Танин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Согтуугаар морь унаж, тогтоосон журам зөрчсөн хүний морийг хураан авч олны өмнө ташуурдан, торгодог байв…

Урьдын Хүрээнийхэн өв соёлоо өвөлж үлдсэн, ёс зан зашлаараа бахархдаг, ёсчлон дагадаг, юм үзэж нүд тайлсан хүмүүс байв. Тухайн үеийн ван, гүн, бэйл, тайж, худалдаачид, охид бүсгүйчүүд дорно дахины соёлын боловсролтой, өмсгөл зүүлтэндээ европ хэв донж оруулан гангардаг байснаас “Хүрээ гангачууд” гэдэг нэр томъёо үүсчээ.

Хүрээний айл өрх, иргэд өдөр тутмынхаа ахуй амьдралд доорх зарчмыг мөрддөг байсан гэдэг.
1. Айл бүхэн оюун ухаанаа мөнхөд гэгээрүүлж байхын бэлэгдлээр ном, судрыг эрхэмлэн дээдэлдэг,
2. Сэтгэлийг уяраан ариусгах ухагдахуунаар морин хуур хөгжмийг хоймортоо залдаг,
3. Элдэв хэл ам, хэрүүл шуугиан, гадны муу нөлөөнөөс хамгаалах бэлэгдлээр зүүн хатавчиндаа өргөстэй улаан харгана хавчуулдаг,
4. Ахмад настнаа өргөн дээдэлдэг,
5. Орой үдшийн цагаар үр хүүхдүүддээ үлгэр туульс ярьж, тоглоом наадгайгаар тоглуулдаг, тэдэнд гэрийн шавь сургалтаар эрдэм боловсрол, хүмүүжил олгодог уламжлалтай байлаа.
1914 онд гаргасан Богд гэгээнтний айлтгалд “…аливаа хүн тэвэг өшиглөх, даалуу хөзрөөр зугаадах, хөлчүүрхэн наргих, нуруу үүрэх, “золиг, моньд” хэмээн өлзий бусын хараал хэлэх, лам нар эмс охидтой самуурах зэргийг бүү гарга” гэж зарлигдаж байжээ.
Хүрээ хотод хүн, малын эмч, цагдаа харуул, бас тэднийг хариуцсан түшмэдүүд ажилладаг журамтай байсан гэдэг.Нохой, муур дагуулсан хүнийг торгодог, согтуугаар морь унаж тогтоосон журам зөрчсөн хүний морийг хураан авч олны өмнө ташуурдан торгодог, дөнгөлөн жигшүүлдэг журамтай байж.