Үргэлжилсэн үгийн зохиол

Вангийн хатан А.П.Чехов

Н. Хотын эрэгтэйчүүдийн сүмийн “Улаан” гэж нэрлэгддэг их хаалгаар дөрвөн цатгалан сайхан морь хөллөсөн сүйх тэрэг давхин орвол зочдын байшингийн тайж нарын хэсэгт овоорон зогссон санваартан хуваргууд,  морь дэлбэгч хоёрыг хармагц сүйх тэргэнд сууж яваа авхайг өөрсдийн сайн таних вангийн хатан Вера Гавриловна гэж холоос таньжээ.

Хиазтай урт дээл өмссөн өвгөн  дэлбэгч суудлаас үсрэн бууж хатныг тэрэгнээс буухад туслав. Хатан бараан торгон гивлүүрээ сөхөж санваартнууд руу яаралгүй очиж ерөөл айлдуулаад хуврагуудад толгой дохиж амрах өрөө рүүгээ явжээ.

Түүний хэрэглэх зүйлийг авч ирсэн хуваргуудад хатан:

  • Хатагтайгаа байхгүйд санаж байв уу? Би танайд ирэлгүй бүтэн сар болчихжээ. Одоо хүрээд ирсэн болохоор хатагтайгаа сайж харж авцгаа. Хамба1 гуай хаана байна? Тэр гайхалтай хөгшинтэй уулзахыг тэсч ядан хүлээж байна. Тийм хамбатайдаа та нар бахархах ёстой гэж хэлэв.

Хамбыг орж ирэхэд хатан дуу алдан гараа цээжин дээрээ загалмайлаад өвгөний ерөөл сонсохоор түүн рүү очин гарыг барьж аван гурвантаа шунагаар үнсч:

  • Таныг таалахыг зөвшөөрнө үү? Гэгээн багштай уулзсандаа би их баяртай байна. Та хатагтайгаа мартаагүй биз, миний бүх санаа бодол мөч тутамд  танай энэ эрхэм сүмд байдаг юм. Танай энд хичнээн сайхан бэ? Гэтэл ахайтан минь, шуугиант хорвоогоос ангид бурхны энэ амьдралд ямар нэгэн  онцгой сайхан зүйл байгааг би бүх сэтгэл оюунаараа ухаарах хэр нь үгээр илэрхийлэн гаргаж чадахгүй нь гэж хэллээ.

 

Хатны хацар улайж, нүднээс нулимс урсан сэтгэл догдлоод тасралтгүй ярьж байхад ёсорхог, царай муутай, бүрэг, дал гарсан өвгөн хамба чимээгүй сонсон хааяа хааяа цэргийн хүний байдлаар:

  • Эрхэм дээдэс минь, яг тийм…мэдлээ… сонслоо… гэж үгээ таслан өгүүлнэ.
  • Та удаан саатах уу? гэж хамба асуув.
  • Өнөө шөнө танай энд хоноод маргааш Клавдия Ивановнагийнд очно. Бид хоёр уулзаагүй удсан юм. Тэгээд нөгөөдөр дахин ирж гурав дөрөв хононо. Гэгээн ахай минь, энд бүх сэтгэл санаагаараа амармаар байна…

Н хотын сүмд вангийн хатан ирэх дуртай ажээ. Сүүлийн хоёр жил хатан энд ирэх дуртай болж бараг зун бүр ирж хоёр гурав хоног, заримдаа бүтэн долоо хонодог байжээ. Хүлцэнгүй хуваргууд, намхан адар, агар модны үнэр, ердийн зууш, цонхны  хямд хөшиг  энэ бүхэн түүний сэтгэлийг догдлуулан уяруулж сайхан юм бясалгахад тус болдог ажээ. Амралтын өрөөнд зөвхөн хагас цаг болоход өөрөө хүлцэнгүй даруу болж, өөрөөс нь агар мод  ханхлан түүний өнгөрсөн  бүх явдал бүр холдож үнэ  цэнээ алдаад хэдийгээр хатагтай өөрөө хорин есөн  настай боловч өвгөн хамбатай  адилхан баян чинээлэг байдал, хорвоо ертөнцийн цог заль, хайр дурлалын төлөө биш ертөнцөөс  далд нам гүм, бүрэг харанхуй амьдралын төлөө төрсөн  юм шиг бодогдож эхэлнэ.

Мөргөлд мансуурсан мацаг баригчийн суудаг харанхуй өрөөнд санамсаргүй гэнэт гэрэл тусах юм уу, тэр өрөөний цонхны дэргэд бяцхан шувуухай суугаад жиргэхэд ширүүн догшин мацаг баригч аяндаа инээмсэглэн түүний цээжин дотор нүглийн тухай хүнд зовлонгийн  ёроолоос чулуун дороос гарсан мэт намуухан, нүгэлгүйн горхи гэнэт урсан гарах учир бий.

Гэрэл  юмуу шувуухай  шиг  яг тийм баяр баясгаланг хатан өөрөө  гаднаас авчирсан юм шиг түүнд санагдана. Түүний баяр баясгалантай  инээмсэглэл, намуухан харц, дуу хоолой, хошин шог яриа,  ер нь энгийн хар даашинз өмссөн сайхан биетэй намхан тэр бүсгүй энд ирснээрээ энгийн атлаа  ширүүн догшин  хүмүүст уярал, баяр хөөрийн сэтгэлийг төрүүлэх ёстой  байлаа. Түүн рүү харсан хүн бүхэн “Бурхан бидэнд сахиусан тэнгэрийг хайрлажээ” гэж бодох ёстой  байлаа. Хүн бүр түүнийг аяндаа бодож байгааг хатан мэдрэхдээ  улам баясгалантай инээмсэглэн шувуухайтай адилхан болохыг хичээдэг байлаа.

Цай ууж амарсан хатан зугаалахаар гадагш  гарвал нар  нэгэнт жаргасан байв. Сүмийн цэцэрлэгээс саяхан усалсан цэцгийн сайхан чийглэг үнэр хатан руу үлээж сүм дотроос гарах эрэгтэйчүүдийн уншлага алсаас сонсоход аятайхан боловч уйтгартай ажээ. Шөнийн уншлага болж  буй нь энэ. Дэнгийн гэрэл бүдэгхэн улалзаж  буй харанхуй цонхнуудад, сүүдэрт бурханы  хөргийн дэргэд, үүдний довжоон дээр бадрын сав барин суусан өвгөн гэлэнгийн дүрсэнд ч гэсэн амгалан тайван байдал агуулагдсан нь яагаад ч юм бэ, хатныг уйлмаар болгожээ.

Хашааны гадна, вандан тавьсан хана, хуснуудын хоорондох модот гудамжинд нэгэнт үдэш болжээ. Тэнгэрт яах ийхийн зуургүй харанхуй боллоо. Хатан модот гудамжаар явж вандан дээр суугаад юм бодож эхэллээ.

Зуны үдэш шиг нам гүм тайван  амьдралтай энэ сүмд бүх насаараа сууж, муухай хэр нь завхай  ноёныг бүр мөсөн мартвал хичнээн  сайхан болох тухай, өөрийн их  хөрөнгө зоорь, өдөр болгон сэтгэл зовоодог зээл авагчдын тухай, өнөө өглөө шазруун дүртэй байсан шивэгчин Дашагийн тухай хатан бодож байлаа. Уулын бэлээр үдшийн манан хэрхэн  тасархайтан  хөвж байгааг, алсын ойн дээгүүр хоноглох газар руугаа турилах торгон гивлүүр лугаа адил хэрхэн нисч байгааг, нэг нь алаг морь унаж нөгөө нь явган яваа хоёр хувраг чөлөөтэй яваадаа баярлан бяцхан хүүхэд шиг хэрхэн дүрсгүйтэн үг бүр нь ойлгогдож болох тэдний хүүхдэрхэг  дуун намуухан агаарт хэрхэн цангинаж байгааг, адуугаа хэрхэн хашаа руу нь тууж явааг энэ вандан дээр насан туршдаа суугаад хусны завсраар харж байвал  хичнээн сайхан байх билээ. Нам гүмийн дунд чимээ чагнан суухад  сайхан ажээ. Хааяа салхи  үлээн хусны оройг шуугиулан ноднингийн навчин  дотор мэлхий сүрчигнэж ханын цаад талд  байгаа том цагийн харанга мөч тутам цохилно. Хөдөлгөөнгүй сууж юм чагнан бодол бодоод байгууштай ажээ.

Хажуугаар үүрэг үүрсэн эмгэн өнгөрөхөд эмгэнийг зогсоон ямар нэгэн уян зөөлөн, чин сэтгэлийн үг хэлж тусалбал зүгээрээ гэж хатан бодлоо… Гэвч эмгэн ганц ч эргэж харсангүй булан тойроод явчихлаа.

Удалгүй буурал сахалтай, сүрлэн бүрх өмссөн өндөр эрэгтэй хүн модот гудамжнаа үзэгдэв. Тэр хүн  хатантай зэрэгцэн ирээд малгайгаа авч мэхийвэл  халзан  толгой, хурц хянга хамраар нь таван жилийн өмнө Дубовкид тэднийд албан хааж байсан доктор Михаил Иванович болохыг танилаа. Ноднин түүний авгай нас барсан гэж хэн нэгэн хүний хэлснийг санаад түүнд тайвшруулах үг хэлмээр  хатанд санагдан:

  • Доктор та намайг танихгүй байх шив дээ? Гэж эвсэг инээмсэглэн асуувал:
  • Үгүй, хатагтай минь таньсан гэж доктор малгайгаа дахин авч хариулав.
  • Баярлалаа. Харин би таныг хатагтайгаа мартсан байх гэж саналаа. Хүмүүс өстнөө дурсдаг хэр нь нөхдөө мартчихдаг юм. Та мөргөл хийх гэж ирээ юу?
  • Үүргийн ёсоор би бямба гариг болгонд энд хонодог юм. Би энд эмчилгээ хийдэг юм. Хатан шүүрс алдан:
  • За, ямар шүү амьдарч байна даа? Авгай тань нас барсан дуулдсан. Юун их гай вэ? Гэж хэлэв.
  • Тийм ээ, хатагтай минь. Миний хувьд их гай тохиолдсон доо.
  • Яая гэхэв! Бид бүгд гай зовлонг хүлцэнгүй тэсэн өнгөрүүлж байх ёстой. Зөн билгийн зоригоос гадуур нэг ч үс хүнээс унахгүй.
  • Тийм ээ, хатагтай минь.

 

Хатан эелдэг  даруу инээвхийлэн шүүрс алдаж байхад доктор “Тиймээ, хатагтай минь” гэж хүйтэн хөндий хариу өгч байлаа. Түүний царай ч хүйтэн хөндий байлаа.

“Би энүүнд өөр иймэрхүү юу хэлэх билээ? Гэж хатан бодно.

  • Та бид хоёр уулзаагүй мөн уджээ. Таван жил болчихож шүү. Аль дивангарын юм бэ дээ, хичнээн их юм өөрчлөгдсөнийг бодоход аймшигтай байна. Би хүнтэй сууж гүнгийн хатан байснаа вангийн хатан болсныг та сонссон уу? Нөхрөөсөө салж амжсан шүү.
  • Тиймээ, би сонссон.
  • Бурхан намайг мөн ч их зовоосон доо. Би бараг хоосорч гүйцсэнийг та мөн сонссон байлгүй. Заяа муут нөхрийн тавьсан өрөөс болж миний эдэлхүүн газраас Дубовки, Кирьяково, Софьиног худалдаад надад зөвхөн Бараново, Михальцово хоёр л үлдсэн. Хичнээн их өөрчлөлт гарч янз бүрийн золгүй явдал, хичнээн их алдаа гарсныг эргэн санахад аймшигтай байна.
  • Тиймээ, хатагтай минь, хичнээн их алдаа гарсан гэхэв дээ.

Хатан жаахан бачимдлаа. Тэр өөрийн алдааг мэдэж байсан юм. Тэдгээр нь зөвхөн хатагтайтай холбоотой болохоор ганцхан өөрөө л бодож,  ярьж чадах байлаа. Хатагтай тэвчсэнгүй:

  • Та ямар алдааны тухай бодож байна? Гэж асуув.
  • Та тэдгээрийн тухай дурдсан болохоор мэдэж байгаа шүү дээ… Тэдгээрийн тухай яриад яах билээ! Гэж доктор инээвхийлэн өгүүлэв.
  • Үгүй, доктор та хэлээч. Би их  баярлах болно. Та надтай ёсорхсоны хэрэггүй. Би үнэнийг сонсох дуртай хүн.
  • Хатагтай минь, би таны шүүгч биш билээ.
  • Шүүгч биш гэнээ? Та ийм аялгаар ярьж байгаа юм чинь ямар нэгэн юм мэдэж байх шив. Яриач.
  • Хүсч байгаа бол би хэлье. Харамсалтай нь би ярьж чаддаггүй болохоор миний ярьсныг тэр болгон зөв ойлгодоггүй учир бий. Доктор бодолхийлснээ.
  • Алдаа их байлаа. Миний бодож байгаагаар бол таны бүх эдлэн газарт ноёрхож байсан тэр  ерөнхий байдал л хамгийн гол алдаа мөн гэж хэлж болно. Миний ярьж  чадахгүй байгааг та харж байгаа биз. Өөрөөр хэлбэл юм бүгд дээр мэдэгдэж байсан хүмүүсийг үл ойшоон жигшиж үздэг байсан нь гол зүйл болно. Энэ жигших үзэл танайд амьдралын бүх горим болж байлаа. Хүний дуу хоолой, нүүр царай, шил хүзүү, алхаа гишгээг… нэг үгээр хэлэхэд хүнийг бүрдүүлж  байгаа бүх юмыг жигшин  үздэг байсаан. Хаалгачийн дээл өмссөн  тарган цатгалан, бүдүүлэг хайдукууд1 тааруу хувцасласан хүмүүсийг танай байшинд оруулахгүйн тулд бүх хаалга үүд, шатан дээгүүр  зогсч байдаг сан. Бүжигт үдэшлэг, хүлээн авалтын үеэр зарц  нар ар нуруугаар туурганы хээт цаасыг хэр болгохгүйн тулд танай үүдний өрөөнд өндөр түшлэгтэй сандлууд эгнүүлсэн байдаг сан. Хүний хөлийн чимээг дарахын тулд бүх өрөөнд аржгар хивс дэвссэн байдаг. Чимээ багатай,  их ярихгүй байх, таны санаа бодол оюун ухаанд муугаар нөлөөлөх эвгүй юм нуршихгүй байхыг орж ирсэн хүн бүхэнд заавал анхааруулдаг байсаан. Одоо та миний гарыг барилгүй, намайг суу гэж хэлэхгүй байгаагийн яг адил таны өрөөнд хүнтэй гар барьдаггүй, суу гэж хэлэх ёсгүй байж билээ…

 

Хатан гараа сарвайн инээмсэглэж:

  • Май л даа! Ийм ялихгүй юмнаас уурлах гэж дээ… гэж хэлбэл:
  • Би уурлаж байна гэж үү? Гэж доктор инээн өгүүлснээ тэр дорхноо дүрсхийн малгайгаа авч даллан:
  • Ний нуугүй хэлэхэд бодож явснаа бүгдийг танд хэлэх завшааныг би хүлээж байсан юм. Напелеон шиг та хүн бүхнийг их бууны аманд өртөх мах лугаа адил хардгийг би  танд хэлэх гэсэн юм. Гэвч Наполеон ямар нэгэн юм бодож  санаж явсан бол танд жигшлээс өөр юм байгаагүй! Гэж ширүүн хэллээ.
  • Би хүмүүсийг жигшин үздэг байсан юм бий! Гэж хатан гайхсандаа далаа хавчин инээлээ.
  • Тиймээ, та! Танд баримт хэлэх үү? Танай гал зууханд пийшингийн халуун жигнүүлсээр байж сохорсон танай урьдын гурван тогооч манай Михальцевод гуйлгаар амьдарч байна. Таны түм гаруй десятин эзэлхүүн газарт та, бас таны долдой ховдгуудын хайдук, зарц, дэлбэгчнээр шилж сонгож авсан эрүүл саруул, хүч тэнхээтэй, царайлаг хүмүүсийн дотор эсэн бусан амьтад олон бий. Хоёр хөлтэй тийм амьтдыг зарцын ёсоор хүмүүжүүлсэн нь цадаж таргалаад бүдүүлэг болж дүр төрхөө алдан нэг үгээр хэлбэл… Залуу эмч, агрономч, багш ер нь оюуны хөдөлмөрийн ажилтнуудыг ажил үйл, үнэнч хөдөлмөрөөс хагацуулан үмх талх олохын тул  зүсэн бүрийн инээдмийн жүжигт албаар тоглон шударга хүний хувьд даанч ичгүүртэй байдалд ордог байсан биш үү!

Зарим залуус алба хааж хоёр гурван жил болоод долигонуур хуурамч, ховч болж хувирна… Энэ чинь сайхан хэрэг үү?

Таны хэрэг эрхлэгч польш хүмүүс бол жигшүүртэй тагнуулчид байгаа юм. Казимир, Каэтан гээд л тэр этгээдүүд таны түм гаруй десятин газраар өглөөнөөс үдэш болтол эргэлдэж таны санаанд нийцүүлэхийн тул байхгүй юмыг байлгах гэж улайрдаг  сан.

Уучлаарай, би эмх цэгцгүй ярьж байх шиг байна. За яахав! Ердийн хүмүүс танайд хүн гэж тооцогддоггүй ээ. Танайд ирдэг ван, гүн, шашны мяндагтнуудыг та амьд хүн  гэж үзэхээсээ чимэглэлийн зүйл болгодог байсаан. Гол нь… саяас давсан хөрөнгө бэлтэй атлаа хүмүүсийн төлөө юу ч хийдэггүй байсан  чинь миний дургүйг хүргэж байсан юм.

Гайхаж, айж, доромжлуулсан хатан юу хэлэх, өөрөө ямар байдалтай байхаа мэдэхгүй сууж байлаа.

Урьд нь түүнтэй ийм  өнгө аялгаар хэзээ ч  ярьж байсангүй. Докторын эвгүй ууртай дуу, будлиу, ээрүү яриа цочмог цохиод авсан шиг хатны чих толгойд дуу шуугиан үүсгэж докторын дохин  занган байх нь малгайгаараа толгой дундуур цохиод авах вий гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Хатан аргадсан намуухан дуугаар,

  • Худлаа! Хүмүүсийн төлөө би сайн юм их хийснийг та мэднэ гэж хэлбэл:
  • За больдоо! Гэж доктор хашгираад
  • Өглөг өгч байснаа инээдмийн жүжиг биш ашигтай чухал юм гэж та үзсэн хэвээр байна гэж үү? Тэр чинь эхнээсээ  аваад дуустлаа инээдмийн жүжиг, дурлалаар тоглосон тоглоом,  найман настай хүүхдээс наян настай зөнөг хүртэл мэдэх хамгийн илэрхий тоглоом байсан шүү дээ. Намайг ерөнхий эмчирхүү албанд тохоогоод та өөрөө хүндтэй ивээгч нь байсан гэр оронгүй чавганц нарт зориулсан…  юу гэж нэрлэдэг билээ… аа тийм, хэсүүлийн байшинг аваад  үзье л дээ. Ээ бурхан минь, ямар шуухан газар байсан билээ! Царсан шалтай, дээвэр дээрээ салхины чиг заагч байрлуулсан байшин бариулчихаад тосгоноос арав гаруй чавганц цуглуулан үстэй даавуун хөнжил нөмөргөж голланд даавуун  цагаан хэрэглэл дэвсэн мөхөөлдөс идүүлэх юм болж билээ гэж хэлэв.

Доктор уурсан малгай руугаа нулимаад ээрэн байж үргэлжлүүлэн

– Яг тоглоом байсан юм. Доогуур албаны үйлчлэгчид хөнжил, цагаан даавууг чавганц нар бохирдуулахаас айж хурааж авч цоожлоод шулмын эмс шалан дээр унтаг гэнэ!  Тэд орон дээр суух, цамц өмсөх, гялтганасан царсан шалан дээгүүр явах хориотой. Бүх юмыг хулгайч нараас хямгадаж байгаа юм шиг үзмэрийн төлөө нууж хадгалж байхад хөөрхий хөгшчүүл тааралдсаныг идэж өмсөн тэдгээрийг сахиулахаар таны тохоосон, тарган цатгалан  өөдгүй амьтдын хараанаас мултран энэ хорионоос түргэхэн зайлахын  мөн болж өдөр шөнөгүй бурханд мөргөдөг сөн. Дээхнүүр  зиндааныхан юу хийж байсан гэж санана? Мөн мундаг байсныг яана! Долоо хоногт хоёр удаа орой тоо томшгүй олон  зарлага давхилдан ирж хатан, өөрөөр хэлбэл таныг маргааш тэнд очно гэж зарлана. Энэ нь маргааш өвчтөнгүүдийг орхиж хувцсаа өмсөн баярын жагсаалд очих хэрэгтэй гэсэн үг болохоор тэнд очно. Чавганц нар шинэ сайн цэвэр хувцас  өмсөн эгнэн жагсаад хүлээж байхад тэдний дэргэдүүр харгалзагч болох гарнизоны огцорсон ахмад ховч байдлаар жуумалзан явна. Чавганц  нар эвшээлгэн бие биеэ харах боловч дургүйцэн өгүүлэг тавихаас айн хүлээцгээнэ. Эхлээд аж ахуй хэрэг эрхлэгч, түүний дараа  ахлах хэрэг эрхлэгч, бас ерөнхий хэрэг эрхлэгч, тэгээд бас өөр хүн гээд тоо томшгүй олон хүн цувран давхилдан ирэх нь бүгд нууцлаг  атлаа сүр бадруулсан царайтай байна. Бид хөлөө сэлгэн амрааж цагаа харцгаана. Бид бие биеэ үзэн яддаг болохоор таг дуугүй байцгаана. Нэг цаг, хоёр цаг өнгөрсний дараа алсад сүйх тэрэг арайхийж үзэгдэнэ…

Доктор хүйтнээр инээмсэглэх төдийгөөр бухимдлаа илэрхийлж шингэн дуугаар:

  • Таныг сүйх тэрэгнээс гарахад өрөөнүүдийн харгалзагч хөгшин шулмууд, гарнизоны огцорсон ахмад тэргүүлэн “Сион дахь манай тэнгэр1 алдартайг үг хэлээр тайлбарлах аргагүй…” гээд дуулж гарна. Муугүй биз? Гэж хэлээд бүдүүн дуугаар хөхрөн гараараа савчсан нь ингэж хөхөрснөөс болж нэг ч үг хэлж чадахгүй нь гэдгээ нотлох гэсэн шиг болжээ. Өөдгүй хүмүүсийн инээдэг шиг доктор шүдээ тас зууж байгаад зэвүүн инээж байгаа, бас түүний дуу хоолой, царай зүс, гялалзсан бүдүүлэг  харцаас үзвэл тэр хүн хатан, орогнолын тэр газар, чавганц нарыг үлэмжхэн үзэн яддаг нь тодорхой ажээ. Инээд хүрэхээргүй, баяр баясгалан төрүүлэмгүй юмыг доктор эв хавгүй  бүдүүн хадуунаар ярьсан боловч үнэн сэтгэлээсээ, бүр баяр хөөртэй инээж байлаа. Тэгээд инээснээс болж хүндээр амьсгалан:

– Сургуулийг аваад үзье. Хөдөөний эрчүүлийн хүүхдэд та өөрөө хичээл заахыг хүсч байснаа санаж байгаа биз? Тэднийг яггүй сургаж байсан байх ёстой, яагаад вэ гэвэл удалгүй бүх хүүхэд оргон зугатсан болохоор тэднийг тан руу очуулж  байхын тулд торлогдох юмуу, мөнгөөр хөлслөн авдаг болсон билээ. Ээжүүд нь тариалангийн талбайд  ажилладаг нярай хүүхдүүдийг та өөрөө угжаар тэжээхийг хүсч байснаа  санаж байгаа биз? Бүх нярай хүүхдийг ээжүүд нь тариалангийн талбай руу аваад явчихсан болохоор танаас тусламж авах хүүхэд алга гэж таны тосгоноор уйлан хайлан явж байсны дараа  таны зугаа наргианы төлөө ээжүүд ээлж дугаараар  хүүхдээ  танд орхиж байхыг тосгоны ахлагч тушаасан шүү дээ. Хулгана муураас  зугтаж яваа юм шиг бүгд таны буянт үйлсээс зайлах нь мөн гайхалтай хэрэг ээ! Яагаад энэ билээ?  Тун ердийн зүйл. Таны тайлбарладагаар энэ нь хүн амьтан мунхаг харанхуй, ач тус мэддэггүйгээс болсон биш  таны бүх зугаа цэнгээнд (ийм үг хэлснийг уучлаарай) хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэл огт байгаагүйгээс болсон хэрэг!

Амьд хүүхэлдэйгээр зугаа цэнгэлээ гаргах  хүслээс өөр юу ч байсангүй… Хүнийг хав нохойгоос ялгаж чаддаггүй хүн энэрэл тус үзүүлж чадахгүй. Хүн, хав нохой хоёрын хооронд үнэхээрийн их ялгаа байдгийг танд хэлье.

Хатны зүрх аймшигтай цохилон чих дүнгэнэж доктор малгайгаараа толгой дундуур балбаад авах нь уу гэмээр санагдана. Доктор ээрч, дохиж зангаж байгаад түргэн түргэн, болхи ярьж байхад, хүмүүжилгүй, ууртай, бүдүүлэг, ёс үл мэдэх хүн ярьж байна гэдгийг л  хатан мэдэж байгаагаас биш түүнээс юу хүсч, юу ярьж байгааг ойлгосонгүй.

Хатан  докторын  малгайнаас толгойгоо халхлахын тул гараа дээш өргөөд:

  • Зайл! гэж уйлагнасан дуугаар хэлээд
  • Зайлаад өгөөч гэв.
  • Өөрт чинь алба хааж байгаа хүмүүстэй та яаж харьцдаг билээ. Та тэднийг хүн гэж үздэггүй, тэднийг адгийн луйварчид шиг басалмжилдаг. Жишээ нь, намайг яагаад та халсан билээ гэдгийг танаас асуумаар байна. Таны эцэгт, дараа нь танд арван жилийн турш баярын өдөр, амралтыг үл мэдэн шударгаар зүтгэж эргэн тойрон зуун бээрийн хязгаарт хайр хүнд хүлээж байтал гэнэт нэг өдөр танд албан хаахгүй болсон шүү дээ. Яагаад тийм болсныг одоо хүртэл би ойлгохгүй байна.
  • Би бол анагаахын эмч, Москвагийн Их сургуулийн оюутан,  өрхийн тэргүүлэгч, ийм өчүүхэн ялихгүй амьтныг тайлбарлах шалтаггүй, нүүр нүдгүй хөөсөн шүү дээ. Надтай яах гэж ёсорхоно вэ? Авгай маань намайг өршөөхийг танаас гуйх гэж надад хэлэлгүй танд гурав удаа нууцаар ирэхэд та хүлээж аваагүй юм гэнэ билээ. Танай үүдний өрөөнд уйлаад л байсан гэлцдэг юм. Нас барсан түүнийхээ энэ явдлыг би хэзээ ч уучилдаггүй юм гэж эгдүүцэн өгүүлэв.

Доктор шүдээ зууж дахиад иймэрхүү эвгүй, өшөө хонзон агуулсан юу хэлэх билээ хэмээн хүчлэн бодож чимээгүй болсноо түүний баргар хүйтэн  царайд гэнэт гэрэл бадарч ямар нэгэн  юм дурсан санасан бололтой:

  • Энэ сүмтэй таны харьцаж буйг аваад үзсэн ч болно.

Та хэнийг хэзээ ч  энэрч байгаагүй ээ, таны өглөг даруу зангаас хүн самрын  мөнгө илүү олдохоор ариун шүтээний газар руу тэмүүлнэ. Та яах гэж нааш ирдэг юм бэ? Гэдгийг танаас асуугууштай байна. Гекуба танд ямар хэрэгтэй. Гекубад та ямар хээргтэй болсон юм бэ? Дахиад л зугаа цэнгэл, тоглоом наадам, бие хүнийг дайран  доромжлохоос өөр юу ч бишээ. Та бурхны шажин шүтдэггүй, сүнс бий гэж та хөвсөргөж явахдаа өөрийн  оюун ухаанаараа олж авсан өөрийн бурхан гэж танд бий. Сүм хийдийн зан үйлийн ёслолд та хүлцэнгүй хандан хурал, шөнийн уншилгад очихгүй үд болтол унтдаг.

Та наашаа яах гэж ирсэн бэ? Та бусдын сүмд өөрийн шүтлэгтэй очихдоо энэ нь мөнөөхөн сүмийн хувьд үлэмжийн их нэр алдрын хэрэг хэмээн үзэх юм шиг төсөөлж байна. Тэр чинь дэмий хэрэг! Тэгээд бас таны энд ирж байгаа чинь гэлэнгүүдэд хичнээн их төвөг уддагийг сонирхоно уу? Та өнөө орой ирнэ гэж айлдсан болохоор аж ахуйгаас гурван өдрийн өмнө морьтой зарлага давхин ирж таныг энд ирнэ гэж сануулахад өчигдөр бүхэл өдөржингөө таны амрах байрыг бэлтгэн хүлээлээ. Өнөөдөр таны хошууч хэсэг болох  дээрэнгүй шивэгчин авгай ирж хашаан дотуур шуугиан дэгдээн ийш тийш гүйж асуулт тавин хүн хоргоож захирч тушааж гарлаа… Тэвчихийн аргагүй шүү! Таныг ёс төртэй угтахгүй бол гай болох учраас гэлэнгүүд өнөөдөржин харуулдаж  өнжлөө. Гэсгүйд очиж “Гэгээнтэн минь,  гэлэнгүүд надад дургүй байна. Юугаар тэднийг би хилэгнүүлснээ мэдэхгүй байна. Үнэндээ би их нүгэлтэй ч гэсэн аз жаргалгүй хүн шүү дээ” гэж гомдол  гаргаач!

Танаас болоод нэг сүм бас зэм хүртэх вий. Хамба  бол зав зайгүй номын хүн, ганц хормын чөлөө зав гардаггүй байтал  түүнийг та өөрийн амралтын өрөөнд орохыг шаардаж байна. Ах зах, мяндаг хэргэмийг ч хүндлэх юм алга. Өргөл барьц  дориун өгсөн бол гомдох юмгүй байх сан. Тэгтэл  гэлэнгүүд танаас зуун ч рубль авч байгаагүй шүү дээ гэж ярилаа.

Хатны тайван байдлыг алдагдуулан, түүнийг үл ойлгон гомдооход тэр юу хэлэх яахаа мэдэхгүй  болоод ердөө л уйлж эхэлдэг болохоор нүүрээ дараад хүүхдийн жингэнэсэн дугаар уйлж гарвал доктор гэнэт дуугүй болж хатныг харлаа. Түүний царай барайж догшин сүртэй болон:

  • Хатан та намайг уучлаарай. Уурын харгайгаар биеэ барьж чадсангүй. Энэ бол муухай хэрэг юм гэж бүдэг дуугаар өгүүлэв.

Тэгээд аягүйрхэн ханиалгаж малгайгаа өмсөхөө мартаж хатнаас яаран  зайлж одов.

Тэнгэрт одод түгж цэлмэг сайхан болсон болохоор  сүмийн  нөгөө талаас саран мандсан бололтой. Анир чимээгүй сүмийн ханын дагуу сарьсан багваахай намуухан нисэлдэнэ.

Цагийн харанга есөн  цагийнх бололтой дөчин  таван минутыг заан цохилов. Хатан босч хаалганы зүг алгуурхан алхлаа. Хатан доромжуулуулснаа мэдэрч   уйлж байхад мод,  од, сарьсан багваахай түүнийг өрөвдөн цаг түүнийг ойлгож байгаа аятай уянгалан цохилох мэт. Зуны намуухан шөнө сүмийн модот гудамжаар ганцаар зугаалж доромжлуулсан, хүнд  ойлгогддоггүй түүний зовлонгийн  нулимсыг зөвхөн ганц бурхан бас одот тэнгэр харж байхуйцаар бүх насаараа сүмд зайлан ирвэл хичнээн сайхан бол гэж хатан уйлж байхдаа боджээ. Сүмд шөнийн уншлага үргэлжилсээр  байлаа. Хатан зогсч уншлагыг чагнав. Гүн харанхуй, амгалан тайван агаарт энэ уншлага юутай таатай вэ!

Хатан амрах өрөөндөө ирж уйлж унжсан царайгаа толинд харан энгэсэг түрхээд оройн хоол идэхээр суув. Даршилсан загас, жижиг мөөг, Малга газрын дарс, аманд оронгуут агар мод үнэртдэг  зөгийн балтай ердийн боовонд хатныг дуртайг мэдэх гэлэнгүүд хатныг ирэх бүрд  эдгээрээр дайлдаг юм. Хатан мөөг идэн дарс ууж суухдаа өөрөө сэхэшгүй хоосрон, хүн амьтанд гээгдэн хаягдах, өөрсдийн нь төлөө их юм хийсэн бүх  хэрэг эрхлэгчид, хэрэг  хөтлөгчид, албан хаагчид, зарц нар, өөрөөс нь хэрхэн урваж бүдүүлэг харьцдаг  болох, ертөнцийн бүх хүн түүн рүү хэрхэн довтлон муу үгээр дайрч басамжлах, бас өөрөө вангийн дэв хэргэм баян тансаг байдал, олон түмнийг хэрхэн огоорч сүмд хэрхэн  зайлан суух, хэнд ч   зэмлэлийн үг хэлэхгүй болж дайснуудынхаа төлөө мөргөн залбирч суухад түүнийг хүн бүгд ойлгодог болж уучлал гуйн ирцгээх боловч даанч хожимдох юм даа… гэж бодож байлаа.

Оройн хоолны дараа буланд байгаа зурмал зургийн өмнө сөхрөн сууж евангели хөлгөн судрын 2 хоёр бүлгийг уншаад шивэгчнээр ороо засуулан цагаан даавуун дээр тэрийн хэвтэж уйлж хайлсны дараа шүүрс алддагийн адил үнэнхүү тавтайхан шүүрс алдан нүдээ анивал үүрэглэж эхэлжээ.

Өглөөгүүр хатан сэрээд цагаа харвал найман цаг хагас болж байлаа. Цонхоор орж ирсэн тууш гэрэл орны дэргэдэх хивсэн дээр тусч өрөөг үл мэдэг гэрэлтүүлнэ. Цонхны хар хөшгийн цаана ялаа дүнгэнэнэ.

Хатан “Эрт байна!” гэж бодоод нүдээ анилаа.

Хатан орондоо суниан биеэ тайвшруулан доктортой өчигдөр үдэш уулзсан, тэгээд ямар бодол бодон унтсанаа санаж өөрийгөө зол жаргалгүй хүн гэж үзэв. Түүний сэтгэлд Петербургт сууж байгаа нөхөр, хэрэг эрхлэгчид, доктор, хөрш  хүмүүс, танил түшмэдүүдийн дүр бууж ирэв. Түүний таних өдий төдий эрэгтэйчүүдийн царай зүсийг хатан дүрслэн  бодоод хэрэв эдгээр хүмүүс түүний сэтгэл санааны гүнд нэвтрэн орж чадаад түүнийг ойлгох юм бол цөмөөрөө хатны хөлд унана…гэж инээмсэглэн сэтгэлээ.

Арван  нэгэн цагаас мөч өнгөрч байхад хатан шивэгчнээ дуудан:

– Хувцас өмсгөөд орхи! Тэгээд явж морь хөллө гэж хэл. Клавдия Николаевнагийнд очих хэрэгтэй байна гэж гунигтай  хэлэв.

Амрах өрөөнөөс сүйхэнд суухаар хатан  гарахдаа өдрийн хурц гэрэлд нүд цавчсан боловч их сайхан өдөр байсан болохоор сэтгэл хангалуун инээмсэглэжээ. Үүдний довжооны дэргэд хатныг үдэж гаргахаар цугларсан  гэлэнгүүдийг хатан онийсон нүдээр эргэн харж толгой дохин:

– Миний нөхдүүд нөгөөдөр болтол баяртай!  Гэж  хэлжээ.

Үүдний довжооны дэргэд гэлэнгүүдийн хамт доктор зогсч байсан нь хатанд олзуурхам гайхал төрүүлжээ. Түүний царай нь зэвхийрэн барайсан харагдана. Доктор малгайгаа аваад буруутай мэт  инээмсэглэн:

– Хатагтай минь, би энд таныг удаан хүлээж байна. Бурхныг бодон уучилж хайрлаарай. Өчигдөр миний эгдүүцсэн сэтгэл хөдөлж  танд  дэмий юм… ярьчихжээ. Нэг үгээр хэлэхэд танаас уучлал гуйж байна гэж хэлбэл хатан баяртай инээмсэглэн түүнд  гараа үнсүүлэхээр сарвайхад доктор үнсээд царайгаа улайлгав.

Шувуухайтай адил болохыг эрмэлзэхдээ хатан сүйх тэргэнд сэвхийн сууж толгойгоор ийш тийш дохив. Түүний сэтгэл баяр хөөртэй, таатай сайхан байсан бөгөөд өөрийн инээмсэглэл ер бишийн энхрий  зөөлөн байгааг  мэдэрчээ. Сүйх тэрэг хаалгаар гарч байшин, цэцэрлэг, хар халтар болсон урт урт ачааны морин тэрэг, сүмийн зүг цувралдан хөвөх мөргөлчдийн дэргэдүүр тоостой замаар давхин явахад хатан нүдээ онийлгон инээмсэглэсээр байлаа. Газар бүхэнд дотно сэтгэл, гэрэл гэгээ, баяр хөөр  авчирч доромжлолыг хүлцэн дайснууд руу таалалтай инээмсэглэн байхаас илүү бах ханах юмгүй гэж хатан бодно. Замд тааралдах хөдөөний эрчүүд түүнд мэхийн ёсолж сүйх тэрэг   үл мэдэг шажигнан довтолж дугуй дотроос боссон тоосыг салхи алтлаг өнгөөр найгах хөх тарианы зүг хийсгэн аваачихад хатан сүйх тэрэгний зөөлөн суудал дээр биш үүлэн дээр найган ганхаж  өөрөө хөнгөн  цайвар үүлтэй адилхан болсон юм шиг санагдана. Хатан нүдээ аньж:

  • Би ямар их аз жаргалтай билээ! Би ямар их аз жаргалтай билээ!  Гэж шивнэж байлаа.

 

 

 

——————————————

1 Үнэн алдарт  шашны сүмийн архимандрит гэгч нь сүмийн хэргийг ерөнхийлөн  эрхлэгч их хамбын дараах дэд  зэргийн дэв болох тул хамба гэсэн үгээр дүйлгэж болно. (Орч.)

 

1 XV- XVI зууны үед Түрэгийн булаан эзлэгчдийн эсрэг хийж байсан өмнөд славын ард түмний зэвсэгт тэмцэлд оролцогсдыг унгараар хайдукууд буюу явган цэрэг гэж нэрлэж байжээ. 1877-1878 онд болсон Орос, Түрэгийн дайнд оролцож Болгарыг чөлөөлөлцсөн хайдукууд дайнаас буцаж ирээд их хөлийн газруудад сахиул, харуулын албанд олон олноор оржээ. (Орч.)

 

1 Сион бол Иерусалим хотод байдаг бяцхан толгойн нэр, энэ нэрээс үндэсний дээрэнгүй, арьсын үзэл болох сионизм гэдэг үг үүссэн учир энэ дуу сионизмын үзлийг магтан дуулсан нь илэрхий байна. (Орч)

Орч. Б. Пүрэвбаатар