Танин мэдэхүй

Хятадын сурах бичгүүдэд Монголын тухай бичигдсэн нь…

Монгол Улсын тусгаар тогтнолын талаар Хятадын түүхийн мэргэжлийн боловсролын зэрэг олгох сургалтуудын дипломын ажил болон Хятадын түүхийн талаар бичсэн номонд тэмдэглэж бичсэн байдаг.

Тэдгээрт ихэнхдээ Гадаад Монгол эрт дээр үеэсээ Хятадын нэг хэсэг байсан, хожим Орост урваж тусгаар тогтнол олсон хэмээн тэмдэглэсэн нь байна.

Өдгөө хэрэглэгдэж буй “Ахлах сургуулийн түүхийн бүрэн сурах бичиг”, багшийн сургуулийн түүхийн мэргэжлийн цуврал сурах бичиг “Хятадын орчин үеийн түүх” зэрэг сурах бичгийг жишээ болгоё.

БНХАУ-д хэрэглэгдэж буй эдгээр түүхийн сурах бичигт өгүүлэх нь:

  1. “Ахлах сургуулийн туүхийн бүрэн сурах бичиг”“Гадаад Монголыг “Өөртөө засан тохинуулахад” нь туслан хуйвалдаж Хятадын нутаг дэвсгэрээс салгасан” гэсэн байна.
  2. БНХАУ-ын багшийн мэргэжлийн сургуулийн түүхийн сурах бичиг болох “Хятадын орчин үеийн түүх” номонд Англи, Оросын Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа Хаант Орос Гадаад Монголыг “тусгаар” болгов гэсэн бүлэгт дараах байдлаар өгүүлсэн байна. Үүнд:

“…Ар Өвөр Монгол эртнээс Хятадын нутаг дэвсгэр байсан. Цагаан Оросууд хэзээнээс нааш манай улсын Монгол бүс нутгийг булаан эзлэхээр санаархаж ирсэн. 1911 оны долоодугаар сард Монголын цөөн тооны хэт эсэргүү үзэлтэй феодалын ван гүн, лам нар Хаант Оросын хатгалгаар Хүрээнд нууцаар Хятадаас ангижрахаар хуралдан элч томилж Оросоос тусламж хүсчээ. Тэд “Оросоор хамгаалуулах”-ын тулд Орост янз бүрийн онцгой эрх мэдэл, болзол нөхцөл санал болгож Цагаан Оросоос зэр зэвсгийн тусламж олж авчээ. Гадаад Монголын урвагчдын бүлэг Цагаан Оросын цэргийн тусламжтайгаар 11 дүгээр сарын 30-нд Манж Чин гүрний Хүрээнд суух сайдыг албадан гаргаж 12 дугаар сарын 1-нд “Тусгаар тогтнох мэдэгдэл” хийж “Их Монгол улс’” байгуулагдсаныг зарласан юм.

Сун Ятсены Лундад иргэн улсын засгийн газраас 1912 онд Монголын ван, гүн, Богдод олон удаа цахилгаан илгээж, элч явуулж тусгаар тогтнолоо хүчингүй болгохыг хүссэн ч татгалзаж байжээ. Хаант Орос Гадаад Монголын урвагчдад цэрэг төдийгүй зэр зэвсэг, зээл олгож тусалж байв. Түүгээр ч зогсохгүй Хятадын засгийн газрыг Монголд цэрэг байршуулахгүй, Монголд шилжин суурыиихгүй, Монголын өөртөө засах тогтолцоог хүлээн зөвшөөрөхийг шаардахад Хятадын Гадаад яам татгалзаж байлаа.

Цагаан орос гадаад монголтой 1912 оны 11 дүгээр сарын 3-нд “Орос Монголын гэрээ” байгуулж, Гадаад Монголын гадаад харилцаа, цэргийн хэрэг, санхүү, эдийн засгийн эрх мэдлийг хязгаарлах болов. Хятадын Гадаад харилцааны яам Монгол бол Хятадын газар нутаг, Гадаад Монгол гадаадын улстай гэрээ байгуулах боломжгүй хэмээн 11 дүгээр сарын 7-нд мэдэгдсэн. Тухайн үед Ленин Хаант Оросын засгийн газрыг “Монголыг хүчээр эзэлж Манай улсын агуу их ах дүү гүрэн БНХАУ-ын найрсаг харилцааг сэвтээлээ” хэмээн шүүмжилж байжээ. Юань Шикайн Засгийн газар цагаан Оросоос дэмжлэг авахын тулд цагаан Оростой “Хятад, Оросын мэдэгдэл”-д 1913 оны 11 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурж Гадаад Монголын “тусгаар тогтнол”-ыг зөвшөөрсөн.

Гадаад Монголын “тусгаар тоггнол” Хятадын ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч 1912 оны 11 дүгээр сарын 15-нд Монголын ван, гүн нар дотоод, гадаадад цахилгаан мэдээ тарааж “Орос, Монголын гэрээ”-г эсэргүүцэж дотоодод ард түмэн Оросыг эсэргүүцэн жагсаж, Японд суралцаж байгаад ирсэн оюутнууд Юань Шикайн улсаа худалдсан бодлогыг эсэргүүцэж, “Орос, Монголын гэрээ”-г үгүйсгэж байлаа” гэж бичжээ.

Тайваний 1999 онд хэвлэгдсэн “Дундад Иргэн Улсын газрын зураг”-т Монгол Улсыг Хятадын газар нутагт оруулж зурсан байдаг. Энэ байдал үргэлжилсээр 2002 оны “Хоёр эргийн харилцааны зарчим” батлагдсаны дараа л Монголыг Хятадын эх газраас ялган зурсан ажээ. Гэвч өнөөг хүртэл хуучин газрын зураг хэвлэгдсээр байна.

Энэ мэт байдал үргэлжилж байгаа нь хоёр улсын түүхчдийн хамтын ажиллагаа хөгжөөгүй зэрэг шалтгаанаас улбаалж буй хэрэг бөгөөд БНХАУ байгуулагдсан даруй БНМАУ-тай харилцаа тогтоон улмаар Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрнээ хүлээн зөвшөөрдөгөө Хятад улс нэр хүндтэй өдөр тутмын хэвлэлүүдээр бас илэрхийлж байсан юм. Тухайлбал, 1950 онд Хятадын коммунист намын сонин болох “Ардын өдөр тутмын сонин”-д зохиолч Гуо Моруо “Монголын тусгаар тогтнолын тухай” нэртэй нийтлэл бичиж олны хүртээл болгожээ. Тэрээр нийтлэлдээ “Монголын тусгаар тогтнолыг магтаж, Монголын тусгаар тогтнол бол тэдний хувь заяа гээд Монголын ард түмэн Хятадуудаас эрт Оросыг түшиж тусыг олсон ухаантай ард түмэн, Хятадын ард түмэн Монголчуудын өмнө буруугаа хүлээж, тэднээс суралцах ёстой. Америкийн их гүрний дээрэнгүй үзэл, Чан Кайши хоёртой тэмцэхийн хажуугаар Орост бухимдаад ямар хэрэг байна” хэмээн бичиж байжээ.

Мөн 1950 онд Хятадын коммунист намын түүх судлаач Ху Хуа “БНМАУ-ын тусгаар тогтносон статусыг хүлээн зөвшөөрч батлах тухай” хэмээх нийтлэлдээ “Хятад, Оросын шинэ гэрээ хэлэлцээрийг батлахын зэрэгцээ хоёр улсын гадаад явдлын яамны сайд нар нот бичиг солилиож тус тусын Засгийн газрын байр сууринаас Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйг, 1945 онд болсон Монгол Улсын бүх ард түмний санал асуулгын үр дүн болон 1949 оны 10 дугаар сарын 16-нд БНХАУ байгуулагдсанаас 16 хоногийн дараа БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон нь гэрчилнэ” хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ:

Отгонсүрэн Б. “Монголын тусгаар тогтнолыг Хятадын түүхийн сурах бичигт хэрхэн өгүүлсэн талаар”//Стратегийн судлал сэтгүүл.- 2015 он.- №69.- 69-75-р хууд.

Уг нийтлэлийг бүрэн эхээр нь “Стратегийн судлал” сэтгүүлээс уншаарай…