Оновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэх

Хүмүүс “төөрсөн ой”-гоосоо гарахын тулд ном уншиж, номын санд суух хэрэгтэй

Наху гүний тулаан буюу Чингис хааны Наймантай хийсэн тулалдааныг түүхч О.Сүхбаатар, Х.Шагдар, Го. Аким, Ж.Базарсүрэн нар судлан өөрсдийн дүгнэлт, тайлбар сэлтийг хийсэн байдаг.

Тэгвэл уг тулааны талаар судалдаг бас нэгэн судлаач гарч ирсэн нь Дархан-Уул аймгийн өндөр настан Гэлэнхүүгийн ПҮРЭВ ажээ.

Г.Пүрэв нь Дархан хотод насаараа хөдөлмөрийн багш хийсэн бөгөөд одоо тэтгэвэртээ сууж, түүх сонирхдог ажээ. Түүх сонирхох болсны шалтгаан нь хүргэн хүүгийнх нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Лаху баян уул буюу Наху гүний тулаан болсон газар мод тариалдагтай холбоотой ажээ. Тэрээр хүргэн хүүгийндээ очиж амрах үеэрээ уул, овоон дээр гарч “Наху гүний тулаан” хаана тулаан болсон бол, цэргүүд хаанаас ирсэн бэ гэх зэргийг бодож тооцоолон таамаглал дэвшүүлж, бусад эрдэмтдийн дүгнэлтүүдтэй харьцуулдаг гэнэ. Ийн явахдаа сумны нэгэн зэв болсон бөгөөд түүнийгээ зохих газар нь үзүүлж, судлан шинжлүүлэхээр болсон байна.

Түүний судласан ажлыг Түүхийн шинжлэх ухааны доктор Х.Шагдар “Наху гүний тулаан”-ы талаар судласан дөрөвдэх хүн хэмээн өндөрөөр үнэлжээ.

Тэрээр номын санд сууж зарим нэг мэдээ сэлт тодруулах, мэргэжлийн хүмүүстэй уулзахаар хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод орж иржээ.

Г.Пүрэв гуай “ “Чи түүхээ мэдэхгүй бол хэн нэгэн чамд түүх зохиож өгнөхэмээх үг буй. Монголын түүхийг нэгэн цагт үнэнийг худал мэтээр, худлыг үнэн мэтээр, сайныг нь саар мэтээр, саарыг нь сайн мэтээр хачирлаж хэн нэгэн зохиож байсан гашуухан түүх бий.   Энэ цаг үед Монголчууд “Ойд төөрсөн сармагчин лугаа адил” байлаа. Одоо тэр бүхэн түүх болон үлдсэн ч “хэн нэгний зохиож өгсөн түүх”-ийн балаг бүрэн арилаагүй, “ойд төөрсөн сармагчин лугаа” байдал байсаар байна. Энэ байдлаас гарах арга бол хүмүүс  “төөрсөн ой”-гоосоо гарах явдал юм. Үүний тулд ном уншиж, номын санд суух хэрэгтэй байна” хэмээн өгүүлсэн юм.

 

Э.Эрт-Эдүгэ