Түүх, Хуучны баримт

Богдод мөргөсөн бор зааны тухай…

Чин ван Ханддорж олноо өргөгдсөн Монгол улсаа төлөөлөн Орос улсад айлчлах анхны төлөөлөгчдийг тэргүүлэн очиж улмаар Цагаан хаанд бараалхах, Оросын томоохон үйлдвэр, соёлын газарт айлчлах зэргээр явж байхдаа цирк үзэж зааны тоглолтыг харж гайхсан төдийгүй тийм заан олж улстаа аваачиж «Төрийн долоон эрдэнээ» гүйцээх боломж байгааг мэдсэн байна. Тэрээр энэ хүсэлтээ Оросын Баатар Цагаан хааны сонорт хүргэх талаар ч ажилласан байна. Монголчуудыг зэр зэвсэг гуйхын хамтаар бас заан гуйсанд Оросын дээд түшмэдүүдэд гайхах сэтгэгдэл төрүүлж бүр заримынх нь инээдийг хүргэжээ. Тэд Монгол улсыг нэр нөлөөндөө байлгахын тулд зэвсэг авах гуйлтыг нь ч заан авах хүсэлтийг нь ч хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Харин аль алиныг нь хуучин юмаар л ам таглахаар доод шатны түшмэдүүд нь шийдсэн бололтой. Нилээд хуучирсан зэвсэгнүүдийг олгосон ажээ. Бас нилээд «Хуучирч» олон жилийн тоглолтондоо «ядарсан» хоёр зааныг монголчуудад өгөхөөр болжээ. Ойроор нь Эрхүүгийн циркээс «чөлөөнд гарах» насны заан юу байгааг бэдэрсэн гэдэг юм.

Уг зааныг 22 мянган зоосоор Цагаан, Бор хоёрыг худалдан авч Богд хааны амьтны үзмэрийн газарт урт бөгөөд хүнд замыг туулуулан ирүүлсэн юм.

«Заан заларч гэнээ» гэсэн яриа Их хүрээнийхний амнаас ам дамжин тарж тэр сүрхий амьтны барааг ч билээ харахсан гэсэн хүмүүс өдрөөс өдөрт олширч улмаар хөдөө нутаг руу амнаас ам дамжсан «мэдээлэл» түгж эхлэв. Тэр нь «цуурхал» биш ч гэсэн итгэмээргүй хэрэг явдал байлаа. Юун хэмээвээс нөгөөх зааныг хаана байлгах, юугаар хооллох, хэн маллах вэ? гэдэг асуудал тун ч ноцтой яригдах болов. Богд хааны Хайлаастайн Лаврангийн зүүнтээ өвөл, зуны тохижуулсан байранд дээрхэн цагаас гаднаас авч ирсэн амыдыг байлгаж малладаг ч гэсэн тэнд заан мэтийн үлэмж том биетэнг байрлуулах боломжгүй ажээ. Тэгээд Богд хааны өвлийн ордоны баруун хашаанд зааны байр бэлтгэсэн чинь тэр том амьтны өвдөгнөөс дээш гарахааргүй намхан нуруутай монгол хүн түунийг маллахад их хүндрэлтэй тул өндөр нуруутай хүн хайсан чинь алдарт өндөр Гонгор л олдох төлөвтэй болжээ. Харин өндөр Гонгор тэр саналаас нэг их татгалзсангүй, заан маллах ажилд оржээ. Түүнд бас туслах хоёр гурван хүн өгсөн байна.

Заан Ар Хиагтаас нааших урт замыг бараг л «явган» туулж олон хоног аялуулах үед тууж ирсэн хүмүүс, Эрхүүгийн амьтан сургагчаар заалгаж авсан дагуу л зааныг хооллох, ундлах хэцүү ажлыг хийж, нилээн дадлагажсаны хүчинд арай л өлбөрүүлчихэлгүй хүргэж иржээ. Хоолыг нь тааруулахад яггүй. Бас унд нь ч яахав ус залгилуулаад байхад түвэгтэй биш юм байжээ. Нүсэр биетэй ч гэсэн том алхаагаар газар хороох нь нэг их удаан биш юмсанж.

ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНЭ
Өндөр Гонгор тэрхүү зааны дэргэд явахад нуруу хүрэхгүйн зовлон харин байсангүй. «Халуун орны хамгийн том амьтнаас халх монголын хамгийн том амьтан дутахгүй юм байна» гэхчилэн шог яриа гарч хүмүүсийг инээлгэх болов. «Инээд биш ханиад болох» юм нь тэр аврага амыны хүнс тэжээл байлаа. «Өдөрт 22 жин цагаан гурилаар хийсэн мантуу 24 ширхэг, улаан чавга 1095 том шанага, 3030 жин гурил, 700 жин шар тос» шаардагдаж байлаа. Зөвхөн нэгэнд нь нэг өдөрт, ийм хүнс хэрэгтэй бөгөөд доод зах нь гэлтэй. Өндөр Гонгор зааны идэш хангамжийг нь хариуцдаг байсан бололтой.

Заан ийнхүү монголын нийслэлд залагдан ирж суурьшаад «төрийн долоон эрдэнэ» бүрэн бүрдсэний дараахан нэгэн том баяр ёслол болж тэр нь Богдын ордноос холгүй Дунд голын ногоон зүлгэн дээр асар майхан босгож төв асарт нь Богдхаан өөрөө заларсан үед нөгөөх зааныг хөтлөн төв талбайн голд нь аваачсан чинь заан гэв гэнэт урьд нь циркт тоглож байснаа санасан бололтой. Дугуйран суусан хүмүүсийг бас төв асарыг хараад дуртгал нь сэргэж циркэд тоглодог байсан бүх үзүүлбэрээ хийж гарчээ. Тэрийг нүдээр үзсзн Оросын Д.Першин «Сибирь» гэдэг оросын сонинд бичсэнийг энд товчлон дурдваас: «Заан томоохон цугларлыг хараад… Өөрийнхөө тоглож асан бүх хөтөлбөрийг тоглож, янз бүрийн сонин үзүүлбэр хийж харуулаад эцэст нь Гэгээн (Богд) сууж буй зүгт хандан өвдөг сөхрөн ёсолсон байна. Тэр нь сэтгэл хөгжөөн баясуулсан буяны шуугиан дэгдээжээ. Монголчууд тэрийг заан маань дээрээс дохиолсны улмаас Богд гэгээний өмнө өвдөг сөгдөн залбирлаа гэж итгэн ярьцгааж байлаа. Энэ явдал нь хутагтын засаглалыг алдаршуулахад тус болсон бөгөөд тэр тусмаа зааныг бурханы шашинд ариун гэгээн амьтан гэж үздэг бүлгээ. Бурхан Будда Сахьяа Муни цагаан зааны дүрээр түшитийн орноос газар дэлхий дээр бууж ирээд Махомая хатаны саванд орсон гэдэг домог байдгийг ч санасан хэрэг» гэж мэдээлсэн байдаг. Сургуультай энэхүү зааны үзэгчиддээ өвдөг бөхийн ёсолдог (тоглолтоо дуусахад) зуршил нь тэр тухай ойлголтгүй эгэл монголчуудад үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлж Богд их хаанд заан мөргөн залбирлаа гэж яв цав ойлгон ихээхэн бахдал төрүүлсэн явдал болжээ. Богд хаан өөрөө ч тэрхүү тохиолдолд ихэд баясан омгорхсон гэдэг билээ. Дэргэдийн ноёд лам нар нь ч мөн тийм итгэлтэйгээр зааныг ихэд хүндэтгэх болсон ажээ. Үнэхээр л «төрийн долоон эрднийн нэг» нь хүний хэл мэддэггүй харийн энэхүү амьтан ийм «залбирал» үзүүлсэн нь одоогийн хэлээр бол онцгой «ПИАР» болжээ.

Харин тэрхүү заан үргэлж ч тийм эелдэг байдаггүй асан тухай Дүгэрсүрэн гуайн бага насны дуртгалд «Уураа хүрмэгц одоо цагийн гал командын улаан машины усан шахуурга шиг урт хошуугаараа ус цорголуулан шүршиж цугларсан хүн амьтныг шавхуурдан хөөхөд морьд үргэж сүсэгтэн хүмүүс сандран мэгдэж «Хайрхаан Богдын заан хилэгнэж байна. Муу юм болох нь, тайвшир! Тайтгар! Битгий уурлуул!» гэж залбирч байхыг олонтаа үзсэн билээ» гэж дурсчээ.

Зааныг маллагчид үе үе заанаа хөтлөн хотын хойт хаяаны урагшаа шөвийж тогтсон ногоон гүвгэр дээр зугаалуулдаг байжээ. Тэр гүвгэр нь яг зааны хошууг санагдуулмаар сонин газар байсан тул «Заан хошуу» гэж нэрлэх болжзэ. Хожим нь тэр гүвгэрийг тасга авдаг газар болгон «тасганы овоо» гэх болсон бөгөөд одоо бол нуруун дээгүүр нь гурав хэрчээд шилээр нь хар зам тавьж, тасга авдаг газар нь сүм барьж урд үзүүрийг нь мөн сүм эзлэн таних аргагүй болчихжээ. Зааныг бас хааяа Туул голын салаанд аваачиж усаар наадуулдаг байжээ. Тэр үед нь хүмүүс сонирхон шавж «уурыг нь» хүргэдэг байжээ.

Зааныг авчрахаас өмнөхөн 1919 онд гэв гэнэт Их хүрээнд хоёр бар хаа нэгтэйгээс хэн нэг нь авчирч төмөр торонд түгжиж, хүмүүст сонирхуулдаг болжээ. Хоёр бар нь хоёр зааны адил нэрд гарсангүйгээр барахгүй харгалзагч руугаа нэгэнтээ халдсанаас болж Сэлбийн эрэг дээр буудагдан арьсыг нь Английн пүүс үнээр цохиж худалдан авч, махыг нь домч лам нар хуваан авчээ. Бараг ийм хувь заяа Богдын зааныг хүлээж байсан мэт.

1924 оны тавдугаар сарын 19-нөөс 20-ны шөнө Богд хаан төрөл арилжин таалал төгсчээ. Тэр цагаас эхлэн Богдын зааны байдал хүндэрч халамж анхаарал саринаж, хоол хүнс нь тарчиг болж улмаар 1925 оны арван хоёрдугаар сарын 24- ний шөнө заан бөөрөөрөө хажуулдан унаад хэн ч босгож чадаагүй тул сэхэлгүй нүд аньжээ.

Судар бичгийн хүрээлэн тэрхүү зааныг өвчиж чихмэл хийж үзэсгэлэнд тавихаар шийджээ. Тэр тухайд «Заря» сонин (1925.1.18 №148) мэдээлэхдээ: Богд гэгээний үхсэн зааныг судар бичгийн хүрээлэнгийн даалгавараар Кожевников өвчиж чихмэл хийхээр Судар бичгийн хүрээлэнд аваачжээ. Зааны ясыг мах, өөхнөөс нь цэвэрлээд мөн тэнд тушаах бөгөөд махыг нь олон төрлийн өвчинд тустай гэж үздэг оточ лам нарт тараан өгчээ» гэж дурдсан байна. Ийнхүү «Цааш эргэж бусдыг хорлохгүй» гэдэг цагаан заан Их хүрээнд 12 жилийн турш хүмүүсийн «нүдийг хужирлаад» үгүй болж, чихмэл болж чадаагүй арьсаа, голдоо шармал очиртой дөрвөн талт малгай, голдоо шармал ганжиртай нөмрөгөө үлдээгээд сураггүй болжээ.