МэдээТанин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Д.Сүрьяа: Улаан гэр байгуулалцсан минь

1937 онд юмсан. Тэр зун Арын хүрээн дээр том хэмжээний “дом” болохоор лам нар бэлтгэж байлаа. Дом гэдэг бол залуу лам нар шашны номд үнэнч болохоо харуулахын тулд хэд хэдэн залуу лам нар нийлж хувийнхаа хөрөнгөөр ном хуруулж, том лам нарт зоог барьж, цэнгэл наадам зохиох гэсэн утгатай шашны томхон үйлдэл байсан болохоор хувьсгалт залуучуудын байгууллага түүнийг зүгээр харж өнгөрүүлэх эрхгүй байв.

Нэг өдөр Түмэн сумын эвлэлийн үүрийн дарга байсан Л.Түвдэн, сумын нарийн бичгийн дарга агсан С.Балган, намын үүрийн дарга Д.Жамц нар (цөм нэг гэрт конторлодог байсан юм) бидний хэдэн залуучуудыг хүлээж аваад “Одоо удахгүй Арын хүрээний их дом болох гэж байна. Түүнээс өмнө амжуулж Домын дэнж дээр залуучуудын суртал нэвтрүүлэх улаан гэр байгуулна. Үүний дотор одоо үеийн нам, засгийн бодлого суртлыг багтаасан байх юм шүү! За ингээд ажилдаа ор! Гадаа байгаа өртөөний хоёр гэрийн нэгийг ав. Бусдыг нь өөрсдөө олж бэлтгэ” гэв.

Тэгээд нөгөө муу гэрээ эзгүй дэнж дээр барив. Бидний нэг Долгорын аав Чойжил тэр үед лам нарын гар үйлдвэрийн артельд борлуулагчийн ажил хийдэг байсан болохоор гэрийн цагаан бүрээс олж ирэхийг Долгорт даалгав. Тэр хоёр өдрийн турш аавыгаа хоргоож уйлсаар байгаад цоо шинэ дотуур гадуур цагаан бүрээс түр бариад өгөхөөр салгаж ирлээ. Нэг маань явж Мон Сов Буанер гэдэг худалдааны газраас бүтээлгэний брезент гуйж ирж дэвсэв. Гэр маань тун аятайхан болов. Дотор нь өлгөж хадах юм гэж юу ч  байдаггүй. Сумын захиргаанаас 16 төгрөг өгсөн нь хаана ч хүрсэнгүй. Аз болж нэг завшаан тохиолдов.

Нэг өдөр Арын хүрээний их жасын хар дацан гэдэг нэртэй нэг агуулахыг шашны төлөөлөгчийн газраас нэгжин үзэх болж бид нар оролцов. Чухам ямар зорилготой нэгжин үзэх болсныг анзаарсангүй. Тэгтэл нэг жижиг байшингаар бараг дүүрэн шахам сонин хэвлэл, ном, зурагт болон ухуулах хуудас зэрэг нам, засгаас удаа дараа хэвлэн гаргаж байсан бүхий л суртал ухуулгын материалыг он дараалан овоолж хураасан байв. Учир юу гэвэл тэр үед томхон сүм хийдүүдэд зориулж байнгын улаан гэр байх ёстой байсан бөгөөд түүнд зориулан бүх ухуулгын зүйлийг жил бүр үнэ төлбөргүй олгодог байсныг том толгой лам нар сэмхэн ав цааш нь дэлгэрүүлэхгүйн тулд агуулахад хийж, нуун дардаг байсан нь илэрлээ. Тэнд нэг байтугай хэдэн улаан гэр чимэглэх ухуулгын материал, зураг плакат хадгалаастай байж билээ. Бид хэд хэдэн самбар лоозон, зурагт, хуудас хийж хадав. Бас ном хэвлэл дэлгэн тавив. Улаан гэр маань санаснаас тун аятайхан болов. Манайхны хэн нэг нь хоёр ширхэг пянзтай эгшигт хайрцаг олж ирэв. Улаан гэр бэлэн болж сумын захиргаанаас ирж үзээд их л сайшаав.

Лам нар Домын дэнж дээр цай хоолны газар, хурал номын өргөө, зод лүйжин тавих, бөх барилдах, морь уралдах газар байгуулан цайллаганы жавдин зэргийг эгнүүлэн засч эхэллээ. Түүний эсрэг талд манай улаан гэр ганцаараа  сурлэг бөгөөд үүдэн дээр нь “Залуучуудын суртлын улаан гэр энэ болой” гэсэн улаан дарцаг намирч байлаа. Омогтой зарим лам нар “наад гэрээ хол аваачиж барьцгаа. Бурхан шашин эсэргүүцсэн хэрэгт орно” гэж сүрдүүлнэ. Бид түүнийг үл хайхран, ухуулгын үед дуу дуулах, шүлэг унших, шог гараа үзүүлэхээр бэлтгэв. Удсангүй дом эхэлж, олон газраас мөргөлчин ардууд цугларч их наадам эхлэв. Улаан гэрт эгшигт хайрцаг тавьж олон хүн тойрон багшрав. Гэтэл тэр өдөр Арын хүрээний шашны төлөөлөгчийн газар болон сумын намын үүрээс эрхлэн “Ядуу лам нарын зохион байгуулах хурал” хийлгэх болов. Хурлын төв нь манай улаан гэр боллоо. Бид нар сайн дураараа хар болж, нам улсынхаа бодлогод зүтгэх саналтай ядуу лам нарыг бүртгэж эхлэв. Энэ үед 100 гаруй хүн саналаа өгсөн санагдана. Дом үргэлжилсэн тав хоногт бид тун ч завгүй ажиллав. Зөвхөн улаан гэр төдийгүй, харин улс төрийн чухал үйл явдал болж нам, засгийн тогтоол бодлогыг сумын хэмжээнд хэрэгүүлэхэд том эргэлт болсон юм. Тэгээд эцэст нь тэр улаан гэртээ сумын эвлэлийн үүрийн хурал хийгээд тарж билээ. Энэ явдал одоо ч санаанаас үл гарна.

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дэгээхүүгийн СҮРЬЯА

Эх сурвалж: Алтайн хөгжил сонины 1981 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар