Бусад орны үлгэр

Хүчээр биш ухаанаар дийлдэг

Нэг хүн түлээ түүхээр ойд явжээ. Түлээгээ бэлдчихээд хожуул сандайлан сууж байжээ. Тэгтэл баавгай дэргэд нь ирээд

— Хүн чамтай тэнхээгээ сорьё гэж гэнэ. «За яадаг билээ. Энэ мангар амьтантай чинь яаж тэмцэлддэг билээ нэг л базаад орхивол өнгөрөө дөө» гэж бодоод

— Яаж хүчээ сорих вэ? За яах вэ эхлээд таны тэнхээг үзье гэсэнд баавгай

— За яаж үзэх, юм бэ? гэж асуужээ. Нөгөө түлээчин, хожуул цавчиж завсраар нь шаантаглаад

— За хө чи энэ хожуулыг цуу татаадах! Үүнийг цуулчихвал би чамтай хүчээ үзэхэд бэлэн байна гэв. Баавгай бодсон санасан ч юмгүй хожуулын ангархайгаар сарвуугаа хийнгүүт нөгөө хүн шаантгаа цохиод авчхав. Баавгай юун цуулахтай манатай юм сарвуугаа хавчуулж өвдсөндөө хар тэнхээгээрээ орилж, гурван хөл дээрээ эргэлдэв.

— За хө ямар байна. Надтай мөчөөрхөх санаа байна уу? гэж тавлахад баавгай

— Үгүй, үгүй болъё гэв.

— За хө ер нь юмыг дан хүчээр биш, арга ухаанаар давж болдог юм даа гээд хожуулын завсраар шаантгаа шаав. Баавгай сарвуугаа гаргаж авангаа эргэж ч харалгүй ухаан жолоогүй ой руугаа цогьж гарж ээ. Үүнээс хойш баавгай хүнээс айдаг болж гэнэ ээ.

Эх сурвалж: Газар газрын үлгэр, 1973