Домог, Тууль

Монгол тууль

Монгол улсаас Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн өв.
 
 
Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
            Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо  үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.
           Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Академич Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр “олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан”  ажгуу. Туулийг товшуур, хуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн аль нэгнээр ая хамсран  хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй.
            Туульч хүн уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай, “уйдсан хүний сэтгэлийг сэргээж, унтсан хүний нойрыг хулжааж” чадах уран чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тууль хайлах эрдмийг энэ мэт төгс эзэмшсэн  Буурал Сэсрэн, Мандихайн Парчин, Лувсан хуурч, Жилкэр, Ширэндэв, Баглай, Чойсүрэн, Авирмэд, Уртнасан, Зодов нарын зэрэг үе дамжсан удамт туульчдийн нэр алдар эдүгээ ард түмний дунд домог болон үлджээ. Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг.
            Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн  дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнантууль сонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг.  Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.
         XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгарав.
            XX зуунд монгол оронд болсон нийгмийн олон өөрчлөлтийн явцад үгийн урлагийн хүрээнд бичгийн уран зохиол давамгайлах болж, аман зохилын нийгмийн үнэлэмж бүдгэрч байна.
       Ийм нөхцөлд Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах сэргээн амилуулахад түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болов. 
 
http://mongoluv.mn/mn/Intangible/UnescoIchDetails.aspx?ItemID=17