БоловсролМэдээОновчтой уншлагасанал болгохТанин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Ц.Шагдар: Ногоон толийн эзэн

1966 онд хэвлэгдэн гарсан “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг сурвалжлахыг Орчин үеийн Монгол сэтгүүлийн редакц, сэтгүүлч Ц.Шагдарт даалгажээ. Үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсний илрэл, 1967 оны нэгэн дугаарт гарсан сурвалжилгыг ахин нийтэлж, та бүхэнд хүргэж байна. Уг толийн ач холбогдол өнөөдөр улам бүр тодорч хэн бүхний ширээний ном, лавлах байсаар байна. Толийг бүтээгч Я.Цэвэл гуайн хүү Ц.Шагдарсүрэн аавынхаа бүтээсэн тольд нэмэлт хийж 2021 онд олны хүртээл болгоод байгаа билээ. Уг толийн ач холбогдол хэрэглээг бодолцож хэсэг залуус цахим хувилбарт шилжүүлээд байгааг давхар дуулгахад таатай байна. 

Д.Сүхбаатарын талбайд амсхийж буй Я.Цэвэл

Жанжин Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатын хэвлэсэн “Монгол хэлний товч тайлбар толь” нэртэй ногоон сарьсан хавтас бүхий товхгор зузаан ном манай улсын номын худалдааны дэлгүүр мухлагуудад гараад төдий удаагүй боловч эх хэлнийхээ шавхагдашгүй өвийг бишрэн судлагч оюутан сурагч, бичиг зохиолын хүн бүхний ширээний ном болсон төдийгүй монголын соёл шинжлэх ухааныг сонирхогч гадаадын эрдэмтэн мэргэдийн анхаарлыг ихэд татаж байна.

Ардын хувьсгалын жилүүдэд манай оронд хөгжсөн шинжлэх ухааны олон салбаруудын нэгэн адил хэл утга зохиолын бүтээлийн сан жилээс жилд арвижин нэмэгдсээр байгаа бөгөөд энэ санд одоо нэмэгдэн орж байгаа томоохон бүтээлийн нэг бол тус улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Я. Цэвэл зохиож, Х. Лувсанбалдан редакторласан сайхь 30 мянган үгтэй, монгол хэлний товч тайлбар толь юм.

Я.Цэвэл, Х.Лувсанбалдан нар

Энэхүү тайлбар толийг зохиогчтой уншигч та бүхнийг танилцуулах үүргийг тус сэтгүүлийн редакци над оногдуулав. Нийслэл хотын төө талбайн Зүүн хойт хэсэгт орших Улсын их сургуулийн дөрвөн давхар шинэ барилгын хамгийн дээд давхарт тус улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл, зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн тус тус байрладаг.

Манай орны нэрд гарсан хэл бичиг, утга зохиолын эрдэмтдийн чуулга болсон тус хүрээлэнд биечлэн очиж тайлбар толийн зохиогч Цэвэл гуайтай уулзав.

Буурал халимаг үсээ ар тийш нь толийтол самнасан, шавил туранхай биетэй, нимгэн шар царайтай ануухан өвгөн: “Монгол хэл бол олон үет угсармал залгамал хэл юм. Монгол хэлний үг үүсэж бүтсэн байдлыг ажиглаваас… манай хэлний эн тэргүүний үгс цөм нэжгээд үеэр бүтсэн нь илэрхий мэдэгдэж байна… Монгол хэлний дагавар үгийн зүйл эрт цагт биеэ даасан үг байгаад хожим биеэ даасан чанараа алдан дагавар болсон юм гэж үзэх бүрэн үндэс байна…» гэх зэргээр монгол бичгийн хэлний үг бүтээх дагаврын тухай туурвин бичин суух нь миний нэлээд эртний танил Цэвэл гуай байлаа.

Цэвэл гуай бол ардын хувьсгалын анхны жилээс эхлээд төр түмэндээ хүчин зүтгэсэн хүн гэдгийг би мэднэ. Гэсэн ч чухам юу хийж бүтээж асныг нарийн мэдэхгүй. Цэвэл гуай яриа хөөрөө сайтай, хэлэмгий хүн боловч чухамдаа хөндлөнгийн зүйлсийг ярихаас бус өөрийн тухайд өгүүлэхдээ тун хариг, харамч хатуу чанга даруу зантай хүн билээ. Түүний энэ занг хэдийнээс би үл андахын учир, амар мэндийг мэдэлцэн, аахар шаахар зүйлс ярилцахын далим, зорьж ирсэн хэргээ сэмхэн биелүүлж эхэллээ.

1903 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Талын толгой хэмээх газар төрсөн Цэвэл гуай, ид залуугийн гал дөл бадарсан арван найман насандаа ардын хувьсгалтай золгожээ. Хүний өөрийн мал, хурга, тугалхан хариулж, уудам тал, уулын бэлд өссөн энэ хөвүүн, автономитын үед(1914) Номон хан хутагтын хошуунд байгуулсан танхимын сургуульд орж, хятадын харгисуудаас дүрвэж Өвөр монгол нутгаас займчин ирсэн эрдэмтэн Мөнхтогтох шиансангаар монгол хэл бичиг, тоо бодлогын ухаан заалган сурсан нь тулгар мандсан ардын хувьсгалт нам, төрд хүчин зүтгэх эх сурвалж болсон байна.

Тийм ээ! Ардын хувьсгалын анхны жилүүдэд хүн ам маань нэлэнхүйдээ бичиг үсэг мэдэхгүй байсан улс орноо соён гийгүүлэх хэрэгт харц ардаас гаралтай бичиг үсгийн мэдлэгтэн байтугай, хаад ноёдоос гаралтай бичиг хэргийн түшмэдүүд ч хэрэгтэй байсан цаг шүү дээ. Энэ учраас ардын хувьсгалт нам төр, залуу Цэвэлийг зүйл бүрээр дэмжин өргөмжилж, сурган халамжлахын зэрэгцээ, төр улсын өндөр албан тушаалд томоохон томилж байжээ.

Цэвэл гуай та, шинжлэх ухааны байгууллагад ирэхээсээ өмнө хаа ямар ажил хийж байсан бэ? гэж миний сонирхоход.

Би 1921 оноос эхлэн биеийн хүчин үнэлсэн хүн дээ. Анх хошуу тамгын бичээчээс эхлээд засгийн газрын бичээч, Архангай аймагт суух засгийн газрын төлөөлөгч, дараа нь Гэгээрүүлэх яаманд хэлтсийн эрхлэгч, эрхэлсэн түшмэл зэрэг ажлыг хийж байгаад 1929 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд шилжин ирсэн юм гэж тун товчхон хэлээд, хул шар өнгийн эмжээртэй  ногоон одончуу дээлийнхээ ханцуйг шамласхийж, чигчий хурууныхаа хумсаар халимаг үсээ засасхийв. Дашрамд хэлэхэд Цэвэл гуай бол ямагт монгол дээл өмсөх бөгөөд өргөн шар дурдан бүсийг чанга гэгч ороосон байдаг.

Цэвэл гуай ийнхүү идэр залуу наснаасаа ардын төрийн албанд зүтгэж, манай орны ахмад үеийн нэрд гарсан эрдэмтэн сэхээтэн Цэвээн Жамсрано, Эрдэнэ Батхаан, Д. Нацагдорж, Б. Ринчен, Ц.Дамдинсүрэн зэрэг хүмүүстэй хамтран ажиллаж, тэд нөхдөөс ихийг сурч, ардын засгийн хувьсгалт тэмцлийн үйл ажиллагаанд биечлэн оролцож явсаар улс орныхоо амьдралын гүнд умбан орж ажил төрөл, мэдлэг чадварын асар их дадлагыг хуримтлуулахдаа алдаж онож явсан удаа бас бий ажээ.

1929 оны намар Цэвэл гуай, Шинжлэх Унганы Хүрээлэнд шилжин ирж эдүгээ хүрээл гуч гаруй жил ажиллахдаа архивын судлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг албан тушаалд эрдэмтэн олон нөхдийн хамт хүчин зүтгэж өөрийн авьяас оюун билгийг үргэлж дээшлүүлж байсан учир зөвхөн монгол хэт бичгийг судлагч төдийгүй манай ахмад сэтгүүлчдийн нэгэн болжээ. Түүний бичсэн “Монголын нүүдлийн тухай”, “Монгол бөхийн тухай”, “Монголчуудын эрхэмлэдэг өнгө”, “Хэлний боловсролыг дээшлүүлье” гэх зэрэг олон өгүүлэл найруулал төвийн сонин хэвлэлүүдэд нийтлэгдэж олны сонирхол, талархлыг татаж байв.

Гучин зургаатын тайлбар толиос үг шүүж, тайлбар хийж буй нь

Цэвэл гуай эрдэм шинжилгээний бүтээл туурвихын зэрэгцээ дунд сургуулиудад үзэх утга зохиолын унших бичиг 7 дэвтэр, 100 орчим хэвлэлийн хуудас зүйлийг эмхэтгэж хэвлүүлсэн бөгөөд шинжлэх ухааны байгууллагуудын том жижиг хорь гаруй хэвлэлийг редакторлан хэвлүүлжээ. Түүний үр бүтээлч ажиллагааг нам, засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал одон медалиар олон удаа шагнасан байна.

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Я. Цэвэл, сүүлийн 15 жилд (1949-1964) Хэл бичгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан- хамт олны туслалцаанд дулдуйдаж бүтээсэн “Монгол хэлний товч тайлбар толь” бол түүний бүтээл туурвилын дээж нь болжээ гэхэд хэтрүүлэл болохгүй байх аа.

Я. Цэвэлийн туулж өнгөрүүлсэн зам, жирийн малчин, ерийн хүмүүс, ардын нам, засгийн анхаарал халамжаар “гар нь ганзаганд хөл дөрөөнд” хүртэл өсөж, эх орон элгэн түмэндээ хөдөлмөр бүтээлийнхээ дээжийг бэлэглэж байдгийн илэрхийлэл мөн.

Ардын засгийн ахмад сэхээтний нэгэн бөгөөд товхгор зузаан толь бичгээ түмэн олондоо бэлэглэсэн өвгөн буурал тамдаа урт удаан насалж, улам их бүтээл туурвихыг ерөөе.

Ц. ШАГДАР

Орчин үеийн Монгол сэтгүүл, 1967