Танин мэдэхүйТүүх, Хуучны баримт

ЮНЕСКО-гийн Олон улсын баримтат өвд бүртгэсэн дурсгалууд

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн. ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо, Үндэсний Номын сан хамтран нүүдэлчин монголчуудын оюуны соёлын гайхамшигт өвүүд тэр дундаа ганц хувь гар бичмэл ном судрыг дотоодын болон олон улсын өвийн бүртгэлд бүртгүүлэх, үндэсний хэмжээний баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, судалж сурталчлах зорилгоор ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүртгэлд нэр дэвшүүлэн бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

      2011 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Манчестер хотноо болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 10 дугаар бага хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн хосгүй үнэт дурсгалууд болохЛУ “АЛТАН ТОВЧ” /ЛУВСАНДАНЗАНЫ “АЛТАН ТОВЧ/”, “МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР”бүтээлүүдийг Олон Улсын Баримтат өвийн бүртгэлийн жагсаалтад бүртгэсэн билээ. Эдгээр дурсгалууд нь Монгол Улсаас Дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгүүлсэн анхны өвүүд болсон юм.
       2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон тус бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсний дотор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал “ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР” 110 боть их хөлгөн судар багтсан юм.

ЛУ “АЛТАН ТОВЧ” 
 
XYII зууны хоёрдугаар хагаст түүхч, гүүш Лувсанданзан шавь нарын хамт “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой” бүтээлийг туурвижээ. Болгомол цаасан дээр хулсан үзгээр бичсэн. Уг сурвалжийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамьян гүн Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн Дари тайж хэмээх хүнд хадгалагдаж байсныг 1926 онд олж авснаар “Лу Алтан товч” хэмээн олонд алдаршиж, монголын түүх-уран зохиолын судалгааны ховор чухаг, үнэт дурсгал болон мөнхөрчээ. “Лу Алтан Товч”-д “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан учир “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. Түүнээс гадна, XVII зуун хүртэл уламжилсан олон зүйл түүх, түүхэн домог, эртний уран зохиолын зүйлийг багтаасан нь нэн үнэ цэнтэй юм.

  • 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт өвд, 
  • 2009, 2011 онуудад ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн болон олон улсын баримтат өвд тус тус бүртгэсэн. 

МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР 
 
Халхын сайн ноён хан аймгийн засаг хошой Чин Ван Наянтын Цахарын сүрэг хошууны Шашныг бадруулагч сүмд тахиж байсныг Онхудын Жамьян гүн 1924 онд үүрд хадгалах гэрээ хийж, 1925 онд Судар бичгийн хүрээлэнд залж авчирсан түүхтэй. “Данжуур” гэдэг нь “Шастирын орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь эртний Энэтхэг, Төвдийн эрдэмтэн бандида нарын их, бага арван ухааны орноор (Их таван ухаан: Дотоод ухаан, Урлахуй ухаан, Учир шалтгааны ухаан, Тэжээхүй ухаан, Дуун ухаан. Бага таван ухаан: зурхай, зохист аялгуу, илт өгүүлэхүй, эвсүүлэн найруулахуй, дуурайн бүжиг) туурвисан 3400 гаруй зохиолыг эмхэтгэсэн том цоморлиг болно. “Данжуур”-т багтах их бага таван ухааны зохиолоос Төвдийн хэлэнд IX зууны үеэс орчуулж эхлээд, XIY зууны үед тусгай цоморлиг болгожээ. “Данжуур”-ын доторхи ном зохиолоос Монголчууд XIY зууны эхэн үеэс орчуулж, тайлбар судалгаа хийж байжээ. Гэвч “Данжуур”-ыг бүхэлд нь орчуулж хэвлэх ажлыг XYIII зууны тэргүүн хагаст Жанжаа-ролбийдоржийн удирдлагаар Монголын олон нутаг хошуунаас цугларсан 200 гаруй орчуулагч нар богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү бүтээлийг 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241 тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт өвд, 2011 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд тус тус бүртгэжээ. 
 

ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР 

Ганжуур нь “Зарлигийн орчуулга” гэсэн төвд үг бөгөөд бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан асар том судрын чуулган юм.Төвдийн алдарт номч мэргэн Бүдон-ринчиндүв тэргүүтэй мэргэд 1320 оны үесээр дэглэсэн ажээ. 
      Бурханы шашны оройн дээд ном Ганжуурыг Монголчууд өнө эртнээс тахин шүтэж, олон арга хэлбээрээр бүтээсний нэг нь тусгайлан боловсруулсан хар цаасан дээр алт, мөнгө, шүр, сувд, номин, оюу, зэс, ган, тана зэрэг эрдэнэсээр урласан “Есөн эрдэнийн Ганжуур” 110 боть их хөлгөн судар юм. 

      Монголчуудын “Хутагтын орон” гэж сүслэн биширч ирсэн, домогт Энэтхэгийн орны эрдэмтэн мэргэдийн туурвисан “Гурван аймаг савын” буюу “Трипитака”-гийн номын алдарт цомирлог Ганжуурыг бурханы шашин дэлгэрсэн XVI-XX зуунд Монгол лам, мэргэд, зураач урчууд ер бусын гайхамшиг, итгэл бишрэлийн дээд болгон 9 эрдэнээр бүтээж үлдээсэн нь ном урлалийн сонгодог өв, бусад эрдэнийн ном судруудын оргил бүтээл болж, хүн төрөлхтөний оюуны санд үлэмж хувь нэмэр оруулжээ. Есөн эрдэнийн Ганжуур хөлгөн их зурагт судар бол сонсох, санах, бясалгах «гурван үүдний» үр шимээр хүний оюун ухаанд хуримталсан эрдэнэс, бичиг соёл, уран зургийн гайхалтай зохицол нийлэмж, урлахуйн уламжлалт нууц арга ухаан, эрдэнэс ашиглан цогцоор нь шингээсэн том хэмжээтэй цоморлиг гэдгээрээ монголын төдийгүй хүн төрөлхтөний оюун санааны давтагдашгүй өв дурсгал юм. Уг судар Монгол улсад төдийгүй дэлхийд өнөө хэр бүтээгдээгүй, эх хувиас нь хуулбарлан бүтээж хувилах аргагүй, орлуулж боломгүй сонгодог бүтээл болжээ. Энэхүү их хөлгөн судрыг хуучин Их хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд 1841 оноос залж байгаад тус дацан хаагдах үед Үндэсний номын сангийн сан хөмрөгт шилжүүлжээ. Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” өвд, 2013 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд тус тус бүртгэжээ.
 

Эх сурвалж: http://mongoluv.mn/mn/Documentary/Content.aspx?ContentID=3&&PageID=17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *