зүстэй адилхан тодрон, хэний хүүгийн дуу болох нь ч ялгаран сонстоод удсангүй барианы газраас, хүмүүс гууглах шиг болов. Би бас энэ уралдаанд оролцож явах ажээ. Миний унасан Дүйнхэр баяны хар морь, хүмүүсийн дуугаар цойлон гарав. Хүмүүсийн гууглах дуу ч бараг тэр тэр хүнээрээ танигдах шиг болж, морь хүү хоёрын сүүлчийн мөчлөг болж байна. Гэтэл Бүүвэйн шодон цоохрыг унасан хүү зөв талаар минь жирийлгэн өнгөрөх мөртөө ташуурынхаа товчоор миний нүцгэн гуя дундуур часхийтэл ороолгоод орхилоо. Хорсох, өвдөх, цочих айхын эрхэнд нүдний нулимс цэлсхийн асгарч, жолоо ташуураа алдан, хөлөө татаж, гуяа илэх гээд мориноос унав. Би хатуу чулуун сайран дээр харван уналаа. Чадал мэдэн бархирч сэрлээ.

Уралдаан, хурдан морь, хүүхэд, гуугласан хүмүүс цөм алга. Үнээ тугал шуугьж мөөрөлдөх нь багагүй л хөлтэй явдал болсны тэмдэг ажээ. Айсуй хурдан морийг гууглан хашхирсан хүмүүсийн дуу гэсэн маань нийлсэн шуугьсан үнээ тугалтай хөөцөлдсөн эхнэр хүүхдийн дуу байжээ. Бүүвэйн шодон цоохрыг унасан хүү нүцгэн гуя дундуур минь татлаа гэсэн нь аав минь бос! гэж гуя дээр минь энхрийлэн под под хийтэл зөөлхөн алгадсан хэрэг ажээ. Энхрийлж аятай зөөлөн алгадсан аавын минь царай баяр хөгжилтэй байгууштай атал харин бараг амьдралдаа огт үзсэн гэж санагдамгүй тийм хачин баргар байдаг байна.

— За хүү минь бос доо гэж аавын минь өгүүлэх нь яасан ч юм бэ дээ нэг л ажиг сэжигтэй байлаа.

— Аав аа! юу болоо вэ! Би юу ч мэдэхгүй болчихжээ. Дахиад өглөө болж байна уу?

— Үгүй хүү минь дөнгөж оройн саалийн цаг болж байна.

— Үнээ тугал маань яасан их шуугина вэ?

— Харин нэг ийм хэрэг гараад байна цаана чинь…

— Аав аа! Халзан бухандай минь эхтэйгээ нийлсэн үү?

— Нийлэхээ мантай юм болсон шүү хүү минь. Халзан бухандайдаа ёстой л хайртай юм бол хар нүднийхээ цөцгий шиг харж байдаг юм шүү гэж аавынхаа хэлснийг юунд мартав даа хүү минь?

— Аав аа! Тэгээд юу болоо вэ? Халзан бухандай минь яагаад харагдахгүй байна вэ?

— Ингээд л харагдахаа… гээд аав минь санаа алдаад манай гэрийн арханд байгаа барсгар хүрэн толгойг айсан буюу сэжиглэсэн хүний нүдээр ширтдэг байна. Тэгээд санаа ч алдах шиг боллоо…

Би хүйтэн бороонд осгосон юм шиг бөнжигнөтөл чичирч байгаа халзан бухандайнхаа толгойг илж, удтал уйлав. Халзан бухандайн минь бүлтгэр хоёр хар нүднээс анихын тоогоор том том ширхэгтэй нулимс бөмбөрөн унаж байлаа. Нялх амьтны «уйлах» янз бүр л байдаг. Түүний дундаас халзан бухандайн минь «уйлах» тун хачин санагдлаа.

— Аав аа! яагаад ийм хэрэг явдал болов? гэж асуухад минь:

— Хамаг хэрэг, харин чамаас л боллоо гэж аав минь эвгүй байдалтай хэлэв.

— Муу хэрэг явдлын дараа ийм буруу зөрүү үг яриа хэрэггүй та минь, жинхэнэ ёсоор болбол энэ хэрэг надаас л боллоо. Би хүүдээ хар халуунд их тараг уулгаснаас боллоо гэж эжий хэллээ.

— Тэгээд чухам юу болчхов доо?

Тугалаа хариулж яваад би хээр унтсанаас хойш манайхны хэсэг айлын тугал өнөө барсгар хүрэн толгой өөд гарчээ. Удалгүй тэр толгойг цааш давжээ. Үхэр уулнаас бууж эхэлтэл манайхан, намайг унтсаныг мэдэлгүй, тугалаа хариулж яваа гэж санажээ. Үхэр нь уулнаас жингийн тэмээ шиг хөврөн буугаад, барсгар хүрэн толгойн цаад руу оржээ. Ерөөсөө ногоонд цадсан монгол үхэр бэлчээрээс буухдаа үнэхээр, харж ханашгүй гоё сайхан цуваагаар цувдаг шүү дээ.

Удсангүй барсгар хүрэн толгойн цаана үхэр тугал шуугьж гарчээ. Баахан тугал барсгар хүрэн толгой дээгүүр даваад иржээ. Морьтой явган хүн, хоточ ноход ч тугалыг тосоод цувжээ. Аав ч буугаа аваад гүйжээ. Монгол үхэр чононд хөөгдвөл үнэхээр сонсошгүй муухай орилон шуугьж гэр хот руугаа давхидаг мал даа. Эжий минь, энэ шуугиан дотор намайг эс харагдахаар бүр ч ухаан алджээ. Аав барсгар хүрэн толгой дээр гартал халзан бухандайг маань өнөө чоно хөөгөөд, хоёр борвиноос нь алдаг оног шүүрч харагдаж гэнэ. Аав бархирах гэсэн нь дуу гардаггүй, буудах гэсэн эв зүй нь ч таарахгүй, тэгтэл бухандай орилон нааш цааш бултчин явсаар аавд минь шууд тулж ирэн өвдөг рүү мөргөх мөртөө ухаан алдах мэт унажээ. Чоно ч халзан бухандайг хөөж явснаа нэлээд ойртож ирээд, аавыг харах мөртөө халзан бухандайн борвиноос нэг шүүрээд буцжээ. Халзан бухандайг минь тэгж борвидохыг хараад, аав минь тугалаа хайрлаж, уур хилэн нь бадран чононд өшин уурлаж, яавал ч яаг гэж бодоод, өнөө сүртэй домгийг ор мартаад, хачин этгээд алж ч болдоггүй, алагддаг ч үгүй гэж цууд гарсан чоныг дор нь буудаад унагачихжээ. Айл хотынхны үхэр тугал, нохойн дуу шуугиан үдшийн бүрийгээр сая намжив. Хүн алж болдоггүй, хүнд алагддаг ч үгүй гэж цууд гарсан чоныг зүгээр ч үгүй, онгон догшин барсгар хүрэн толгойн оройд, үдшийн бүрийн өмнөхөн манай аав буудаад алчихсан тухай гайхалтай сонин мэдээ хотоос хот, амнаас ам дамжихад, зарим нэг сэжиг сүжигтэй нь аавыг минь өнгөрлөө гэлцэж байжээ. Эжий ч бүр таг дуугүй нэг л хачин болчхоод дэмий аавыг манай нутгийн цорын ганц хар ламд оч гэхэд, аав маань тас эсэргүүцэж:

— Тэр ламаас чинь би мэргэн юм биш үү? Тэр чинь онож алж чадахгүйдээ, алагддаггүй чоно гэдэг сэтэр зүүсэн юм бол би алчихлаа гэжээ. Гэвч аавын минь сэтгэл үнэнийг хэлэхэд хэдэн өдөртөө үзтэл юу болдог болдоо гэж ажигласан, нэг л анир чимээ чагнасан байртай байлаа. Гэтэл юу ч болсонгүй. Харин хамаг юм өлзийтэй сайн боллоо. Онгон догшин барсгар хүрэн толгойн номхон нь мэдэгдлээ. Огт алагддаггүй гэсэн домогт чоно ч алагдлаа. Алсан хүний амь насанд буюу ам бүлд, адуу малд гай барцад болдог гэдэг ч худал боллоо… Манай нутаг харин ч жигтэйхэн энх тунх болж, мал сүрэг ч амар жимэр бэлчдэг боллоо.

Тэр жилээс хойш манайх хоосрох биш, харин олон үнээтэй болж зарим зун би арваад тугал хариулдаг болсон. Миний хашир догь тугалчин болсныг ч яриад яах вэ. Манай тугал голдуу л халзан тугал байдаг сан. Яагаад гэвэл аав маань халзан бухандайгаараа бух тавьсан юм чинь дээ. Манай тугал халзан болохоос биш харин халзан бухандайгийн минь хоёр борвин дахь чоно хазсан шархны ороор эдгэрсэн цагаан сорвийг дуурайсан борвиндоо цагаантай тугал огт гардаггүй байсан юм.

Халзан бухандайнхаа тухай бяцхан өгүүллэгээ энд хүргээд дуусгая даа.

————

Улаанбаатар

1957 оны 4 дүгээр сарын 21

Эх сурвалж: Бааст Б. Халзан бухандай .-УБ.,1957

Details
Author:
Genre: Уран зохиол
Tag: хүүхдийн зохиол
Publication Year: 1957
About the Author
Бааст Б.

Бөхийн Бааст - Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч. (1921-2019)
Гавьяа шагнал:
МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа,
Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1999),
Монгол улсын Ардын Уран Зохиолч цол (2006),
Монгол улсын хөдөлмөрийн баатар цол (2018)