Монгол ардын үлгэр

Эзэндээ үнэнч морь

Эрт урьд цагт нэг залуу бүсгүй эцэг, эх хоёртойгоо гурвуулаа амьдардаг байв. Тэдний адууны бэлчээр дээрх ганц мод огт жимсэлдэггүй байжээ. Тэдний адуун дотор нэг гүү огт унагалдаггүй байжээ. Тэр унагалдаггүй гүү нь боос байжээ.

Аав нь нэг өдөр адуундаа хүрээд ирэхэд унагалдаггүй гүү нь унагалаад урт цэнхэр унага эхийгээ хөхөөд зогсож байжээ. Нөгөө жимсэлдэггүй модондоо хүрээд ирэхэд бас жимсэлсэн байжээ.

Аав нь модны жимснээс түүн идэж байгаад гэртээ ирж гэрийнхэндээ үзсэнээ ярив. Тэгэхэд охин нь

— Би очиж үзье гэхэд аав ээж хоёр нь охиноо явуулжээ. Тэр бүсгүй урт цэнхэр унагаа үзээд цаашаа очиж модоо жимсэлснийг үзээд зогсож байтал урт цэнхэр унага нь хойноос нь ирээд:

Чи одоо бушуу харь. Мангасынхан чамайг авч хатнаа болгохоор ирж явна. Чи гэртээ хариад юмаа бэлтгэж бай. Хойноос чинь би очно. Тэгээд намайг унаад зугатай гэв.

Бүсгүй гэртээ хариад аав ээждээ бүгдийг ярив. Аав ээж хоёр нь хоол унд хийж өгөөд аав нь нэг төмөр чөдөр өгч

— Морио тушиж яв гээд нэг билүүний хугархай өгөөд

— Мангаст гүйцэгдэх цагт үүнийг элсэн манхан бол гэж хаяарай гэж захив. Ээж нь нэг самны хугархай өгч

— Чи үүнийг мангасыг гүйцээд ирэхэд хөлгүй их далай бол гэж хаяарай гэж захижээ.

Тэгтэл урт цэнхэр унага нь ирэхэд түүнийг унаж зугтав. Мангас бараг гүйцэж явав. Бүсгүй нөгөө билүүгээ элсэн манхан бол гэж хаяжээ. Их элсэн манхан болоод мангас овоо хол хоцров. Тэгээд хөөсөөр байгаад бараг гүйцэв. Тэгтэл самаа хөлгүй том далай бол гэж хаяв. Нөгөө мангасын урдуур хөлгүй том далай хүрээлээд мангасыг төөрүүлэв.

Тэгэхэд морь нь

— Энэ уулын цаана нэг хааных бий. Чи очиж амар гэв. Охин хааны гадаа амарч байтал хаан нь хоёр эмэгтэй явуулж

— Энэ хүнийг эр эмийг нь үзээд ир. Эр хүн бол суусан газар нь гурван өвс хугарсан байна. Эм хүн бол ганц ч өвс хугарахгүй гэж хэлэв.

Тэгэхэд морь нь хэлжээ.

— Чамайг энэ хааных эр эмийг чинь үзэх гэж ирж явна. Чи гурван өвс хугалаад дээрээс нь суу гэж хэлэв. Хааных цай зоогло гэж байна гэхэд цай зооглохгүй гэж хэлээрэй гэж захижээ. Тэр бүсгүйн дэргэд хоёр эмэгтэй ирж

— Таныг хааных цай зоогло гэж байна гэхэд:

— Би цай зооглохгүй гэж хэлээд босоод суниахад суусан газар нь гурван өвс хугарсан байжээ.

Тэр хоёр эмэгтэй очоод, суусан газар нь гурван өвс хугарсан байна гэхэд хаан:

— Хачин юм даа. Эмэгтэй хүн шиг байсан юм гэж хэлээд

— Очоод цай уу гэж байна гээд аваад ир гэж

явуулжээ. Очоод:

— Таныг заавал цай зоогло гэж байна гэхэд бүсгүй:

— Тэгвэл би очно. Та хоёр очиж бай гээд хоёр эмэгтэйг явуулжээ.

Тэгэхэд нь морь нь:

— Чи энэ хааны хүүгийн хатан болно. Тэгэхдээ тэр хааны хүүтэй суугаад намайг унуулах болбол төмөр чөдрөө битгий өгөөрэй гэж захижээ. За тэгээд хааныд мориороо очоод цай зооглож. Тэгэхэд хаан залуу бүсгүйг хүүдээ хатан болгон авч өгчээ. Ингээд хааны хүүтэй суугаад байж байтал жирэмсэн болжээ.

Тэгтэл хааны хүү алс газар цэрэгт явж гэнэ. Энэ үед хааны хүүгийн хатан төрж хөөрхөн хүү гаргав. Хаан баярлан захиа бичээд нэг элчээр явуулав. Тэр элч нь явж байтал нэгэн бор гэр байхад очтол хоол унд хийж өгөхөөр нь энд жаахан амарч байгаад цаашаа явтал тэр бор гэрт захиагаа мартсан байлаа. Захиаг нь тэр айлын өвгөн олж мангаст үзүүлэв. Тэгэхэд мангас тэр захиаг аваад оронд нь чиний хүүхнээс хар нохойн гөлөг гарсан гэж бичжээ. Элч буцаж ирж мангасын бичсэн захиаг аваад нөгөө хааны хүүд аваачиж өгчээ. Мангасын захиаг морь нь мэдээд төмөр чөдөртэй дэвхэрсээр хааны гадаа ирээд гэрийн хаяаг маажиж янцгаатал тэр хааны бэр миний цэнхэр морьтой яасан адилхан юм бэ? гэж бодоод гарч иртэл цэнхэр морь нь:

— Би чамайг хаан хүүтэй суухдаа төмөр чөдрөө түүнд битгий өгөөрэй гэж гуйсан. Чи нүүрэндээ үстэй малаас дор. Одоо над дээр бушуу морд. Мангас чамайг авахаар ирж явна гэжээ.

Хааны бэр манцуйтай хүүгээ аваад морджээ. Тэгээд зугтаж явтал мангасын бараа харагдаж байв. Гэтэл морь нь:

— Би чамайг одоо мангасын гараас гаргаж чадашгүй нь. Чи энэ төмөр тушааг өгөөгүй сэн бол би чамайг мангасын гараас гаргах байсан юм. Би одоо бүр явж чадахгүй нь. Миний хөлийг хар гэв. Хөлийг нь хартал улайгаад хавдсан байв.

— Чи намайг мангасаар тамлан алуулахгүй гэвэл далны минь гол дунд дөрвөн алтан хялгас бий. Түүний нэгийг нь шүдээрээ тас хаз гэж хэлжээ.

Алтан хялгасны нэгийг шүдээрээ тас хазав. Тэгээд морь үхэхдээ:

— Чи миний дөрвөн мөчийг нугалж хаяарай, чээжин дундуур минь салгаж хаяарай гэж хэлээд үхжээ.

Ёсоор гүйцэтгэсэнд хөлгүй том далай бий болж дунд талд нь дөрвөн улиас ургажээ. Түүний нэг улиасны орой дээр бүсгүй гарч суув. Тэгэхэд мангас ирж хөх инээдээр инээж улиасыг хэмлэв. Улиас унах гэж байхдаа нөгөө нэгийнхээ орой дээр бүсгүйг гаргаад унав. Улиасыг мангас хэмлэж унагасаар сүүлчийн ганц улиасны орой дээр бүсгүй сууж хоцров. Тэгэхэд мангас түүнийг хараад хөх инээдээр инээж

— Чи одоо миний гараас гарахгүй. Наад улиасаа унах дээр юуны оройд гарах билээ гэв.

Улиас унах шахан ганхаж гарав. Улиасыг унахаас өмнө морины чээж хувирч айган тайган хоёр нохой болон мангасыг барив. Улиас унаж тэр эмэгтэй хүүтэйгээ хоёр нохойны хамт цааш явав. Хоёр нохой нүдэндээ юу харагдсан болгоныг барьдаг байв. Тэгтэл өндөр уулын оройгоос цэнхэр морьтой хүн гарч ирж харагдав. Түүнийг хүүгээ үүрсэн эмэгтэй үзээд хоёр нохой хараад барьчих вий гэж айж байв. Хоёр нохой хараад ухасхийн одов. Барьчих вий гэж өрөвдөж байтал хоёр нохой түүнд эрхэлж харагдав. Эмэгтэй гайхаж ядан байтал морь нь цэнхэр морьтой нь, хүн нь цэрэгт явсан нөхөртэй нь тун адилхан харагдав. Тэр хоёр урд урдаасаа явж уулзав.

Нөхөр нь:

— Чамаас хар нохойн гөлөг гарсан гэж захиа ирсэн билээ гэхэд:

— Миний цэнхэр морь шөнө ирж унуулан зугтаж гээд бүхий л болсон явдлаа ярив. Тэгээд цэнхэр морь минь үхсэн юмсан. Чи одоо яагаад унаж яваа юм бэ? гэв. Тэгэхэд нөхөр нь:

— Нэг шөнө алга болсноо маргааш өглөө нь хүрээд ирсэн гэв.

Хоёулаа нийлж зовлон жаргалаа ярьж хааныд иржээ. Хаан хүүгийнхээ эхнэрийг эрж сандарч байсан юмсанжээ. Тэднийг очиход наян жилийн найр хийж жаран жилийн жаргал хийж амар сайхан жаргав.

Эх сурвалж: Монгол ардын найман үлгэр // e-nom.mn