МэдээТанин мэдэхүйУран зохиол - ЗурагХүний хөгжил

ДОРНЫН САРНЫ ТУЯАН ДОР КҮНЗ НОМЧИЙН ТУХАЙ БОДЛОО ХӨВӨРДӨХҮЙ

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс “Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаанд тэргүүн байрын шагналт нийтлэл. 

/”Күнз мэргэн айлдруун…” хэмээх замын тэмдэглэл оршвой/

                        Төгс болсон хуулийн бичиг, цаазын журам болгоныг

                        Төрөө төвхнүүлсэн богд мэргэд зохиож ирсэн амой

                                                                             Шүлэглэлт номоос

Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж эрдмийг эрлээр олсон бөлгөө.

                                                                                    Күнз

            Шандунь мужийн төв Жинань хотод бүрийшиж, өндөр гоолиг модод шар ногооноор алаглавч үдшийн тэр бүрийн дунд сүүмийн харагдах ажаам. Бас өглөөнөөс хойш Бээжингээс нааш үргэлжилсэн манан ч тунасаар аж. Гэвч Дорнын сарны дор Шаньдуны их Их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд Күнз мэргэний сүрлэг том хөшөө ямар ч бүрий, ямар ч мананг нэвтлэн тодхон сүндэрлэж байна. Молхи сэтгүүлч миний бие хөшөөний дор бодлогшрон зогсном. Энэ жил миний хувьд дэлхийн мэргэдтэй батиараа татуулдаг их азтай жил болов. Тухайлбал, өнгөрсөн намар Москва хотноо арвсанесдүгээр зууны Оросын бичгийн их хүмүүс Герцен, Пушкин нартай “уулзав”  даа. Тэгвэл одоо бүр 2 мянга гаруй жилээр арагшлаж, Бурхан багшийн чацуутан гэж бардаагаар хэлж болох, Дэлхийн арван агуу сэтгэгчийн нэг гэж зүй ёсоор тоологдох Күнз мэргэн лугаа учирсан минь энэ. Тийм ээ, энэ их мэргэний мэндэлсэн нутгаар явж үзэхсэн гэж мөрөөдөж явсан. Учир нь молхи би нэг юмны тухай бичих гэвэл зааал газар дээр нь очмоор сангадаад байдаг. Тэгвэл сая сав минь дүүрч санаа маинь амардаг л даа. Ер мөрөөдөл биелэх ч буй, үгүй ч буй. Гэвч энэ удаа мөрөөдөл маань биелэх учиртай байж. Улаанбаатар дахь Күнзийн дээд сургуулийн монгол талын захирал, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч М. Чимэдцэеэгийн хичээл зүтгэлээр мөрөөдөл маань биелэв.

Гандаж хаталгүй мөнх ургадаг өвс бийсэн билүү?

Гадагш хол замд гарч болдоггүй өдөр бийсэн билүү? /“Шүлэглэлт ном”/ гэгчээр бид хоног нэлээд саатсан ч өдөр сонголгүй холыг зорьсоор энд ирээд байгаа минь энэ ээ. Ийнхүү би Күнзийн хөшөөний ёроолд бодлоо нэрэн зогсном. Монголчууд бид Дэлхийн их мэргэдийн оюуны гүнд нэвтрэх ёстой. Тэгэж гэмээ нь монголчуудын маань оюуны хирц нэмэгдэж, ухааны чагтага уртсах бус уу. Монголчууд чингэж чадаж гэмээ нь Монголоо хөгжүүлэн чадах бус уу.

Күнз мэргэн айлдруун: “Би 15 наснаас эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив” гэжээ. Дэндүү товч бөгөөд тодорхой. Эртний тангадын мэргэн үгэнд өөрийн хэлэхийг тал үгээр товчилж чадвал хүүхэдтэй болсон юм шиг баярла гэжээ. 15 наснаас номын мөр хөөсөөр дал гаруйг зооглон бүхэл бүтэн ботид цогцлохуйц эрдмийн цадигаа 30 орчимхон үгэнд хураасан ажгуу. Хэдэн хүүхэдтэй болсон юм шиг баярлаж болохыг ч хэлж би мэдэхгүй. Молхи би хятад хэл гадарлах ч үгүй болохоор Кунз өөрөө хэдэн ханзанд хураасныг мэдэхгүй, Чимэдцэеэгийнхээ дуун хөрвүүлгийн үгийг тоолоод л хэлж байгаа минь энэ.

Күнзийн эцэг Шү Лянь Хэ хэмээх баатар эр голомт залгах хөвүүнтэй болохын их хүслээр нас сүүдэр 66 хүрсэн байсан ч арвандолоо орчим насны Ян Жэн бүсгүй лүгээ тэр үеийн ёс заншлыг зөрчин гэрлэжээ. Учир нь тэр үеийн ёсоор 64 нас хүрсэн хүн эхнэр авах хориотой байжээ. Бүсгүй хөл хүнд болж, амаржих дөхөхөд Шү Лянь Хэ бие давхар залуу гэргийгээ авч, ид шидийн хүчтэй гэгдэг нэгэн шавар толгойд очиж мөргөхөөр явсан байна. Тэр толгой Чү Фүгээс зүүн урагш 30 орчим км орших бөгөөд тэд замдаа байн байн зогсож амарсаар толгойд хүрч, савдагт нь мөргөөд, Ян Жэн мөргөснийхөө дараахан уг толгойн агуйд хүүгээ төрүүлжээ. Баярласан эцэг нь хөвүүндээ Цю Жүн Ни гэсэн нэр өгчээ. Цю гэдэг нь толгой гэсэн, Жүн ни гэдэг нь хоёрдох гэсэн утгатай аж. Тэрвээр эцгийн хоёрдох хөвүүн байсан учир хоёрдох гэсэн хоч өгсөн нь тэр юмсанж. Харин Сым Цин алдарт “Түүхэн тэмдэглэл”-дээ бичихдээ: “хөвүүн зулайгаа тойрсон жижиг жижиг булдруутай төрсөн учир “Цю” буюу толгой гэсэн нэр өгсөн” гэсэн байна. Тэр үед хөвүүн ямар ч нэр авлаа гэсэн хожимдоо Сүн улсын язгууртан байсан дээд өвгийнхөө Күн Фузи нэрээр алдаршсан бөлгөө.

Күнз мэргэн айлдруун: “Би хар багаас ядуу доорд явж хатуу хүтүү бүхнийг сурсан билээ” гэжээ. Түүний гурван ойтойд хаайртай аав нь наснаас нөгчиж, гэрийн дотор хэрүүл маргаан үүсч, есөн охинтой их эхнэр, мөн дунд эхнэр нь отгон эхнэрийг амар заяа үзүүлэхийг больжээ. Чингээд Ян Жэн бүсгүй хүүгээ аваад тэднийхээс явахаас өөр аргагүй болсон гэдэг. Нялх хүүхэдтэй бэлэвсэн бүсгүйд амь зуухад ямархан байсан нь тодорхой. “Залуу эх зовлон зүдгүүр дундуур туучсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө цаг бусаар нас нөгчжээ” гэж Чимэдцэеэ харуусан бичсэн байна.

Ерөөс VI-IV зууныг хятадын гүн ухаан, ёс зүй-улстөрийн үзэл баримтлал төлөвшин тогтсон алтан зуун гэдэг нь учиртай. Чухамхүү энэ үед л дөрвөн их багш гэгддэг Күнз, түүний шавь Минз, Зэнз, Зи Си нарын гүн ухааны аврагууд мэндэлжээ. Эдэн дээр цэргийн их онолтон, сэтгэгч бөгөөд Күнзийн үеийн хүн болох Сүнз нэмэгдэх учиртай. Чухамхүү үед алдарт таван ном, дөрвөн бичиг гарчээ. Таван ном гэдэг нь Күнзийн шинэчлэн найруулж, шүлэглэн зассан “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Ёслолт ном”, “Хавар намар” энэ тав юм. “Дөрвөн бичиг” хэмээх нь Күнзийн “Шүүмжлэлт өгүүлэл”, Мэнзийн “Мэнз бичиг”, Зэнзийн “Их суртахуй”, Зи Сигийн “Ер думд” энэ дөрөв болмуй. Өнөөгийн монголчууд бид Чимэлцэеэ дуун хөрвүүлэгчийн ачаар Күнз, Зэнз, Сүнз, Зи Си дөрөвтэй танилцсан бөлгөө.

Маргааш нь бид мөнөөхөн их сургуульд зочилж, Хятадын уламжлалт соёлын төвийг үзэж явахдаа, тэнд байгаа Кунзийн баримал яг гадаахтайгаа ав адилхан байгааг харж, Чимэдцэеэгээсээ Күнзийн хөргийг нэг л байлгах, чингэхдээ Тан улсын үеийн Ү да зураачийн зургийг эх болгож баримтлах дээрээс зарлигтайг дуулахдаа ямар мэргэн шийд вэ гэж уулга алдмаар болж, манайд Чингис хааныхаа хөргийг дурын хүн өөрийн санаанд орсноор зурдаг нь санагдаж, нэгэн удаа залуу зураачдын уулзалт дээр Чингисийн хөрөг нэг л байх учиртай хэмээн хэлэн амаа бузарлаж байсан нь санаанд орж байх юм аа. Тийм ээ, Чингис маань тийм олон дүртэй байгаагүй, Хувилай хааны ордонд Хорихосун зураачийн бүтээсэн /Юань улсын түүх/, өдгөө Тайпей хотын музейд хадгалагдаж байгаа тэр л эш хөргөөр баримжаа болгох нь зүйтэй юм даа. Үүнийг манай төр засаг “гэгээн мэлмий”-дээ толилох буй заа. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхүйд, Шандуны их сургуулийн Соёлын дээд сургуулийн орлогч захирал Хуан Ли Хун багш биднийг хүлээн авч уулзвай. Түүний товч өгүүлсний нь товч сийрүүлбэл ийм болой.  Ши Жинпин даргатай баг гарч ирээд, Хятад улсыг хөгжүүлэх дөрвөн том зорилт дэвшүүлсэн юм байна. Энэ юун дөрвөн зорилт хэмээвээс нэгд, Хятадыг бүх талаар хөгжсөн чинээлэг улс болгох, хоёрт, өөрчлөлтийг ултай гүнзгийрүүлэх, дөрөвт, шинэчлэх ажлыг намаас эхлэх. 20 он гэхэд энэ зорилт дуусна. Өдгөө хөнгөн зорилтоо бүр хэрэгжүүлсэн гэнэ. Одоо хүндрүүгээ орж байна. Байгаль орчныг хамгаалах, баян, хоосны ялгааг арилгах, бүтээгдэхүүний илүүдлийг болиулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгах гээд…Гайхалтай! Эдгээр эрхэм зорилтыг, мэдээж, хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэд дууссан ч байж магад. Миний энэ өгүүллийг бичиж байснаас хойш Цар тахал гэгч аймшигт өвчин Дэлхийг нэрвэсэн тул хил хаагдаад мэдээлэл авахад тун бэрхтэй байна л даа. Гэвч Дэлхий маань хавтгай болсон гэх. Иймд эрхшбиш цэнхэр дэлгэц гэгч юмаар мэр сэр мэдээлэл авч болж байгаа юм.  Хятадыг сарны цаад тал буюу сүүдэрт талаар сансрын аппарат хөөргөн зургийг нь авсан мэдээг ТВ-гээр сонсоход энэ улс сансар огторгуйг эзэмших агуу чадварыг нэгэнт олжээ гэсэн бодол аяндаа төрмүй. Хөх огторгуйд цойлно гэдэг хүмүүн төрөлхтний өнийн мөрөөдөл. Тэр мөрөөдлийг биелүүлэхэд хятадын эрдэмтэд хувь нэмрээ оруулж байна аа. Тэр юуных вэ? Күнз мэргэн айлдруун: “Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дор хүрмүй” хэмээжээ. Чухамхүү Хятадын эрдэмтэд чухамхүү чингэж чадсан байна. Цааш мэргэний айлдсан нь “Эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй” хэмээжээ. Тэгвэл монголчууд энэ сургаалыг хураагаад

Эхлээд биеэ зас,

Дараа нь гэрээ зас

Тэгээд төрөө зас гэжээ. Тийм ээ, Күнз мэргэний энэ нэгэн сургаал монгол хэлнээ нэгэнт ийн шингээд, манай зоны олонхи нь түүнийг монгол зүйр цэцэн үг хэмээн бодох болжээ. Мэргэн хүний айлдсан цэцэн сургаалд хил хязгаар гэж үгүй юм даа. Күнзийн алдарт шавь Зэнз “Их суртахуй” номдоо эл сургаалын утгыг тайлсныг уншиж байхдаа өнөөгийн манай төрийн байдлыг эрэгцүүлэхүйеэ биеэ засаагүй хүмүүс төрийг засах гэж мунгинаад байгаа юм биш байгаа гэсэн түгшүүр төрмүй. Харин Монголд байгаа ханз үсгийн дурсгалд Күнзийн нэр хоёр ч дурдагдаж байгааг өгүүлэхэд соньхон болов уу. Тухайлбаас Хөх Түрэгийн Билгэ хааны хөшөөний хятад бичээст үхэх, амьдрах хоёрын тухай эрэгцүүлэхдээ “Би Жуныг ухаж таньсан” гэж байх бөгөөд Жун гэдэг нь Күнз бөгөөд энд “ухаж таньсан” гэж Күнзийн сургаалд нэлээдгүй нэвтэрснээ өгүүлсэн байна. Цааш нь бялангчлах явдал, шударгуу ёсны тухай дурдахдаа “Шүлэглэлт” номын нэрийг цохож : “………..шүлэглэлт номын ёс” гэсэн байна.  Тэгвэл бас манай “Хөгшин Тээлийн” гэж алдаршсан хөшөөний бичээст “Күнз өгүүлсэн нь: “Зах хязгаарыг засах гэвэл эрхбиш нэрийг төв болгох хэрэгтэй” хэмээсэн болой” гэж байх юм.

Күнз айлдруун: “Зы Жан засаглалыг асуув. Күнз өгүүлрүүн : Сэнтийд залрахуйд алжаалыг умартах, сэдэж гүйцэлдүүлэхүйд шударгыг баримтлах”, “Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмүй. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхлэнэ гэж үү” гэжээ. Цааш нь Күнз айлдруун: “Амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг өвч бүрэн, иргэн олон итгэл дүүрэн байх”-ыг засаглал хэмээмүй гэжээ. Энэ бүхэн нь Күнзийн төрийн үзэлт юм. Иргэн олон итгэл дүүрэн байх! Үүнээс ургуулаад бодоход,  биеэ зассан түшээ нар хэзээ төрөө засаад мөнх тэнгэрийнхээ дор  түмэн олон биднийгээ хэдийд түвшин амгалан, итгэл дүүрэн аж төрүүлэх юм бол оо?!

…Тангадын Галсан, Сүрэнгийн Бүрнээ хоёрынхоо алиа ярианд хөгжилдөж, тачигантал хөхөрлдөж явсан бид их усан, урт гүүрэн хоёрыг харахдаа алмайран таг боловой.

Үзүүргүй цэнхэр далайд сэлүүргүй цагаан завь олноор хөвөлзөнө. Эдгээрийг харахад

Мяралзан мэлтэлзэх уснаа

                        Майлс модон онгоц хөвөлзмүй гэсэн “Шүлэглэлт ном”-ын хоёр мөр сэтгэлд ургамуй. Майлс модон онгоц, ган төмөр завь хоёр сэлүүртэй, сэлүүргүйгээрээ, мотоортой, мотооргүйгээрээ ялгагдах авч дүндээ загасчдын амь зуулгын хэрэгсэл л дээ. Энгүй, хөлгүй их усан дээгүүр тавьсан 32 км урт цагаан гүүрээр давхиж явахдаа эдгээрийг нүд хужирлаж, ийн дэмий юм бодож байлаа. Гүүрийг Жао Жаогийн далай дамнасан их гүүр гэдэг гэнэ. Далай дамнасан их гүүрээр би гарч байсан л даа. Жишээлбэл, Сан-Францискогийн алтан гүүрээр. Гэвч энэ цагаан гүүр алтан нэрт улаан гүүрнээс хамаагүй урт юм аа. Өлзий утас шиг дээгүүр доогуур нь сүлжилдүүлсэн нь гайхалтай. Магадгүй, хүн төрөлхтөн хүч хөрөнгө, оюун ухаанаа нийлүүлээд Номхон дөлгөөн гадаад далайг дамнасан аварга гүүр Азиас Америкруу тавих ч юм билүү гэсэн соньхон бодол төрнө. Үнэхээр мөнгөний их, хүний олноор зодож, инжнерийн ухаан эрдмийн гайхамшгийг үзүүлж тавьжээ.

Күнз мэргэн айлдруун: “Эрдмийг сурсан хойно эрхбиш үргэлжид давтан сурваас цэнгэл бус уу? Эрхэм шавь эрдэм сураар алсаас ирэхүй баясал бус уу?…Эрдэмт сайд чигч журмыг барих хийгээд өчүүхэн нэрийг эс бодох бүлгээ” хэмээжээ. Күнз ийн эрдмийг дээдлэхийг номложээ. Күнз ийн эрдэмт сайд ямар байхыг тодорхойлон өгчээ. Тэгвэл манай сайд хэр зэрэг эрдэмт бол? Манай сайд хэр зэрэг чигч журмыг барьдаг бол? Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээг үзэж, сонсоход олигтой юм чих эс мялаах. Гэвч үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнөөгийн Хятад боловсролд ихээхэн анхаарч байгаа нь Шаньдунгийн их сургуулийн Чандаогийн салбар сургуулиар ороход илт харагдана. Чандао гэдэг нь яагаав, нөгөө алдарт цинтава эсгийг үйлдвэрлэдэг хот. …. га газарт асар том бүтээн байгуулалт хийж байна.Атаарахмаар. Манайхан болохоор “мөнгө байхгүй” гэдгээр ам таглана. Уг нь “мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа” гэдэгсэн. Одоо “мөнгөгүй гэдэг үг мянган үгний таглаа” болж дээ. Күнзийн айлдсан “эрдэмт сайд”, “өршөөлт хүмүүн”-ийг бэлтгэх гэж тэр. Ёроолгүй далай дээгүүр тавьсан гүүрээр Чандаод ирсэн бол ёроолгүй гэж бодсон далайнхаа ёроолын нүхэн замаар Чү Фү-г зорьлоо. Ёроол ч биш юм билүү, их усны дундуур нүхэн зам тавьчихсан ч юм билүү, хэн мэдлээ. Инженерийн эрдэм ээ гэж! Хүний ухаан аа гэж! Монголчуудад уг нь ухаан дутахгүй дээ, гэтэл манай ноёдын ухаанд ухна үхчихээд байгаа нь л тоогүй. Монгол хүний ухааны ганц жишээ дурдахад 6 настай монгол хүү насныхныхаа дотор дэлхийн шатрын аварга болж байх…Уг нь оюуныг дээдэлдэг төр засагтай бол ч монголчууд…

Чү фү-гийн үдэш. “Шангарила” хэмээх тансаг зочид буудлаас гарч, сар харах гэсэн боловч харагдсангүй. Гэхдээ тэнгэртээ байж л байгаа. Эртний хятадын найрагчид дорнын сарны туяанд гялтагнах усны эрэг дээр, сэрүүн асарын дор маотао гэдэг амтат дарсыг шимэн, шүлэг зохиолоо авад зохиож чангаар дуудан уралддаг байсан юм гэнэ билээ.  Чухамхүү энд Күнз мэргэн сургаалаа чингэж айлдаж ч байсан юм билүү. Тийм ээ, Күнз мэргэн эхийн хэвлээс энд унасан. Күнз мэргэн үүгээр алхаж явсан. Күнз мэргэн энэ агаараар амьсгалж байсан. Күнз энд сургууль байгуулж байсаан.

Күнз өгүүлрүүн: “Арван годгор борц барьж ирсэн хүмүүнд би бичиг эрдэм заахаас цааргаласан удаа үгүй”, “Эрдэм сургахуйд ялгал үгүй” хэмээжээ. Иймээс шавь нарынх нь тоо 3000-д хүрсэн гэмүй. Чухамхүү миний дээр өгүүлсэн гүн ухаан- улс төрийн үзэл баримтлал төлөвшин тогтох алтан зуун эндээс эхлэсэн гэж мунхагламуй. Эндээс күнзийн сурталтан гэсэн бүхэл бүтэн чиглэл үүсэн бүрэлдсэн. Тэдний дотроос, Сыма Цинь бичсэнээр, “зургаан урлагийн мөн чанарт гүн нэвтэрсэн нь” ердөө 72, Күнз өөрөө энэ 72-ыг онцлож байсан  боловч үе үед 3000 цаашаа хэд болж үржсэнийг хэлэх аргагүй юм.

Алдарт Күнзийн сүмээр бид орлоо. Нов ногоон модон дунд ув улаан сүм.

Өндөр сүрлэг орд шилтгээн, дээдсийн сүм болгоныг

Өвөг дээдэс минь үе үедээ бүтээж ирсэн амой. “Шүлэглэлт ном”-д ийн өгүүлжээ. Гэтэл энэ сүм өндөр сүрлэг огт биш юм. Дорно дахины сүм ямар байдаг вэ тийм л сүм байна. Күнз мэргэн энд аж төрж байгаагүй гэхээс сэтгэл нэг л дундуур. Магадгүй, нэг их гайхамшиг үзнэ гэж бодож байснаас ч чингэж санагдсан байж. Ер алсаас төсөөлөн бодсон юм худал болох нь элбэг л дээ. Гэвч энэ сүм Күнзийн таалал болсоны дараахан баригджээ. Чингэхлээр түүх нь бас л хоёр мянган жилрүү л дөхөх нь дээ. Гэвч өөрийг өгүүлсү. Кунз гагц энэ газар насыг элээсэн гэвэл худал юм байна. Тэрвээр Күнз Лу улсаас дайжиж 14 жил бусад улсаар бядан явсан гэнэ.

Уянгалан дуулагч шарагч бялзуухай

Уулын аглагт ой модноо хорогдмуй гэж “Шүлэглэлт ном”-д өгүүлснээс Күнз ургуулан  айлдруун “Ай, орших газар хэмээх нь огоот агуу ажгуу. Хөөрхий шарагч бялзуухай хүртэл хоргодох газраа олсоор атал хүмүүн харин шувуунд үл хүрэх буюу” гэсэн нь энэ үеийнх байж магад. Мөнхүү тэр үед Күнз Жоу улсын мэргэн, Дао /Зам мөр/-гийн алдарт сургаалыг үндэслэгч гэгддэг Лао Ци-д бараалхаж, сургаалыг сонссон байж мэдэх. Сыма Цинь тэр хоёрын нэгэн яриаг “Түүхэн тэмдэглэл”д-ээ оруулсан нь, “Багштаан, Та буяны үйлээрээ Тэнгэр, Газар хоёр лугаа тэнгцэх бөлгөө. Сэтгэлээ бүрэн тэгштгэхийн үүднээс үгийг тэнь зээлднэм. Эртний өршөөлт хүмүүнээс үүнээс зайлж чадсан нэгэн бий гэж үү?”

-Тэр тийм бус аа. Ус хэдий бургилавч хүчгүй байдаг биш үү. Энэ байгалийн чанар юм. Жинхэнэ хүний чанар ч тийм болой. Өндөр нь тэнгэрт, зузаан нь газарт, гэрэл нь нар, саранд гэдэг шиг хүн төгөлдөрждөггүй [төрлөхөөс тийм чанартай бол]” Лао цы Күнүийн асуултад ийн хариулжээ. Күнз Жоу улсаас буцаж ирээд шавь нартаа айлдахдаа түүнийг луутай зүйрлэсэн нь буй.

Күнз айлдруун: “Ер ёс суртлыг зорилго, зан суртхууныг эш, өршөөлийг тулгуур, эрдмийг цэнгэл болгогтун” гэжээ.

Күнзийн гүн ухааны тулгуур дөрвөн зарчим энэ гэж хэлж болох. Эдгээрийг задлах гэж оролдвоос Күнз тэрхүү ёс суртлынхаа дээдийг “хэв дундын ёс” гэж үзэж байжээ. Хэв дундын ёс гэдэг нь хоёр тийш хэтийдэлгүйгээр голыг нь барьж явах ухаан юм байна. Зан суртхууныг эш болгоно гэдгийг Күнз үзэхдээ “Хаан хүмүүн хааны ёсоор, сайд хүмүүн сайдын ёсоор, эцэг эцгийн ёсоор, хүү хүүгийн ёсоор байваас зохих бөлгөө” гэжээ. Өршөөлийг эш болгоно гэдэг нь нэг нэгийгээ хайрлахуйн ухаан бөгөөд Күнз айлдруун: “Тэнгэрийн дор таван шинжийг цогцлоож чадваас тэр өршөөлт хүмүүн болой” гэжээ. Тэр таван шинж нь юун гэвээс хүндлэл, өгөөмөр, итгэл, хичээнгүй, нигүүлсэл юм байна. Эрдэмийг цэнгэл болгох гэдэг нь эрдэм мэдлэгийг дээдлэхийн ухаан бөгөөд   үүнд дөрвөн шинжийг агуулсан эрдэмт сайд гол үүрэгтэй. Энэ дөрвөн шинж нь юу юун хэмээвээс Күнз айлдруун“өөрийн үйлд хандахуй бишрэлтэй, өндөр дээдэст шадарлахуй хичээнгүй, эгэл ардыг сургахуй энэрэлтэй, энгийн хүмүүнийг дайчлахуй ёс журамтай” гэжээ. Үүн дээр Күнз нэмж айлдруун: “Зургаан тохой нялх үрийг захин даалгаж болох, зон улсын заяа тавиланг итгэн даатгаж болох, хүнд бэрх тохиовч хүсэл зоригийг нь мохоож үл чадах ийм хүмүүн эрдэмт сайд бус уу? Эрдэмт сайд буюу” гэжээ.  Эдгээрээр хүний ёс суртхууны төрөлх чанарыг нээсэн гэж эрдэмтэд үзэж байна. Лао Цы-н “Дао Дэ Цин”  номыг англи хэлрүү орчуулсан Р. В. Блаклей “Тэрвээр хүний ёс суртхууны төрөлх чанарыг нээснээрээ төгөлдөржин боловсрох чиглэлийг гэрэлтүүлэн өгч, түүнд хэрхэн хүрэх аргыг үзүүлсэн юм. Тэрвээр түвшин амгалан, ёс дэгтэй аж төрөхийн жорыг санал болгож, түүнийг дагагсад түүнийг нь соёл иргэншлийн сайтар боловсруулсан загвар болгожээ” гэж бичжээ.

Күнз айлдруун: “Ёслолыг гүйцэлдүүлэх алив явдалд нийцэл зохиролыг олох нь хамгийн эрхэм. Урьдын гэгээрсэн хаадын улс гэрээ засахын эрхэм үнэ цэнэ энд орших агаад тэд их бага алив явдал үйлийн зохиролыг олдог бөлгөө. Хэрэг эс бүтэх аваас нийцтэйгээр зохируулахуйн эрэлд мордох…” гэжээ. Энэхүү зохирол гэдэг нь Күнзийн ёс суртхууны бас нэгэн гол зарчим мөн. Үүнийг Хятадын дарга  Жан Зи Мин Малайз, Солонгост айлчлахдаа чухамхүү Күнзийн эл сургаалыг ишлэн “Зохиролыг олох нь хамгийн эрхэм” гэж хэлж байжээ. Энэ бүхнээс үзэхүл Хятад өдгөө эрдэмт сайд, өршөөлт хүмүүний зүтгэдэг, хэв дундын ёсыг баримталдаг зохироолт төрийн бодлогыг хэрэгжүүлж байна уу даа. Манай тооллын өмнөх 213 онд Чин Ши хуандид шатаалгаж, XX зуунд “дөрвөн дээрэмчин”-ий үед огт урвуугаар тайлбарлагдан хэлмэдэж асан Күнзийн сургаал суртлыг Хятадын төрийн бодлогын үндэс болгох гэж анх зүтгэсэн нь хүн нь Дэн Сяо Пин абугай юм билээ шүү.  Хятад улс бүр цааш ахиад “зохиролт дэлхийн бодлог”-ыг ч дэвшүүлэн тавьж байх бололтой юм аа. Тийм ээ, Чимэдцэеэгийн бичснээр “…дэлхийн улс гүрнүүд эв найртай зэрэгцэн оршиж, өөр өөрийн сонгосон замаар замнан, олон соёл иргэшил эв зохистой харилцан хүртээлтэй оршиж, мөргөлдөж тэрсэлдэх бус, харин зохирч нийцэж байх” нь өдгөө энэ цэнхэр гарагийн хувь заяаны асуудал болжээ гэхэд хилс үл болох.

Энэ нь 1988 онд Париж хотноо хуралдсан Дэлхийн Нобелийн шагналтнуудын чуулганаас хүмүүн төрөлхтөнд хандаж: “Хүн төрөлхтөн XXI зуунд оршин тогтнож, өрнөн хөгжихийг хүсэж буй аваас 2500 жилийн тэртээ аж төрж байсан Күнзийн сургаалыг эргэн судлаваас зохилтой” гэсэн уриа гаргаснаас тов тодорхой.

Эцэст нь “Шүлэглэлт ном”, “Шүүмжлэлт өгүүлэл”-ийн бүх ишлэлүүдийг найз нанхиадч Ц. Базаррагчааг агсныхаа уран яруу дуун хөрвүүлэг, Күнз судлаач М. Чимэдцэеэгийнхээ эртний найруулгын амт амтагдсан орчуулгаас авснаа дурдахад сэтгэл бүлээ оргиж байна аа.

Жинань-Чү фү-Улаанбаатар                           XII. 27.

Хатагин Готовын Аким (Сэтгүүлч)   

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *