Түүх, Хуучны баримт

Зүүн гарын хаант улсад дэвшилтэт аргаар ном хэвлэж байсан тухай…

1711 онд Полтавын тулаанд ялагдан Орост олзлогдон Тобольскт хүргэгдсэн олзлогдсон Каролайнчууд дунд Ренат[1] хэмээх залуу байжээ. Олзлогсодын дунд хожим нь Ренаттай хамт амаргүй хувь тавилан амсах учиртай нэгэн бүсгүй байв. Түүнийг Бригита гэдэг ажээ. 1715 онд Ойрадуудын дайралтанд Жамышевын бэхлэлт өртөж газрын хөрстэй тэгширчээ. Энэхүү цайзыг Петр хаан барих үүрэг өгсөн бөгөөд Тобольск дахь Швед хоригдлуудыг бэхлэлт барих ажилд олноор татсан байв. Тэдний дунд Ренат, Бригита нар байжээ.

Олзны хүмүүсийг Зүүнгарын Дугар ноёнд шилжүүлсэн бөгөөд Дугар ноён тэднийг Цэвээнравдан хаанд өгчээ. Цэвээнравдан хаан Бригитаг Төвдийн хөх нуурын хошуудаас авсан хатныхаа зарц болгожээ. Швед зарц бүсгүй номхон дуулгавартайн дээр оёх, хатгах үйлд уран байсан тул хатныхаа сэтгэлд ихэд нийцжээ. Энэ завшаанийг ашиглаж тэр Монгол ноёдод зарцлагдаж байсан цагаан арьснуудыг хааны албанд зүтгүүлэх болжээ. Түүний туслаж хааны албанд ажиллуулсан хүмүүсийн нэг нь Ренат байсан юм.

Цэвээнравдан хааны хоёр дахь хатан болох Ижлийн Торгуудын Аюук хааны охиноос төрсөн Сэцэн хэмээх охин нэхмэл хийж сурахаар Швед зарц эмэгтэйгээр нэхмэл заалгахыг хүсчээ. Ийнхүү Бригита алба өөрчлөгдөж, бусдын хүндлэлийг хүлээж юу хүссэнээ биелүүлэх боломж нээгджээ.

Залуу гүнж Сэцэн Аюук хааны ач Дондог Омботой сүй тавьсанд түүний сүйний инжинд худалдан авах хүндтэй үүрэг хүлээн Бригита дорнод Туркестан дахь Яркент руу явж тэндээ хоёр жил болжээ.

Бригитагийн ачаар боолын албанаас чөлөөлөгдсөн Ренат Зүүн гарын хааны албанд зүтгэж эхэлжээ. Фредрих ванд өргөсөн захидалдаа тэрээр “Зүүнгарчуудад үхэр буу хэрхэн цутгахыг зааж, 200 хүнд энэ эрдэмээ өвлүүлж өгсөн, Зүүнгарчуудын хамт Манжийн эсрэг тулаанд орсон” тухайгаа дурджээ. Оросын Шинжлэх ухааны Академийнхан 1732, 1733 онд хийсэн аялалын тэмдэглэлд Ренатыг хуучин модон барын аргаар ном хэвлэхээс боловсронгуй хэвлэх аргыг зааж өгсөн тухай тэмдэглэжээ.

Ренат зүүн гарын хаанд өргөх бичиг барьж Шведийн ванд элчин төлөөлөгч болж очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч яг тэр үед Казакийн эсрэг дайн дэгдсэн тул “элчин төлөөлөгчийн ажлыг” хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ.

Үүргээ гүйцэтгэж ирсэний дараа Бригита хааны гэр бүлийн зөвшөөрлөөр нутаг нэгт Ренаттай гэр бүл болж, хатны шивэгчний албанд томилогджээ. 1727 онд Цэвээнравдан хаан зуурдаар таалал төгсч түүнийг хорлогдсон хэмээн сэжиглэж Хааны Торгууд хатан, охин Сэцэн нарыг энэ хэрэгт буруутган тамлан зовоож, хэргийг хүлээлгэн цаазаар авч орон гэрийг нь үгүй хийжээ.

Цэвээнравдангийн дараах Галданцэрэн хааны үед хос хоёр жаргалтай сайхан амьдарч байгаад удалгүй суллагджээ. “Хэрэгтэй, найдвартай сайн хүмүүс”-ийг чөлөөлж явуулахдаа Галданцэрэн хаан дурамжхан байсан боловч зөвхөн өөрийнхөө ашиг тусын тулд тэдний “эрх жаргал, хүсэл мөрөөдөлд” нь саад болохыг хүсээгүй ажээ.

1733 оны 3-р сарын 22-нд тэд “бүдүүлэгчүүдийн дунд” арван долоон жил амьдарсныхаа эцэст эх нутгийн зүг жолоо залжээ. Замд гарахдаа Бригитад Монгол хатад алчуураа бэлэглэн нулимс дуслуулж байсан гэдэг. Тэд явсаар 1734 оны долоодугаар сарын 6-нд Шведийн нийслэл Стокольмд очжээ. Бригитагийн ачаар 134 орос, 18 швед суллагджээ.

Эргэж харьснаасаа хоёр жилийн дараа 1736 онд Бригита насан өөд болж Ренат Стокольм дахь их бууны компанид дэслэгчээр томилон, Вангийн их бууны ангийн ахмад болгожээ.

[1] Каролайны их бууны ангийн түрүүч

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын

нийтийн төв номын сангийн номзүйч В.Түвшинтогтох

2015.02.02

 

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]