Домог, Тууль, БусадТүүх, Хуучны баримт

Зүүдэнд олдсон Алтан Жадамбаа зүүдэлж сэрээд олсон нь…

Халхын Түшээт хан аймгиин Дайчин вангийн хошуу одоогиин Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Шадүвдандар буюу Дандар аграмба (1835-1915)

Нялх балчиртаа өнчин хоцорсон Дандар хүү 7 настайдаа холын хамаатны хүний хамт аянчин мөргөлчид бараадан Их Хүрээг зорив. Тэд замдаа Эрдэнэт уулын бэлд (одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаж буй) хоногложээ. Мөргөлчид өглөө эртлэн овоон дээр гартал Дандар хүү:

-Яасан ч их эрдэнэстэй, тансаг сайхан уул вэ? Даанч богино настай уул юм даа гэсэн гэдэг. Тэд явсаар нийслэл хүрээнд ирж хүрээний сүм, хийд, худалдааны захаар орой болтол хэсч, элдвийг үзэн алмайран гайхаж явсаар бяцхан хүү хамт явсан хүмүүсээсээ төөрчээ.

Дархан чин вангийн Шижээ гавж тэр шөнө алтаар бичсэн Жадамба оллоо гэж зүүдэлжээ. Тэрбээр өглөө эртлэн босч Тасганы овоон дээр гараад Заан хошууны үзүүр дэх Гэсэр сүмийн дэргэдэх том хүрдийг эргүүлдэг заншилтай.Тэр ёсоороо хүрд рүү очтол түүний дотор даарч бээрчихсэн 7, 8 орчим насны хүүхэд сууж байлаа. Ламтан:

– Чи юун хүүхэд вэ? Танайх хаа байдаг вэ? гэж асуув . Хүү эрүү ам нь эвлэж ядан:

– Манайх холоо байдаг. Би Дайчин вангийн хошуунаас аянчин жинчин дагаж өчигдөр ирээд, тэднээсээ төөрчихсөн гэв. Шижээ:

-Чамд тэгээд Хүрээнд таних айл бий юу? гэхэд хүү:

-Таньдаг айл байхгүй гэжээ.

Шижээ гавж хүүг дагуулан гэртээ авчирч өөрийнхөө оронд хэвтүүлэн хучив. Тэрбээр гэрээ галлаж, цай чанаж хүүд уулгав. Хүүгийн бие тавирч нойрондоо дийлдэн, ханын толгойд нар тустал унтжээ. Хүүг боссоны дараа гавж ламтан:

– За хүү минь танилцъя. Нэр чинь хэн бэ? Чи яах гэж Хүрээнд ирсэн хүн бэ? гэхэд хүү:

– Миний нэр Дандар гэдэг. Би Хүрээнд ном үзэх гэж ирсэн гэв. Шижээ урьд шөнийхөө зүүдийг санаж гэнэ. Санаж эргэцүүлээд энэ харваас сэргэлэн хүү байна, нөгөө алтаар бичсэн Жадамба болов уу гэж дотроо олзуурхан бодлоо. Тэрбээр:

-Эрдэм номонд чин сүжиглэж байгаа чинь сайн хэрэг. За ингээд манайд суугаад, ном бясалгаад байж дээ гэж хэллээ. Ингэж Дандар хүү Шижээ гавжийн шавь болжээ. Дандар тэр өлзийт сайн өдрөөс эхлэн багшийнхаа итгэлийг алдсангүй, эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, хүрээний олон банди нараас ухааныхаа цараар цоорч эхлэв. Дандарын билэг оюун төгс байдал томхон лам нарын анхааралд өртөж, бүр багаасаа “Шижээгийн гэцэл” хэмээн алдарших болов. Тэрбээр урьд үзсэн номуудаа сэлбэн ухаарахын хамт Чойрын ном заалгаж, утгыг эгээрэхийн зүг гэгээнээ нээж, сонороо талбиж эхлэв.

Ийн суралцсаар алдар суу нь түгсэн аграмба болжээ. Тухайн үед монголд ирсэн XIII лам түүний эрдэм мэдлэгийг сорьж үзээд үзтэл өөрөөс нь илүү тул шавь ороход түүнийг дагаж, тагнаж явсан хоёр төвд лам “хөдөөгийн ламд шавь орсон нь хүндээ хөнгөнөөс өгч, нэр төрөө гутаасан хэрэг” гэсэн яриа гаргажээ.

Үргэлжлэлийг Түүхч, академич Ж.Болдбаатарын “Далай ламын Монгол багш” номоос уншаарай…

One thought on “Зүүдэнд олдсон Алтан Жадамбаа зүүдэлж сэрээд олсон нь…

  • awesome

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *