АхуйБоловсролГэрийн номын санМэдээОновчтой уншлагаТүүх, Хуучны баримтҮргэлжилсэн үгийн зохиол

С.Эрдэнэ: Ванганы бичгийн ширээ

Л.Ванган дөчин еснийхөө жил дээр зуурдаар явчихсан юм. Тэрээр Чойжилын Чимэдтэй хамт миний үеийнхнийг “жолоодогч” байжээ. Гайтав, Явуухулан, Пүрэвдорж, Гомбожав, Дашдооров бид нар тэднийг хошууран дагана. Ялангуяа Ванганы гэр бол нэг ёсондоо зохиолчдын бүлгэмийн гэр болдог байлаа. “Явахаасаа” өмнөхөн Ванган хаанаас ч юм нэг том гэгчийн бичгийн ширээ олж гэртээ тавилаа. Ногоон цэмбэн тагтай, угалзат хөлтэй, чамин сийлбэртэй асар том царсан ширээ. “Нэг ийм ширээтэй болох юм сан гэж санасаар яваад гадаадын элчингийн хаягдал дотроос олж ирлээ шүү” гэж ихэд баясан ахуйд бид тэр ширээг нь угаан найр хийв. Ер нь байсхийгээд л ямар нэг шалтаг гаргаж найрлана даа. Тэр үеэс зохиолч бичгийн ширээтэй болно гэдэг чухаг явдал байж. Намхан биетэй Ванган тэр том ширээнийхээ ард суугаад “Жижигхэн зохиолч гэлээ ч том ширээтэй байгаа биз дээ” гэж жаахан халахаараа зовлонгоо мартан хөгжөөн наргиантай болдог зангаараа хошигнож, Удвал гуайн буянаар Ташкент хүрч, хуучин танил нөхөдтэйгээ уулзаж, шавайгаа ханасан тухайгаа хөөрч байв.

Завхан аймгийн музейн Л.Ванганы нэрэмжит танхим

Гэвч тэр Ташкентаас нүд нь гарлаж, царай нь хөхөрчихсөн ирсэн юм. Түүний баяр түр зуурхан байсныг тэр үеэс бид яахин таах билээ. Бичгийн ширээтэй болсны баяр монголын шилдэг хөвгүүдийн нэгэнд юу сан билээ. Гэтэл Ванганыг ерөөс л бичгийн ширээнээс нь холдуулах айхтар цохилт, далдын хясаал хавчлага бүтэн долоон жил үргэлжлээд, зохиолчдын эвлэлийн хорооны дарга С.Удвал тэр бүхний шалтаг холдож хуучирсныг буюу өршөөл элбэрэл эрж магадгүйн тэмдэг болгож хил алхуулан дагуулж явсан хэрэг байлаа. Тэгээд ч сүүлийн хэдэн жилийн турш сэтгэлийн хүнд дарамтад автаж, голцуухан л нүдэндээ чийгтэй явсан Ванган маань сая л нэг чөлөөтэй амьсгаа аваад эрх чөлөөтэй уран бүтээлч эр шиг, эр хүний ёсоор жолоогоо нэг тавиад орхисонд дагуулж явсан Удвал гуай маань ч татаж чадаагүйдээ нэлээд гоморхож бухимдсан янзтай ирж билээ. Тавиад оны сүүлчээр нэг хүнийг танхим шүтэх үеийн хэлмэгдлийн үнэнийг хэлж эхлэхэд монголын хувьсгалт сэхээтний нэг, эцэг Ламзав нь хилсээр баривчлагдан бага балчиртаа өнчирч зовсноо мартах учиргүй Ванган томоохон уран бүтээлчийн ёсоор зориг гарган “Хүний мөр”(Түмний нэг) кино бүтээгээд “түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэгчээр Намын төв хорооны тогтоол гаргуулан тэр кино нь хаагдаж, түр зуурхны дулаарлын ачаар ургасан шингэхэн ойд донгодсон Ванган хөхөөний ам хөлдчихсөн юм даа хөөрхий. Тэгээд зургаа, долоон жилийн турш эх орныхоо хилийг алхан явах эрхээ хасуулсан хэрэг. Эрх чөлөөгүйн хясланд оруулах тийм нэг шийтгэл ноогдуулчихдаг цаг ирсэн байлаа.

Гэрийн номын сангийнхаа загварыг Л.Ванган өөрөө гаргаж, түүний эцэг Д.Ламзав нутгийнхаа дархан Чанантай хамт хийжээ. 1954 он.

Ширээний найр болсноос хойш даан их удалгүй Ванган маань гэнэт шарлаад эмнэлэгт хэвтчихлээ. Хоёр дугаар нэгдсэн эмнэлгийнхэн “манай хүн биш” гээд авсангүй. Тэр үед халдварт гар өвчин дэлгэрсэн байв. Тэр л байх гээд Богд уулын Төр хурахын амны түр эмнэлэгт аваачсан байв. Хэвтсний нь маргааш Чимид, Зундуй гуай бид гурав Улаанбаатарын рашааны уснаас уснаас баахан лонхонд хийж аваад очлоо. Ванганы бие над шиг шар, ногоон болжээ. Бүр нүд халтирмаар. Элэг нь томроод, цөс нь хаагдчихсан нь илт. Хэд хонуулаад халдварт гар биш эсэхийг тогтоохоор Зайсангийн амны эмнэлэгт авчрав. Тогтоож тун ядамгүй оношийг нь тогтоож ядсаар байтал Ванганы бие улам муудав. Бүр элэг нь задарч эхэлсэн хойно мөнөөх хоёрдугаар эмнэлэгт сүүлчийн өдрүүдийг нь өнгөрүүлэхээр авчирлаа. Ванганы маань амьд явах хугацаа дуусах тийшээ хандсан нь тодорхой боллоо. Чимид, Явуухулан бид нар сайхан андынхаа амьд дээр нь хамт байж, мониторын ногоон гэрэл, зүрхнийх нь сүүлчийн цохилт тоолон унах хүртэл гашуудан харуусав. Нөгчихийн цаг ирвээс яаж ч болдоггүй хорвоо билээ л. Хэдхэн жилийн өмнөх зун машиндаа биднийгээ суулган Туулын хөвөөнд очоод сайн цаг ирсний баяр хөөрөө багтаан ядсан хүүхэд мэт ногоон зүлэг дээгүүр нисэх мэт дүүлэн годройтож, сэв хийтэл бууж байсан Ванган маань гутрал, гомдлын хэдэн жилд бие сэтгэлээр унан унасаар дөчин есөн насандаа хальж одсон юм.

Ванганы шарилыг гэрээс нь үдэж гаргахдаа мөнөөх том ширээгийн нь хивсээр бүтээгээд дээр нь заллаа. Тийнхүү Монголын нэгэн алдарт хүүд түр зуурхан баяр авчирсан хуучин том ширээ бүтээлийнхээ сүүлчийн хуудсуудыг бичихэд түшиг болж, бас сүүлчийн замдаа гарахад нь суурь болсон билээ.

Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ

Л.Ванганы бичгийн ширээний шургуулга дотор…