АхуйБоловсролЗан заншилМэдээсанал болгохТанин мэдэхүйТехнологиТүүх, Хуучны баримтҮргэлжилсэн үгийн зохиол

Модоор хийдэг монгол аяга, амны хишиг тогтоодог ариун сав…

Шинэ мянганы эхээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Лодонгийн ТҮДЭВ монгол ахуйг харуулсан гайхалтай нэгэн баримтат туужийг бичсэн нь “Малчин Ө-ийнд ноён Ө зочилсон нь” юм. Жуулчдыг Welcome to Mongolia гэж буй энэ цаг үед Монгол хүн бүр уншмаар бүтээл ажээ.Монгол хүн гэж хэн байх, монгол ахуй гэж юуг хэлэх, юуг сурталчлах гээд бүхий л зүйлийг уг туужид тусгажээ. Уг туужаас Монголчуудын өвчлөл, хорт хавдрын нэг гол шалтгаан байж болох аяга, сав суулгатай холбоотой нэгэн хэсгийг та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ хэсэгт монголчуудын эдэлж, хэрэглэж байсан аяга, сав суулга, эдлэл хэрэгслийн талаар дурджээ. Өнөөдөр энэхүү заншлаа сэргээн модон эдлэлийн үйлдвэр, дэлгүүрүүд нээгдэн ажиллаж байгаа нь Монгол хүн бүрийн дэмжин “уухай”-лах, авч хэрэглэх зүйлс мөн бүлгээ. Ингээд зохиолд юу гэж дурдсаныг хамтдаа уншицгаая…

-“Юугаар ч дуталгүй л одоо боллоо. Бурхан тэнгэрийн хишиг ёроолгүй юм даа” гэж эмгэн нь хэлээд модон аяганд цай дүүргэн зочинд барихад ноёнтон ганц гараа сарвайх гэснээ тэр аягатайг эмгэн хоёр гардан өгч байхыг хараад хоёр гараа сарвайн тосч авав.

Өвгөндөө бас нэгэн модон аяга дүүргэн эмгэн нь барив. Ноён Өупэншоуд энэ бүхэн гайхмаар сонин байв. Цайны нь амт, түүн дээр хийсэн тосны үнэр бүгд нийлээд ер бусын эгзотик сэтгэгдэл төрүүлэв. Ноёнтон тэссэнгүй

Энэ ч их хуучны аяга биз дээ. Би танай нийслэлийн зочид буудалд л ийм аяга үзсэнгүй. Дандаа л шил шаазан байна лээ гэхэд өвгөн:

Өө энэ лав зуу гаруй жилийн цаанах үеийн аяга. Аав маань ерэн хэдтэй өөд болохдоо л “аавын маань аяганууд, амны хишиг тогтдог аяга” гэж захиж надад өгсөн юм л даа. Шаазан аягыг бодвол дотор нь хийсэн цай хоол тийм ч амархан хөрчихдөггүй, бас гадагшаагаа гар халаагаад түлчих гээд байдаггүй сайн аяга.

Таны гар халахгүй байгаа биз дээ гэхэд ноён ихэд гайхаж:

Тийм эртний аяга мөртөө бараг л шинээрээ байх их сайн мод юмаа даа? гэв.

-Сайн нь ч сайн мод, монголчууд бид чинь агар, зандан, сухай, арц, хус гэхчилэн хатуу сайн модоор л аяга сав суулга хийж хэрэглэсээр ирсэн юм. Муусайн шаазан бол харахад ч гоё ч гэсэн хагарч эмтрээд малчин бидний гар даадаггүй юм. Бас тэгээд гар халаагаад халуун юм ууж болдоггүй, бас хэрдээ их хүнд ер нь хагарч салчих гээд зовоогоод байдаг хэрэггүй эд шүү дээ. “Хотын гангачуул л шаазантай шадарладаг үрэлгэн улс” гэж өвгөнийг ярихад ноён Өупэншоу машид бишрэн гайхав. “Модон аяга хагардаггүй, гар халаадаггүй, доторхи нь хөрдөггүй, хөнгөн жинтэй байдаг байх нь ээ. Тэр тухай ер санаагүй юм байна” гэж тэрээр бодоод нүүдэлчдийн ахуйн тэрхүү өвөрмөц талыг ойлгож модон аяга сав суулгын учир холбогдлыг анх удаа огт өөр өнцгөөс харахад хүрэв. Гэрийн дотрохыг эргэн тойрон ажин харваас зүүн талд нь буй модон авдрын доохно нь модон тавиур бүхий модон эргэнэг дээр модон хувингууд, модон халбага, шор зэрэг бараг цөмөөрөө модон эдлэл, сав суулгууд байгааг ажиглав. Харин сав суулгануудын зарим нь зэс бүстэй байлаа. Бас нэгэн зэс домбо байхыг үзэв. Гэрийн хана, унь, тооно, багана, шүүгээ авдар, ор тэргүүтэн нь цөм л модоор бүтсэн байгааг мэдэв.

“Чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үе гэж дуулснаас биш модон зэвсгийн үе гэж дуулаагүй юм байна. Гэтэл энэ номадын гэрт чинь бараг л бүх эдлэл хэрэглэл нь мод юм шиг вэ дээ!” гэж Өупэншоу ноёнтон бясалган бодож ихэд сониучлав. Тэгээд:

-Модоор л хамаг эдлэл хэрэглэлээ хийдэг юмаа даа, танайх? гэж асуухад:

Мод гэдэг чинь зэвэрдэггүй, исэлддэггүй, хөнгөн чанартай ч гэсэн бөх, олдоц сайтай, ямар нэгэн юм нь эвдэрвэл засаж сэлбэхэд амар бас тэгээд хээлж гоолоход ч гарын аясаар байдаг тун сайн эд шүү дээ. Байнга нүүж суудаг бидэнд чинь ачих, зөөхөд хөнгөхөн сайхан байдаг юм. Мал усалдаг онгоц, нохойнхоо идүүр, сур, арьс элддэг талхи энэ тэрийг чинь модоор л хийдэг юм шүү дээ! гэж өвгөн хариулав. Маш том эрдэмтэн ч Өупэншоуд ийм их гүнзгий мэдээлэл өгч байсангүй шиг санагдаж өвгөн малчинд биширч эхлэв…

Үргэлжлэлийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Лодонгийн ТҮДЭВийн “Малчин Ө-ийнд ноён Ө зочлов” хэмээх баримтат туужаас уншаарай…